| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0532/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/280 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/280
2026 05 29 2026/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Э.Энэрэл, шүүгч Э.Бүрэнтогтох нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Иргэдийн төлөөлөгч Д.Алтантулга,
Хохирогч Г.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн 2425000000310 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.О
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.О нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Д баг Б Дийн 0-0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Дтай таагүй харилцааны улмаас маргалдаж улмаар нэг удаа цохисноос үүдэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж нуруу хэсэгт нь нэг удаа хутгалж түүний эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч элэг, дэлүү, өрцийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Г.Оын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Би гэрт ороод сууж байтал хохирогч орж ирээд зодолдсон. Би зугтаж миний араас хөөж тулга тойрсон. Миний дээрээс дарж нүүр рүү цохиж зодсон, би гарт тааралдсан зүйлийг авч цохисон, хутга байсан. Гэхдээ мах идэж байсан хутга биш байсан. Гэрчүүд худал мэдүүлсэн. Эмчилгээний төлбөр өгсөн эмчилгээ хийлгэсэн. 5 сая төгрөг болсон...гэх мэдүүлэг,
хохирогч Г.Д мэдүүлсэн: Тэр өдөр бид нар модонд явж ирээд 2 шил архи уусан. Гадаа архи уусан. Би их согтсон байсан. Оыг гэр тойруулж хөөж цохилцсон. Ах зах хүндлэлээс болж л маргасан. Хутгалах үед би дээр нь дарчихсан нүүр рүү нь цохиж байсан. Эхнэр хүүхдээ хөхүүлж байсан байх. Бид нар модоо хурааж дуусаад гадаа архи уусан. Гэрч Н, Б нар гадаа байсан. Эмчилгээний төлбөрийг шаардлагатай үед нь цувуулаад төлж байсан. 5 сая орчим төгрөг болсон. Гомдолгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2425000000310 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 7-12-р тал/
- хохирогч Г.Д мэдүүлсэн:....Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багийн 0-00 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2024 оны 03 дугаар сарын сүүлээр миний эхнэрийн нутгийн хүн Б манай гэрт амьдрахаар ирсэн юм. Б Эрдэнэт хотод ажиллахаар ирээд Эрдэнэтэд байх газаргүй болоод манайд амьдарч байтал Н, О нар Улаанбаатар хотоос манайд ирсэн юм. Н бол миний эхнэрийн төрсөн эгчийн нөхөр. О бол миний эхнэрийн төрсөн дүү. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн үед Н, О, Б нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шөнө 1 цагийн үед Отай маргалдаж эхэлсэн О намайг ах гэж хүндлэхгүй, ярьж хэлж байгаа нь томорсон шинжтэй байсан учир би Оыг би нэг удаа алгадаад барьцалдаад авсан нэг мэдэхэд О намайг хутгалчихсан байсан. Би тухайн үед шокт орсон байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд эмнэлэг явсан. О бол миний эхнэрийн дүү мөртөө надтай хүндлэлгүй харьцсан болохоор маргалдсан байх....Гадаа бид нар 2 шил архи уусан бөгөөд гэхдээ түлээ хагалж хурааж янзалж байсан болохоор яг тойроод суугаагүй юм. Тэрээр архинаас уугаагүй байх. Харин гэр дотор 2 том пиво уусан бөгөөд пивоноос 1-2 аягыг уусан байх, би яг ууж байхыг нь хараагүй. Тухайн үед бид 2 ноцолдож байгаад газар унасан бөгөөд миний доор О байхдаа тэрээр намайг хутгалчихсан юм. Би тухайн үед түүний дээр дарах маягтай хагас хэвтэж байсан. Яг хаана байсныг нь мэдээгүй, ямар ч байсан үзүүр нь хугарчихсан хүүхдийн баасны саарал өнгийн хутгаар хутгалсан байсан. Манайх яг тийм адилхан 4 хутгатай бөгөөд тэр хутгалсан хутга нь угаасаа цус болчихсон байсан юм. Намайг хутгалах үед бид 2 гэрийн зүүн талд тэрээр газарт миний доор байсан юм. Би түүний нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон бөгөөд тэгээд бид 2 ноцолдсон юм. Би түүнийг өшиглөөгүй, мөн мөргөөгүй юм. Миний эмчилгээнд гарсан зардлыг төлсөн бөгөөд надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 97-р тал/
- гэрч О.Д мэдүүлсэн: “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол баг Баянталын 10-19 тоотод байж байх үед гар утсанд чат ирээд хартал миний бэр Огээс эмнэлгийн дугаар асуусан чат ирсэн байсан. Би эмнэлгийн дугаар хэлээд байж байтал миний төрсөн хүү Д залгаад хүнд хутгалуулчихлаа, цус гараад байна хурдан ирээч ээ гэсэн. Би хүүгийн гэр болох Б Дийн 0-0 тоотод яваад очтол гэр дүүрэн цус болчихсон Д гэрийнхээ үүд хэсэгт суучихсан, нуруун дээр нь Н гараараа дарчихсан байсан. Д нурууныхаа зүүн талд нэг удаа хутгалуулсан байх ба нуруунаас цус гоожоод байсан учир Н гараараа дарж байсан байна. Тэгээд би цагдаа, эмнэлгийн байгууллагад хэлсэн...намайг очиход Б, О, Н гэх залуучууд байсан ба архи уусан согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р тал/
- гэрч Б.Нын мэдүүлсэн:...Би Отай Улаанбаатарт ажиллаж байгаад 2024 оны 04 дүгээр сарын эхээр Орхон аймагт ажил хийх зорилготой ирсэн юм...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр орой 18 цагийн үед бид нар нийлж Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи, Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи, 2.4 литрийн Сэнгүр нэртэй 2 пиво хувааж уусан. Тэгээд архиа хувааж уугаад шөнийн 1 цаг буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн үед О, Д нар хоорондоо маргалдаад эхэлсэн, би ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй. Д гэрээс гараад буцаж орж ирээд Отай зодолдоод эхэлсэн. О мах идэж байсан хутгыг Б гараараа аваад гараа саваад Дэмбэрэлдагвыг хутгалчихсан. Д нуруунаас цус гараад би нуруун дээр гараа дараад тэгээд Д******* рүү залгаад дуудаад******* нь гэрт ирээд эмнэлэг цагдаа дуудсан. О нэлээн согтчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 23-р тал/
- гэрч Б.Бын мэдүүлсэн:...Би 2024 оны 03 дугаар сарын 24-нд Хөвсгөл аймгаас Орхон аймагт ажил хийх зорилготой ирсэн...2024 оны 04 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн үед бид нар нийлж Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи, Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи, 2.4 литрийн Сэнгүр нэртэй 2 пиво хувааж уусан. Би архи уугаад тасраад нэг сэртэл гэрийн гадаа сэрсэн, гэр рүү ортол Д зүүн дал хэсгээс цус гараад, түүнийг нь Н гараараа дараад гэрээр дүүрэн цус болчихсон байсан, би юу болсон талаар Д эхнэрээс асуухад О, Д нар хоорондоо маргалдаад О хутга аваад Дэмбэрэлдагвыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй Д*******,******* ирж эмнэлэг цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-р тал/
- гэрч Г.Огийн мэдүүлсэн:...Би Орхон аймаг Баян-Өндөр сумын Д багийн Б Дийн 00-00 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. 2024 оны 03 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгаас Б манай гэрт ирсэн. Б ах бол миний төрсөн ахын эхнэр Бямбацэцэгийн төрсөн ах байгаа юм. Б ах Эрдэнэт ажил хийх гэж ирсэн боловч тухайн ажил нь бүтэлгүйдсэн учир манайд амьдарч байсан. 2024 оны 04 дүгээр сарын эхээр Н, О нар Улаанбаатар хотоос ямаа самнахаар ирсэн. Эрдэнэтэд байх газаргүй учир манайд амьдарч байсан. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн үед О, Н, Б Д нар архи ууж эхлээд шөнийн нэг цагийн орчимд байх манай нөхөр Д, миний төрсөн дүү О нар маргалдаж эхэлсэн. Би хүүхдээ унтуулах гээд орон дээр хэвтэж байх үед юм. О, Д нар ах зах хүндэл яриад маргалдаад хоорондоо барьцалдаад ноцолдоод эхэлсэн. Нэг хартал О гартаа хутга барьчихсан, Дэмбэрэлдагвыг хутгалчихсан, цус гараад түргэн дуудаад хадам*******,*******ийг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-р тал/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 400 дугаартай: “...Д.Д биед хэвлийн хөндийд нэвтэрч элэг, дэлүү, өрцийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт /1000мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 30-32-р тал/
- шүүгдэгч Г.Оын яллагдагчаар мэдүүлсэн:... 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн үед Н, Б, Д нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхлээд шөнө дунд буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд би Дтай маргалдаж улмаар түүнийг мах идэж байсан хутгаар нэг удаа хутгалчихсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Г.О нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Д баг Б Дийн 0-0 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгчийн гэрт хүргэн ах Г.Дтай маргалдаж ноцолдон унаж, Г.Д нь түүнийг дээрээс нь дарж нүүр хэсэгт нь цохиход нь хутга авч нуруу хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч элэг, дэлүү, өрцийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, Шүүгдэгч Г.Оын үйлдлийн улмаас хохирогч Г.Д эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Д болон шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 400 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, ноцолдон Г.Оын дээр Г.Д унасан үед хутгаар хатгасан болох нь 400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Зүүн талын цээжний доод талын хөндлөн шархыг ...шалгаж үзэхэд өргөн хэсэгт 2см, гүн 3см орчим шарх байв...” гэж тэмдэглэгдсэн байдлаар нотлогдсон ба энэ талаар хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зөрүүгүй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар тодорхойлж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг заасан ба 11.1 дүгээр зүйлийн 1 “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг
11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т“зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” ...ял шийтгэнэ гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан.
Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, амь насанд аюултай гэмтэл хохирол учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд аюултай хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэж хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Г.О нь, өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд аюултай хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэж хор уршигт зориуд хүргэсэн байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд нотлох баримтууд хангалттай, хоорондоо зөрүүгүй харилцан хамааралтай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.О нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Д баг Б Дийн 0-0 тоотод хохирогч Г.Дтай маргалдаж ноцолдон хутга авч хатгаж хэвлийн хөндийд нэвтэрч элэг, дэлүү, өрцийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.
Иймд Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирогч нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч төлөх төлбөргүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч гэм буруугаа хүлээдэг. Өмгөөлөгчийн хувьд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх байх. Гэрчүүд тухайн үед гэрт байгаагүй гэдэг. Гэрч Н нас барсан. Гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг өмнө шүүх хүлээн аваагүй гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч шүүхэд хандаж: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Алтантулга: Г.О нь ах болох Дтай муудалцан зодолдохдоо мэс хэрэглэн эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна. Гэм буруутай гэж үзэж байна гэж дүгнэлт гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар “гэрч Н, Б нар тухайн үед гэрт байгаагүй” гэж тайлбарлан мэдүүлсэн боловч энэ нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүгдэгч, хохирогч нар зөрүүгүй мэдүүлсэн ба шүүгдэгч хутгыг хаанаас авсан нь зүйлчлэлд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
- 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ үү гэж санал гаргасан.
Шүүгдэгч шүүх хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ: Гэм буруугаа хүлээж байна гэжээ.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 5 сая төгрөг авсан. Одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд
ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурьдав.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор заасан.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Оыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.От оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭРЭЛ
Э.БҮРЭНТОГТОХ