Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 126/ШШ2023/0182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 110 тоот танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Ц,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал,

Хариуцагчийн төлөөлөгч: Л.Д,

Гуравдагч этгээд: П.О,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.М нарын хоорондын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Д, гуравдагч этгээд П.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшигч П.О нь олонхийн санал аваагүй учир 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

1.2.    Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Мандал 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал 142 буюу 57.3 хувийн санал авсан П.О-ийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс уг тогтоолыг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргын сонгууль явагдаж багийн даргаа сонгох ёстой билээ. Миний бие Энхбаяр овогтой Цолмон нь Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн боловч иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Д нь хурал эхэлсэн цагаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай хуулийг зөрчиж нэр дэвшигчийг танилцуулалгүй, мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд сурталчилах эрхэд ноцтой халдсан. Мөн нэр дэвшигчдээс асуулт асуух боломжийг олгоогүй.

3.2. Мөн тухайн сонгуульд Мөрөн сумын 6 дугаар багийн 302 иргэн оролцсон. Гэтэл олонхийн санал авсан гэж Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргаар П.О сонгогдсонд тооцож тогтоол гаргасанд гомдолтой байна. Тухайн тогтоолтой танилцаж, хуулбарлаж авах гэтэл Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Д танхимаас зугтаат гараад явсан. Учир нь П. О нийт ирсэн сонгогч буюу 302 иргэнээс 142 иргэний санал буюу 47 хувийн санал авсан нь олонхийн санал биш юм. Тухайн багийн Засаг дарга нь нийт 152 иргэний санал авч байж 50 хувь дээр нэмэх 1 иргэний санал авч байж ялагч болох юм. Иймд Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргад олонхийн санал аваагүй П.О-ийг сонгосон иргэд Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

4.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал 6 дугаар багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурал болсон. Тухайн сонгуульд Э.Ц нэр дэвшсэн. Түүний эрх ашиг хөндөгдсөн гэж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.2. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан юм бэ гэвэл тухайн хурал дээр нэр дэвшигчийн намтар болоод тухайн хүний танилцуулга, мөрийн хөтөлбөрийг танилцуулаагүй. Тухайн хурал дээр нэр дэвшигч маань орон нутгийн хөрөнгөөр сум орон нутгийн удирдлагатай хамтарч ямар ажил хийхийг иргэдэд танилцуулж иргэдийнхээ саналыг авах бүрэн боломжтой. Гэвч цагт баригдаж байгаа гэдэг шалтгаанаар Э.Ц өөрийгөө хэн бэ ямар ажил хийж гүйцэтгэсэн, одоо ямар ажил хийж гүйцэтгэх талаараа танилцуулж чадаагүй.

4.3. Сонгууль явагдахад сонгуулийн ирцийг ярих нь зөв. Сонгууль явагдахад хурлын зааланд 302 хүн ирсэн гэж зарласан боловч яг сонгуульд 248 иргэн оролцсон. 248 иргэн нь тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын шаардлагыг хангаж байгаа боловч сонгуулийн дүн дээр шаардлага хангаагүй. Тэр нь юугаар харагдаж байна вэ гэхээр 248 иргэнээс 142 иргэн П.О-ийн төлөө саналаа өгсөн. Нэр дэвшигч Э.Ц-ийн төлөө 106 хүн саналаа өгсөн. Багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хурлын дэгээ баталсан. Тухайн баталсан дэгийн 3.1-д хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалд илээр эсвэл нууцаар санал хураана, 3.2-т хуралдаанд оролцож байгаа иргэн хуралдааныг орхиж гарсан тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцож санал хураалтын дүнг гаргана гэж заасан. Маргааны үйл баримт нь 52 иргэн орхиж гарсан гэдэг зүйлийг иргэдийн Нийтийн Хурлын хариу тайлбар дээр болон гэрч С-ын мэдүүлэгт байдаг. Хуралдааны тэмдэглэл дээр 52 иргэн орхиж гарсан юм бол тэдгээр иргэд саналаа Э.Ц, П.О нарын аль алинд нь саналаа өгөөгүй юм байна. Эсрэг саналаа өгсөн юм байна. Тэгэхээр үүнийг хувилаад тооцоод үзэхээр П.О 42 хувийн санал, Э.Ц 38.6 хувийн санал авсан байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд олонхын санал авсныг Засаг даргаар томилно гэж заасан байдаг. Гэрч н.С-ын мэдүүлгээс харахад хэзээд нь тэр 52 иргэн гарсан бэ гэдэг дээр хариулсан зүйл байдаггүй.

4.4. Хуралдааны тэмдэглэл дээр юу байдаг вэ гэхээр тэдэн хэдэн хувийн саналаар тийм даргатай болов гэсэн байдаг. Түүнээс хэн гэдэг нэр дэвшигч ямар ямар хөтөлбөр дэвшүүлсэн. Багийн Засаг даргад хэн гэдэг хүн нэр дэвшсэн. Хэний хэн гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн юм. Ямар хугацаанд танилцуулсан талаар тэмдэглэл дээр байдаггүй. Хуралдааны тэмдэглэл бүрхэг байдлаар хөтлөгдсөн.

4.5. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэд Нийтийн Хурлаас нэр дэвшигч П.О олонхын санал аваагүй учир 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 6 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэд Нийтийн Хурлын дарга Л.Д шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

5.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Мөрөнсумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр явагдсан билээ. Миний бие тухайн хурлын хуралдааны даргаар сонгогдож хуралдааныг даргалсан. Хуралдааны даргын хувьд 6 дугаар багийн иргэд Нийтийн Хуралдааныг хууль тогтоомжийн дагуу хурлын гаргасан тогтоолуудыг тухай бүрд нь иргэдээр баталгаажуулж иргэдийн хуралд оролцох эрхийг бүрэн эдлүүлэн хурал зохион байгуулсан. 6 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн 2 нэр дэвшигчийн хэвлэмэл хуудсыг хурлын танхимд иргэдэд тараалгасан. Мөн 2 нэр дэвшигчийн танилцуулгыг нэр дэвшүүлж байгаа иргэн танилцуулга хийсэн бөгөөд дэлгэрэнгүй танилцуулга хийх талаар санал гаргасныг иргэдээс асуухад цаг товчлох зорилгоор шаардлагагүй гэж үзсэн.

5.2. 6 дугаар багийн хуралд 302 хүн бүртгүүлсэн боловч багийн даргыг сонгох санал хураалт явуулахад 248 хүн оролцсон. Бүртгүүлээд гараад явсан 54 хүн нь ардаа ажилтай, хүүхэд харах хүнгүй, орон гэр эзгүй байгаа зэрэг шалтгаанаар гарч явсан. Санал хураалт явуулах үед хурлын танхимд 248 иргэн байсан бөгөөд эдгээр иргэдийн тоо нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан шаардлагад нийцэж байгаа тул ирцийг хүчинтэйд тооцож санал хураалтыг явуулсан.

5.3.Тооллогын комисс санал хураалтыг зохион байгуулахад 248 хүнээс П.О-т 142 хүний санал буюу 57,3 хувь , Э. Ц-д 106 хүн буюу 42,7 хувийн санал өгсөн гэж баталсан билээ. Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн багийн Засаг даргад олонхийн санал авсан П.О-ийг баталсан хуралдааны тогтоолын төслийг санал өгсөн иргэдийн олонхийн саналаар баталгаажуулсан тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Мөрөн сумын Засаг даргад өргөн барьсан болно.

5.4. Иргэн Э. Ц нь намайг хууль зөрчсөн гэж тогтоолыг танилцуулах боломж олгоогүй, хуралдааны танхимаас зугтаасан гэж ор үндэслэлгүй гүтгэж байна. Миний бие хуралдааныг хуулийн дагуу хийсэн бөгөөд хурлаа хаагаад байр танхимаа Эрдмийн далай цогцолбор сургуулийн номын санч тухайн өдрийн хариуцлагатай жижүүр болон захирал О.Б нарт хүлээлгэж өгөөд гарсан болно. Энэ хурал нь хууль тогтоомжийн дагуу болсон тул иргэн Э. Ц-ийн нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.5. иргэдийн Нийтийн Хурлыг иргэдийн санал хүсэлтийн дагуу явуулдаг. Нэг хуулийн дагуу явагддаг. Мөн хурал нь хурлын дэгийн дагуу явах ёстой. Хуралдааны дэгийг өмнө нь баталсан юм байхгүй. Хурал эхэлхэд баталсан учир дараагийн хуралдаан хүртэл хүчинтэй байж байдаг. Нэг ёсны хууль гэсэн үг юм. Тухайн дэг дараагийн 4 жил хүртлээ хүчинтэй байдаг. 302 хүнийг анх бүртгээд оруулсан. Нэр овог, гарын үсэгтэйгээ бүртгүүлсэн байдаг. Яагаад 248 болж, 54 хүн гарсан бэ гэхээр энэ хүмүүс хуралдааны дэгийг олон удаа зөрчсөн. Тийм учраас би 2-3 удаа гарч хүмүүс оруулж байсан. Цагдаагаар хамгаалуулсан байдалтай байсан. Багийн иргэд Нийтийн Хурлын даргыг сонгох, ажлын хэсэг байгуулах, тооллогын комисс байгуулах асуудлыг нууцаар санал хураахгүй илээр санал хураана гэж хуульд заасан. Хуралдаан болж байхад халууцаад гарч, ороод, зөвшөөрөлгүй гарч, ороод гадаа суугаад орохгүй зэргээр маш олон хүн хурлын дэг зөрчөөд байсан.

5.6. Хуралдааны дэг дээр даргалагчийн зөвшөөрөлгүй гарахыг хориглохоор заасан байдаг. Тэдгээр гарч явсан хүмүүс нь хуралдааны дэг зөрчсөн гэсэн үг юм. Сүүлд саналын хуудсаа тоолоход 245 хүн байсан. Бид хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн хүмүүсийг олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 248 хүн санал өгсөн 54 хүн санал өгөөгүй гэдгийг тэнд байсан хүмүүс мэдэж байсан. Тооллогын комисс 54 хүн санал өгөөгүй байна гэж хэлж байсан. Тэгээд 248 хүнээс 168 хүн санал өгөхөд хүчинтэй юм байна, батлах уу гээд олонхын саналаар баталж байсан. Тиймээс би энэ хурлыг хүчинтэй гэж үзэж байна.

5.7. Нэхэмжлэл дээрээ намайг нэлээд гүтгэсэн байдаг. Намайг тогтоолын төслийг гаргалгүй хурлыг хаяж явсан гэсэн. Дарга хүн хурлаа хаяна гэсэн зүйл байхгүй. Би хүмүүсээ гаргаад тогтоолын төслөө аваад явсан. Хурлаа хаяад явсан зүйл байхгүй. Нэр дэвшигчийг танилцуулах боломж олгоогүй гэж байна. Би нэр дэвшигч нарын танилцуулгатай боршур хүн бүрд тараасан. Би нэр дэвшигч нарт өөрсдийгөө танилцуулах боломжийг олгосон. Тайланг нь танилцуулъя гэтэл иргэд цаг бага байна гээд боршур нь байгаа учир танилцах шаардлагагүй гэсэн иргэдийн санал гарсан учраас би танилцуулаагүй орхисон. Гэхдээ би иргэдийг боршураар бүрэн хангасан. Би нэр дэвшигч нараа тодорхой хэмжээгээр танилцуулсан гэж ойлгож байна. Өөрөө ч босож өөрийгөө танилцуулсан. Би хурал болж байгаа газраа дэлгэц тавиад өөрсдийгөө танилцуулах боломжоор нь бүрэн хангасан гэв.

Зургаа. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.О шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

6.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр явагдсан. Миний бие тухайн хуралд нэр дэвшиж оролцсон билээ. Хуралдааны даргын хувьд 6 дугаар багийн иргэд Нийтийн Хуралдааныг хууль тогтоомжийн дагуу хурлын гаргасан тогтоолуудын тухай бүрд нь иргэдээр баталгаажуулж иргэдийн хуралд оролцох эрхийг бүрэн эдлүүлэн хурал зохион байгуулсан. 6 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн 2 нэр дэвшигчийн хэвлэмэл хуудсыг хурлын танхимд иргэдэд тараалгасан. Мөн 2 нэр дэвшигчийн танилцуулгыг нэр дэвшүүлж байгаа иргэн танилцуулга хийсэн бөгөөд дэлгэрэнгүй танилцуулга хийх талаар санал гаргасаныг иргэдээс асуухад цаг товчлох зорилгоор шаардлагагүй гэж үзсэн.

6.2. 6 дугаар багийн хуралд 302 хүн бүртгүүлсэн боловч багийн даргыг сонгох санал хураалт явуулахад 248 хүн оролцсон болно. Бүртгүүлээд гараад явсан 54 хүн нь ардаа ажилтай, хүүхэд харах хүнгүй, орон гэр эзгүй байгаа зэргээр гарч явсан болно. Санал хураалт явуулах үед хурлын танхимд 248 иргэн байсан бөгөөд эдгээр иргэдийн тоо нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан шаардлагад нийцэж байгаа тул ирцийг хүчинтэйд тооцож санал хураалтыг явуулсан.

6.3.Тооллогын комисс санал хураалт зохион байгуулахад 248 хүнээс П.О-т 142 хүний санал буюу 57.3 хувь , Э. Ц-д 106 хүн буюу 42.7 хувийн санал өгсөн гэж баталсан билээ. Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн багийн Засаг даргад олонхийн санал авсан П.О-ийг баталсан хуралдааны тогтоолын төслийг санал өгсөн иргэдийн олонхийн саналаар баталгаажуулсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Мөрөн сумын Засаг даргад өргөн барьсан болно.

6.4. Иргэн Э. Ц нь Хурал даргалагч Л.Д-г хууль зөрчсөн гэж тогтоолын танилцуулах боломж олгоогүй, хуралдааны танхимаас зугтаасан гэж ор үндэслэлгүй гүтгэж байна. Миний бие хуралдааныг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа мөн хурлаа хаагаад байр танхимаа Эрдмийн далай цогцолбор сургуулийн номын санч тухайн өдрийн хариуцлагатай жижүүр болон захирал О. Б нарт хүлээлгэж өгөөд гарсан болно. Энэ хурал нь хууль тогтоомжийн дагуу болсон тул иргэн Э. Ц-ийн нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.5. иргэд Нийтийн Хуралд оролцсон 302 хүнээс 54 хүн удаа дараа дэг зөрчсөн учраас хурлаас гаргасан. Тэгээд 248 хүнтэй хурлаа үргэлжлүүлээд явахыг дэмжих үү гэсэн саналыг иргэдээс авахад тэнд байсан хүмүүс зөвшөөрсөн. Тэгээд хуралдааны дэг зөрчсөн хүмүүсээ хасаад 248 хүн санал өгөхөөр болсон.Би өөрийгөө танилцуулаагүй. Миний төлөөлөгч Б багш намайг танилцуулсан. Тэгээд асуух асуулт байна уу гэхэд иргэд байхгүй гэсэн гэв.

Долоо. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

7.1. Өнөөдрийн шүүх хуралдаанд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал 6 дугаар багийн Засаг дарга П.О-ийн өмгөөлөгчөөр оролцож байна.Миний үйлчлүүлэгчийн тухайд ард түмнийхээ итгэл найдварыг хүлээгээд 2016 оноос хойш 2 дахь удаагаа улиран сонгогдон ажиллаж байгаа төрийн албан хаагч юм. Ард түмний нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зүйл нь Монгол Улсын Үндсэн хуульд суурилдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж хуульчилсан бөгөөд энэхүү эрхээ өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж сонгох сонгогдох эрхийг заасан. Энэхүү язгуур эрх ашиг сонирхлыг нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зааж өгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлээр баг хорооны иргэд нийтийн хурал гэсэн тусгайлсан зохицуулалтыг оруулж өгсөн. Баг хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдын бүрэн эрхийг хуульчилж оруулж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дугаартай дэгийг баталсан. Энэхүү иргэдийн Нийтийн Хурлын дэгийн дагуу явагдсан.

7.2. Иргэдийн Нийтийн Хурал дээр яригдсан зүйл нь 54 хүн өөрсдийн саналаар гарч явсан эсэх асуудал яригдаж байна. Аливаа зүйл заавал дэгтэй байдаг. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс бол хэн нэгний эрх ашиг хөндөгдөх ёсгүй. Би өнөөдөр шүүх хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн бол магадгүй намайг хуралдааны танхимаас хөөж гаргана. Би гарсан ч эндээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр л байна шүү дээ. Би хөөгдөж гарсны төлөө эндээс гарсан шийдвэр хүчингүй болох хуулийн зохицуулалт байхгүй. Энэ 54 хүн 2 нэр дэвшигчид санал өгөхгүй гэсэндээ гарсан зүйл нотлогдоогүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргээ шийдвэрлэнэ. Хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын тухайд энэ 54 хүн өөрсдийн хүсэл зоригоороо гараагүй. Хуралдааны дэгийг зөрчөөд, хуралдааныг сунжруулах иргэдийг хүндлэхгүй байх үйлдэл гаргаж байсан гэдгийг хариуцагч хэлж байна. Зарим нь хүүхдээ хөхүүлнэ, зарим нь халууцлаа гэх шалтгаанаар маш олон удаа гарч явсан байдаг. Ийм байдлаар дэгийг зөрчиж болохгүй. Хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлд иргэдийн баримтлах ёс зүйг зааж өгсөн байдаг. Үүн дээр хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй гарахыг хориглосон. Өмнө нь ч гэсэн Д ард иргэдэд энэ талаар сануулж хэлж байсан байдаг. Гэвч удаа дараа давтагдаад байсан учир энэ хүмүүсийн ирцийг бүртгээд хуралдааныг цааш үргэлжлүүлье гэсэн асуудлыг ярьсан. Үүнийг гэрчүүдийн мэдүүлэг дээр ч хангалттай тайлбарлаж байгаа хуралдааны тэмдэглэл дээр ч байгаа.

7.3. Хуралдааны тэмдэглэл тодорхойгүй гэсэн асуудал яригдаад байгаа хуралдааны тэмдэглэл дээр үүнийг товч бөгөөд тодорхой байдлаар тусгасан. Сайнтогтох энэ асуудлыг тодорхой бичсэн. 248 хүн ирсэн учраас ирц бүрэн гэж үзлээ гээд тэмдэглэчихсэн. Тэмдэглэл бүрэн хийгдсэн гэж үзэж байна. 50+1 гэсэн асуудал яригдаж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хууль гэж байдаг болохоос биш багийн Засаг даргын сонгуулийн хууль гэж байхгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухайд иргэдийн Нийтийн Хуралдааны дэгээр бүх зүйлээ зохицуулна. Хуралдааны дэг дээр 50+1 гэсэн асуудал байхгүй. Улсын Их Хурлын сонгууль явагдаж байгаа бол, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгууль болж байгаа бол энэ асуудал өөрөөр яригдана.

7.4. Олонхын санал гэж ярьж байна. Олонхын санал ямар байдлаар явагддаг вэ гэхээр онолын хувьд сонгууль мажоритар тогтолцоогоор явахад олонх гэдэг нь энгийн ойлголт юм уу, харьцангуй ойлголт юм уу. Энэ агуулгаараа тус бүртээ тайлбарлах ёстой. Ард иргэд нэгэнт 248 хүн санал өгсөн байна гэж үзчихэж байгаа учраас харьцангуй олон буюу хамгийн олон санал авсан хүн сонгогдоно нөгөө талаас ирц бүрэн байна гэж үзэх үндэслэл байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрсдийн хүсэл сонирхлоороо гараагүй. Хуралдаан даргалагчийг дэг зөрчсөн гэсэн шалтгаанаар хуралдаан даргалагч бусад иргэдийн саналаа гаргасан үйл баримт нь тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор гуравдагч этгээд П.О-ийг багийн Засаг даргаар томилуулахаар Мөрөн сумын Засаг даргад уламжилж, улмаар Мөрөн сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/50 дугаартай захирамжаар гуравдагч этгээдийг Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргаар томилжээ.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Нэхэмжлэлд дараах зүйлсийг тусгана, 52.2.4-т нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэж заасантай холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчээс эцсийн байдлаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

4.  Нэхэмжлэгчээс ...хуралдаан дээр нэр дэвшигчдийг танилцуулаагүй, мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд сурталчилах эрхэд ноцтой халдсан, мөн нэр дэвшигч нараас асуулт, хариулт асуух боломжийг иргэдэд олгоогүй ...П.О нийт ирсэн сонгогч буюу 302 иргэнээс 142 иргэний санал буюу 47 хувийн санал авсан нь олонхын санал биш гэж, хариуцагчаас ...6 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн 2 нэр дэвшигчийн хэвлэмэл хуудсыг хурлын танхимд иргэдэд тараалгасан. Мөн 2 нэр дэвшигчийн танилцуулгыг нэр дэвшүүлж байгаа иргэн танилцуулга хийсэн бөгөөд дэлгэрэнгүй танилцуулга хийх талаар санал гаргасныг иргэдээс асуухад цаг товчлох зорилгоор шаардлагагүй гэж үзсэн ... санал хураалт явуулах үед хурлын танхимд 248 иргэн байсан бөгөөд эдгээр иргэдийн тоо нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан шаардлагад нийцэж байгаа тул ирцийг хүчинтэйд тооцож санал хураалтыг явуулсан гэж тус тус маргажээ.

5.  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно гэж заажээ.

6.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг нь 809 өрхтэй (Хавтаст хэргийн 39 дүгээр тал) бөгөөд үүнээс тооцвол 162 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд тус багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааныг хүчинтэйд тооцохоор байна. Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтанд нийт 248 хүн оролцож багийн Засаг даргыг сонгох сонгуульдаа оролцсон байх бөгөөд энэ нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байх бөгөөд уг хуралдааны ирцтэй холбоотой асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

7.  Нэхэмжлэгчээс ....П.О нь нийт ирсэн сонгогч буюу 302 иргэнээс 142 иргэний санал буюу 47 хувийн санал авсан нь олонхийн санал биш юм гэж тайлбарлах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд нь олонхын санал авсан байна гэж шүүх үзлээ.

8.  Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн нийтийн Хурлаар Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох, Багийн Засаг даргыг иргэдийн Нийтийн Хурлаар сонгох гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд хуралдаанд 302 хүн бүртгүүлсэн боловч 248 хүн санал хураалт явагдах үед байжээ.

9.  Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Багийн иргэдийн Нийтийн Хурлын дэг-ийн 3.2-т Хуралдаанд оролцогч иргэн хуралдааныг орхиж гарсан тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцож, санал хураалтын дүнг гаргана гэж тус тус заасан байх бөгөөд уг хуралдаанд бүртгүүлсэн боловч санал өгөөгүй 54 хүнийг дээрх заалтын дагуу эсрэг санал буюу нэр дэвшигчдийн хэн алинд нь санал өгөөгүй гэж үзэхээр байна.

10.   Багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгийн 3.1-д Хуралдаан хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулж олонхийн саналаар шийдвэрийг батална гэж заасан бөгөөд хоёр сонголттой шийдвэрээр санал хураалт явуулахад эдгээр шийдвэрийн аль нэгэнд өгсөн олонхын саналыг олонхын санал гэж[1] ойлгоно. Үүнээс үзвэл тус багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад хоёр хүн дэвшиж, улмаар санал хураалт явагдсан байх бөгөөд 142 хүн гуравдагч этгээдэд, 106 хүн нэхэмжлэгчид, 50 хүн хэн алинд нь санал өгөөгүй байгаагаас гуравдагч этгээд тухайн хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авсан гэж үзэх үндэслэлтэй.

11.   Түүнчлэн нэхэмжлэгчээс ...нэр дэвшигчдийг танилцуулах боломжоор хангаагүй, мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд сурталчилах эрхэд ноцтой халдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарлах боловч хэрэгт авагдсан гэрч Б.Г-ийн мэдүүлэг (Хавтаст хэргийн 146-147 дугаар тал), гэрч Д.О-ийн мэдүүлэг(Хавтаст хэргийн 149-150 дугаар тал) , 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлээс (Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал) үзвэл н.Б гэх иргэн гуравдагч этгээдийг, н.И гэх иргэн нэхэмжлэгчийг тус тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэн танилцуулж мэдээлэл өгсөн, мөн хуралдаанд оролцогчдоос нэр дэвшигчдийг амаар өөрийгөө танилцуулахыг нь хүлээж цаг алдаад байх шаардлагагүй шууд саналаа хураая гэсэн саналыг гаргаж, улмаар иргэдийн хүсэлтээр санал хураалтыг шууд явуулсан, хуралдаан эхлэхэд багийн Засаг даргад нэр дэвшигч нарын танилцуулгыг иргэдэд цаасаар тараасан болох нь тогтоогдож байна.

12.   Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан ба уг нэхэмжлэлийн шаардлага хангагдснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй актыг үндэслэж Мөрөн сумын Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдийг Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргаар томилсон, уг шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй болно.

13.  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Э.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Э.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР

 

 

 

 

 

[1] С.Нарангэрэл Монгол Улсын Хууль зүйн нэвтэрхий толь бичиг, 2021 он, 314-315 дугаар тал