| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 104/2023/00543/И |
| Дугаар | 151/ШШ2024/00297 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2024/00297
2024 04 02 151/ШШ2024/00297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, .. дугаар хороо, ......... дүгээр гудамжны .. тоотод байрлах “А” ХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот, Н дүүрэг, .. дугаар хороонд байрлах “Т” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 543,975,994.75 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Сүхням.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Т” ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулж 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нүүрс тээвэрлэсэн. Уг тээвэрлэлтийг гүйцэтгэхэд гарах бүх зардлыг манай компани гаргаад 2022 оны 8, 9 сард нүүрсээ тээвэрлэж, ажлаа гүйцэтгэж дуусгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл “Т” ХХК-аас тухайн үеийн ажлын хөлс, гарсан зардал болох 542,975,994.75 төгрөгийг өгөөгүй байгаа. Энэ хугацаанд удаа дараа “Т” ХХК-ийн худалдан авах ажиллагааны дарга н.Лхагвасүрэнтэй очиж уулзаж бичгээр нэхэмжлэхээ өгч, утсаар ярихаар “...удахгүй төлбөр мөнгөө өгнө” гэж хэлж явсаар өнөөдрийн хүрсэн. “Т” ХХК нь өнөөдрийг хүртэл ямар үндэслэлээр төлбөрөө төлөхгүй байгааг ойлгохгүй байна. Манайхыг ажлаа дутуу хийсэн гэж үзээд байгаа юм уу, ажлаа хийгээгүй гэж үзээд байна уу. Энэ нь ойлгомжгүй байдлыг үүсгээд байна. Манайхыг ажлаа дутуу хийсэн гэж үзэж байгаа бол ямар алдаа дутагдал гаргасан бэ тэрийг нь бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл төлбөрөө мөнгөө өгнө гэж хэлчхээд өгөхгүй яваад байгаа нь манай компанийн хувьд хүнд байна. 542,975,994.75 бол манай жижиг компанийн хувьд үйл ажиллагаа доголдох хэмжээний мөнгөний асуудал юм. Энэ ажлыг хийх болсон шалтгаан нь ковидын үе байсан учраас тэр болгон тээврийн компаниуд тээвэр хийж чаддаггүй байсан. Манай компани дэглэмээ сайн сахиж үйл ажиллагаагаа бага зэрэг явуулж байсан учраас “Т” ХХК-аас “...танай үйл ажиллагаа явж байгаа юм байна. Манайхаас хятад руу нүүрс гаргаад буцаад митленг оруулж ирж улсын ажилд тусла” гэдэг байдлаар Авто тээвэр, Байгаль орчны яам, “Эрдэнэс тавантолгой” ХК гэх газруудаас манайд санал тавьсан. Манайхтай зэрэгцээд 5, 6 компани тухайн ажлыг хийе гэх хүсэлт өгч байсан. Тухайн үед “Т” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, Байгаль орчны яамнаас ажил гүйцэтгэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулаад төлөөлөгч нар нь Цагаан хаданд байрлаж байсан. Тэнд буусан нүүрсээ хүлээж авсан актаа тухайн үед нь үйлдээд явъя гэж ярилцсан. Гэвч тэр нь бодит нөхцөл байдал дээр хэрэгжээгүй. Компаниудаас төлөөлж тооцоо нийлэх актад гарын үсэг зурах хүмүүс нь байхгүй. Бүгд алга болоод олдохоо байсан. Ажлаа дуусаад “Т” ХХК-тай очиж уулзаад “бид нар одоо яах вэ, митленгээ хот руу зөөлгөх ажлаа хийлгэх юм уу” гэж асууж удаа дараа уулзсан. Дараа нь бид нар ажлаа дуусгаад гэрээгээ дүгнэе гээд “Т” ХХК дээр очсон. Гэтэл энэ гэрээг мэддэг нэг ч хүн байгаагүй. Тухайн үед н.Лхагвасүрэн захирал мэддэг байсан. Лхагвасүрэн захирал руу ярихад гадаадад эмчилгээ хийлгээд явж байна гээд алга болсон. Ерөнхий нягтлантай нь уулзаад “манай компани ийм гэрээний дагуу ийм ийм ажил хийсэн” гэж хэлэхэд “энэ гэрээг мэдэхгүй, юун гэрээ юм, тодруулаад эргээд хариу хэлье” гээд таг болсон. Дараа нь Байгаль орчны яамны ажлын хэсэгтэй нь очиж уулзахад “энэ гэрээтэй холбоотой Авилгатай тэмцэх газраас шалгалт орж байна. Энэ шалгалт дуустал ямар ч хөдөлгөөн хийхгүй” гэж хэлсэн. Дараа нь н.Лхагвасүрэн захирлыг ирэхээр нь уулзахад “Байгаль орчны яамнаас нэг бичиг ирээд танай мөнгө орно” гэж хэлсэн. Манай зүгээс одоо яах вэ, гэрээгээ дүгнэх үү гэж асуухаар тодорхой хариу хэлээгүй. Тодорхой шийдгүй явсаар байгаад өдийг хүрсэн. 542,975,994.75 төгрөгийн задаргааг нэхэмжлэл дээрээ бичсэн. Энэ задаргаа нь гэрээний хавсралтад манай өгсөн үнийн саналын дагуу 542,975,994.75 төгрөг гарсан. Пүүний баримтын нэг хувийг Цагаан хадан дээр байсан “Хонгконг лимитэд” ХХК болон “Т” ХХК-ийн төлөөлөгч нар авч байсан. Өөрсдөө нэг хувь баримтаа аваад, тооцооны акт дээр гарын үсэг зураагүй. Тухайн төлөөлж байсан хүмүүс гарын үсэг зурахгүй тойроод байсныг ойлгохгүй байна. Манайх уртын тээвэрт 6877.95 тонн нүүрс зөөснөөс 824,5 тн-ыг хилээр гаргаад 6053 тонн нүүрс үлдсэн. Энэ нүүрсний богинын тээврийг өөр компаниудаар хийлгэсэн, мөнгийг өгсөн. Уртын тээвэр дээр манайх 6877.95 тонныг тээвэрлэсэн. Гэтэл НАБТ /Нүүрс ачиж буулгах талбай/-д 10000 тонн нүүрс буусан байсан. Манайхтай давхар нэг компани гэрээ хийгээд явж байсан. Гэтэл тэр компани мөнгөө авсан. Манайхыг гэрээний задаргаагаа өгөөгүй учраас мөнгийн өгөөгүй гэдэг тайлбар хэлж байна. Би очоод актаа үйлдье гэхээр надтай акт үйлдэх хүн байгаагүй. Ийм байдалтай явсаар байгаад өдийг хүрсэн. Нийт 542,975,994 төгрөг нэхэмжилж байгаа” гэжээ.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оноос “А” ХХК өнөөдрийг хүртэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээд юм. Компанийнхаа үндсэн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас “Т” ХХК-ийн авсан нүүрсийг 2022 оны 8, 9 дүгээр сард тээвэрлэсэн. Тээвэрлэсэн нүүрсний төлбөр нийтдээ уртын тээвэр буюу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Цагаан хадны бүсэд байрлах НАБТ хүртэл нийт 220 километр замаар нийт 6877.95 тонн нүүрсийг тээвэрлэсэн. Нүүрсний нэгж үнэ нь 41,360 төгрөгөөр тээвэрлэсэн. Нэгж үнийг нүүрс тээвэрлэх гэрээний хавсралтад тодорхой дурдаж өгсөн. Уртын тээвэрт нийтдээ 50 машин рейс хийж “Т” ХХК-ийн нүүрсийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Цагаан хадад байрлах “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ хүртэл зөөсөн. Нийт нүүрс тээвэрлэсэн тээврийн үнэ нь 284,472,012 төгрөг болсон. Энэ мөнгийг өнөөдрийн хүртэл “Т” ХХК-аас төлөөгүй. Манай компани 50 машинаар зөөсөн 6877.95 тонн нүүрсийг “Гашуун сухайт” боомтоос “Ганц мод”-руу гаргах ёстой байсан. Гэтэл уртын тээврийн мөнгийг “Т” ХХК-аас өгөхөө больсон. Бид нар удаа дараа нэхэмжлэл хүргүүлээд, очиж уулзсан боловч төлбөрөө огт төлдөггүй байсан. Бид эхний удаад 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Цагаан хадны бүсэд буулгасан НАБТ дээр байгаа 6877.95 тонн нүүрснээс 824.5 тн буюу 6 рейс хийж хил гаргаж Ганц модны НАБТ дээр буулгасан. Энэ нь хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудаст авагдсан Гаалийн ерөнхий газраас ирсэн баримтаар нотлогдож байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн баримтууд, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн баримтуудаар бүрэн нотлогдож байгаа. Нийт богинын тээвэрлэлт тухайн үеийн ханшаар 138тн нүүрсийг нэг машин ачиж гаргасан. 6 машин нийтдээ 824.5 тн-ыг зөөсөн. Машин тус бүр 1-5 тонны хэлбэлзэлтэй зөөсөн. Богинын тээвэрлэлт хийсэн 6 машины төлбөрт 171,944,115.75 төгрөгийг “Т” ХХК-аас нэхэмжилсэн. Энэ нүүрсийг манай компани “Эрдэнэс тавантолгой” уурхайгаас 220 километр зөөвөрлөөд Цагаан хадны наад талд “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ дээр авчирч буулгасан. Уг нь бүх нүүрсийг хил гаргах нөхцөлтэйгээр гэрээ хийсэн. Гэтэл гэрээний явцад төлбөрөө төлөхгүй байсан учраас 824.5 тн нүүрсийг л хилээр гаргасан. 6877.95 тонн нүүрсийг “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ дээр буулгасан 50 удаагийн рейсийн баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 1-50 дугаар хуудаст авагдсан. НАБТ-н төлбөрийг манай компани төлөх ёстой байсан. Яагаад гэвэл тээвэрлэлтийн бүх зардлыг “А” ХХК хариуцна гэж гэрээнд заасан. Уг зардалд нүүрс тээвэрлэх машин, жолоочийн цалин, хоол, шатахууны зардал, ажилчдын цалин зэрэг орно. Бид нар уг нүүрснээс нэг ч шуудайг дутааж болохгүй. Хэрэв нүүрс дутаах юм бол манай компани “Т” ХХК-ийн өмнө хариуцлагын асуудал яригдана. Тэгэхээр НАБТ-д бүх зүйл хууль, дүрэм журмын дагуу ордог. Өөрөөр хэлбэл “А” ХХК-ийн ачиж ирсэн нүүрсийг НАБТ хүлээж авлаа гэдэг баримт үйлддэг. Энэ баримт нь хэрэгт эх хувиараа байгаа. Уг баримтад нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, чиргүүлийн дугаар, хэдэн килограмм нүүрсийг “Эрдэнэс тавантолгой” уурхайгаас авчирч НАБТ-д буулгасан талаарх баримт байгаа. Бүх баримтыг тулгаад үзвэл 6877.95 тн нүүрсийг 50 удаагийн рейсээр уртын тээвэрт явж, НАБТ дээр буулгасан гэх баримт нь “Эрдэнэс тавантолгой” ХХК-аас ирсэн. “А” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн пүүний баримтыг үндэслээд дахин пүүлээд манай НАБТ дээр нийт 6877.95 тонн нүүрсийг авчирч буулгасан гэх баримт нь “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн пүүний баримтаар нотлогдож байгаа. “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ-д 8 сард авчирч буулгаад 9 сард ачсан. Тухайн нүүрс “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн талбай дээр 1 сар болсон. 1 сарын НАБТ-н төлбөр 82,236,064 төгрөгийг өнөөдрийг хүртэл манай компани “Эрхэм сүлд монгол” ХХК-д төлөөгүй. Манай компанид байнга нэхэмжлэл ирүүлдэг. Энэ талаарх албан бичгийг “Эрхэм сүлд монгол” ХХК-аас ирүүлсэн байгаа. Шүүхэд ирүүлсэн албан бичиг дээр тодорхой дурдсан байгаа. Манайхаас алданги, торгууль нэхэмжилдэг. Бид нар төлж чадахгүй байна. Шүүх дээр ийм асуудалтай байгаа, “Т” ХХК мөнгөө өгөхгүй байна гэдэг хариу өгдөг. Бид “Т” ХХК-аас үндсэн мөнгөө авахаар нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс алданги, хүү нэхэмжлээгүй. Хэрэв алданги, хүү нэхэмжилсэн бол 814,463,000 төгрөг нэхэмжлэх байсан. Зөвхөн үндсэн төлбөрт 542,975,994.75 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардаж байна.
“Т” ХХК манай компаниар ажил гүйцэтгүүлж байгаа. Өөрөөр хэлбэл тээвэрлэсэн нүүрсийг зөөлгөөд мөн тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэж байгаа. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл үр дүн шаардахыг харж байна. Үр дүнг яаж харагдаж байна вэ гэвэл манай компани 50 удаагийн уртын рейс, 6 удаагийн богинын рейс буюу нийтдээ 56 удаа рейс хийсэн. Үүнтэй хариуцагч маргахгүй байна гэж харж байна. Мөн гэрээний төлбөрийг хариуцагчаас төлөхгүй гэдэг зүйл яриагүй учраас үнийн дүн дээр маргаагүй гэж үзэж байна.
Гэрээг дүгнээгүй, гэрээний дагуу акт үйлдээгүй, пүүний баримтаа өгөөгүй гэдэг зүйл ярьж байна. Бид нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад Иргэний хуулийн 380, 381, 386 дугаар зүйлд зааснаар тээвэрлэлтийн гэрээний дагуу ачааг тогтоосон цэгт нь хүргэх, нөгөө талаас тээвэрлүүлэгч нь хөлс төлөх харилцааг зохицуулж байгаа. Манай компанийн зүгээс 6877 тонн нүүрсийг тогтоосон газар нь хүргэсэн. Гэрээний 1.1-д заасны дагуу тухайн нүүрсийг Цагаан хаднаас Ганц модны боомтод хүргэх ёстой байсан. Гэтэл хариуцагч компани гэрээний үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл 284,000,000 төгрөгийн зардал гаргачхаад үүнийгээ бид нар тээвэрлэлтийн хөлсөө авъя гэхээр өгдөггүй. Тэгэхээр нь манай зүгээс яагаад уртын тээврийн хөлсөө өгөхгүй байгаа юм бэ гэж уулзахаар өнөөдөр ийм зүйл яриад байна. Иргэний хуулийн 343, 380 дугаар зүйлд заасан гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас манай компани богинын тээвэрт 6 удаагийн рейс л хийсэн. Үлдсэн 44 удаагийн рейсийн өөр компаниар хийлгээд тэр компаниуддаа мөнгийг нь өгсөн. Манай компанийн зүгээс Иргэний хуулийн 383 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирол, төлөх ёстой төлбөрөө авъя гэдэг шаардлага гаргаж байна. Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг барагдуулах зохицуулалт нь Иргэний хуулийн 219 дугаар зүйл, 225 дугаар зүйлд тус тус тодорхой зааж өгсөн. Үүний дагуу хохирлоо барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргааны гол зүйл нь “Эрхэм сүлд монгол” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн пүүний баримт өгөөгүй гэдэг зүйл яригдаж байгаа. Энэ хоёр баримт нь хоёулаа өөр баримт. Энэ баримт нь гурван хувь үйлдэгддэг. Үүнийг хариуцагч сайн мэдэж байгаа. Үүнд “Т” ХХК-ийн өмчийн нүүрс байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаж байгаа нотолгооны ач холбогдолтой баримт”-уудыг хэлнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл байна” гэв.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “”А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай Тээвэрлэлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4-т заасны дагуу тээвэрлэлтийн явцын ажилд хяналт тавих, холбогдох арга хэмжээг авах эрх үүрэгтэйгээр гэрээний тал болж оролцож явсан.
2.Тээвэрлэлтийн зардлын асуудлыг Санхүүжүүлэгч тал буюу Хонгконгийн “Hongkong Hengde Limited” ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6-д заасны дагуу хариуцах зохицуулалттай. Гэрээний төлбөр санхүүжүүлэгч талаас орж ирээгүй учир “Т” ХХК шууд төлөх боломжгүй байгаа” гэжээ. (хх-60)
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ төлбөрийг ямар үндэслэлээр төлөхгүй байгаа юм бэ гэвэл та бүхэн нүүрс тээвэрлэлтийн гэрээний дагуу ажлаа хийсэн. Гэтэл хийсэн гэрээгээ дүгнээд, хийсэн ажлынхаа тайланг гаргаад гэрээний 1, 2, 3, 4-т заасан хавсралтын дагуу ажлаа гүйцэтгээд тооцоогоо гаргаад гэрээний 4.5-т “ажил хүлээлцсэн пүүний баримтаа тээвэрлүүлэгч талд заавал өгнө” гэж заасны дагуу ямар нэгэн баримт юу өгсөн бэ. Манайхыг төлбөрөө төлөх ямар нөхцөл боломжоор хангасан бэ. Өнөөдрийг хүртэл мөнгө төлөгдөхгүй байгаа гол нөхцөл нь гэрээ дүгнэгдээгүй, гэрээний акт үйлдэгдээгүйгээс болж байгаа. Танайх ажлаа хийсэн гээд яваад байдаг. Иргэний хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэлийг харахад ямар ч нотлох баримт байгаагүй. Ямар үндэслэлээр энэ мөнгөний үнийн дүнг гаргасан талаарх тооцоогоо нарийн гаргаж ирээгүй. Тээврийн зардлаас гадна нэхэмжлэлийн үнийн дүнд ажиллах хүчний зардлыг оруулж тооцсон байх.
Шүүх дээр ирсэн баримтуудаасаа дүгнэлтээ хийгээд тооцоогоо гаргаад манай компанид хурлаас өмнө аваачиж өгсөн асуудал байхгүй. Компанид 3,4 удаа албан шаардлага гэдэг бичиг очсон. Тухайн албан шаардлагад тэдэн тонн нүүрсний тээвэр хийсэн, тэдэн төгрөг өгнө үү гэдэг асуудлыг тавьсан болохоос биш гэрээний аргачлалд заасны дагуу хийж ирүүлсэн зүйл байхгүй. Гэрээнд заасан аргачлалын дагуу эдгээр баримтуудаа бүрдүүлээд манай компанид авчраад өгсөн бол энэ нь манай санхүүгийн баримт болно. Компаниас мөнгө гарахаар бол гэрээг дүгнэсэн акт, ажлын гүйцэтгэл, ажлын тооцоо нийлсэн бол мөнгө асуудалгүй шилжүүлнэ. Нэхэмжлэл болон албан шаардлагын дагуу мөнгө шилжүүлэх ямар ч үндэслэл бүрдэхгүй байгаа юм. Гэрээгээ байгуулахдаа бүх зүйлээ тохирсон байж ажлаа хийгээд дууссаны дараа үүний дагуу ажлынхаа тайланг бүгдийн нэгтгээд авчраад өгсөн бол өөр асуудал. Шүүх дээр нотлох баримтын дагуу шаардахад гаалийн бүрдүүлэлт, машинууд явсан гэдгийг нотолж байгаа баримтууд байгаа. Гэрээнд пүүний баримтуудыг бүгдийг хүлээлгэж өгнө гэж заасан. Үүний дагуу пүүний баримтаа үйлдээд баримтуудаа хавсаргаад манай компанид хүлээлгэж өгсөн бол өөр. Гэтэл танайх эдгээр ажлаа хийгээгүй байж манайхыг мөнгө өгөхгүй байна гээд яваад байгаа нь учир дутагдалтай байна. Тэрнээс биш манайх танайхтай маргалдаад эдний компани ийм ажил хийгээгүй, мөнгө өгөхгүй гэдэг асуудал ерөөсөө яриагүй. Танайх өөрсдөө 542,975,994.75 төгрөгийг тооцоолоод гаргаж ирсэн. Үүнийхээ задаргааг өгөөгүй байхад манай яаж нотлох вэ, яаж үнэлэх вэ. “Хонгконг лимитэд” ХХК буюу санхүүжүүлэгч байгууллагадаа танайхаас ирсэн баримтуудаа хүлээлгээд өгчихвөл санхүүжилт асуудалгүй орж ирнэ. “Т” ХХК танайхтай хийсэн тээврийн мөнгийг өөрийнхөө санхүүжилтээс гаргаж өгнө гэвэл хүндрэлтэй. Манайх тусдаа үйл ажиллагаа явуулдаг компани. “Эрхэм сүлд монгол” ХХК-аас ирсэн албан бичиг тодорхой бичсэн байгаа. “Хонгконг лимитэд” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК хоёрын нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компани нүүрсийг тээвэрлүүлэх асуудлыг хариуцсан. Олон компанийн хийсэн ажил байгаа. Гэрээнийхээ дагуу ажлаа хийгээд тайлангаа гаргаад авчраад өгсөн бол заавал шүүхээр яваад байх шаардлага байхгүй гэж харагдаж байна. Гэрээний хавсралтад зааснаар тооцоо, жагсаалтаа гаргаад бүх баримт бичгээ үйлдээд манай компанид мөнгө олгох боломжийг нь бүрдүүлэх ёстой. Нэхэмжлэл, албан шаардлагын дагуу мөнгийг нь өгөх боломжгүй. Манайх хуулийн дагуу, гэрээний дагуу зүйлийг шаардсан. Тэрнээс биш гэрээнд заагаагүй зүйл шаардаагүй. Гэрээний 3.1, 3.2, 4.1.5, 4.5 дахь заалтууд ерөөсөө хэрэгжээгүй. Энэ заалтуудаа хэрэгжүүлээд гэрээний 2,3,4 дэх хавсралтуудаа бөглөөд тэрний дагуу ажлуудаа хийсэн бол асуудал гарахгүй байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Манай компанийн тухайд гэрээнд заасны дагуу ямар ч гэрээ дүгнэсэн акт байхгүй. Ажлын гүйцэтгэлээр тооцогдож бэлэн мөнгө шилжигддэг. Энэ ажлууд хэрэгжээгүй учраас энэ мөнгө шилжигдэхгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч компани энэ асуудлаа шийдвэрлэж манайд ямар нэгэн байдлаар ийм ажил хийсэн гэдэг тайлангаа ирүүлээгүй. Пүүний баримт нь танайд байх ёстой гээд байна. Тэр нь манай компанид ёстой биш, гэрээнийхээ дагуу тээвэрлэгч компани гаргаж өгөх ёстой. Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж гаргах үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д зааснаар нотлох баримтыг гаргаж нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ нотлох үүргийг талууд өөрсдөө хариуцдаг. Гэтэл энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлж чадаагүй. Хариуцагч талаас энэ мөнгийг төлөхгүй байх үндэслэлээ яаж тайлбарлаж байна вэ гэхээр гэрээний дагуу ямар нэгэн баримт гаргаж өгчхөөд байхад тэрийг нь манайх төлөхгүй цаг хугацааг нь аваад байгаа бол хууль зөрчсөн асуудал болно. Гэтэл гэрээгээ дүгнэж, гэрээний актаа үйлдээгүй, санхүүтэй тооцоо нийлээгүй байж өнөөдөр шүүхэд хандаж ийм асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй. Тооцоо нийлж үүн дээр зөвшилцсөний үндсэн дээр акт үйлдэгдэж үүний дагуу мөнгө шилжих боломжтой. Энэ бүхэн нотлогдохгүй байгаа учраас шүүхээс энэ нь нотлогдож байна гэж шийдвэр гарвал учир дутагдалтай гэж үзэж байна. Шүүх үүнийг ямар үндэслэлээр тооцоо нийлж, энэ тооцоо нь зөв байна гэж дүгнэхийг мэдэхгүй байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3), улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-4), “А” ХХК-ийн компанийн дүрэм (хх-5-8, 73-74), “А” ХХК-ийн “Т” ХХК-д хандсан 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 23/250 дугаартай, 2023 оны 6 дугаар сарын 06-ны 23/219 дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23/45 дугаартай “Төлбөр төлөхийг шаардах тухай” бичиг (хх-9-10, 14, 15), “А” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэх (хх-11), “А” ХХК-ийн уртын тээврийн бүртгэл (хх-12), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-16), “Т” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ” (хх-17-32), “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн нэхэмжлэх №23/28-ыг гаргаж өгсөн.
4.Хариуцагч талаас: улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-38), итгэмжлэл (хх-39, II-хх-47), хариу тайлбар (хх-60) зэргийг шүүхэд ирүүлжээ.
5.Шүүхийн журмаар Гаалийн ерөнхий газраас хилээр нүүрс гаргасантай холбогдох баримтууд, “Эрхэм сүлд монгол”, ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс тээвэрлэлттэй холбогдох пүүний баримтуудыг гаргуулав. (хх-159-244, II-хх-1-37)
ҮНДЭСЛЭХ нь:
1.”А” ХХК-ийн гэрээний үүрэгт 543,975,994.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 510,271,167.75 төгрөгийг хангаж, үлдэх 32,704,776.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ”А” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрх, түүний хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Үүнд:
“Манай компани 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай тээвэрлэлтийн гэрээг “Т” ХХК-тай байгуулсан. Гэрээний 1.1-д зааснаар тээвэрлэгч “А” ХХК нь тээвэрлүүлэгч “Т” ХХК-ийн нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ганц мод боомтын гаалийн талбай хүртэлх урт, богинын тээвэрлэлтийг өөрсдийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн хүргэх ажилыг хугацаанд нь гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Үүний дагуу тээврийн хөлсийг төлөх үүргийг “Т” ХХК нь хүлээсэн. Манай компани нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай тээвэрлэлтийн гэрээгээр нийт 10,339 тн нүүрсийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэрээ батлагдсан өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хүчинтэй байхаар байгуулсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж дуусгасан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “...Зардлыг буулгалт хийсний дараа ачаа барааг хүлээлгэн өгөх газар хүргэн өгч, нүүрс хүлээлцсэн пүүний баримтыг үндэслэн тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчийн харилцах банкны дансанд 15 хоногоор тооцоо нийлж, ажлын гүйцэтгэлээр тооцож, төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Төлбөр төлөхийг шаардсан албан тоотыг 2 удаа явуулж, утсаар болон биечлэн очиж дарга нартай нь удаа дараа уулзсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг шилжүүлээгүй. Бид төлбөрийг цаг хугацаанд нь аваагүйгээс болж, компанийн үйл ажиллагаа доголдох нөхцөл байдалд хүрч, бусдад төлөх түлшний төлбөр, жолооч нарын цалин хөлс, татвар хураамж, нүүрс хадгалалтын талбайн үнэ зэрэг бусад тээвэрлэлт хийсэнтэй холбоотой зардлуудыг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Уртын тээвэрт Эрдэнэс тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэх зардал 284,472,012 төгрөг, 9 дүгээр сарын 21-ны өдөр буулгасан богинын тээврийн тооцоо, Гашуун сухайт боомтоос Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэх зардал 171,944,115.75 төгрөг, Монгол талын “Эрхэм сүлд Монгол” ХХК-ийн нүүрс хадгалалтын талбайн үнэ /1тн.төг/ 83,226,067 төгрөг, ажиллах хүчний зардал 4,333,800 төгрөг, үүн дээр НӨАТ-ийн дүн 49,361,454.07 төгрөг нэмэгдэж, нийт 542,975,994.75 төгрөг болоод байна. Манай компани “Эрхэм сүлд Монгол” ХХК-д өнөөдрийн байдлаар Монгол талын нүүрс хагалалтын талбайн үнэ /1тн.төг/ 82,226,067 төгрөгийг төлбөр үүссэн. Үүнээс болж компани бусдад алданги төлөх, бодит хохирол учирч байна” гэжээ.
3.Хариуцагч “Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
“Хонгконг лимитэд” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК хоёрын нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компани нүүрсийг тээвэрлүүлэх асуудлыг хариуцсан. Олон компанийн хийсэн ажил байгаа. Гэрээнийхээ дагуу ажлаа хийгээд тайлангаа гаргаад авчраад өгсөн бол заавал шүүхээр яваад байх шаардлага байхгүй гэж харагдаж байна. Гэрээний хавсралтад зааснаар тооцоо, жагсаалтаа гаргаад бүх баримт бичгээ үйлдээд манай компанид мөнгө олгох боломжийг нь бүрдүүлэх ёстой. Нэхэмжлэл, албан шаардлагын дагуу мөнгийг нь өгөх боломжгүй. Манайх хуулийн дагуу, гэрээний дагуу зүйлийг шаардсан. Гэрээнд заагаагүй зүйл шаардаагүй. Гэрээний 3.1, 3.2, 4.1.5, 4.5 дахь заалтууд ерөөсөө хэрэгжээгүй. Энэ заалтуудаа хэрэгжүүлээд гэрээний 2,3,4 дэх хавсралтуудаа бөглөөд, тэрний дагуу ажлуудаа хийсэн бол асуудал гарахгүй.
Гэтэл гэрээний 4.5-т заасны дагуу ажлын хөлсийг гэрээний хавсралт 4-т заасан аргачлалаар тооцож гаргасан тооцооны задаргаа байхгүй. Нэхэмжлэлд дурдсан 10,339 тн нүүрсийг тээвэрлэсэн гэх тооцооны задаргаа байхгүй. Үүнийг манай компанид гаргаж өгөөгүй. Тээврийн гэрээний 2.3-т заасны дагуу нүүрсийг хүлээлцсэн пүүний жагсаалтыг ямар нэгэн байдлаар гаргаад энэ жагсаалтын дагуу ийм ажил хийж, ийм хэмжээний тээврийн ажил хийсэн, үүн дээр нэмээд тээврийн гэрээний 4.5-т заасны дагуу ажиллах хүчнийхээ зардлыг тээврийн гэрээний 4-р хавсралтын дагуу ингэж тооцож, нийтдээ ийм мөнгөн дүн гаргалаа, нийтдээ 1-р хавсралтаар нь ийм ажил хийсэн, 2-р хавсралтаар ийм үйл ажиллагаа явагдсан, 3,4-р хавсралтын дагуу ажиллах хүчнийхээ зардлыг ингэж тооцсон, нийт зардал ийм төгрөг болно, гэрээний дагуу ийм ажлуудыг хийж гүйцэтгэсэн учраас гэрээнийхээ дагуу гэрээгээ дүгнүүлээд төлбөрөө авъя гэдэг шаардлага манай компанид ирээгүй. Шүүхээс нотлох баримт шаардах үед “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрхэм сүлд монгол” ХХК, Гаалийн ерөнхий газраас баримтуудыг гаргаж өгсөн. Үүнийгээ нэгтгээд гэрээгээ дүгнэх ажлаа хий л дээ.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Манай компанийн тухайд гэрээнд заасны дагуу ямар ч гэрээ дүгнэсэн акт байхгүй. Ажлын гүйцэтгэлээр тооцогдож бэлэн мөнгө шилжигддэг. Энэ ажлууд хэрэгжээгүй учраас энэ мөнгө шилжигдэхгүй өдийг хүрсэн. Пүүний баримт нь танайд ёстой гээд байна. Тэр нь манай компанид байх ёстой биш, гэрээнийхээ дагуу тээвэрлэгч компани гаргаж өгөх ёстой. Гэтэл гэрээгээ дүгнэж, гэрээний актаа үйлдээгүй, санхүүтэй тооцоо нийлээгүй байж өнөөдөр шүүхэд хандаж ийм асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тооцоо нийлж үүн дээр зөвшилцсөний үндсэн дээр акт үйлдэгдэж үүний дагуу мөнгө шилжих боломжтой. Энэ бүхэн нотлогдохгүй байгаа учраас шүүхээс энэ нь нотлогдож байна гэж шийдвэр гарвал учир дутагдалтай гэж үзэж байна. Шүүх үүнийг ямар үндэслэлээр тооцоо нийлж, энэ тооцоо нь зөв байна гэж дүгнэхийг мэдэхгүй байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна” гэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.
4.1.Нэхэмжлэгч ”А” ХХК-ийн компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээгээр үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчээр Ё.Уыг бүртгэсэн байх учир түүнийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ. (хх-10-12, 73-74)
4.2.Хариуцагч “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр гүйцэтгэх захирлаар Ц.Даваацэрэн бүртгэгдсэн байх тул түүнийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ. (хх-38)
Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч “Т” ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/695 дугаартай итгэмжлэлээр Т.Б тус компанийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг нэг жилийн хугацаагаар олгосон. (II-хх-47)
5.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-2), “А” ХХК-ийн “Т” ХХК-д хандсан 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 23/250 дугаартай, 2023 оны 6 дугаар сарын 06-ны 23/219 дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23/45 дугаартай “Төлбөр төлөхийг шаардах тухай” шаардлага (хх-9-10, 14, 15), “А” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэх (хх-11), “А” ХХК-ийн уртын тээврийн бүртгэл (хх-12), “Эрхэм сүлд Монгол” ХХК-ийн “А” ХХК-д хандсан 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 23/28 дугаартай нэхэмжлэх (хх-13), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-16), “Т” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ” (хх-17-32), “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачигдсан нүүрсний пүүний баримтууд (хх-174-224), “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн нэхэмжлэх №23/28, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-38), хариу тайлбар (хх-60), Гаалийн ерөнхий газраас “хилээр нүүрс гаргасантай холбогдох баримтууд (хх-165), “Эрхэм сүлд монгол” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс тээвэрлэлттэй холбогдох пүүний баримт (хх-159-244, II-хх-1-37), шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч “А” ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч “Т” ХХК-ийн нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ганц мод боомтын гаалийн талбай хүртэл тээвэрлэн хүргэх ажлыг гэрээ батлагдсан өдрөөс хойш 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүргэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигч талуудын тайлбараар нотлогдож байх ба уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хэн аль нь маргаагүй. (хх-17-32)
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээг чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр байгуулжээ.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасанд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ” нэртэй гэрээ нийцсэн байна.
7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
Тээвэрлэгч “А” ХХК нь нүүрсийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ганц мод боомтын гаалийн талбай хүртэл тээвэрлэн хүргэхээр тохиролцсоны дагуу:
7.1.Уртын тээвэр
Нэхэмжлэгч “А” ХХК нь нийт 6877.95 тн нүүрсийг 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ хүртэл 220 км зайд /уртын тээврээр/ тээвэрлэн хүргэсэн нь:
| № | Машины дугаар | Ачсан огноо | Гарсан огноо | Буусан жин (тн) | Эрдэнэс тавантолгой ХХК-ийн пүүний баримт | Эрхэм сүлд ХХК-ийн пүүний баримт |
| 1 | 5311УБӨ | 2022.08.27 | 2022.08.28 | 135.95 | 175, 230 | 19, 30 |
| 2 | 5312УЕВ | 2022.08.27 | 2022.08.28 | 134.85 | 176, 230 | 22 |
| 3 | 5326УНК | 2022.08.27 | 2022.08.28 | 137.65 | 177, 231 | 20, 31 |
| 4 | 5360УБГ | 2022.08.27 | 2022.08.28 | 137.55 | 178 | 21, 30 |
| 5 | 5309УЕВ | 2022.08.27 | 2022.08.28 | 135.85 | 179 | 21 |
| 6 | 5307УЕА | 2022.08.27 | 2022.08.28 | 136.4 | 180 | 19 |
| 7 | 5380УБӨ | 2022.08.27 | 2022.08.28 | 135.85 | 181, 229 | 20, 31 |
| 8 | 5301УАХ | 2022.08.27 | 2022.08.28 | 138.4 | 182, 233, II хх 11 | 23, 32 |
| 9 | 5321УАУ | 2022.08.27 | 2022.08.28 | 138.6 | 183, II хх 1 | 22, 33 |
| 10 | 5304УБЧ | 2022.08.27 | 2022.08.28 | 136.05 | 184, II хх 1 | 23, 27 |
| 11 | 9481УАУ | 2022.08.27 | 2022.08.28 | 137.55 | 185, 231 | 28 |
| 12 | 5546УБЕ | 2022.08.27 | 2022.08.28 | 139.25 | 186, 238 | 24 |
| 13 | 5314УБМ | 2022.08.27 | 2022.08.28 | 139.4 | 187,237 | 28 |
| 14 | 5316УБЕ5 | 2022.08.27 | 2022.08.28 | 140.6 | 188, II хх 9 | 24 |
| 15 | 5318УНУ | 2022.08.27 | 2022.08.28 | 136.75 | 189, 237 | 237 |
| 16 | 5545УБИ | 2022.08.27 | 2022.08.28 | 136 | 190 238 | 25 |
| 17 | 5302УАХ | 2022.08.27 | 2022.08.28 | 139.75 | 191, II хх 8 | II хх 8 |
| 18 | 7609УЕВ | 2022.08.27 | 2022.08.28 | 135.5 | 192, II хх 2 | 25 |
| 19 | 2766УАЕ | 2022.08.27 | 2022.08.28 | 138.95 | 193, 232 | 33 |
| 20 | 9581УАХ | 2022.08.27 | 2022.08.28 | 137.4 | 194, II хх 2 | 277 |
| 21 | 5311УБӨ | 2022.08.29 | 2022.08.29 | 136.8 | 195, 233 | 233 |
| 22 | 5312УЕБ | 2022.08.29 | 2022.08.29 | 139.6 | 196, 241 | 26 |
| 23 | 5326УНК | 2022.08.29 | 2022.08.29 | 138.1 | 197,234 | 234 |
| 24 | 5360УБГ | 2022.08.29 | 2022.08.29 | 139.3 | 198, 234, 241 | 241 |
| 25 | 5309УЕВ | 2022.08.29 | 2022.08.29 | 134.4 | 199, 242 | 32 |
| 26 | 5307УЕА | 2022.08.29 | 2022.08.29 | 136.3 | 200, 229, 243 | 26 |
| 27 | 5380УБӨ | 2022.08.29 | 2022.08.29 | 136.6 | 201, 243 | 243 |
| 28 | 5301УАХ | 2022.08.29 | 2022.08.29 | 137.95 | 202, 244 | 244 |
| 29 | 5321УАУ | 2022.08.29 | 2022.08.29 | 138 | 203, 204, 242 | 242 |
| 30 | 5304УБЧ | 2022.08.29 | 2022.08.29 | 133.5 | 184, 244 | 244 |
| 31 | 9481УАУ | 2022.08.30 | 2022.08.31 | 139.25 | 205, II хх 6 | 18 |
| 32 | 5546УБЕ | 2022.08.30 | 2022.08.31 | 138.15 | 206, II хх 3 | 14 |
| 33 | 5314УБМ | 2022.08.30 | 2022.08.31 | 138.05 | 207, II хх 5 | 17 |
| 34 | 5316УЕВ | 2022.08.30 | 2022.08.31 | 140.7 | 208, II хх 7 | 18 |
| 35 | 5318УНУ | 2022.08.30 | 2022.08.31 | 138.15 | 209, II хх 4 | 15,29 |
| 36 | 5545УБИ | 2022.08.30 | 2022.08.31 | 138.3 | 210, II хх 5 | 16 |
| 37 | 5302УАХ | 2022.08.30 | 2022.08.31 | 137.65 | 211, II хх 4 | 15, 29 |
| 38 | 2766УАЕ | 2022.08.30 | 2022.08.31 | 136.15 | 212, II хх 7 | 17 |
| 39 | 9581УАХ | 2022.08.30 | 2022.08.31 | 136 | 213, II хх 6 | 16 |
| 40 | 5319УАУ | 2022.08.30 | 2022.08.31 | 139.4 | 214, II хх 3 | 14 |
| 41 | 5320УЕЕ | 2022.08.31 | 2022.09.01 | 139.14 | 215, 235 | 35 |
| 42 | 5301УАХ | 2022.08.31 | 2022.09.01 | 138.3 | 216 | 34 |
| 43 | 5317УЕВ | 2022.08.31 | 2022.09.01 | 139.6 | 217, 235 | 34 |
| 44 | 5307УЕА | 2022.08.31 | 2022.09.01 | 137.7 | 218, 239 | 239 |
| 45 | 5309УЕВ | 2022.08.31 | 2022.09.01 | 136.5 | 219, 232, 240 | 36 |
| 46 | 5312УЕБ | 2022.08.31 | 2022.09.01 | 137.5 | 220, II хх 10 | 37 |
| 47 | 5304УБЧ | 2022.08.31 | 2022.09.01 | 137.65 | 221, 236 | 35 |
| 48 | 5380УБӨ | 2022.08.31 | 2022.09.01 | 139.1 | 222, 236 | 236 |
| 49 | 5311УБӨ | 2022.08.31 | 2022.09.01 | 137.65 | 223, 239 | 37 |
| 50 | 7609УЕБ | 2022.08.31 | 2022.09.01 | 135.15 | 224, 240 | 36 |
|
| Нийт | 6877.95 |
|
| ||
Нийт 824.5 тн нүүрсийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд тус “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ-аас Монгол улсын хилээр нэвтрүүлэн БНХАУ-ын Ганц мод боомтын гаалийн талбай хүртэл /богинын тээвэр/ тээвэрлэн хүргэсэн болох нь:
| № | Машины дугаар | Ачсан огноо | Гарсан огноо | Буусан жин (тн) | Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /баримтаар/ |
| 1 | 9147УАР | 2022.09.21 | 2022.09.22 | 136.9 | хх-160 |
| 2 | 9147УНБ | 2022.09.21 | 2022.09.22 | 135.9 | хх-161 |
| 3 | 8832УБЕ | 2022.09.21 | 2022.09.22 | 135.1 | хх-162 |
| 4 | 5474УАА | 2022.09.21 | 2022.09.22 | 140.2 | хх-163 |
| 5 | 8163УНЯ | 2022.09.21 | 2022.09.22 | 137.45 | хх-164 |
| 6 | 5354УАА | 2022.09.21 | 2022.09.22 | 138.95 | хх-165 |
|
| Нийт | 824.50 |
| ||
8.Тээврийн хөлс шаардах тухайд
Дээрх пүүний баримт болон гаалийн баримтуудаар Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д “ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна”, 386.2-т дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө” гэж заасанчлан дагалдах бичиг гэрээний оролцогч талуудад хадгалагдаж байгаа нь нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч “Т” ХХК нь тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “Зардлыг буулгалт хийсний дараа ачаа барааг хүлээлгэн өгөх газар хүргэн өгч, нүүрс хүлээлцсэн пүүний баримтыг үндэслэн тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчийн ХААН банкны 5041553268 тоот дансанд 15 хоногоор тооцоо нийлж, ажлын гүйцэтгэлээр тооцож төлбөрийг ажлын ... хоногийн дотор шилжүүлнэ” заалтын дагуу манайд пүүний баримт ирүүлээгүй, гэрээгээ дүгнээгүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй, төлбөрийн асуудлыг санхүүгийн албанд гаргаагүй үндэслэлээр гэрээний төлбөрийг шилжүүлэх боломжгүй гэх хариу тайлбарыг гаргасан боловч тус компани нь төлбөрийг төлөхөөс татгалзсан үндэслэлээ нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч “А” ХХК нь нүүрсийг тээвэрлэн зохих газар, тохиролцсон хугацаанд хүргэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн учир хариуцагч буюу тээвэрлүүлэгч “Т” ХХК-аас Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хөлс төлөхийг шаардах эрхтэй байна.
Уртын тээврийн хөлс:
Талуудын хооронд байгуулагдсан Тээвэрлэлтийн гэрээний хавсралт 4-ийн 1 дэх хэсэгт уртын тээврийн нүүрс тээвэрлэх зардлыг 41,360 төгрөгөөр тохиролцсон учир нийт тээвэрлэсэн 6877.95 тн нүүрсний уртын тээврийн нийт зардал 284,472,012 төгрөг болж байгаа нь нэхэмжлэгчийн тодорхойлсон дүнтэй тохирч байна. (хх-17-31)
Богинын тээврийн хөлс:
Талууд гэрээний хавсралт 4-т богинын тээврийн хөлсийг тохирохдоо “Талуудын төлөөлөгчид нүүрс ачуулсан өдрийн тээврийн зардлыг бичгээр баталгаажуулж, баталгаажуулсан дүнгээр зардлыг санхүүжүүлж, тээврийн зардлыг төлнө” гэж заасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийн хүрээнд богинын тээврийн хөлсийг нэг тонн тутамд 208,543.50 төгрөгөөр тооцон нэхэмжилж, энэ үнийг хариуцагч компанийн зохих албан тушаалтантай зөвшилцөн тогтоосон гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар тээвэр хийсэн, хэдэн тонн нүүрсийг ямар үнээр тээвэрлэсэн талаар гэрээг дүгнээгүй, акт үйлдээгүй тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлалыг шүүхэд нотлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, богинын тээврийн үнийг тооцсон аргад маргаагүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хэмжээгээр тооцож буюу 824.5 тн нүүрсийг нэгжийн үнэ 208,543.50 төгрөгөөр үржүүлэхэд нийт 171,944,115.75 төгрөг болж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан үнийн дүнтэй тохирч байна. (хх-11, 31)
9. Хадгалалтын талбайн үнэ
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т” ХХК-аас гэрээгээр тохиролцсоны дагуу нүүрс хадгалалтын талбайн үнэд “Эрхэм сүлд монгол” ХХК-д 82,226,067 төгрөгийн өр төлбөр үүссэн гэж тайлбарлан шаардсан.
“А” ХХК нийт 6877.95 тн нүүрсийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас тээвэрлэн “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ-д буулгасан болох нь хэрэгт авагдсан дээрх пүүний баримтуудаар нотлогдсон.
Талуудын хооронд байгуулсан Тээвэрлэлтийн гэрээний хавсралт 4-ийн 3 дахь хэсэгт “Монгол талын нүүрс хадгалалтын талбайн үнэ (1тн.төг) нь 7,200 төгрөг” гэрээний дагуу тооцохоор харилцан тохиролцжээ. (хх-17-31)
Иймд тээвэрлэгчийн тээвэрлэсэн 6877.95 тн нүүрсийг нэгж үнэ болох 7,200 төгрөгөөр үржүүлэхэд 49,521,240 төгрөг болно.
Нэхэмжлэгч нийт 6877.95 тн нүүрсийг тээвэрлэж буулгасан атлаа 10,339 тн нүүрсний хадгалалтын зардлыг шаардсан, мөн нэгжийн үнийг гэрээгээр тохирсноос өөрөөр буюу 7,953 төгрөгөөр тооцсон үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй учир тухайн хэсгийг нэхэмжлэгч илүү тооцон нэхэмжилсэн гэж дүгнэж, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Тээвэрлэлтийн гэрээ”-ний хавсралт 4-т зааснаар 7,200 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. (II-хх-53)
Иймд нэхэмжлэгчээс “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ-ын талбайн төлбөрт нэхэмжилсэн 82,226,067 төгрөгөөс тус хэрэгт 49,521,240 төгрөгийг хамааралтай гэж дүгнэж, үлдэх 32,704,776.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Ажиллах хүчний зардал:
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээний биелэлтийг хангахад тус компаниас хэд хэдэн хүн сар гаруйн хугацаагаар ажилласан бөгөөд гэрээний дагуу уртын тээврээр нүүрс ачих буулгах талбайд буулгаж, пүүлсэн нүүрсийг Монгол улсын хилээр гаргах богинын тээвэрлэлтийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бүрэн хариуцан ажиллахаар тохиролцсоны дагуу 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл уртын тээврийг хийсэн боловч тээврийн хөлсөө 15 хоногт төлөөгүйн улмаас богинын тээвэрт саатал үүссэн, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 6 удаагийн тээвэрлэлт хийсэн үйл баримт дээрх пүүний нотлох баримтуудаар тогтоогдсон.
Талуудын хооронд байгуулсан Тээвэрлэлтийн гэрээний 3.1-д “Тээвэрлэгчид олгох нэг тонн нүүрс тээвэрлэлтийн хөлс, тээвэрлэлтэд хяналт тавих зардлыг хавсралт 4-т заасан аргачлалаар тооцож олгоно. Энэ гэрээнд тусгаснаас өөр нэмэлт зардал байхгүй болно” гэж, гэрээний хавсралт 4-ийн 7 дахь хэсэгт “ажиллах хүчний зардалд нэг хүнээр, нэг сарын 4,333,800 төгрөг” гэж тогтоосон хэмжээгээр нэхэмжилснийг хариуцагч ямар аргачлалаар тооцсон нь тодорхойгүй үндэслэлээр татгалзсан боловч татгалзлын үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлоогүй учир тухайн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ. (хх-17-31)
11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, түүний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, тээвэрлэлт хийсэн эсэх, жин хэмжээ зөрүүтэй эсэхэд маргаагүй, зөвхөн тээвэрлэлтийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг пүүний баримтыг тээвэрлүүлэгчид хүлээлгэн өгөөгүй, тээвэрлэгч тал тээвэрлүүлэгч талтай гэрээгээ дүгнээгүй, байгууллагын санхүүтэй тооцоо нийлээгүй учраас санхүүжилтийг “Хонгконг лимитэд” ХХК-аас аваагүй учраас төлбөрийг шилжүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, шүүх үүнд дүгнэлт хийх боломжгүй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д “Тээвэрлэгчид олгох нэг тонн нүүрс тээвэрлэлтийн хөлс, тээвэрлэлтэд хяналт тавих зардлыг хавсралт 4-т заасан аргачлалаар тооцож олгоно. Энэ гэрээнд тусгаснаас өөр нэмэлт зардал байхгүй болно. Гэрээний үнэд НӨАТ багтсан болно,. Түлш болон тээвэрлэлттэй холбоотой бусад бүх зардлыг тээвэрлэгч тал хариуцна” гэж, 3.2-т “Зардлыг буулгалт хийсний дараа ачаа барааг хүлээлгэн өгөх газар хүргэн өгч, нүүрс хүлээлцсэн пүүний баримтыг үндэслэн тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчийн дансанд 15 хоногоор тооцоо нийлж, ажлын гүйцэтгэлээр тооцож төлбөрийг ажлын хоногийн дотор шилжүүлнэ” гэж төлбөр төлөх үүргийг тээвэрлүүлэгч хүлээсэн байна.
Тээвэрлэгч компани нь гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлж, уртын 50 рейс, богинын 6 рейс хийж, гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээний нөгөө тал болох тээвэрлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзах хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй.
Хариуцагч буюу тээвэрлүүлэгч компанийн хувьд ачааг нэг цэгээс нөгөө цэгт хүргүүлж, хүлээн авсан 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш нэхэмжлэгч компанийн зүгээс албан бичиг хэлбэрээр хандсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүнд ямар хариу өгсөн, яагаад өмнө нь шүүхийн бус журмаар гэрээг дүгнэж, тооцоо нийлэх талаар албан ёсны хариу өгөөгүй талаарх үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Иргэний хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д “ачааг зохих газарт хүргэж, хүлээлгэн өгөх үед хүлээн авагч нь ачааг хүлээн авсны баталгаа болгож тээвэрлэгчээс дагалдах бичгийн 2 дахь хувийг шаардан авах эрхтэй” гэж хуульчилсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч “А” ХХК дагалдах бичиг буюу пүүний баримтыг хүлээлгэн өгөөгүй учраас төлбөрийг шилжүүлэх боломжгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шийдвэрлэх үндэслэлгүй гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн болно.
12. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 390 дүгээр зүйлийн 390.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т” ХХК-аас 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд уртын тээврээр 50 удаагийн тээвэрлэлтээр нийт 6877.95 тн нүүрс тээвэрлэсний төлбөрт 284,472,012 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд богинын тээврээр 6 удаагийн тээвэрлэлтээр нийт 824.5 тн нүүрс тээвэрлэсний хөлс 171,944,115.75 төгрөг, “Эрхэм сүлд монгол” ХХК-ийн НАБТ-ын хадгалалтын үйлчилгээний төлбөрт 49,521,240 төгрөг, ажиллах хүчний зардалд 4,333,800 төгрөг /1 хүн, сар/, нийт 510,271,167.75 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК”-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,704,776.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,872,833 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “Т” ХХК-аас 2,709,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 390 дүгээр зүйлийн 390.1-д заасныг баримтлан “Т” ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 510,271,167.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,704,776.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,872,833 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “Т” ХХК-аас 2,709,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН