Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/163

 

й

 

 

 

 

 

   2026      03         26                                            2026/ШЦТ/163

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Т.Д

Хохирогч Б.О

Шүүгдэгч Ү.Б нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Бт холбогдох эрүүгийн 2525007860029 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ү.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар баарны гадаа такси барихаар зогсож байсан хохирогч Б.Отой таарч, улмаар “хамт явъя” гэж өдөж хоргоох үед, хохирогч Б.О нь “ ... эгчийн дүү нар зүгээр мөрөөрөө яв, холхон бай” гэж хэлэх үед хохирогч Б.Оы нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт        

-шүүгдэгч Ү.Бын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлнө гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Оы мэдүүлсэн: Дэлгүүрээ ажиллуулж чадахгүй 60-аад хоног нааш цааш явсан, хүн цалинжуулж ажиллуулсан, хийдүүлсэн, нөхрийг ажлаас нь чөлөөлүүлж авч явсан их зардал гарч хохирсон. Эрүүл мэнд гоо сайхан алдагдсан. Эхлээд хамрын хугарлаа янзлуулсан, дараа нь таславчийн хагалгаа хийсэн. Гадна талдаа мурийж овойж эдгэж байгаа тул гоо сайхны хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. 9 сарын 02-оос 10 сарын 02-ыг хүртэл Улаанбаатар хот руу олон удаа явсан. 01 сарын 21-нд эхний хагалгаанд орсон. 20 хоносон, дараа нь 01-р сарын 04-нд орсон. 2 удаа хагалгаанд орсон. Цаашид гоо сайхны хагалгаанд орно. Орхон аймгийн М эмнэлэг болон Улаанбаатар хотын эмнэлгүүдэд үзүүлсэн, хоол унд замын зардал, бензиний зардал, ажилгүй байсан хугацааны олох байсан орлого гээд нийт 32,904,599 төгрөг нэхэмжилж байна. Гоо сайхны хагалгаанд 20 сая төгрөгөөр орно гэсэн. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Бүх гарсан зардал 6,605,597 төгрөг, дэлгүүрийн алдсан орлого 2,700,000 төгрөг, хүнд өгсөн цалин 2,160,000 төгрөг, өөртөө олгох байсан цалин 1,309,000 төгрөг, гоо сайхны хагалгаанд орох 20 сая төгрөг, 1 сарын дараа үзүүлэх 130,000 төгрөг гэх мэдүүлэг,

            эрүүгийн 2625007860029 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:

- Орхон аймаг Баян-Өндөр сум З баг 1-13 дугаар байрны гадна талд байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24-25-р тал/

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25-р тал/

-хохирогч Б.Оы мэдүүлсэн “...манай гэр бүлийн найзууд уулзъя гээд би нөхөр Б.Батмэндийн хамт 19 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад З багт байх "Д"- ийн караокед ороод бид нар хэсэг сууцгааж байгаад 23 цагийн үед гараад З багт байрлах "S" бааранд ороод ганц ганц пиво ууцгаагаад 00 цаг өнгөрч байхад бүгдээрээ баарнаас гарахаар болоод цувраад гарцгаасан. Тэгээд манай найзууд намайг такси барьж бай гэхээр нь би баарны урдах машины зам дагуу такси хараад зогсож байтал хажууд 2 танихгүй залуу такси барих гэж байгаа бололтой зогсож байсан. Тэр үед манай нөхөр цаана хүнтэй уулзаад, найзууд маань ар араасаа цувраад баарнаас гарч ирж байсан. Тэгээд такси хараад намайг цуг явъя гэхээр нь би “эгчийн дүү нар зүгээр мөрөөрөө яв” гэсэн чинь маяглаад бай л даа, явъя л даа гэхээр нь би “эгчийн дүү нар зүгээр холхон шиг бай” гэсэн чинь нэг залуу нь шууд миний нүд рүү цохичихоод цаашаа гүйгээд зугтчихсан. Тэгээд би нүдээ дараад тонгойгоод гараа харсан чинь бүдэг гэрэлд цус болсон харагдахаар нь би нөгөө хамт байсан залууг нь барьж аваад та нар миний нүдийг цохиод яаж байгаа юм гэсэн чинь тэр залуу эгчээ энэ хүмүүс цохисон гээд хажуугаар зүгээр явж байсан танихгүй хүмүүсийг заагаад байхаар нь би тэр залууг тавихгүй барьж байгаад нөхрөө дуудсан чинь манай нөхөр ирээд байж байтал намайг цохиод зугтсан залуу эргэж ирээд эхлээд намайг цохиогүй гэж их гүрийж худлаа хэлж байгаад сүүлдээ за заа эгч ээ уучлаарай, би цохисон юм, эгчээ учраа олъё гэсэн. Тэр үед манай найзуудаас цагдаа дуудаад цагдаа ирээд бид нар цагдаагийн газар руу явсан. Миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө М нүдээ үзүүлэхэд эмч хэвтрийн дэглэм барь гээд эм, тариа бичиж өгсөн Компьютер томограф-н хариу гарахаар дахин ирж үзүүлээрэй гэсэн. Одоо миний нүд маш их хавдартай, өвчтэй байгаа, нүдний ухархай хэсгээр болон хамрын яс, дагз хэсгээр өвдөөд байгаа. Танихгүй, өчигдөр анх удаа харсан. Бид 3-аас өөр хүн хажууд байгаагүй, манай найзууд цаана байсан, манай нөхөр бас цаана хүнтэй уулзаж байсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Гомдолтой байна энэ хэргийн улмаас би дэлгүүрээ ажиллуулж чадахгүй хаасан, мөн эмнэлгээр үзүүлж явсан зардал мөнгөө гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-гэрч Г.Өын мэдүүлсэн:.. 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр намайг гадуур ажилтай явж байхад 20 цаг өнгөрч байхад хамт ажилладаг залуу болох Ү.Б над руу залгаад хүрээд ирээ ахаа гэхээр нь би удалгүй Х баг 5-13 дугаар байрных нь гадаа яваад очтол Ү. Б пиво уучихсан сууж байсан. Тэгээд бид 2 тэнд хэсэг ярьж сууж байгаад баар орж хэсэг бүжиглэж байгаад харьцгаая гээд З багт байх "S" бааранд ороод 3-4 лааз пиво уусан. Тэгээд бид 2 баарнаас 01 цагийн үед гараад харьцгаах гээд би Быг хүргэж өгөх гээд баарны урд замаас такси барих гээд олдохгүй болохоор нь бид 2 урагшаа Дээдсийн зүг рүү алхаад явж байтал нэг танихгүй эмэгтэй такси барих гэж байгаа бололтой зогсож байсан. Тэгэхэд Ү.Б тэр эмэгтэйд наанаас чинь такси олдохгүй ээ, тэнэг юм уу гэх утгатай зүйл хэлээд яасан их зантай юм гэх мэтээр уурлаж орилсон. Тэгээд манай найз Б тэр эмэгтэй рүү уурлаж байгаад нүүр рүү нь цохичихоод цаашаа эргээд явсан. Тэгэхэд тэр эмэгтэй нүүрээ дарж тонгойгоод намайг цохичихлоо гээд намайг явуулахгүй зуураад, нөхрөө дуудаад байсан. Тэгээд хартал нэг нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд удалгүй Б цаанаас ирээд за эгчээ уучлаарай би таныг цохичихсон байна гэж хэлээд байж байтал тэр эмэгтэйн нөхөр, найзууд нь ирээд мөн цагдаа ирээд бид нар цагдаагийн газар руу явсан. Манай найз тэр эмэгтэйн нэг нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тийм зүйл байхгүй. Намайг явуулахгүй зуураад байхаар нь эгчээ та цохисон хүндээ хэл ээ, уучлаарай, цагдаа дуудчих аа л гэж хэлсэн. Ү.Быг тэр эмэгтэй рүү уурлаж юм хэлэх гээд байхаар нь би болиулах гэж оролдсон танихгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2025 оны 09-р сарын 17-ны өдрийн №884 дугаартай “...Б.Оы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-37-р тал/,

-Дархан уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №145 дугаартай... Шинжлүүлэгч Б овогтой О /РД: ФД85092806/-Ы сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48-р тал/

-Хохирогчийн эмнэлгийн баримт бичиг, хохирлын баримтууд /хх-ийн 74-158-р тал/

-шүүгдэгч Ү.Бын яллагдагчаар мэдүүлсэн:.. 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж байгаад ажлын газраас гаргаж өгсөн байранд очиж хувцас хунараа сольчихоод тэгээд удалгүй орой 20 цагийн үед гараад ажлын газрын залуу Ө бид хоёр уулзаж 2-3 пиво саравчинд хувааж уусан. Тэгээд бид хоёр цаашаа яваад З багийн нутаг дэвсгэрт байрлах Шугар бааранд орж үйлчлүүлж мөн пиво ууж бүжиглэсэн. Тэгээд шөнийн 01 цагийн орчим найз Өтай баарнаас гарж явтал баарны гадна талын хаалганы хажууд би нэг******* хүнтэй маргалдаж зодоон хийгээд тэгээд салсан. Тэгээд цаашаа такси барих гээд замын урагшаа алхаад явж байтал хажуугаар нэг эмэгтэй явж байхаар би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн эмэгтэйг******* хүн байна гэж бодохгүй заамдаж авсан. Тэгээд хажуугаас нэг******* хүн ороод ирэхээр нь тухайн эмэгтэйг нүүрэн тус газар нэг удаа цохисон байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул яг ямар учиртай болоод зодсоныг сайн санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

          Шүүгдэгч Ү.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар баарны гадаа такси барихаар зогсож байсан хохирогч Б.Оыг “хамт явъя” гэж өдөж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ү.Бын үйлдлийн улмаас хохирогч Б.Оы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,яллагдагчийн мэдүүлэг зэрэг хоорондоо зөрүүгүй хамаарал бүхий нотлох баримтуудаар  тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт, шинжийг заасан. 

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

      

        Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.

       

 Шүүгдэгч Ү.Б нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Ү.Быг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.         

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ү.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.. Хохирогч 32,904,599 төгрөг нэхэмжилсэн, Б.Оы дансанд хийсэн үзлэгээр 5,881,927 төгрөгийн зардал гарсан байдал тогтоогдсон тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, бусад баримтаар нотлогдоогүй хэсгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас 1-р зэргийн хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул аргачлалд зааснаар1%-иар тооцож 1,188,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулах саналтай гэж,

 

-шүүгдэгч Ү.Б өөрийгөө өмгөөлж: гэм буруугаа хүлээнэ, маргах зүйлгүй. Гарсан зардлыг ажил хийж байгаад төлнө  гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:                

         Шүүгдэгч Ү.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хохирол төлбөр төлсөн баримтууд зэргийг шинжлэн судалж,

 -шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилго, хувийн байдалд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгчийн хувийн байдал,хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан 2 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: Би Бор-Өндөрт амьдрахгүй байгаа. Өмнөговь аймгийн Цогтцэцийд ажилд орох гэж байгаа. Надад өөр ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

Шүүгдэгчийн хувьд, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.

 

3.Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Ү.Баас хохирогчийн үзлэг шинжилгээний зардал баримтаар 5,881,927 төгрөг, хохирогчийн ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 2,700,000 төгрөг, ажилчин авч ажиллуулсан 36*60,000=2,160,000 төгрөг, өөрийн авах байсан цалин 36*36,360=1,309,000 төгрөг, гоо сайхны хагалгаанд гарах зардал 20,000,000 төгрөг, 1 сарын дараа эмнэлэгт дахин үзүүлэх 130,000 төгрөг нийт 32,904,599 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”гэж,

505.1-д”Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогч дутуу авсан цалин хөлсөө гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх, хохирлын нэхэмжлэлд хавсаргасан төлбөрийн баримтууд болон эмнэлгийн үзлэг оношилгоо, эмчилгээний баримтуудыг шинжлэн судлаад, эмийн зардал баримтаар 510,700 төгрөг, хагалгаа үзлэг эмчилгээ баримтаар 3,856,789 төгрөг, замын зардал 136,600 төгрөг нийт 4,504,089 төгрөгийн хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Хохирогч нэхэмжлэлдээ бензин шатахууны баримт 1,467,073 төгрөг, хоол хүнсний баримт 631,182 төгрөг зарцуулсан гэж хавсаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 913,510 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

Түүнчлэн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг Дархан уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №145 дугаартай... Шинжлүүлэгч Б овогтой О /РД: ФД85092806/-ны сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх шинжээчийн дүгнэлтээр 1-р зэрэглэлд хамааруулж тогтоожээ.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хор арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 230.2-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах...”гэж, 511-р зүйлийн 511.3-д “ Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан ба,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д” Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100” хувь болно...”гэсэн тул хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан.

Жишиг аргачлал”-ын Хүснэгт 1-д “...нэгдүгээр зэрэглэл-0-3%...”гэж тогтоосны дагуу хохирогч Б.Оы сэтгэцэд учирсан хохирлыг хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан 1% хувиар тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж, аргачлалд заасан журмаар амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс тооцон /792,000х150=118,800,000х1%/ 1,188,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн  нэхэмжлэлээс, ажиллаагүй хугацааны олох байсан орлого 2,700,000 төгрөг, ажилчин авч ажиллуулсан 2,160,000 төгрөг, өөрийн авах байсан цалин 1,309,000 төгрөг, гоо сайхны хагалгаанд орох зардал 20,000,000 төгрөг, 1 сарын дараа эмнэлэгт дахин үзүүлэх 130,000 төгрөг нийт 26,299,000 төгрөгийн хэсэг баримтаар нотлогдоогүй тул хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 913,510 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

 Хохирогч хэлэлцэхгүй орхисон хэсгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

           

1. Шүүгдэгч Боржигин овогт Үнэнбаярын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Быг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар төлөх үүрэгтэйг, ялыг  тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тус тус мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ү.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн  511.3-д зааснаар шүүгдэгч Ү.Баас нийт 5,692,089 /таван сая зургаан зуун ерэн хоёр мянга наян есөн/ төгрөг гаргуулж хохирогч Б.Од /Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-51 тоотод оршин суух, /РД:ФД85092806/-т олгуулж,

хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 913,510 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, 26,299,000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдьсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ