Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/021

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/948 дугаар шүүгчийн захирамжийг зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2114002020343 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******,  ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 28-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: ..Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 28-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ. Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед архидан согтуурч бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" талаар хуульчилсан байхад түүнийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөхөөр санал гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хариуцлагын зорилгыг илтэд үгүйсгэжээ. Мөн хохирогч *******д шинжээчийн дүгнэлтийг огт танилцуулаагүй орхигдуулж түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон шинжээчийн дүгнэлттэй танилцах, дүгнэлт тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх, хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчжээ. Түүнчлэн шүүгдэгч ******* нь хохирогч *******тай эвлэрсэн талаар эвлэрлийн гэрээ хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан боловч тухайн эвлэрлийн гэрээг шүүгдэгч өөрөө зохион бичиж хохирогчийн өмнөөс түүний төрсөн ээж Ж.Оюунаар гарын үсэг зуруулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа бөгөөд эвлэрлийн гэрээнд авагдсан хохирогчийн гарын үсэг болон хохирогчоос асуусан мэдүүлгийн гарын үсгээс эрс зөрүүтэй байгаа зэргээр уг гэрээ нь хуурамч хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Энэ нь хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүйг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн тогтоогоогүй, шүүгдэгчийн энэ байдал нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхэд эргэлзээ төрүүлэхээр болжээ. Дээр дурдсан хуурамч, хүчин төгөлдөр бус эвлэрлийн гэрээ нь прокурорын шатанд үйлдэгдсэн, хохирогч хэргийн материалтай ч танилцаагүй тухайн цаг үед Баянхонгор аймгийн төвд оршин байгаагүй нь тус тус илэрхий байхад хяналт тавьж буй прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж шүүгдэгчийг ялаас чөлөөлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлж буй байдал нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл явдал гэж үзэв. Дээр дурдсан асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй...” үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ж.Энхбат тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2021 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “согтуурсан мансуурсан, үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх заалт нь санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан ба би тухайн үйл явдлыг санахгүй байна гэж мэдүүлж байгаа үед түүнийг гэм буруугүй гэж дүгнэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй ойлголт юм. Шүүгдэгч ******* тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байсан ба тухайн үйл явдлыг бүрэн санаж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, уг үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт прокурорт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэн *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж, оногдуулах ял шийтгэлийн талаар яллагдагчтай зөвшилцөж, үр дагаврыг нь танилцуулан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирлын шинж чанар, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх санал гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, буруу хэрэглээгүй.

2. Хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Баянхонгор аймгаас өөр газарт явсан, Баянхонгор аймагт ирэх боломжгүй тул мөрдөгчийн даалгавар бичиж хэргийн талаар хохирогчоос мэдүүлэг авахад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн бөгөөд хохирогчид хэргийн материалыг танилцуулахаар утсаар мэдэгдэхэд хохирогч нь Баянхонгор аймагт очих боломжгүй, гомдол саналгүй, гэснийг баримтад тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийсэн гэж үзнэ.

Хохирогч нь шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхтэй тул түүнийг албадан ирүүлэх боломжгүй бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, дүгнэлтийг зөвшөөрсөн гэж үзнэ.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гол нөхцөл нь яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан.

*******д холбогдох хэргийн хувьд хуульд заасан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болсон үйл явдлыг бүрэн санаж, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрэн хангагдсан байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд эвлэрлийн гэрээ шаардагдахгүй тул хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэргийг шүүхээс шийдвэрлэх боломжтой байхад Прокурорт буцаасан захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

Шүүхээс дүгнэлт хийж буцааж буй нь эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилгод заасан хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд шүүгчийн 948 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Аймгийн Прокурорын газрын орлогч Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 “.. согтуурсан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байх үндэслэл биш гагцхүү субьектив талыг үгүйсгэх хууль тогтоогч нарын агуулга юм...,

 ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн оролцогч нарт хэргийн материал танилцуулах боломжоор хангана гэж заасан. ..Хэргийн материалтай танилцах эсэх нь өөрийнх нь эрх юм. Прокурор албадан ирүүлж хэрэг хянан ажиллагаанд оролцуулахдаа тухайн этгээдийн үүргийг нь хэрэгжүүлж оролцуулдаг болохоос эрхийг нь эдлүүлэхийн тулд биш юм.

....2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 17 дугаар бүлэгт хохирогчтой хялбаршуулсан журмаар эвлэрсэн талаарх баталгааны хэсэг нь ...хохирогчийн хүсэл зоригоос хамаарч байсныг болиулж, яллагдагчаас хамаарахаар болсон. ...эвлэрсэн тухай баталгаа байхгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг буцааж байгаа нь хуульд байхгүй шаардлага гэж үзэж байна.. ...хохирогч нь шүүгдэгчийг чи эцэггүй банди биз дээ гэж хэлээд, цохиж авсан нь үл ойлголцол маргааныг эхлүүлсэн байдаг. Шүүгдэгч гараад хохирогчийг өшиглөж байгаа үйлдэл нь буруу боловч гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүйл бус үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдлуудыг бүхэлд нь хянаж үзээд прокуророос ялаас чөлөөлөх саналыг шүүхэд оруулсан. Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Прокурор Ж.Энхбатын тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ыг согтуугаар, 2021 оны 8 дугаар сарын 28-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Mөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, шүүгдэгч Г. *******ы үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

1. “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" талаар хуульчилсан байхад түүнийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөхөөр санал гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хариуцлагын зорилгыг илтэд үгүйсгэсэн.

2.”...хохирогч *******д шинжээчийн дүгнэлтийг огт танилцуулаагүй ...шинжээчийн дүгнэлттэй танилцах, дүгнэлт тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх, хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчсөн...

3. “...эвлэрлийн гэрээг шүүгдэгч өөрөө зохион бичиж хохирогчийн өмнөөс түүний төрсөн ээж Ж.Оюунаар гарын үсэг зуруулсан... хохирогчийн гарын үсэг хохирогчоос асуусан мэдүүлгийн гарын үсгээс эрс зөрүүтэй ... хуурамч хүчин төгөлдөр бус гэрээ ...” , ”... хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүйг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн тогтоогоогүй, шүүгдэгчийн энэ байдал нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхэд эргэлзээтэй ...хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл явдал...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь шүүгчийн захирамжид заасан асуудлуудыг Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүртэй харьцуулан судалж үзэхэд:

1. Хавтаст хэргийн 98,110 дугаар талд тус тус авагдсан Прокурорын болон улсын яллагчийн санал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс харахад Прокурор нь *******ыг гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид заасны дагуу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялаас чөлөөлөх саналыг анхан шатны шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон ялаас чөлөөлөхөөр санал гаргасан нь гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “согтуурсан мансуурсан, үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан заалтыг үндэслэн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 450 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тус торгох ялаас чөлөөлүүлэхээр Прокурор санал гаргаж болохгүй гэж үзэж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч *******ы согтуурлын хувь хэмжээнээс шалтгаалан түүний хэрэг хариуцах чадвартай холбон тайлбарлах хууль зүйн ойлголт болно.

Хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, мөрдөгчийн “согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1- 28.3-т мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх, дуу- дүрсний бичлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл танилцуулах журамтай нийцээгүй, шүүгдэгч *******ы согтуурлыг зэргийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгааг цаашид анхаарвал зохино.

2. Хавтаст хэргийн 48-49 дүгээр талд авагдсан Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 379 дүгээр дүгнэлт, хохирогч *******гийн мэдүүлэг зэргийг харьцуулан харахад шинжээч 379 дүгээр дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасны дараа хохирогч *******гаас мөрдөгч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг авахад хохирогч ******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж мэдүүлэг өгсөн байхад “...хохирогч *******д шинжээчийн дүгнэлтийг огт танилцуулаагүй ...шинжээчийн дүгнэлттэй танилцах, дүгнэлт тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх, хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчсөн... “ гэж үзэх боломжгүй юм.

3. Хавтаст хэргийн 92-93,98 дүгээр талд тус тус авагдсан *******ы хүсэлт Прокурорын тогтоол, санал зэргийг үзэхэд ******* нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурор хүлээн авч тогтоол гаргаж улмаар Прокурорын санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт зохицуулсан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...эвлэрлийн гэрээг шүүгдэгч өөрөө зохион бичиж хохирогчийн өмнөөс түүний төрсөн ээж Ж.Оюунаар гарын үсэг зуруулсан... хохирогчийн гарын үсэг хохирогчоос асуусан мэдүүлгийн гарын үсгээс эрс зөрүүтэй ... хуурамч хүчин төгөлдөр бус гэрээ ...” , ”... хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүйг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн тогтоогоогүй, шүүгдэгчийн энэ байдал нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхэд эргэлзээтэй ...хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл явдал...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулна гэж хуульд шууд зохицуулсан зохицуулалтгүй тул хуурамч хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэн үнэлэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Эсэргүүцэл бичсэн Прокурор болон шүүх хуралдаанд оролцсон Прокурорын тайлбар, дүгнэлт нь үндэслэлтэй /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгчийн 948 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхийг хүссэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсан болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/948 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Прокурор Ж.Энхбатын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                Г.УЛАМБАЯР