Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00466

 

“ПД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02429 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ПД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУЗГ, ҮХГ-т холбогдох

Гэрээний үүрэгт нийт 17 848 800 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагч ҮХГ-ын   гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Насанжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэцгээ,

Хариуцагч ҮХГ-ын   итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Жаргалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МУЗГ-ын 2016 оны концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 296 дугаар тогтоолын дагуу МУЗГ-ыг төлөөлөх эрх бүхий этгээд Хөрөнгө оруулалтын газар болон “ПД” ХХК-ийн хооронд Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DВТ) концессын гэрээ 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан. Уг концессын гэрээгээр тохиролцсон төслийг хэрэгжүүлэх хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 84 дүгээр тогтоол гарч, энэхүү тогтоолын 3 дахь заалтаар дээр дурдсан Засгийн газрын 2016 оны 296 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл гэснийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам төсөл гэж, мөн тогтоолын 2 дугаар зүйлийн 75 600 000 000 гэснийг 26 640 000 000 гэж өөрчилсөн. Ийнхүү Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор 2016 онд байгуулагдсан дээрх концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах эрхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ҮХГ-т олгохоор тогтоосон тул тус газар нь МУЗГ-ыг төлөөлж Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг “ПД” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Концесс эзэмшигч “ПД” ХХК нь 2016 оны концессын гэрээ, 2017 оны концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан нөхцөлөөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант, Орхон сум чиглэлийн нийт 22,2 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийг барьж байгуулан улсын комисст хүлээлгэж өгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Тодруулбал, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1-д концесс эзэмшигч нь авто замыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх бөгөөд улсын комисст хүлээлгэн өгснөөр баталгаажна гэж заасан. Манай компани уг зам, замын байгууламжийг барьж байгуулан улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтээр доорхи байдлаар баталгаажсан. Үүнд а/ Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт баригдсан IV ангиллын 5 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулах 07/09/17 дугаар дүгнэлтийг 2017 оны 6 сарын 27-ны өдөр; б/ Мөн аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт баригдсан IV ангиллын 17,2 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 247 дугаар тушаалаар байгуулагдсан улсын комиссоос хүлээн авч, ашиглалтад оруулах 07/12/17 дугаар дүгнэлтийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус албан ёсоор гаргаснаар ажлын үр дүн баталгаажсан юм. Гэтэл концессын гэрээнүүдийн нэг тал болох МУЗГ-ын эрх олгосон ҮХГ  нь төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусгах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс концесс эзэмшигч нэхэмжлэгч компанийн хувьд 453 021 718 төгрөгийн татварын, 135 157 988 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн, 16 648 611 135 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлж чадахгүй өдрөөс өдөрт өрийн төлбөрийн хэмжээ нэмэгдсээр цаашид аж ахуйн үйл ажиллагаагаа эрхлэх ямар ч боломжгүй боллоо. Аж ахуй эрхлэгчээ дэмжих нь төрийн үндсэн үүрэг бөгөөд концессын гэрээгээр адилхан зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэсэн гадаадын хөрөнгө оруулалттай гэх компаниудад элчин сайдын яамнаас нь хүсэлт гаргасан гэх мэт шалтгаанаар үзэмжээрээ төсөвт суулгаж, төлбөрийг нь өгч байгаа атлаа үндэсний аж ахуйн нэгжийн төлбөрийг өгөхгүй ялгаварлан хохироож байгаа нь хууль ёс, шударга ёсны зарчимд нийцэхгүй. Бид өөрсдөөс хамаарах бүх арга хэмжээг авч, бодит нөхцөл байдлаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулж удаа дараа гуйсан боловч төлбөрийн талаар ямар ч арга хэмжээ авахгүй туслалцаа үзүүлэхгүй байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар арга буюу доорхи гэрээний 7.3-т заасны дагуу төлбөрөө гаргуулахаар шүүхэд хандаж байна. МУЗГ-ын 2016 оны концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 296 дугаар тогтоолын дагуу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр МУЗГ болон “ПД” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээний нэгдүгээр бүлэг. Концессын гэрээний ерөнхий нөхцөл ... хөрөнгө оруулалтын эргэн төлөлт хэсгийн 1.16-д концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 3 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас нөхөж авна гэж заасан. Харин Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор дээрх гэрээний 1.16-д заасан төлбөрийн дүнгийн хэмжээг өөрчилж, гэрээнд өөрчлөлт оруулахаар заасны дагуу концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1.2-т төлбөрийн хэмжээг өөрчлөн тогтоож уг гэрээг байгуулсан. Концессын гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний онцгой төрөл бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд Засгийн газрын тогтоолоор тогтоосон 22,2 км авто зам, замын байгууламжийг барьж гүйцэтгэн ажлын үр дүнг бодит байдлаар хүлээлгэн өгсөн, энэ нь албан ёсоор улсын комиссын дүгнэлтүүдээр баталгаажсанаас гадна уг зам нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа юм. Мөн улсын комисст хүлээлгэн өгсөн уг авто зам, замын байгууламжийн зориулалттай барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийн нийт 372 хуудас баримтыг эрх бүхий этгээд болох ҮХГ-т 2017 оны 10 сарын 06-ний өдөр хүргүүлсэн боловч аудитаар баталгаажуулах ёстой гэсэн шалтгаан зааж төлбөрийг өгөхгүй одоог хүртэл хохироож байна. Нэхэмжлэгч “ПД” ХХК нь концесс эзэмшигчийн хувьд гэрээний үүрэг, түүний биелэлттэй холбоотой ямар нэгэн зөрчил доголдол гаргаагүй, гэрээний тал болох Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй атлаа улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж бодит ажил хийснийхээ төлөө ажилчид нь цалин хөлсгүй, компани нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн өрөнд баригдан санхүүгийн болон сэтгэл санааны дарамтад байх ёстойг ойлгохгүй байна. Иймээс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн МУЗГ болон “ПД” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээний 1.16 дах заалт, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2 дах заалтын дагуу төлөх 2017 оны 9 057 600 000 төгрөг, 2018 оны 8 791 200 000 төгрөг буюу нийт 17 848 800 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулан өгч, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөндлөнгийн аудит хийж, дүгнэлт гаргаагүй 2017, 2018 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ... төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтад тусгагдаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоол батлагдан гарснаас хойш 1 жил 7 сар гаруйн хугацаа өнгөрсөн. Дээрх тогтоолын 7 дугаар заалтад концессын төслийн санхүүжилтийг улсын төсөвт огт тусгаж болохгүй гэсэн хориглосон агуулга байхгүй. Энэ заалт нь зөвхөн санхүүжилтийг олгоход баримтлах зарчим. Иймээс нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн нийт 22,2 км авто зам, замын барилга байгууламжийн ажлын санхүүжилтийг гэрээний дагуу хэсэгчлэн олгох үүргээ биелүүлэхгүй байх, нэхэмжлэгч компанийг зээлийн болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд оруулах, бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болгож хохироох үндэслэл болохгүй. Тодруулбал, 2019 онд улсын төсвөөс нөхөн төлөх 8,7 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа, аудитын дүгнэлтээр ажлын гүйцэтгэлтэй холбоотой зөрчил гарлаа гэхэд суутгах, хасах гэх мэтээр зохицуулалт хийх эрх нь хариуцагчид байна. Мөн нэхэмжлэгчтэй адил нөхцөлөөр, адилхан цаг хугацаанд авто зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэсэн Хятадын гэх хоёр ч компанийн төлбөрийг болохоор аудитын дүгнэлтгүй улсын төсөвт тусгаж олгохоор шийдвэрлэсэн атлаа үндэсний компанидаа болохоор аудитын дүгнэлт гараагүйгүйгээс төлбөрийг нь шийдвэрлэх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа нь шударга биш ялгамжтай хандаж байгааг нотолж байна. Нэхэмжлэгчийн зүгээс аудитын дүгнэлтээ гаргуулаад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөх тухай хүсэлтээ ч удаа дараа гаргаж байсан. Харин ч аудитыг хариуцагчийн зүгээс хийлгэж байгаа ба хариуцагчтай нэг тал зөвхөн түүнээс томилогдсон этгээдээс гаргах дүгнэлт нь нэг талын хүсэл зоригийг хамгаалах нөхцөл байдал үүсгэж болзошгүй бөгөөд хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн зүгээс шууд хүлээн зөвшөөрөх ч боломжгүй ба үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт болж чадах эсэхийг шүүх анхаарах ёстой. Мөн хариуцагчийн төлөөлөгч ... хянан баталгаажуулсан гүйцэтгэлийн материал ирүүлээгүй гэсэн худлаа тайлбар гаргасан байна. Эрх бүхий этгээдээс ажил хүлээж авсан акт гаргаснаас хойш буюу 2017 оны 10 сарын 06-ны өдөр 248/2017 албан тоотоор ажлын гүйцэтгэл болон холбогдох 372 хуудас материалыг ҮХГ-т хүргүүлсэн. Засгийн газрыг төлөөлж концессын гэрээг байгуулж гарын үсэг зурсан албан тушаалтан нь мөнгө байхгүй гэсэн гэх шалтгаанаар гарын үсэг зурахгүй байгаа. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр уг албан тушаалтанд болон эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад 20-иод удаа хандсан. Үнэхээр улсын төсвөөс төлбөрийг мөнгөөр төлөхөд хүндрэлтэй тохиолдолд Засгийн газрын өрийн бичиг ... гэх мэт санхүүгийн бусад хэрэгслээр зохицуулалт хийх боломж ч байгаа гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлгүй шалтгаан заасан тайлбар нь нэхэмжлэгч компани болон төрд ч илүү хохирол учруулах үр дагавар үүсгэхээр байна. Цаг хугацаандаа концессын төлбөрөө авч зээл, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлсөн бол компани төлбөрийн эрсдэлд орохгүй байх нь тодорхой гэжээ.

Хариуцагч МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэж заасан. Иймд 2017, 2018 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтад тусгагдаагүй мөн захиалагч тал буюу ҮХГ-аас Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журмын дагуу хянан баталгаажуулсан гүйцэтгэлийн материал ирүүлээгүй тул санхүүжүүлэх боломжгүй байсан. Улсын Их Хурлын дээрх тогтоолын дагуу Үндэсний аудитын газраас уг концессын гэрээнд аудитын дүгнэлт гаргах ёстой байтал одоо хүртэл холбогдох дүгнэлтийг эцэслэн гаргаж ирүүлээгүй байна. Мөн Үндэсний аудитын газрын дээрх албан бичигт аудитын дүгнэлт гаргаагүй нь нэхэмжлэгчид олгох санхүүжилтийг 2017 онд олгоогүй, мөн 2018 оны төсөвт тусгуулахгүй гэх ҮХГ-ын тайлбар үндэслэлгүй гэх тайлбарыг хүргүүлсэн байна. Хэрэв Засгийн газраас нэхэмжлэгчид холбогдох санхүүжилтийг төсөвт тусгаж санхүүжүүлсэн бол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолыг зөрчсөн шийдвэр болох байсан гэжээ.

Хариуцагч ҮХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2009 оны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай 64, Концессын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 296 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар болон “ПД” ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (ЭВТ) концессын гэрээг байгуулсан. Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай 84 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны 63 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн дээрх концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу концессоор хэрэгжүүлэх төслийн нэрийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам гэж, мөн гэрээний үнийн дүн буюу төслийн нийт хөрөнгө оруулалтыг 26 640 000 000 гэж өөрчилсөн бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа дараах хуваарийн дагуу нөхөж авахаар өөрчилсөн. Үүнд 2017 онд 9 057 600 000 төгрөг, 2018 онд 8 791 200 000 төгрөг, 2019 онд 8 791 200 000 төгрөг. Концесс эзэмшигч “ПД” ХХК гэрээний дагуу нэгдүгээр хэсгийн 5 км авто замыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, хоёрдугаар хэсгийн 17,2 км авто замыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээний хэрэгжилт биелсэн гэж үзэн манай газраас 2017 онд төлөх 9 057 600 000 төгрөг, 2018 онд эргэн төлөх 8 791 200 000 төгрөгийн санхүүжилтийг 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсөвт суулгуулахаар төслийн гүйцэтгэлийн мэдээллийн хамт 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/740 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн боловч аудитаар баталгаажуулаагүй гэсэн шалтгаанаар тусгаагүй. Үүний дагуу манай газраас Үндэсний аудитын газарт 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/416 тоот албан бичгээр Улсын Их Хурлын 2017 оны Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэж заасантай холбогдуулан “ПД” ХХК-тай байгуулсан концессын гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу тус төслийн санхүүжилт 2017, 2018 оны улсын төсөвт суугдах байсан боловч аудит хийгдэж, дүгнэлт гараагүй шалтгааны улмаас улсын төсөвт суугдаагүй учир тус төслийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах ажлыг эрчимжүүлж өгөхийг хүссэн. Улмаар Үндэсний аудитын газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1058 тоот албан бичгээр дээрх тогтоолын заалтаас харахад концессын төслүүдэд аудит хийж, дүгнэлт гаргах нь концессын төслүүдэд санхүүжилт олгоход баримтлах зарчим гэж ойлгогдож байгаа бөгөөд харин концессын төслийн санхүүжилтийг улсын төсөвт суулгах, холбогдох эх үүсвэрийг төсвийн төлөвлөгөөнд тусгахад хамаарахааргүй байна гэж хариу өгсөн болно. Одоогийн байдлаар манай газрын зүгээс 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/1003 тоот албан бичгээр төслийн нийт хөрөнгө оруулалт болох 26 640 000 000 төгрөгийг 2019 оны улсын төсөвт суулгуулах саналаа Сангийн яаманд хүргүүлээд байна. Иймд манай газрын зүгээс концессын гэрээний дагуу “ПД” ХХК-д төлөх санхүүжилтийг улсын төсөвт суулгуулах саналаа Сангийн яаманд удаа дараа хүргүүлсэн боловч төсөвт суулгаагүй байх тул энэ нэхэмжлэлийн хүрээнд Сангийн яамны холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, нотлох баримт гаргуулах ажиллагааг явуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.1, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан хариуцагч МУЗГ болон ҮХГ-аас 9 057 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ПД” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 791 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ПД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 000 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ПД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 79 401 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч МУЗГ болон ҮХГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 45 445 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПД” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч ҮХГ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/02429 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт "хариуцагч МУЗГ болон ҮХГ-аас 9 057 600 000 төгрөгийг гаргуулж", 2 дахь хэсэгт "МУЗГ болон ҮХГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 45 445 950 төгрөг гаргуулан" тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул тус шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1 болон Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтуудыг тус тус баримтлан МУЗГ болон ҮХГ-аас 9 057 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхээс Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр Тогтоолын 1 дэх хэсэг "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг МУЗГ /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай" гээд 1-ийн "улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын "барих-шилжүүлэх" төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах" гэж заасныг концессын зөвхөн "барих-шилжүүлэх" төрөлд хамаарах бөгөөд “ПД” ХХК-тай байгуулсан концессын гэрээ нь "зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх" төрөл тул тогтоолын хэрэгжилтэд хамаарахгүй гэж дүгнэсэн. Ингэхдээ зөвхөн концессын төрлийг харгалзаж уг тогтоолын зорилго, агуулга буюу төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр гарсан болохыг, мөн 1.7-д "улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй" гэдэгт энэхүү концессын гэрээ хамаарч байгааг авч үзсэнгүй. Хэдийгээр "зураг төсөл боловсруулах-барих-ашиглах" концессын төрөл боловч хөрөнгө оруулалт нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй учраас уг нөхцөл байдал үүссэн ба Улсын Их Хурлын дээрх тогтоолын үйлчлэлд хамаарч байгаа болно. Иймээс Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын дагуу аудитын байгууллагаар тухайн замын ажилд зарцуулсан бодит хөрөнгө оруулалтыг үнэлж дүгнэх нь зүйн хэрэг бөгөөд энэ нь "төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах" арга хэмжээ гэж үзэж байна. Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоол нь ҮХГ-аас үл хамааран хууль тогтоох байгууллагаас гарч буй заавал хэрэгжих эрх зүйн баримт бичиг бөгөөд холбогдох арга хэмжээг авсан хэдий ч гэрээний үүрэгт нөлөөлж байгаа гадны хүчин зүйл юм. ҮХГ-ын   зүгээс концессын гэрээний 2.10-т заасан "хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суутгуулан төлүүлэх арга хэмжээ авах" үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд энэ нотлогдож байна гэдгийг шийдвэрийн үндэслэх хэсэг, 10 дахь нүүрт анхан шатны шүүх дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсгийг баримтлан "хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх" гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ҮХГ-аас үл хамааран уг үүрэг гүйцэтгүүлэх боломжгүй, тодорхой нөхцөл тавигдсан. “ПД” ХХК-тай Концессын гэрээ байгуулах эрх олгосон МУЗГ-ын 2016 оны 296 дугаар тогтоолын 2 дахь хэсэг /МУЗГ-ын 2017 оны 84 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/-т "энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан авто замын барилгын ажилд зарцуулах 26,73 тэрбум төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт үүрэг болгосон байдаг. Иймээс санхүүжилтийг улсын төсөвт тусгах нь ҮХГ-ын үүрэгт хамаарахгүй ба дээр дурьдсанчлан төсөвт тусгуулахад чиглэсэн өөрөөс хэрэгжүүлэх боломжит арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсэн тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардах эрхийн хүрээнд хамаарах тус газрын үүрэг биелэгдсэн гэж үзэж байна. ҮХГ-ын   2017 оны 01/740, 2018 оны 01/1003 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба үүнийг анхан шатны шүүхээс хамааруулан үнэлээгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс хэрхэн хэрэглэж шийдвэрлэсэн нь тусгагдаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч ҮХГ-т холбогдох хэсгийг хянан үзэж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/02429 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.                    

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ПД” ХХК нь хариуцагч МУЗГ болон ҮХГ-т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 17 848 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ПД” ХХК нь хариуцагч МУЗГ, түүний төлөөлөгч Хөрөнгө оруулалтын газартай 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээ байгуулж, уг гэрээгээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлд 63 км авто замыг 75 600 000 000 төгрөгийн төсвөөр барьж, хариуцагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, концессын гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 7-20 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч “ПД” ХХК нь хариуцагч МУЗГ, МУЗГ-ын тохируулагч агентлаг ҮХГ-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замыг 26 640 000 000 төгрөгийн төсвөөр барьж, хариуцагчид шилжүүлэхээр тохиролцож “ПД” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлыг 2017 оны 6 дугаар сарын 27, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрүүдэд улсын комисст хүлээлгэн өгч, комиссын дүгнэлт гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд маргаагүй. /хх-ийн 21-29 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2 дах хэсэгт зааснаар 2017 оны 9 057 600 000 төгрөг, 2018 оны 8 791 200 000 төгрөг, нийт 17 848 800 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6, 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэж, 2017 оны санхүүжилт 9 057 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх боловч талуудын байгуулсан зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээг Улсын Их хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 7 дугаар заалтад хамаарахгүй хэмээн буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулахаар заасан гэж маргасан боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоол нь 2017 оны төсвийн санхүүжилтийг зохицуулсан байх бөгөөд МУЗГт аудит томилохыг үүрэг болгожээ.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлаас ЗГ-т аудит томилж, дүгнэлт гаргуулахаар үүрэг болгосон байх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нөхцөл байдалд концессын гэрээний үүргээ биелүүлсэн нэхэмжлэгч буруугүй бөгөөд дээрх үндэслэлээр хариуцагч МУЗГ нь гэрээнд заасан санхүүжилтийн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.  

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ҮХГ-аас төлбөр гаргуулахаар дүгнэж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь: Концессын гэрээний нэг тал нь МУЗГ байх бөгөөд ҮХГ нь МУЗГ-ыг төлөөлж гэрээнд оролцсон байх тул хариуцагч ҮХГ нь гэрээний төлбөр төлөх үүргийг хариуцах үндэслэлгүйгээс гадна төлбөр тооцоотой холбоотой баримт бичгийг Засгийн газарт хүргүүлэх үүргээ гүйцэтгэсэн байна. Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ҮХГ-ын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02429 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... МУЗГ болон ҮХГ-аас ...” гэснийг, “МУЗГ-раас” гэж,

2 дах заалтын “... МУЗГ болон ҮХГ-аас ...” гэснийг, “МУЗГ-аас” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ҮХГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

             

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                               ШҮҮГЧ                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                   Г.ДАВААДОРЖ