| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00471/И |
| Дугаар | 151/ШШ2024/00470 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00470
2024 5 22 151/ШШ2024/00470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн .......... сум, 1 дүгээр баг, Баян уулын баруун тал, 0 тоотод байрлах “..........” ХХК, гүйцэтгэх захирал Ц...........,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж...........ийг эрэн сурвалжлуулах тухай,
Нэхэмжлэлд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “..........” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж...........тэй 2019 оны 8 дугаар сарын 30-нд “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” байгуулан сайжруулсан шахмал түлшийг өөрийн эзэмшлийн газар, агуулах, түрээсийн цэг дээрээс худалдан борлуулж, борлуулалтын орлогын үнийн дүнгийн 10 хувийн урамшуулал, мөн сайжруулсан шахмал түлшийг 8 кг, 25 кг-аар савлаж, савлагааны хөлсөнд 200-377 төгрөгөөр олгохоор болсон. Гэрээ хийсэнтэй холбогдуулан дансанд хүн тус бүрээс 2,000,000 төгрөгийн барьцаа авч байршуулахыг гэрээний 2.4 дэх заалтаар зохицуулсан. Ж........... нь гэрээний 4.1, 4.5 дахь заалтыг зөрчиж, сайжруулсан шахмал түлш борлуулсан орлогоо цаг тухайд нь тушаахгүй явсаар компанид хохирол учруулж, өр төлбөртэй болсон. Ж........... нь 3,751,179 төгрөгийн өртэй. 2,000,000 төгрөгийн барьцааг хасаж тооцсон. 2020 оноос хойш дүүрэг хариуцсан нярав нь өр төлбөрөө төлөхийг шаардсаар байсан ч төлөөгүй тул шүүхэд хандсан. Оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2.“..........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т........... шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: ”..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж...........ийг эрэн сурвалжлуулах хэргийг нэхэмжлэгч талын эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хамтран ажиллах гэрээ (хх-1-4, 6-11), Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2023/09608 дугаартай шүүгчийн захирамж (хх-5), хүсэлт (хх-26) зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.“..........” ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Ж...........тэй 2019 оны 8 дугаар сарын 30-нд “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” байгуулан сайжруулсан шахмал түлшийг өөрийн эзэмшлийн газар, агуулах, түрээсийн цэг дээрээс худалдан борлуулж, борлуулалтын орлогын үнийн дүнгийн 10 хувийн урамшуулал, мөн сайжруулсан шахмал түлшийг 8 кг, 25 кг-аар савлаж, савлагааны хөлсөнд 200-377 төгрөгөөр олгохоор болсон. Гэрээ хийсэнтэй холбогдуулан дансанд хүн тус бүрээс 2,000,000 төгрөгийн барьцаа авч байршуулахыг гэрээний 2.4 дэх заалтаар зохицуулсан. Ж........... нь гэрээний 4.1, 4.5 дахь заалтыг зөрчиж, сайжруулсан шахмал түлш борлуулсан орлогоо цаг тухайд нь тушаахгүй явсаар компанид хохирол учруулж, өр төлбөртэй болсон. Ж........... нь 3,751,179 төгрөгийн өртэй. 2,000,000 төгрөгийн барьцааг хасаж тооцсон. 2020 оноос хойш дүүрэг хариуцсан нярав нь өр төлбөрөө төлөхийг шаардсаар байсан ч төлөөгүй тул шүүхэд хандсан. Оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
3. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/755 дугаартай итгэмжлэлээр Т...........т 1 жилийн хугацаагаар олгосон байна. (хх-4)
4.Нэхэмжлэгч “..........” ХХК нь Ж........... нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээний үүргээ зөрчин сайжруулсан шахмал түлш борлуулсан орлогоо цаг тухайд нь тушаахгүй явсаар компанид хохирол учруулж, өр төлбөртэй болсон үндэслэлээр Б.... овогт Ж-ы .......... /РД:........../-ийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох шаардлагатай гэж тайлбарласан байна. (хх-1, 5, 6-11)
Иймд Жаргалсайханы ..........ийг хамтран ажиллах гэрээний маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Ж........... нь ............. тоот хаягаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч тус хаягт амьдардаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2023/09608 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна. (хх-5)
7.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ж-ы .......... нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
9.Нэхэмжлэгч “..........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т........... нь хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргагч хуулийн этгээд нь хүний эрхийг хөндсөн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа дэмжиж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрчлөн томилох, эсхүл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцох нь зүйтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгайлан дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Бурдууд овогт Жаргалсайханы .......... /РД:........../-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж........... /РД:........../-ийг эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Бурдууд овогт Жаргалсайханы ..........ийг оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч “..........” ХХК /утас: /-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН