Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашын Мөнхбүрэн |
Хэргийн индекс | 151/2024/00008/И |
Дугаар | 151/ШШ2024/00424 |
Огноо | 2024-05-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2024/00424
2024 05 07 151/ШШ2024/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О аймаг, Б сум, .. баг, Зураат ., . тоотод оршин суух Ө овогт Гын Г,
Хариуцагч: Т аймгийн З сум, . дугаар баг, .. гудамж, .. тоотод оршин суух Б овогт Лгийн А,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,085,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Г,
Хариуцагч Л.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Л.Ат холбогдуулан 3,085,660 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Д Төөс Т аймгийн З сумын Х 3 дугаар багт оршин суух охин У.Сд хүргүүлэхээр Л.Ат хариуцуулан булган шуба, туулайн шуба, Самсунг А2 загварын гар утас, лоовуузан малгай зэрэг эд зүйлийн өгч явуулсан. Миний охин С дайвар өгч явуулсан ....дугаартай автомашины жолооч Л.Атэй утсаар холбогдож ярихад Зт очих боломжгүй байна. Замдаа явж байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай охин дайвраа авахаар дахин .... дугаар уруу ярихад жолооч нь хөдөө явсан гэж хэлсэн. Манай охин 2-3 хоногийн дараа ....гэсэн улсын дугаартай машины жолоочтой холбогдож дайвраа авах гэтэл өгч явуулсан дайврыг нь хаяж гээсэн байна гэж хэлсэн. Тэр цагаас Л.Аээс одоог хүртэл өгч явуулсан дайвраа олж авч чадахгүй байна. Иймд 3,085,660 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. (хх-1-2)
1.2.Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Л.А гэх хүнд үнэгэн лоуз, булган шуба, туулайн арьсан шуба, самсунг гар утас зэргийг цагаан уутанд хийж, хүүхдийн хувцас байгаа гэж хэлж өгсөн. Нэхэмжлэлд өдрөө андуурсан байна. Эдгээр зүйлсийг Т аймгийн З сум руу өөрийн том охин руугаа өгч явуулсан. Гэтэл Л.А нь тухайн зүйлсийг хүүхдэд маань өгөөгүй бөгөөд өөрөө З суманд очиж 2-3 хоногийн дараа манай охинд “...эгч нь ууттай юмыг нь алга болгочихлоо...” гэж хэлсэн байсан. Яг энэ байдлаа тухайн алга болгосон цаг хугацаандаа манай хүүхдэд эсхүл цагдаагийн байгууллагад хэлсэн бол камер шүүж, ийм асуудал болохгүй байсан гэж бодож байна. Гэтэл Л.А нь 10 хоногтоо олдчих байх гэж хэлсэн тул энэ хугацаанд миний бие Л.Атэй уулзах гэж Т аймгийн З сум руу, мөн Л.Аийн явсан гэх Баяннуур гэдэг газар руу өөрийн биеэр очсон байдаг. Би өөрөө Эрдэнэт хотод амьдардаг. Өөрийн зүгээс шаардлагатай нотлох баримтыг шүүхэд бүрэн гаргаж өгсөн. “Номин”-ийн жижиг торонд өөрийн булган шуба, охиныхоо туулайн арьсан шуба, зээгийнхээ лоовуузан малгай, өөрөө 1 жилийн өмнө худалдан авч хэрэглэж байсан гэх Самсунг А2 загварын гар утас, бусад хүүхдийн хувцас, дээр нь хүүхэд горьдоно гээд 1 кг цэнхэр ууттай чихэр хийсэн, Номингийн торонд багтсан, овор хэмжээ их эзлэхээр зүйлс биш, эдгээр зүйлсийн үнийг цагдаагийн байгууллагаас үнэлүүлээд тогтоосон 3,025,350 төгрөг, дээр нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,310 төгрөг, нийт нэхэмжилж буй 3,085,660 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2.1.Хариуцагч Л.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Д Т дээр “Шижир алт” явах гээд зогсож байхад гялгар ууттай юм өгч явуулна гээд над дээр ирсэн. Би ууттай зүйлийг авахдаа дотор нь юу байгааг нь асуусан. Тэгэхэд “хүүхдийн хувцас, сая цагаан сараар ирэхдээ орхиод явсан юм. Очоод өглөө хичээл орохоос өмнө өгчихөөрэй” гэсэн. Би хүний эд зүйлийг авахдаа байнга асууж лавлаж авдаг. Хагарч, хэмхрэх зүйл байж магадгүй гэж болгоомжлон ууттай зүйлийг өгөхөд хажууд Пунцгаа гэж З явах 1 хүн сууж байсан. Улаанбаатар хотоос 17 цагийн үед 3 хүнтэй явсан. Замаасаа Атар дээрээс 1 авч, машин дотор байсан 1 цүнх, 2 ууттай зүйлийг машины багажид хийсэн. Ингээд цааш явсан. Бор булангийн гол гараад явж байтал багаж дуугарсан. Тэгээд би багаж онгойчихов уу гээд буугаад үзтэл онгойчихсон, энэ хүний ууттай зүйл хаягдчихсан байсан тул би 2км гаруй буцаж яваад хайсан боловч харанхуй байсан тул олдоогүй. Өглөө нь Г утсаар над руу залгасан. Би хажууд байсан Цагаансар, Ариунжаргал хоёрт яана аа, хүний юм алга хаячихсан, юу байсныг нь лавлая гээд утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Юу байсан билээ гээд асуухад “гялгар ууттай хүүхдийн хувцас, хичээл орохоос нь өмнө өгчихгүй” гэсэн. Би хөдөө уурхай руу юм хүргэж өгөх гээд явж байна, машинаа орхисон Лд түлхүүр орхисон, очоод авчих гэж хэлээд явсан. Би Лд “хүний юм хаячихсан, юу байгаа юм гээд сайн асуугаарай” гэж хэлсэн. Тэгээд “хүүхдийн хувцас” гэж охин С нь хүртэл хэлсэн. Тэгээд би замдаа багаж онгойгоод хаячихсан гээд үнэнээ хэлсэн. Эгч нь төлж өгөхөөс, хүний юм хаясан, миний буруу гээд үнэнээ л хэлсэн. Гэтэл үдээс хойш Г залгаад юу яриад байгаа юм, 1 булган шуба, туулайн шуба, лоовууз малгай, гар утас байгаа, чи муу луйварчин төлж өг гээд загнаж хашхичаад байсан. Охин Сд эгч нь зар тавьчихсан, олдох байх, утасны дугаар нь дээр нь бичээтэй байгаа юм чинь гээд 2023 оны 3 дугаар сарын 04-нд зар тавьсан. Гэтэл Г утсаар залгаж намайг элдвээр хэлж загнаад, хүүхдийн утасны дугаар тавьж зар оруулж, гэр оронд хэрүүл маргаан гаргалаа, яаж олддог юм, олсон хүн юу гэж өгдөг юм, чи төлж өг луйварчин минь гээд элдвээр хэлж загнасан. Гялгар уутанд ийм их зүйл багтахгүй, намайг хаясныг далимдуулж ингэж нэхэмжилж байна гэж би бодож байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яаж олдох юм, олдохгүй гээд бардам загнаад байхаар уутан дээр Сгийн дугаар байсан болохоор хүн олоод өгсөн байх гэж хардаж байна. Хэр зэрэг том, жижиг ууттай юм байсныг хамт явсан хүмүүс гэрчилнэ. Намайг Т аймаг З сумын Х баг дахь цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, шалгуулсан. Мөрдөн байцаагч Дагвадорж шалгаж байцаалт авч, хамт явсан гэрчүүдийн мэдүүлгийг авсан байгаа. Иймд нэхэмжилсэн мөнгөн дүнгээс татгалзаж байна” гэжээ. (хх-33-40)
2.2.Хариуцагч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Д автовокзалаас Т аймгийн З сумын Х баг руу явах гэж байтал Г.Г гэх хүн дайвар өгье гэж ирсэн ба миний хажууд З сум руу явах нэг охин сууж байсан. Он сар өдрөө хүртэл зөрүүтэй хэлдэг. Ер нь би хүнээс дайвар авахдаа дотор нь юу байгаа вэ? үнэтэй зүйл байгаа эсэхийг асууж авдаг. Гэтэл Г.Г “...хүүхдийн хувцас байгаа, сая цагаан сараар ирэхдээ манайд үлдээгээд явсан байна, хичээл орохоос өмнө өгчихөөрэй...” гээд ууттай юм надад өгсөн. Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр З сум руу хөдлөөд шөнө 01 цаг өнгөрч байхад З суманд ирсэн. Тухайн үед Г.Ггийн дайвраас гадна уурхайн дайвар авч явсан. Маргааш өглөө хотоос ирсэн жижиг дайвруудаа хүлээн авах хүмүүст нь өгөөгүй байсан тул өөрийн машинаа үлдээгээд н.Цагаансар, н.Ариунжаргал нартай уурхай руу дайвар өгөхөөр явсан. Тэр өглөө нь 8 цаг 30 минутын орчимд Г.Ггийн охин гэх хүн над руу залгаж дайвар авна гэж хэлсэн. Би 3 дугаар сарын 02-ны шөнө З руу ирж байхдаа Г.Ггийн дайврыг хаясан байсан. Хаячихсан гээд хэлчихээр хүмүүс үнэтэй зүйл нэхээд байдаг болохоор нь Г.Ггийн охинд хаячихсан гэдгээ хэлээгүй, дотор нь юу байгааг тодруулахаар утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад уутанд юу байсан бэ? гэж асуухад “...хүүхдийн хувцас байгаа...” гэж хэлсэн. Улмаар миний бие н.Л гэх айлд машинаа орхиод, түлхүүрийг нь н.Лд өгч, өөр бусад хүмүүсийн дайврыг өгчхөөрэй гэж захиад, уурхай руу дайвар өгөхөөр явсан. Г.Г намайг 2-3 хоног хөдөөгөөр явж байгаад ирсэн гэж тайлбарлаж байна. Би тухайн өдрөө үдээс хойш буюу 14-15 цагийн үед буцаж ирсэн. Үдээс хойш 16 цагийн үед Г.Ггийн охин ирсэн бөгөөд би “...эгч нь ээжийнх нь өгч явуулсан юмыг гээчихсэн байна. Гэхдээ зар тавиад үзье, олдчих байх...” гэж хэлээд Улаанбаатараас З сум явах фейсбүүк группт уутан дээр байсан дугаарыг нь бичээд зар тавьсан. Гэтэл Г.Г “...яах гэж хүүхдийн утсыг фейсбүүкт тавиад байгаа юм бэ?...” гэж уурласан. Би ер нь дайврыг 5,000 төгрөгөөр авдаг ба үнэтэй зүйл тээвэрлэж хүргэхээр бол 20,000 төгрөгөөр авдаг. Тухайн үед ууттай зүйлийг гээсэн талаар яагаад нэн даруй мэдэгдээгүй вэ гэхээр уутанд юу байсныг өөрөөс нь асуух зорилготой байсан. Миний хажууд явсан н.Цагаансар, н.Ариунжаргал нарын хажууд Г.Ггийн охинтой ярихад мөн л хүүхдийн хувцас байгаа, сургууль орохоос өмнө авах байсан юм гэж хэлж байсан. Ингээд маргааш нь болтол уутанд булган шуба, гар утас байсан гэх зүйл ярьсан. Гялгар уутанд булган шуба, туулайн арьсан шуба, лоовуузан малгай зэрэг багтахгүй гэж бодож байна” гэв.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4), 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 07/121 дугаартай үнэлгээний тайлан (хх-5-20), Т аймгийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол (хх-21-25) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч Л.А хариу тайлбар (хх-33-40) өгсөн.
5.Шүүхээс зохигчийн хүсэлтээр Т аймгийн Прокурорын газраас прокурорын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хэргээс гэрч М.Л, С.Билэгт, Э.Цагаансар, Л.Ариунжаргал, Д.Пунцагдулам, Б.Батсайхан нарын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, үнэлгээний тайлан (хх-45-79), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1069 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-97-103) зэргийг гаргуулан хэрэгт хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх Г.Ггийн нэхэмжлэлтэй Л.Ат холбогдох 3,085,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Г.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Д Төөс Т аймгийн З сум руу хүргүүлэхээр ....улсын дугаартай машины жолооч Л.Ат үнэгэн лоуз, булган шуба, туулайн арьсан шуба, самсунг гар утас зэргийг “Номин”-ийн цагаан уутанд хийж, хүүхдийн хувцас байгаа гэж хэлж өгсөн. Эдгээр зүйлсийг Т аймгийн З сум руу өөрийн том охин руугаа өгч явуулсан. Гэтэл Л.А нь тухайн зүйлсийг хүүхдэд маань өгөөгүй бөгөөд өөрөө З суманд очиж 2-3 хоногийн дараа манай охинд “...эгч нь ууттай юмыг нь алга болгочихлоо...” гэж хэлсэн байсан. Яг энэ байдлаа тухайн алга болгосон цаг хугацаандаа манай хүүхдэд эсхүл цагдаагийн байгууллагад хэлсэн бол камер шүүж, ийм асуудал болохгүй байсан гэж бодож байна. Гэтэл Л.А нь 10 хоногтоо олдчих байх гэж хэлсэн тул энэ хугацаанд миний бие Л.Атэй уулзах гэж Т аймгийн З сум руу, мөн Л.Аийн явсан гэх Баяннуур гэдэг газар руу өөрийн биеэр очсон байдаг. Л.Ат өгч явуулсан дайвраа одоог хүртэл авч чадаагүй. Иймд 3,085,660 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3.Хариуцагч Л.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот дахь Д Т дээр “Шижир алт” явах гээд зогсож байхад гялгар ууттай юм өгч явуулна гээд над дээр ирсэн. Би ууттай зүйлийг авахдаа дотор нь юу байгааг нь асуусан. Тэгэхэд хүүхдийн хувцас, сая цагаан сараар ирэхдээ орхиод явсан юм. Очоод өглөө хичээл орохоос өмнө өгчихөөрэй гэсэн. Би хүний эд зүйлийг авахдаа байнга асууж лавлаж авдаг. Хагарч, хэмхрэх зүйл байж магадгүй гэж болгоомжлон ууттай зүйлийг өгөхөд хажууд Пунцгаа гэж З явах 1 хүн сууж байсан. Улаанбаатар хотоос 17 цагийн үед 3 хүнтэй явсан. Замаасаа Атар дээрээс 1 авч, машин дотор байсан 1 цүнх, 2 ууттай зүйлийг машины багажид хийсэн. Ингээд цааш явсан. Бор булангийн гол гараад явж байтал багаж дуугарсан. Тэгээд би багаж онгойчихов уу гээд буугаад үзтэл онгойчихсон, энэ хүний ууттай зүйл хаягдчихсан байсан тул би 2км гаран буцаж яваад хайсан боловч харанхуй байсан тул олдоогүй. Өглөө нь Г утсаар над руу залгасан. Би хажууд байсан Цагаансар, Ариунжаргал хоёрт хүний юм алга хаячихсан, юу байсныг нь лавлая гээд утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Юу билээ гээд асуухад гялгар ууттай хүүхдийн хувцас, хичээл орохоос нь өмнө өгчихгүй гэсэн. Тэгээд хүүхдийн хувцас гэж охин С нь хүртэл хэлсэн. Тэгээд би замдаа багаж онгойгоод хаячихсан гээд үнэнээ хэлсэн. Эгч нь төлж өгөхөөс, хүний юм хаясан, миний буруу гээд үнэнээ л хэлсэн. Гэтэл үдээс хойш Г залгаад юу яриад байгаа юм, 1 булган шуба, туулайн шуба, лоовуузан малгай, гар утас байгаа, чи муу луйварчин төлж өг гээд загнаж хашхичаад байсан. Охин Сд нь эгч нь зар тавьчихсан, олдох байх, утасны дугаар байгаа юм чинь, тэгээд дотор нь хүүхдийн өмсөж байсан хувцас байгаа юм чинь гээд 2023 оны 3 дугаар сарын 04-нд зар тавьсан. Гэтэл Г утсаар залгаж намайг элдвээр хэлж загнаад, хүүхдийн утасны дугаар тавьж зар оруулж гэр оронд хэрүүл маргаан гаргалаа, яаж олддог юм, олсон хүн юу гэж өгдөг юм, чи төлж өг луйварчин минь гээд элдвээр хэлж загнасан. Гялгар уутанд ийм их зүйл багтахгүй, намайг хаясныг далимдуулж ингэж нэхэмжилж байна гэж би бодож байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.
4.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 07/121 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Т аймгийн Прокурорын газраас прокурорын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хэргээс гэрч М.Л, С.Билэгт, Э.Цагаансар, Л.Ариунжаргал, Д.Пунцагдулам, Б.Батсайхан нарын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1069 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-1-2, 5-25, 45-79, 97-103), хариу тайлбар (хх-33-40) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч Г.Г нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Д Төөс Т аймгийн З сум руу дайвар хүргүүлэхээр ....улсын дугаартай автомашины жолооч Л.Ат нэг ширхэг гялгар цагаан тортой зүйлийг “хүүхдийн хувцас” гэж тайлбарлан өгсөн, хариуцагч Л.А нь нэг ширхэг цагаан гялгар тортой зүйлийг “хүүхдийн хувцас” гэж хүлээн авсан талаар талууд маргадаггүй ч хүлээлгэн өгсөн зүйлийг хүлээн авагчид хүлээлгэн өгөөгүйгээс маргаан үүссэн байна.
5.2.Нэхэмжлэгч Г.Г нь тухайн дайварт охиндоо хүргүүлэхээр хүлээлгэн өгсөн “Номин”-ийн жижиг торонд өөрийн булган шуба, охиныхоо туулайн арьсан шуба, зээгийнхээ лоовуузан малгай, өөрөө 1 жилийн өмнө худалдан авч хэрэглэж байсан гэх Самсунг А2 загварын гар утас, бусад хүүхдийн хувцас, дээр нь хүүхэд горьдоно гээд 1 кг цэнхэр ууттай чихэр хийсэн, “Номин”-ийн жижиг торонд багтсан, овор хэмжээ их эзлэхээр зүйлс биш, эдгээр зүйлсийн үнийг цагдаагийн байгууллагаас үнэлүүлээд тогтоосон 3,025,350 төгрөг, дээр нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,310 төгрөг, нийт нэхэмжилж буй 3,085,660 төгрөгийг гаргуулна шаардлагаа тодорхойлсон.
5.3.Хариуцагч Л.А нь нэхэмжлэгч Г.Ггийн өгсөн дайврыг хүлээн авсан, хүлээн авахаар заасан нэхэмжлэгчийн охинд дайврыг хүлээлгэн өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн “хүүхдийн хувцас” гэх дайварт нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйлс буюу булган шуба, туулайн арьсан шуба, гар утас, лоовуузан малгай зэрэг байгаагүй, ууттай чихэр харагдаж байсан боловч битүүмжилсэн байсан, дайвар авахдаа байнга асуудгаараа юу байгааг тодруулсан, алга болгосны дараа нь ч хүүхдийн хувцас гэж байсан атлаа “дайврыг чинь гээчихсэн” гэж хэлэхээр ийм зүйлс байсан гэж нэхэж байгаа нь үндэслэлгүй жижиг гялгар торонд тийм хэмжээний зүйлс багтахгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
6. Г.Г нь “Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Д Төөс Т аймгийн З сум Х баг руу 04-28 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.А гэх хүнд “булган шуба, туулайн арьсан шуба, Самсунг A2 утас, лоовуузан малгай зэргийг эд зүйлсийг завшсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, Т аймгийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.
Тухайн тогтоолд зохигч талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байна.
7.Нэхэмжлэгч Г.Г нь тээвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн “хүүхдийн хувцас”-ны тээвэрлэлтийн хөлсийг хүлээн авагч тал нь төлөхөөр тохирсон, хөлс төлөөгүй гэж тайлбарласныг хариуцагч маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэг талаас Г.Г нь “Дайвар ачааг Улаанбаатар хотын Д Төөс Т аймгийн З сум руу хүргүүлэх”-ээр, нөгөө талаас Л.А нь “дайвар ачааг Улаанбаатар хотын Д Төөс Т аймгийн З суманд байх Ггийн охинд хүргэх”-ээр харилцан тохиролцсон байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
8.Гэрээний зүйл буюу тээвэрлүүлэхээр “хүүхдийн хувцас” гэж шилжүүлсэн торонд “булган шуба, туулайн арьсан шуба, гар утас, лоовуузан малгай” байсан эсэхэд талууд маргаж, мэтгэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”-өөр заасан.
8.1.Хуульд зааснаар нэхэмжлэгч Л.Ат хүлээлгэн өгсөн торонд “булган шуба, туулайн арьсан шуба, гар утас, лоовуузан малгай” зэрэг байсан болохыг нэхэмжлэгч Г.Г нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч Г.Г нь би өөрийн бүрдүүлбэл зохих бүх баримтыг гаргаж өгсөн, өөр гаргаж өгөх баримт байхгүй гэж тайлбарлаж, түүний гомдлыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Ггийн гомдолд үндэслэн “завшсан” гэж нэрлэн заасан 4 төрлийн эд зүйлд үнэлгээ хийлгэснийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн “Монгол улсын иргэн Г.Ггийн өмчлөлийн 4 төрлийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар “булган шуба, туулайн арьсан шуба, Самсунг A2 утас, лоовуузан малгай” гэсэн 4 төрлийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлгээний тусгай аргуудыг ашиглан тогтоож, нийт 3,025,350 төгрөг гэж тогтоосон байна.
Энэхүү хөрөнгийн үнэлгээний баримт нь Г.Ггийн гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах ажиллагааны явцад түүний нэрлэн заасан хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон үнэлгээ боловч хариуцагч Л.Ат хүлээлгэн өгч, үрэгдүүлсэн “цагаан торонд байсан” эд зүйлсэд “3,025,350 төгрөгийн үнэ цэнэ бүхий булган шуба, туулайн арьсан шуба, Самсунг A2 утас, лоовуузан малгай” байсан болохыг тогтоосон, эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Л.Ат нэхэмжилж буй булган шуба, туулайн арьсан шуба, Самсунг A2 утас, лоовуузан малгайг хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдон тогтоогдохгүй байна.
8.2.Хариуцагч Л.А нь “хүүхдийн хувцас” гэж хэлж нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн “цагаан тортой” зүйлийг хүлээн авсан, хүлээн авагчид хүлээлгэн өгөөгүйд маргаагүй бөгөөд тухайн цагаан торонд “хүүхдийн хувцас” байсан гэж нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн, битүүмжилж өгсөн зүйлийг машины багажид ачиж яваад үрэгдүүлсэн, нэгэнт үрэгдүүлсэн учир юу байсныг нь тодруулахаар гэрч нарын дэргэд утсаар ярьсан гэж тайлбарлан, эрүүгийн журмаар Г.Ггийн гомдлыг шалгах ажиллагааны хүрээнд гэрчээр асуугдсан М.Л, С.Билэгт, Э.Цагаансар, Л.Ариунжаргал, Д.Пунцагдулам, Б.Батсайхан нарын мэдүүлгийг бичгийн нотлох баримтаар шүүхийн журмаар бүрдүүлүүлж, хэрэгт хавсаргуулсан.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч Г.Гг алдсан гэж нэхэмжилсэн шубээ өмссөн зургаа фэйсбүүктээ хожим постолсон нь эргэлзээ үүсгэж байгаа үндэслэлээр тухайн зургийг хэзээ авахуулсан талаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байна.
Тус шинжээчийн дүгнэлтээр Г.Ггийн шуба өмссөн зургууд нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авагдсан, засвар ороогүй, нэг цаг хугацаанд авагдсан гэрэл зургууд гэжээ. Тус дүгнэлтэд зохигч талууд маргаагүй.
Хариуцагч Л.А нь “хүүхдийн хувцас” гэх цагаан тортой зүйлийг хүлээн авч, тээвэрлэсэн, тухайн тээвэрлүүлсэн зүйлийг хүлээн авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө үрэгдүүлсэн болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Т аймгийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор нотлогдсон, нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.
9.Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дтсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж заасан.
Нэхэмжлэгч Г.Г нь “булган шуба 1 ширхэг, туулайн шуба 1 ширхэг, Самсунг A2 загварын утас, лоовуузан малгай”-н үнэ 3,025,350 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,310 төгрөгийг хариуцагч Л.Аээс нэхэмжилсэн боловч “хүүхдийн хувцасны” үнэ гэж нэхэмжлээгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.Аийн тээвэрлэсэн ачаа болох нэхэмжлэгч Г.Ггийн хүлээлгэн өгсөн “хүүхдийн хувцас”-ыг алдагдсаны хариуцлагыг хариуцагчаас бүхэлд нь болон хэсэгчлэн нэхэмжлээгүй, үнийн дүнг тодорхойлоогүй болно.
10.Нэхэмжлэгч Г.Ггийн хариуцагч Л.Ат булган шуба 1 ширхэг, туулайн шуба 1 ширхэг, Самсунг A2 загварын утас, лоовуузан малгай зэргийг тээвэрлүүлэхээр хариуцагч Л.Ат хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын шүүхийн мэтгэлцээнд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг дайварыг алдсантай холбоотой гарсан зардалд тооцон нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын нийт мөнгөн дүнд оруулан тооцсон байна.
Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Аээс 3,085,660 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Нэхэмжлэгч Г.Г нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Аээс 3,085,660 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН