| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2023/0167/З |
| Дугаар | 126/ШШ2023/0183 |
| Огноо | 2023-08-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 126/ШШ2023/0183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 108 тоот танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д-ийн С
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч А.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарын хоорондын төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчиийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх-ээр нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчиийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Нэхэмжлэгчийг Коронавируст халдвар /ковид19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэх үндэслэлээр Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар Захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2.2. Нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/683 дугаартай албан бичгээр хариу өгч, улмаар нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. Д.Сайнбаяр миний бие 2016 оны 5 дугаар сард Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар Хатгал тосгоны Улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан. 2021 оны 05 дугаар сард Хатгал тосгоны Захирагчийн ажпын албаны даргын ажпын байрны сул орон тоо гарсан бөгөөд тухайн үед уг албан тушаал нь ахлах түшмэлийн удирдах албан тушаалын ангилалд багтаж байсан бөгөөд сул орон тоо гарсан даруйд тухайн байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж хуульд заасан шаардлага хангасан албан хаагч байхгүй мөн Төрийн албаны тухай хуулийн 43.3.3-т заасан хамгийн ойр хамааралтай албан хаагч байхгүй байгаа бөгөөд тохиролцож, ажиллах албан хаагч олдоогүй, намайг хуулийн шаардлага хангаж байгаа тул түр орлон гүйцэтгэгчээр ажиллах талаар удаа дараа гуйж холбогдох албан тушаалтнаар гуйлгуулж байхад нь би зөвшөөрч манай байгууллагад албан тоот явуулж шилжүүлэн авч Захирагчийн ажпын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаанд урьд албан хаагчийг ажлаас халсан маргаан шүүхээр эцэслэгдэн шийдэгдсэний дараа ажлын байрны захиалга өгч зарлуулах талаар удаа дараа хэлж байхад захирагч А.Б зарлуулж өгөөгүй өдий хүрсэн.
3.2.Гэтэл өөрийнх нь болон төрийн албан хаагчийн хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй ажиллаж ирсэний төлөө Байгаль хамгаалах мэргэжилтэн Чо. Б-тай үгсэн хуйвалдаж ажлаас гаргах арга хэмжээг янз бүрээр зохион байгуулан авч ирсэн бөгөөд байгууллагын албан хаагчдаас чөлөөлөх гарын үсэг цуглуулах арга хэмжээг зохион байгуулж байгаад хамгийн сүүлд Ковидын хуулийн хүрээнд гээд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр намайг байхгүй хойгуур чөлөөлсөн захирамж гаргасан байсан. Миний бие нэгэнт захирамж гарсан болохоор 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн.
3.3. Уг захирамжийг хууль бус гэж үзэн Төрийн албаны зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/683 дугаартай албан тоотоор хууль тогтоомж зөрчөөгүй байна гэсэн хариу өгснийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан тул уг албан тоотыг эс зөвшөөрч төрийн албаны тухай хуульд заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаж байгаа болно.
3.4. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг шилжүүлэн ажиллуулж байгаа байгууллага хариуцахаар журамласан бөгөөд анх илгээсэн төрийн байгууллагад ажиллаж байсан нөхцөлөөс дордуулахгүй зохицуулсан байгаа. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн авчихаад Захиргааны ерөнхий хууль тогтоомж зөрчиж сонсох ажиллагааг хийхгүй, байхгүй хойгуур Ковидын хуулийн үйлчлэл дууссан нэрийдлээр шийдвэр гаргасанд гомдолтой байгаа болно.
3.5. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажлын байрыг сонгон шалгаруулалтыг зарлагдах хүртэл , ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг төлүүлж өгнө үү гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
4.1. Миний бие Д-ийн С нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2016 оны 5 дугаар сард Улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан. 2016 оны 5 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байхад Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд захирагчийн ажлын албаны орон тоо бий болсон. Уг орон тоо нь дээр ахлах түшмэлийн орон тоон дээр ажиллаж байсан бөгөөд Төрийн албан тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т заасан чадахуйн зармыг шалгуур хангасан албан хаагч олдоогүй. Тэгээд хамгийн ойр хамааралтай албан хаагч гээд А.Б намайг удаа дараа гуйсан. Тухай үед миний бие удирдах албан тушаалтны нөөцөд, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангаж байсан. Өөрт нь ярилцаад шилжин ажиллаад нийгмийн баталгааг дордуулахгүй гэдгийг аймгийн удирдлагад санал болгож байсан. Тухайн үед хууль, эрх зүйн мэргэжилтний орон тоо байсан. Бүр болохгүй бол энэ орон тоо руу ажиллуулна гээд томилж байсан. Би томилогдож байхдаа хууль бус зүйл хийхгүй, шударга ёс зүйтэй ажиллана гэж хэлж байсан. Тэгээд ажиллаад явж байхад Ковид болон Шүлхийн өвчний үеийн хууль бус шаардлага, албан тушаалтнуудыг ажлаас халах гэх мэт даалгавар өгөхөд нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ойн байцаагч зэрэг бусад хүмүүсийн хууль бус үйлдлийн талаар дээш мэдэгдэж байсан боловч эдгээр хүмүүстэйгээ үгсэн хайвалдаж ажлаас минь өөрчлөх, зайлуулах зэрэг хууль бус зүйл удаа дараа зохион байгуулж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаа хийгээд Мөрөн суманд явж байхад сонсох ажиллагаа ч зохион байгуулахгүй шууд захирамж гаргасан байсан.
4.2. Би ажлаас чөлөөлсөн талаар захирамжийг мэдэхгүй явж байгаад 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирамж гарсан талаар мэдээд ажлаа хүлээлгэн өгсөн. Би тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албан зөвлөлийн даргын хамтарсан 34/31 дугаартай тушаалаар төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 5.1-т төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалд тодорхой заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй гэж заасан. Төрийн албан хаагчийн шилжүүлэх, сэлгэн ажиллуулах албан хаагчийг ажиллах нөхцөлийг шилжүүлэн, сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хариуцна. Анх илгээсэн төрийн байгууллагаас сэлгэн ажиллуулж байгаа байгууллага түүний нийгмийн баталгааг дордуулахгүй гэх заалттай.
4.3. Эдгээр журам болон Төрийн албан тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус зөрчсөн. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа Төрийн албан тухай хуульд захирагдах ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн захирамж гаргасан байсан. Хэрэв энэ хуулийг үндэслэсэн бол 1 сарын өмнө мэдэгдэх ажиллагаа хийх байсан. Иймд хууль бус захирамж гарсан тул уг захирамжийг хүчингүй болгож, миний ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын нөхөн олговрыг гаргуулж өгнө үү.
4.4. Би А.Б-т хууль бус зүйлтэй эвлэрээд байх юм бол би шилжин ажиллая гээд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хурлын ажлын албанд ажиллах талаар хүсэлт өгч байсан. Тухайн үед намайг ажиллаж байх үед Төмөрбулаг суманд шинэ ажлын байр бий болж, төсөв мөнгө нь орж ирсэн байсан. Гэтэл цэргийн нууцтай холбоотой тодотгол хийж байхад над руу өглөө залгаад хэзээ дуусах юм бэ гэж асуухаар нь өнөөдөр дуусна гэхэд утсаа таслаад захирамж гаргасан байсан. Хуульд заасны дагуу шударга ажилласны төлөө хууль бус захирамж гаргасан. Өөрийг нь шүүх хуралдаанд ирсэн бол энэ талаар мэтгэлцэх гэсэн боловч өөрөө ирээгүй байгаа тул шүүх хууль болон нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
5.1. Д.С нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжтай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд сонсох ажиллагаа хийлгүй эрхийг минь зөрчсөн гэх утга бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн дагуу Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШЗ2023/0233/ дугаар захирамж гарган захиргааны хэрэг үүсгэн намайг хариуцагчаар татсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
5.2. Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаа дууссантай холбогдуулан анх 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс гаргасан мэдэгдэл цахим орчинд тавигдаж эхэлсэн бөгөөд тухайн үеэс эхлүүлэн сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4, 27.4.5 заасан сонсох ажиллагааны төрлийг сонгон удаа дараа сонсох ажиллагааг Д.С-тай хийсэн. Тухайн захирамжийг албажуулдаг өдөр Д.С-тай ярилцаад төрийн албаны зөвлөлийн бичгийн дагуу өнөөдөр захирамжийг чинь гаргалаа хугацаа нь хэтэрсэн байна. Ямар нэг санал байгаа юу гэхэд гаргачих Мөрөнд явна орой очоод авъя гэсэн боловч чөлөө зөвшөөрөл, томилолтгүйгээр Улаанбаатар хот явсан байсан. Дараа долоо хоногийн даваа гаригт хаана явна ирж ажлаа хүлээлцэхгүй юмуу гэтэл Улаанбаатар хотод явна гэсэн Сонсох ажиллагааг дээрх заалтаас гадна байгууллагын хурал дээр танилцуулж байсан хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймагдахь салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13/07 дугаар хуулийн хэрэгжилт хангаж, хүний нөөцийн шийдвэр гаргаж ирүүлэх тухай хугацаатай албан бичгийн дагуу ковид-19 цар тахлын үед ерөнхий болон тусгай сонгон шалгаруулалтгүй томилсон албан тушаалтнуудыг чөлөөлж төрийн албаны тухай хуулийн хэрэпжилтийг хангаж ажиллах тухай хугацаатай албан бичгийг ирүүлснийг Захирагчийн ажлын албаны дарга Д.С нь хүлээж авсан, мэдэж байгаа болно.
5.3. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд 28.1.2-д зааснаар гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагааг хийхгүй байхаар хуульчилсан байна. Мөн хуулийн 22 дугаар зүйлд Захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж хуульчилсан байна. 28.1.5-д зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол мөн адил сонсох ажиллагаа хийхгүй байхаар хуульчилсан.Иймд Төрийн албаны зөвлөлөөс гаргасан мэдэгдлийн дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн бөгөөд сонсох ажиллагааг хийх шаардлагагүй байсан хэдий ч 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Д.Сайнбаяртай Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасан биечлэн уулзах, 27.4.4 заасан утсаар санал авах ажиллагааг тус тус хийсэн болно. Шаардлагатай гэж үзвэл хамт олноос гэрч оруулах хүсэлтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
6.1. Нэхэмжлэлийн шаардлага 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн нь хууль бус гэж үзэн нэхэмжлэл гаргасан байна. 2016 оны 5 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар улсын бүртгэгчээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан хаагч байсан. 2021 оны хүртэл нууцтай холбоотой ажил болон улсын бүртгэлийн ажлын хариуцан ажиллаж байсан. 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрөө өөр ажил шилжин ажиллах хүсэлтэй байгаа талаараа хүсэлтээ бичгээр гаргасан. Уг хүсэлтийг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар хангаж 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/250 дугаартай тушаалаар Д.С-ын гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд шилжүүлсэн.
6.2. 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн Б/14 дугаартай захирамжаар захирагчийн ажлын албан даргаар томилогдсон. Энэ цаг хугацаанд Ковидын хууль буюу төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах асуудыг уг хуулиар зохицуулсан. Уг хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх хугацаа дуусгавар болсон. Энэ хууль 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үйлчилж байсан. Энэ хуулийн үйлчлэлийн хугацаанд нэхэмжлэгч Д.С захирагчийн ажлын албан даргаар түр томилогдсон. Энэ хуулийн үйлчлэл дуусахад Төрийн албан зөвлөлөөс олон нийтийн хэрэгслээр буюу дуусгавар болохоос өмнө удаа дараа мэдэгдлүүд гарсан.
6.3. Төрийн албан зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төрийн байгууллагуудад гэж хаягласан төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр томилогдсон алба хаагчийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан зөвлөмжийг өгсөн. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сумын Захирагчийн ажлын албаны Д.Г-т сонгон шалгаруулалтыг зөрчсөн, ковидын хуулиар сонгогдсоныг тусгай шалгалтгүйгээр томилогдсоныг буруутгах боломжгүй. Харин уг хуулийн үйлчлэл дуусахад чөлөөлж, сонгон шалгаруулалтыг нөхөн зарлаж ажиллах үүрэг бүхий албан тоотыг төрийн албан зөвлөлөөс ирүүлсэн.
6.4. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар бүх мэдэгдлийг гаргасан. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албан хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл байгаа. Уг хуралдааныг Д.С дарга өөрөө зохион байгуулсан ба ковидын хуулиар томилогдсон захирагчийн ажлын алба албан хаагчийг чөлөөлнө. Энэ талаар албан бичиг он гаргаад ирэх талаар хэлэлцсэн. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Төрийн албан салбар зөвлөлөөс бүх сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт явуулсан албан бичигтээ хуулийн хэрэгжилтийг хангаж, хүний нөөцийн шийдвэр гаргаж ирүүлэх тухай гээд цар тахлын үеийн хуулийн үйлчлэх хугацаа дууссан. Төрийн албан тухай хуулийн 50 дугаар зүйлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл гаргаж хуулийг хэрэгжилтийг хангаж арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Уг албан бичиг Д.С даргад өөрт нь ирсэн. Тухайн ажил үүргийнхээ хүрээнд уг Төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн дурдагдсан ажлыг зохион байгуулж ажиллах чиг үүрэгтэй. Үүний дагуу чөлөөлж дараагийн төрийн албан хаагчид томилгоо хийх эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрийн хувийг аймгийнхаа Төрийн албан салбар зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн.
6.5. Аймгийн Төрийн албан салбар зөвлөлөөс төрийн албан зөвлөлийн явуулсан албан бичгийн хэрэгжилтийг хангаж 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн тул 2023 оны 01 дүгээр сарын 31-нийд өдрийн Б/06 дугаартай захирамжаар Д.С ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд энэ захирамжийг дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01/683 дугаартай хариугаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн чөлөөлөх захирамж хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтгүй түр томилогдсон. Мөн ковидын хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг тавьж улмаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн байгууллагын томилгоотой холбоотой мэдэгдэл хийсэн.
6.6. Хөвсгөл аймаг дахь Төрийн албан салбар зөвлөлөөс ирүүлсэн бичигт Д.С нь төрийн захиргааны ажилтан байхын тулд хуульд заасан шалгуур, шаардлагыг хангаснаар ТЗ-7 буюу энэ албан тушаалд байна. Төрийн албан тухай хуульд энэ хүний тухайд төрийн албанд 8 жил, ахмад түшмэлээр 4 жил ажилласан байхыг шаардаж байгаа. Нэхэмжлэгч ковидын хуулийн үйлчлэлийг дууссантай холбоотойгоор журам зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ журмаар сэлгэн ажиллуулах шаардлагыг хангаж байгаа атал намайг халсан гэж байна. Монгол Улсад хуулиас давсан журам үйлчлэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно гэж заасан. Ийнхүү томилогдохдоо мерит буюу чадахуйн зарчмыг баримтална гэж заасан. Чадахуйн зарчим нь ерөнхий болон тусгай зарчмыг хангасан байх ёстой. Энэ нь ерөнхий болон тусгай шалгалтуудыг өгсөн байх ёстой. Нэхэмжлэгчийн тухайд Засар даргын Тамгын газрын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор сонгон шалгаруулалтаар ороогүй. Мөн мерит зарчим хангагдаагүй. Хуульд нийцэж томилгоо хийх ёстой учраас хуулийн үйлчлэл дууссантай холбоотойгоор нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн.
6.7. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд хориглох зүйлийг тусгасан байдаг. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т эрхэлсэн түшмэлийн талаар тусгасан. Гэтэл тусгай шалгалтууд өгөгдөөгүй ба тухайн албан тушаалд хуульд нийцэж томилогдоогүй учраас хуульд нийцүүлэн тухайн орон тоог зарлаж тухайн албан тушаалд хуульд нийцүүлэн албан хаагчийг томилох төрийн даалгаврыг биелүүлэх үүдгээс Б/06 дугаартай захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд нийцсэн үндэслэл бүхий захирамж гарсан. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар маргаж байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Сонсох ажиллагааны талаар хариу тайлбартаа тодорхой дурдсан байгаа. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй гэх үндэслэл байхгүй. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн цалингийн хүснэгтээс харахад нэхэмжлэгч 01 дүгээр сард ажиллаж цалингаа бүтэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ байсан. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод томилолтоор явсан гэж өөрөө өөртөө томилолт бичиж өгөөд явсан. Энэ нь хууль бус дураараа Улаанбаатар хот руу явсан байна гэх асуудал яригдсан. Хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цагийн автобусны билет гаргаж өгсөн. Ажлын байрны тодорхойлолтод 09:00-18:00 цагийг ажлын цаг гэж ойлгоно гэж байгаа. 2019 оны Төрийн албаны зөвлөлийн баталсан ажлын байрны тодорхойлолтоор тухайн цаг үед энэ хүн ажиллаж байсан. Одоо 2023 оны 7 дугаар сараар ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн.
6.8. Нэхэмжлэгчийн тухайд 2019 оны Төрийн албаны зөвлөлийн баталсан ажлын байрны тодорхойлолт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Нэхэмжлэгчийн тухайд тухайн үед санал, хүсэлтээ өгөх боломжтой байсан. Өөртөө нь утсаар ярьж холбогдоход аймагт ажлаар явж байна гэсэн асуудал яригддаг. Сонсох ажиллагааг бичгээр болон амаар мэдэгдэх олон төрлүүд байгаа. Үүнийг мэдэхгүй биш мэдэж байсан. Мөн ковидын хуультай холбоотойгоор энэ нь буруу юм гээд санал, дүгнэлтээ өгөх боломжтой байсан. Гэхдээ энэ боломж хязгаарлагдмал. Яагаад гэвэл улс орон даяар зарласан. Жишээлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл ч мөн адил ковидын хуулиар томилогдсон маш олон албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхэд сонсох ажиллагаа хийгдээгүй. Тэгэхээр хууль нэг мөр адил үйлчлэх ёстой. Нэхэмжлэгчид сонсох ажиллагааг хийгдээгүй гэх нөхцөл харагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 3 хуудас нотлох баримтыг ач холбогдолгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий акт болох Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай захирамжаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус хуулийн үйлчлэлийн хугацаанд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчдийг чөлөөлөх талаар Төрийн албаны зөвлөлийн гаргасан мэдэгдэл, Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
3. Нэхэмжлэгчээс ...Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын дагуу шилжин ажилласан ... Захиргааны ерөнхий хууль тогтоомж зөрчиж сонсох ажиллагааг хийхгүй, байхгүй хойгуур ковидын хуулийн үйлчлэл дууссан нэрийдлээр шийдвэр гаргасан ... гэж, хариуцагчаас ...Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс ковид-19 цар тахлын үед ерөнхий болон тусгай сонгон шалгаруулалтгүй томилсон албан тушаалтнуудыг чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай хугацаатай албан бичиг ирүүлсний дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн... гэж тус тус маргасан байна.
4. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болжээ.
5. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т ... бусад хуулийн дагуу ... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж тус тус заасны дагуу дээрх хуулийн үйлчлэх хугацаанд сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрхийг олгосон байна.
6. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаартай тушаалын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ыг баталсан байх бөгөөд уг журмын 2.5-д Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсвэл энэ журмын 2.1-д заасан үндэслэлээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно, 2.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. гэж заажээ.
7. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ...Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын дагуу чадахуйн зарчмаар шилжин ажилласан... гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Аймгийн бүртгэлийн хэлтсийн даргаар уламжлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал), Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд томилсон тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал)-аас үзэхэд ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн шилжсэн гэж үзэх боломжгүй байна.
8. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...ажлын байрны захиалга өгч зарлуулах талаар удаа дараа хэлж байхад захирагч А.Б зарлуулж өгөөгүй өдий хүрсэн гэснээс үзвэл сонгон шалгаруулалтгүйгээр Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.
9. Иймээс нэхэмжлэгчийг тус хуулийг үйлчлэх хугацаанд буюу Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/14 дугаартай захирамжаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг үндэслэж сонгон шалгаруулалтгүйгээр Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд томилсон гэж үзэх үндэслэлтэй.
10. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар хуралдаанаас Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ... төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулах гэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13/07 дугаартай албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал)төрийн байгууллагуудад ...Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалд хүний нөөцийн томилгоо хийсэн эрх бүхий албан тушаалтнууд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, шийдвэрийн хувийг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх гэжээ.
11. Үүнтэй холбогдуулан хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн ... ковидын хуулийн үйлчлэл дууссан нэрийдлээр шийдвэр гаргасанд гомдолтой байгаа гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
12. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хууль тогтоомж зөрчиж сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн бөгөөд хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралд нэхэмжлэгч биечлэн оролцсон бөгөөд тус хурал дээр сонсох ажиллагаа хийгдсэн гэж тайлбарлан маргажээ.
13. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байна.
14. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргахдаа тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжийг олгосон талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул уг ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
15. Гэсэн хэдий ч зөвхөн сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй юм.
16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчид холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага бүхий Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчид холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага бүхий Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР