Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/254

 

 

 

 

 

 2022             03             03                                       2022/ДШМ/254                                                                                                  Т  M 546                                  МАЛАЛ

Н.Г-, Ц.Ж- нарт                                                                                           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,  

цагаатгагдсан этгээд Н.Г-, түүний өмгөөлөгч Ц.Амар,

цагаатгагдсан этгээд Ц.Ж-ы өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 2021/ШЦТ/612 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох 2002000650122 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14ий өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Н-ийн Г-, Улаанбаатар хотод 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн мэргэжлийн хяналт газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Данзангийн гудамжны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б овгийн Ц-ын Ж-, Улаанбаатар хотод 1963 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, - ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хорооллын 0000 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 4,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.  

Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ж-ы хилээр гаргах малын гаралтай түүхий эдэд хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт, Ц.Ж- нь хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс давуу байдал олж авах зорилгоор Н.Г-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... яллах дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй эргэлзээгүй нотлогдож тогтоогдоогүй байна... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албан тушаалтан Н.Г- нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан байхыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт хахууль өгөгч Ц.Ж- нь өөрт давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл, хахууль өгсөн байхыг тус тус шаардаж байна. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Ж- нь шүүгдэгч Н.Г-од 800,000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч үүнийг шүүгдэгч Ц.Ж- нь өөрийн ашиг сонирхлын үүднээс, давуу байдал болгох зорилгоор шүүгдэгч Н.Г-ын ямар нэг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн цаашид ямар нэг чиг үүрэг хэрэгжүүлэхийн тулд мөнгө өгсөн, авсан болох нь тодорхойгүй, нотлогдож тогтоогдохгүй байх тул хахууль авсан, өгсөн гэж үзэх үндэслэлгүй... гэрч Ж.А, С.А, Ж.А, Н, Д нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар “-” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга, байцаагч нар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-д зааснаар шийдвэрлэж байсан бөгөөд тухайн компанитай холбоотой ямар нэг зөрчил, эсхүл давуу байдал бий болгосон нөхцөл байдал үүсээгүй бөгөөд хүсэлт илгээх, байцаагч томилох, дүгнэлт гаргуулах гэдэг нь ажиллах ердийн журам байсан нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Н.Г-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Ц.Ж-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Ц.Ж-аас Н.Г-од өгсөн 800,000 төгрөг нь 2018 оны хавар худалдсан дааганы үнэ болох нь нотлогдоогүй, энэ талаар шүүгдэгч нар болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байх тул худалдан авалтын төлбөр гэж үзэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар мөнгө өгсөн, авсан үйлдэл нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Ц.Ж-ы эзэмшлийн “Зэмүүн” ХХК нь Хятад руу ямааны сэв, хялгас, адууны сүүл, хонь болон тэмээний угаасан, адууны шир зэргийг экспортлох зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2017 онд 16 удаа, 2018 онд 20 удаа, 2019 онд 10 удаа, 2020 онд 1 удаа хүсэлт гаргасныг, тус газрын Экспорт, импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч С.Н, Б.Б, С.А, Ц.Ж, Д.П нар хянан шалгаж шийдвэрлэж байсан нь тогтоогдсон. Энэ үйл баримтаас дүгнэвэл, ашгийн төлөө хуулийн этгээд болох “-” ХХК-ийн захирал Ц.Ж-аас нийтийн албан тушаалтан болох Н.Г-од 800,000 төгрөг өгөхийн өмнө 36 удаа, өгснөөс хойш 11 удаа хяналт шалгалт хийлгэх хүсэлт гаргаж, тухай бүр нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын Экспорт, импорт хорио цээрийн хяналтын хэлтсйн улсын байцаагч нар хянан шалгаж шийдвэрлэж байсан нь “-” ХХК болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн хооронд ажил хэргийн буюу төрийн байгууллагаас хувийн хэвшлийн хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийх, уг хяналт шалгалтын үр дүнд үндэслэн малын түүхий эдийг Монгол Улсын хилээр гаргах асуудлыг шийдвэрлэдэг харилцан хамааралтай, тогтвортой, үргэлжилсэн шинжтэй харилцаа үүссэнийг нотолж байна... Нэг талаас төрийн үйлчилгээ авах иргэн, хуулийн этгээд нөгөө талаас төрийн үйлчилгээ үзүүлэх захиргааны чиг үүрэг бүхий нийтийн албан тушаалтны хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн байхад нийтийн албан тушаалтанд эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амалсан, санал болгосон бол хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцохоор хуульчилсан. Гэтэл шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна... Ж- нь хяналт шалгалт хийлгэж, уг хяналт шалгалтын үр дүнд үндэслэн малын түүхий эдийг Монгол Улсын хилээр экспортлох эрх үүсгэх ашиг сонирхол юм. Харин Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд тус хэлтсийн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн зөвөлгөө, мэргэжлийн хяналтын байцаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаагаар тодорхойлогдоно гэж үзнэ. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Ж-, Н.Г- нарын хооронд худалдан авалттай холбоотой болон бусад шалтгаанаар эд хөрөнгийн өглөг, авлагын харилцаа үүсээгүй болох нь нотлогдсон ба 800,000 төгрөг өгсөн, авсан үйлдэл нь “Зэмүүн” ХХК-ийн захирал Ц.Ж-ы хяналт шалгалт хийлгэсний хариуд болон уг харилцааг цаашид хэвийн тогтвортой үргэлжлүүлэх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай холбогдуулан, мөн нийтийн албан тушаалтан Н.Г- нь Ц.Ж-ы хяналт шалгалт хийлгэж, малын түүхий эдийг экспортлох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон цаашид хэрэгжүүлэхийн тулд өөртөө эдийн давуу байдал олж авах гэсэн хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй, хахууль өгөх авах гэмт хэргийн шинжтэй болох нь нотлогдсон. Шүүх “Н.Г-од 800,000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогдож байгаа” гэж дүгнэсэн атлаа гэмт хэргийн шинжийг хэрхэн хангахгүй байгаа талаар хэрэгт цугларсан баримтаар баталж дүгнэлт хийлгүй орхигдуулсан тул хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Г- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Г-ын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө нь анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан боловч давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоол хэлбэрийн шаардлага хангаагүй гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл шаардлагыг бүрэн хангасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий цагаатгах тогтоол гарсан. Прокурорын зүгээс өгсөн мөнгийг адууны төлбөр биш учраас хахуулийн мөнгө байна гэж таамаглалд үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж хэрхэн нотлогдох талаар зарчмууд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй. Аливаа гэмт хэргийг мөрдөгч, прокурорын зүгээс эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй. Морь өгсөн гэх асуудлыг Н.Г- анхнаасаа үнэн зөв мэдүүлдэг. Гэрч нар энэ талаар мэдүүлдэг боловч зарим зүйлийн талаар мартах асуудал байсан. Анхан шатны шүүхээс морь авсан гэдэг нь эргэлзээтэй гэж дүгнэж байгаа нь хахууль авсан гэдгийг нотлохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд уг мөнгийг авсан гэдгийг нотлох баримт хэрэгт байдаггүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Прокурор уг хэргийг нотолж буй баримтаа компани болон төрийн байгууллагын хооронд харилцаа үүссэн учраас уг мөнгийг хахуулийн зорилгоор авсан байна гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийлээ. Эсэргүүцэлд “Нэг талаас төрийн үйлчилгээ авах иргэн, хуулийн этгээд, нөгөө талаас төрийн үйлчилгээ үзүүлэх захиргааны чиг үүрэг бүхий нийтийн албан тушаалтны хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн байхад нийтийн албан тушаалтанд эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амалсан, санал болгосон бол хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцохоор хуульчилсан” гэж гэмт хэргийн обьектив талын шинжийг дурдаад байдаг. Гэмт хэрэг нь обьектив болон субьектив талын шинжийг бүрэн хангасан байх ёстой. Субьектив талын шинж буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажил хийгээд, мөнгө авсан гэсэн баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйл болон 22.5 дугаар зүйл нь зоосны 2 тал бөгөөд давуу байдал бий болгох зорилготой байна. Ямар байдлаар давуу байдал олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан баримтууд, тухайн төрийн байгууллагын ажилчдын мэдүүлэг, дотоод журмаар мэргэжлийн хяналтын байцаагч томилох нь програмчилсан ажиллагаа бөгөөд хэн нэгэн этгээдийн нөлөөлөлгүйгээр тойргийн журмын томилогддог. Н.Г- нь програмаас томилогдсон этгээдийг албажуулах үүрэгтэй. Улсын яллагч ажил, үүргийн хуваарийг яллах дүгнэлт тодорхойлон зааж чадаагүй. Энэ хэрэгт хувийн ашиг сонирхлоор ханддаг гэрч байдаг. Н.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай гэж үйл явдал болсноос хойш 1 жилийн дараа гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд тэр гэрч Н.Г- дарамтлаад байна гэх худал мэдүүлгийг удаа дараа өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, удирдлага, дотоод аудитын хэлтэс бүхий л газраар шалгуулсан. Эдгээр байгууллагуудаар шалгагдаад одоог болтол ажлаа хийгээд явж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Ж-ы өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 311 дүгээр магадлалд заасан шаардлагыг хангасан. Улсын яллагчийн дүгнэлтэд “Ц.Ж-ыг хилээр гаргах малын түүхий эдэд хяналт шалгалт хийх байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүндээс” гэсэн байдаг. Энэ ашиг сонирхолтой холбоотой чиг үүргийг Ц.Г- хэрэгжүүлдэггүй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар нь “Програмаас тогтоосон дарааллаар явдаг, хэлтсийн дарга Н.Г- ямар нэгэн үүрэг өгдөггүй” гэж мэдүүлсэн байгаа. Яллах дүгнэлтэд заасан ашиг сонирхлын үүднээс 800,000 төгрөг өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ж-ы хилээр гаргах малын гаралтай түүхий эдэд хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт, Ц.Ж- нь өөрийн ашиг сонирхлын үүднээс Н.Г-од уг мөнгийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон байх ба анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд “... 800,000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч үүнийг шүүгдэгч Ц.Ж- нь өөрийн ашиг сонирхлын үүднээс, давуу байдал болгох зорилгоор шүүгдэгч Н.Г-ын ямар нэг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн цаашид ямар нэг чиг үүрэг хэрэгжүүлэхийн тулд мөнгө өгсөн, авсан болох нь тодорхойгүй, нотлогдож тогтоогдоогүй ...” гэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгон, нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан ...”  үйлдлийг, хахууль өгөх гэмт хэргийн үндсэн шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон ...” үйлдлийг хахууль авах, өгөх гэмт хэрэгт тус тус тооцож, нийтийн албан тушаалтан үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна.

Хахууль өгөгчийн ашиг сонирхол гэдэг нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэсэн гэмт санаа зорилго бөгөөд энэхүү шинжээр хахууль авах, өгөх гэмт хэргийн субеъктив талыг тодорхойлдог. Аливаа гэмт санаа зорилго нь хүний оюун санаанд бүрэлдэж, объектив байдлаар буюу үйлдлээр дамжин бодит илэрлээ олдог тул гэмт санааг хэргийн нөхцөл байдлаар, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйд дүн шинжилгээ хийх замаар тодорхойлох боломжтой.  

Гэмт үйлдлийн хувьд албан тушаалтны үйлдэл нь хууль тогтоомжийн хүрээнд хийгдэх ба гагцхүү тухайн үйлдлийг хийсний төлөө хахууль авагч нь эд хөрөнгийн ашиг олох гэсэн, хахууль өгөгч нь хүссэн зорилгоо бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхолд үндэслэн байдаг онцлогтой.

Гэтэл анхан шатны шүүхээс гэмт санаа зорилго нь тогтоогдоогүй гэж үзэхдээ шүүгдэгч Ц.Ж-ы хэнд юунд зориулж мөнгө өгсөн талаарх мэдүүлэг /1-р хх 32-33, 3-р хх 13/ болон тухайн мөнгийг хүлээн авч хэлтсийн даргын хэлснээр ажилчдын хүүхдүүдэд бэлэг авахад зарцуулсан талаар гэрч Ж.А-гийн мэдүүлэг /1-р хх 45-48/, “Зэмүүн” ХХК, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хоорондох ажил хэргийн харилцаа холбоо, цаг хугацааны үргэлжлэл, гэмт хэрэг гарсан гэх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ж- нь малын гаралтай түүхий эдэд хяналт шалгалт хийлгэх хүсэлт гаргасан хэргийн үйл баримт /2-р хх 109, 110, 111/ зэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй, тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт “Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно.” гэж нийтийн албан тушаалтанд өгсөн мөнгийг ямар тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбоотой гэж үзэхийг тодорхойлсон хэм хэмжээг Эрүүгийн хуулийг тайлбарлахдаа анхаарч үзээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж, шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцтэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 2021/ШЦТ/612 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.Г-, Ц.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН