Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 92

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай,

насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч А.Баяртулга,

насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Баатаржав,

насанд хүрээгүй шүүгдэгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатаржавын Билгүүнд холбогдох эрүүгийн 1707000210010 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Дундговь аймгийн Сайнцагаан  суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамтаар Дундговь аймгийн Сайн цагаан сумын 7 дугаар баг, Нарлагийн 111 дүгээр байр 20 тоотод оршин суух, регистрийн ЗК01222319 дугаартай Боржигон овогт Баатаржавын Билгүүн.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Билгүүн 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоо Тэрэлж” амралтын газарт А.Баяртулгатай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Билгүүн 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоо Тэрэлж” амралтын газарт А.Баяртулгатай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний алимны доргилт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний салст, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Билгүүний өгсөн: “Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Баяртулга газарт унасан зүйлийг авчих гээд харахаар нь би уурлаад араас нь ундааны сав шидсэн. Тэгэхэд Баяртулга эргэж хараад намайг цохихоор нь би зөрүүлээд цохиход Баяртулга газарт унасан. Тэгээд би дээрээс нь цохиод өвдөглөсөн. Тэнд байсан хоёр хүн бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Баяртулгын өгсөн “Бид нар 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед майхнаа хураагаад явах гэж байсан. Майхнаа хурааж, авч явах зүйлүүдээ баглаж дуусаад Ариунболд бид хоёр майхнаа өргөөд, ард Мандах хөнжил, пүүгээ гээд хамаг зүйлээ барьсан байхад Билгүүн ганцхан өөрийнхөө мишок, үүргэвчийг барьсан байсан. Тэгээд Мандахын гаранд барьсан зүйл их байсан болохоор Билгүүнийг хагасыг нь барьчих гэж шаардлага тавихад “чи надад шаардлага тавьдаг хэн бэ” гэсэн. Тэгээд би эргэж хараад бид хоёр бие биеэ хараасан. Намайг эргэж харахад Билгүүн миний араас усны сав шидэхээр нь би очоод Билгүүнийг зөөлөн цохьсон. Тэгэхэд Билгүүн зөрүүлээд намайг цохиход нь гадаа бороо орсон байсан болохоор би газрын уруугаа унасан. Билгүүн ирээд миний дээрээс цохиод өвдөглөсөн. Бид хоёрыг Мандах, Ариунболд нар салгасан. Бид хоёр амралтын газраасаа “Гэгээнтэн” цогцолборт ирээд тэндээсээ гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд үзүүлэхэд “тархи болон хамрын салст гэмтсэн байх магадлалтай, яаралтай зураг авахуулаарай” гэхээр нь томографикийн зураг авахуулсан. Билгүүний ар гэрийнхэнтэй утсаар холбогдоод “Билгүүн миний биед гэмтэл учруулсан тул хамт яваад эмчилгээ хийлгээд өгөөч” гэхэд “наадахаа шалгуулах ёстой газраар нь шалгуул” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газарт өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Нармандахын өгсөн “Би ажил хийхээр 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид амрахаар, ажил хийхээр очсон. Тэгээд тэнд 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дуусаад явахаар болоод орой 17 цагийн үед юмаа хураагаад майхнаа хураах гээд явж байтал Баяртулга, Ариунболд нар нь явж босохдоо хамт ажиллаж байсан байж Билгүүнийг “хогоо ав” гээд Баяртулга хэлтэл “чадахгүй” энэ тэр гээд байсан, бүгдээрээ юмбарьчихсан байхад юмнаас нь авсангүй гээд тэр 2 хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд явах замдаа бие биенээ үгээр идээд хэрэлдэж байсан. Сүүлдээ тэр 2 Билгүүн барьж байсан усны саваа Баяртулга руу шидсэн. Би тухайн үед урд талд нь алхаж явсан. Тэгтэл гэнэт ард орилолдсон, тэгэхээр нь эргээд хартал Баяртулга газар уначихсан, Билгүүн дээр нь гарчихсан, Билгүүн нүүр рүү цохисон. Тэр үед Баяртулга нүүрээ хамгаалаад дараад байсан. Баяртулгын толгой хавьцаан суучихсан цохиж байсан. Намайг харах үед 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь би очоод салгасан юм. Тэр үед Баяртулга шүд хамраас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч У.Ариунболдын өгсөн “...Би ажил хийх гэж 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр очсон юм. Тэрэлжид зөөгчийн ажил хийсэн юм. Бид 4 Нармандах, Билгүүн, Баяртулга нар хамт явах гээд майхнаа хураагаад юмаа баглаж байсан. Тэгээд баглаад өөр өөрсдийнхөө юмыг аваад явах үед Билгүүн нь өөрийнхөө цүнх эд зүйлийг аваад мөн бусад юмаа авах үед Баяртулга Билгүүнд хандаж “Нармандахын барьж буй юмнаас дамжилчих” гэхэд Билгүүн дургүйлхээд “чадахгүй” энэ тэр гээд уурласан. Тэгээд бүгд барьж байхад гээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэр замдаа явах үед  Билгүүн явж байхад нь араас нь усны сав шидсэн. Баяртулга тэр үед уурлаад эргэж хараад “Чи яагаад байгаа юм бэ” гээд хацарт нь гараараа түлхэх маягтай хүрсэн. Тэгээд зөрүүлээд Билгүүн зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэр үед Баяртулга цохиулснаа арагшилж цохиулж байхдаа арагшаа газарт унасан. Газар унасны дараа Билгүүн нүүр рүү нь өвдөглөөд гараараа 4-5 удаа цохиод авах шиг болсон. Би барьж явсан юм аа буулгаж байсан учир цохиж байсныг нь анзаарч хараагүй. Өвдөгөөрөө нүүр рүү нь цохиж байхыг сайн харсан. Тэгээд очоод Нармандах бид 2 салгасан. Тэр үед Баяртулгын хамарнаас их хэмжээний цус гараад байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18-20 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №08 шэ/340 дүгээр:

  1. “Баяртулгын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний алимны доргилт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний салст, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 23 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 37 дугаар тал/

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Бигүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, мөн хохирогч А.Баяртулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Билгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Баатаржавын Билгүүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Билгүүнийг 130 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Билгүүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Билгүүг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч А.Баяртулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ