Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00467

 

“ПШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00116 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ПШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ИМҮ” ХХК-д холбогдох

Засварын ажлын хөлс, сэлбэгийн төлбөрт 18 523 688 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ПШ” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “ИМҮ” ХХК-ийн экскаваторын мотор авч, Унгар Улсаас сэлбэг захиалж авчран бүрэн засвар хийж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн. “ПШ” ХХК-иас экскаваторын явах эд анги, мотор засварт 27 843 688 төгрөгийн сэлбэг, 3 500 000 төгрөгийн ажлын хөлс, нийт 31 343 688 төгрөгийн төлбөр тооцоо гарсан. Үүнээс “ИМҮ” ХХК нь 3 000 000 төгрөгийг бэлэн, 9 320 000 төгрөгийг харилцах дансаар, 500 000 төгрөгийг бензин талоноор тооцон нийт 12 820 000 төгрөгийг төлж, нийт төлбөрөөс 18 523 688 төгрөг үлдэж, тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдсэн болно. Иймд нийт 18 523 688 төгрөгийг “ИМҮ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Манай компанийн хувьд засвар, ажлын хөлсийг бүрэн авсны дараа ажлаа хүлээлгэж өгдөг боловч хариуцагч компанийн захирал М.Цогтоо нь “манай “Таван толгой” ХХК-ийн хөрс буулгалтын ажил уг экскаватор байхгүйн улмаас зогссон байгаа бөгөөд мөнгө өгсний дараа машиныг хүлээлгэж өгнө гэж хүлээвэл бид олон хоногийн алдангид орох гээд байна, “Таван толгой” ХХК нь хоног тутамд алданги тооцдог бөгөөд уг алданги нь засварын хөлснөөс өндөр гарах гээд байгаа учраас манай засагдсан моторыг явуулах боломжтой юу, бид ажлаа гүйцэтгэж эхэлсний дараа мөнгийг нь төлье” гэж хэд хэдэн удаа ярьсан учраас моторыг өгч явуулсны дараа ““Таван толгой” ХХК-иас мөнгө орж ирэхгүй байна, түр хүлээж байгаарай” гэж олон удаа хэлсэн. Манай компани нь өвөр монголтой хамтарсан байгууллага бөгөөд жилийн эцсийн тайлангаа Унгар Улсын талд танилцуулдаг учраас санхүүгийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулъя гэж хэлсний үндсэн дээр хариуцагч компанийн нягтлантай тохиролцож тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дугаар зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ИМҮ” ХХК-иас 18 523 688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПШ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИМҮ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 250 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПШ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "ПШ" ХХК нь "ИМҮ" ХХК-д холбогдуулан засварын ажлын хөлс, сэлбэгийн төлбөрт 18 523 688 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй байна. "ПШ" ХХК нь тухайн мотор хэрэгслийг албан ёсоор хүлээлгэн өгч, баримт, акт үйлдэж хүлээлцээгүйгээс бидний хооронд үл ойлголцол бий болж, төлбөр төлөлтийн асуудал удааширсан тал байгаа боловч, бидний хооронд байгуулсан гэрээний заалт ёсоор төлбөрийн асуудлыг шийдвэрлэх журмыг хангалттай тогтоож өгсөн байсан. Тухайн засвар үйлчилгээний ажил хийхэд ашигласан сэлбэг хэрэгслийн гарал, үүсэл тодорхойгүй, төлбөрийг бэлэн бус журмаар нөхөн төлөхтэй холбоотой хийгдэж байсан тохиролцоо гэхчлэн бидний хооронд үүссэн олон олон тохиролцоо байсан боловч тэдгээрээс нэгийг ч дурьдалгүйгээр асуудлыг шүүхэд хандсан нь бизнесийн ёс зүйд харшилсан хууль бус үйлдэл болсон. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулж үзэлгүйгээр хэргийг зөвхөн нэг талд шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т заасан хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх, төлөөлүүлэх зэрэг эрхийг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын хувьд "ИМҮ" ХХК-иас итгэмжлэлийг албан ёсоор авсан. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан, хэргийн материалтай танилцаагүй, шүүх хурал товлогдсон тухайн үеийн цаг хугацаанд Завхан аймгийн Улиастай суманд томилолтоор ажиллаж байсан. Энэ нөхцөл байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал оролцогчдын шүүх хуралдаанд оролцох, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг зөрчиж мэтгэлцэх боломжийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхэд гаргасан хүсэлтэндээ хэргийг шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангуулах тухайгаа илэрхийлсээр байтал ийнхүү эрхийг нь хангаагүй гэж үзэхээр байна. Бидний хувьд тус шүүх хуралдаанд оролцсон бол хамгийн түрүүнд сөрөг нэхэмжлэл гаргаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах, хавтас хэрэгт авагдсан зарим баримтаас татгалзах, гэрч оролцуулах гэх зэргээр өөрийнхөө буруугүйг нотлох баримтыг цуглуулах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх байсныг энд зориуд дурьдаж байна. Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан ... шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ ... нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ ... , мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан ... шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй ... тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ... шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна ... гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 сарын 10-ны өдөр гаргасан 183/ШШ2019/00116 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх боломжийг олгож анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ПШ” ХХК нь хариуцагч “ИМҮ” ХХК-д холбогдуулан засварын ажлын хөлс, сэлбэгийн төлбөрийн үлдэгдэл нийт 18 523 688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ПШ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч “ИМҮ” ХХК-ийн экскаваторын моторт засвар хийж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн ба нийт төлбөр 31 343 688 төгрөгөөс хариуцагч 12 820 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 18 523 688 төгрөгт талууд төлбөрийн үлдэгдлийн баталгаа хийсэн гэж тайлбарласан.

Хэргийн 9 дүгээр талд байгаа баримтаас үзэхэд хариуцагч “ИМҮ” ХХК нь нэхэмжлэгч “ПШ” ХХК-тай 2017 оны 1 сарын 10-ны өдөр тооцооны үлдэгдлийн /нийт 18 523 688 төгрөгийн/ баталгаа хийсэн байна. Түүнчлэн хэргийн 10 дугаар талд байгаа баримтаас дүгнэхэд 2017 оны 1 сарын 17-ны өдөр хариуцагч “ИМҮ” ХХК нь үлдэгдэл төлбөрөө 2017 оны 02 сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тухай албан бичгийг нэхэмжлэгчид явуулжээ.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул хариуцагчаас нийт 18 523 688 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасантай тус тус нийцсэн байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагч “ИМҮ” ХХК-ийн гаргасан хүсэлт, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй болно. /хх-ийн 9-13 дугаар тал/

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т заасан хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх, төлөөлүүлэх зэрэг эрхийг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, хэргийн материалтай танилцаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах, хавтас хэрэгт авагдсан зарим баримтаас татгалзах, гэрч оролцуулах зэрэг хүсэлтийг гаргах байсан ...” гэх боловч хариуцагчийн дээрх гомдол үндэслэлгүй болно.

Тодруулбал, хариуцагч “ИМҮ” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Цэнгэлд итгэмжлэл олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн өдрөө нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцаж, хэргийн материалтай танилцсан байна. /хх-ийн 18-22 дугаар тал/

Хариуцагч тал нэхэмжлэлийг гардан авснаас хойш 15 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариу тайлбар гаргасан ба хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэхээр товлож, шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнгэлд мэдэгджээ. Дээрх өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнгэл нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 1 сарын 10-ны өдрийн 11 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна. /хх-ийн 36-37 дугаар тал/

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагч нь 2019 оны 1 сарын 10-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрчилсөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байх боловч дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 38-39, 45 дугаар тал/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 570 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                            ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                           Г.ДАВААДОРЖ