Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/255

 

 

 

 

 2022             03             03                                       2022/ДШМ/255                                                              Т  M 546                                  МАЛАЛ

Г.Э-, Б.О- нарт холбогдох                                                                                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,  

хохирогч, шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Баярмаа, Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Г.Э-, Б.О- нарт холбогдох 2009018481108 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн Э-, Дундговь аймагт 1979 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, бага тойруу гудамжны 00 дугаар байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/;

Б овгийн Б-ы О-, Улаанбаатар хотод 1993 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “-” банкинд теллер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хорооллын 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

2020 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг зуслангийн байшинд Г.Э-, Б.О- нар маргалдан зодолдох явцдаа Г.Э- нь Б.О-гийн эрүүл мэндэд дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, доод уруулын салстад шарх, доод үүдэн голын 2 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, баруун тохой, шуу, баруун гарын ядам хуруу, баруун өгзөг, баруун, зүүн өвдөг, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан бол Б.О- нь Г.Э-ын дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны шарх бүхий гэмтэл учруулсан гэж прокуророос үзэн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7369 тоот актад хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 7359 тоот актад хохирогч Г.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачлагаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай мэдлэг зайлшгүй шаардах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заасан. Гэтэл хохирогч Г.О-д хийгдсэн шинжилгээг хэний шийдвэрээр хийсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байна...” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж, Г.Э-, Б.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор З.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.Э-, Б.О- нарт холбогдох хэрэг өмгөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын  24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөд энэ хурал дээр улсын яллагчаас яллах дүгнэлтэд үг, үсгийн алдаа гаргасныг зөвтгүүлэх, мөрдөгчийн шинжээч томилох тогтоолыг хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарласан гэм буруугийн шүүх хуралдаанд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Одбаярын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хохирогч Б.О-гийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох шинжээч томилох тухай тогтоолыг гаргахад хүлээж аваагүй. Шүүхийн хэлэлцүүлэг дуусах шатанд хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардах асуудлыг тодруулахаар эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О-д учирсан гэмтлийг тогтоох шинжээч томилох тогтоолын дагуу шинжээч эмч, Т.Чимэд-Очир нь үзлэг хийж 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 7359 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. Иймд шүүгчийн захирамж үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шийдвэрлэж болно” гэж, 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх” гэж заасан нь нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээчийг шүүх томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтийг гаргуулахад оролцогчдын эрхийг зөрчсөн, дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн бол гэм буруугийн шүүх хуралдаан дээр түүнийг дуудаж асууж тодруулах, зөрүүг арилгах боломжтой байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэгийн дагуу явагдаагүй буюу өмгөөлөгчийн санал шүүмжийн дараа улсын яллагчийг дахин нэг удаа тайлбар хэлэхээр тогтоосон уг дэгийг шүүгч өөрөө зөрчиж улмаар тайлбар яриулахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг дуусгасан болохыг дурдах нь зүйтэй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр биш, 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдөр болсон. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд Б.О-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд шинжээч томилсон тогтоол байхгүйг дурьдаад, хэргийг бүхий л талаас нь шалгуулахын тулд прокурорт буцаах хүсэлт гаргасан. /Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2410 тоот шүүх хуралдааны тэмдэглэл, Хэргийн 129 дүгээр талын дээрээсээ 14-15 мөрөнд бий/ Өмгөөлөгчийн энэхүү хүсэлтэд прокуророос шинжээч томилох тогтоолыг хэрэгт хавсаргуулах гэсэн хүсэлт байхгүй байна. Шүүх хуралдаан эхэлж, хуралдаан даргалагчаас оролцогчдод хандаж гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асуухад прокуро дээрх тогтоолыг гаргаж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэг дуусч, хуралдаан даргалагч алх цохисны дараа энэ тогтоолоо өгөх гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Прокурор шинжээч томилсон тогтоолыг гэм буруугийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүхэд гаргаж өгөх бус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үедээ хэргийн материалд оруулахыг мөрдөгчид даалгах үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож, хариуцлага тооцуулна. гэж заасан үүргийг прокурор З.Энхжаргал биелүүлээгүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх З.Энхжаргалын үйлдсэн 853 тоот яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн шүүх хуралдаан болсон. Гэтэл шинжилгээ хийлгэх тогтоол нь хэрэгт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.3 шинжилгээний обьектыг шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлэх, мөн хуулийн 14.1.2-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийх, мөн хуулийн 15.1.1-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдийн хүсэлт, шийдвэрээр шинжилгээ хийхийг хориглох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр болсон. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагч ...гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Б.О-гийн биед гэмтлийн зэрэг тогтоох шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргуулахаар шүүгчид хандахад хүлээн аваагүй...” мэтээр шүүхийг худал гүтгэж байна. Бодит байдал дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэн гэм буруугийн хуралдаан болж хурал завсарлан шүүх зөвлөлдөх тасалгаанд орох тэр агшинд хяналтын прокурор З.Энхжаргал нь нэг цаас барин шүүгчид “Таньд өгөх гэсэн юм гэж зүтгээд байсан. Шүүгч “Хурал завсарласан, шүүх шийдвэрээ гаргах гэж байна та гарна уу гэж шаардуулан байж хуралдааны танхимаас гаргасан. Шүүх хуралдааны тахимаас гарч ирээд өмгөөлөгч биднийг “...Та нар шиг муу, сайн юмнуудыг харсангүй. Юун сүртэй юм, өгөх гэснээ мартсан л байна, та нар мэдэж байсан шүү дээ, харж байгаарай, би энийг хаана ч очсон хавтас хэрэгт хийнэ...” гэж уурлаж бухимдан, хуульч хүнд баймгүй зохисгүй авир гаргаж, өмгөөлөгч биднийг үйлчлүүлэгч болон ар гэрийхний нь хажууд загнаж, албаны сүрээр сүрдүүлж, маш бүдүүлэг харьцсан. Энэ асуудлаар бид зохих газарт гомдол гарган шалгуулж байгаа болно.

Мөн анхан шатны шүүх нь өмгөөлөгчийн санал, шүүмжийг явуулж, улсын яллагчийг дахин нэг удаа тайлбар хэлэх тогтоосон дэгийг зөрчиж тайлбар хэлүүлэхгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг дуусгасан гэж худал гүтгэжээ. Шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулсан ба хэлэлцүүлгийн шат дуусгаж улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлж дууссаны дараа дүгнэлтэд заасан зүйлийн талаар тус бүр нэг удаа тайлбар хэлж дуусахад улсын яллагч З.Энхжаргал мөн л дахин тайлбар хийх гэж хурлын дэг зөрчсөн үйлдэл гаргахад нь шүүгч “Тайлбар хэлсэн, одоо болно, та тайлбар 2 удаа хэлсэн гэдгээр болиулсан байдаг. Энэ талаар шүүх хуралдааны бичлэгт бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилохоор заасан байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хэн гэдэг мөрдөгчийн ямар тогтоолоор шинжилгээ хийсэн баримт байдаггүй. Шинжээч томилсон тогтоол байхгүй байхад хууль зөрчиж дүгнэлт гаргасан байж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй тул хууль зөрчсөн ажиллагаа болно. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.1 Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.”, 8.3 Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээч эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон  хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүний биед шинжилгээ хийх шаардлагатай гэж үзвэл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд тогтоол, захирамж хүсэлт гаргана гэжээ. Тиймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдалд хүргэж байна гэж үзээд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Э-, Б.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Г.Э-, Б.О- нар нь харилцан бие биедээ эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх боловч Б.О-гийн биед учирсан гэмтлийг тогтоох шинжээч томилсон шийдвэр хэрэгт авагдаагүйн улмаас 7359 тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх, улмаар гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан энэхүү алдааг прокурорын шатанд залруулаагүй байх тул шүүхээс тухайн зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж прокуророос шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтууд болон яллах дүгнэлтын хүрээгээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хэмжээ хязгаарыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар цуглуулж прокурор хянаж шүүхэд ирүүлэхээс бус шүүхийн шатанд шинээр гаргаж өгөх боломжгүйг дээрх хуулийн зохицуулалтаас харж болно.

Гэтэл прокурор З.Энхжаргал шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн үндэслэлээ анхан шатны шүүх хуралдааны үеэр шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргуулахаар өгснийг шүүх хүлээж аваагүй гэж тайлбарлаж буй нь шүүхэд хэрэг хэлэлцэх хэмжээ хязгаарыг давсан шаардлага байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд шинжилгээ хийлгэх үндэслэл болсон шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргаагүйн улмаас тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцон, шалгах, үнэлэх боломжгүй байдал хүрсэнээс бус прокурорын эсэргүүцэлд дурьдсанчлан нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэвэл зохино.

Иймд Г.Э-, Б.О- нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/2449 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор З.Энхжаргалын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 11ий өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН