Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 90

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч Ц.*******,

шүүгдэгч Ч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                               

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын Батзулд холбогдох эрүүгийн 1707001980016 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамтаар Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын Батзул.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Ч******* нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүрэг 1 дүгээр хороо Уурхайчдын 10 дугаар гудамжны 492 тоот хашааны гадна өөрийн эхнэр Ц.*******г гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч******* нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүрэг 1 дүгээр хороо Уурхайчдын 10 дугаар гудамжны 492 тоот хашааны гадна Ц.*******г гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн шанаа, баруун чихэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, духанд зулгаралт, нүүр хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч*******ын өгсөн: “Яллах дүгнэлтэд бичигдсэн миний мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******гийн өгсөн: “Шүүгдэгч бид хоёр хот явах гэж гэрээсээ гарсан. Тэгээд Гантулгын гэрт очиход *******, Норовоо хоёр архи ууж байсан. Би хүүхдээ сургуулиас нь авах гэж явсан. Хүүхдээ аваад гэртээ байж байхад Батзул намайг “Гантулын гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Би Гантулгын гэрт очиж архи хувааж уусан. Тэгээд дүүгийнхээ гэрт очиж хоол идээд буцаж Гантулгын гэрт очиж дахиж архи уусан. Норовоо гэр лүүгээ явсан. Би Гантулгын хашааны гадаа Батзултай хамт үлдсэн. Бид хоёр маргалдсан. Гэтэл Батзул намайг татаж унагаад миний нүүр лүү өшиглөсөн. Гудамжид явж байсан нэг залуутай Батзул ярилцаж байхад нь би дүүгийнхээ гэр лүү гүйж очоод цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэгт очиж нүүрэндээ оёо тавиулсан. Дараа нь цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч*******ын яллагдагчаар өгсөн “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчидын 9 дүгээр гудамж 464 тоотод байх гэртээ би өөрийн эхнэр *******гийн хамтаар урагшаа Налайхын төв рүү орчихоод өөрийн найз Гантулгын гэрт орж уулзчихаад *******, найз нар нэг шил 0,75 литрийн Ерөөл архи уугаад сууж байтал манай эхнэр гаднаас орж ирсэн. Тэгээд манай эхнэр тэр хоёртой архинаас нь 2-3 хундага уусан. Тэгээд гарч ирээд бид хоёр манай эхнэрийн дүүгийнх нь гэрт орж хоол идээд 0,33 литрийн Хараа архи уучихаад гарцгаасан. Тэгээд бид 2 ер нь салчихсан байсан тул жаахан түр тар хийчих гээд байсан юм. Ингээд гадаа Норовоотой дахин ******* бид нар дахин нэг шил 0,5 литрийн Стандарт архи хувааж ууж байгаад хот руу явах ажилтай байсан тул түрүүлээд явчихсан. Намайг явж байтал араас Норовоо, ******* хоёр ирж байсан. Тэгээд ******* надтай үлдээд бид хоёр хэрэлдэж эхэлцгээсэн. Би уурандаа *******г Норовоотой хардаж уурлаад маргалдаж байгаад *******г намайг зуурахаар нь би түлхчихсэн чинь унахаар нь зүүн хөлөөрөө *******г өшиглөсөн. Хаана нь өшиглөсөн болохыг харанхуй байсан учир мэдэхгүй байна. тэгээд би босгох гэтэл “намайг аллаа хүн байна уу” гээд орилоод байхаар нь би шууд яваад өгсөн. Би 2-3 удаа өшиглөсөн, тухайн үед нилээн хатуу гуталтай байсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22-23 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №08 шэ/457 дугаар:

  1. *******гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн шанаа, баруун чихэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, духанд зулгаралт, нүүр хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт,

/хх-ийн 14 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 24 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 25 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 26 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ч*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын Батзулд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч*******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ