Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 126/ШШ2023/0184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 110 тоот танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл,

Хариуцагчийн төлөөлөгч: Л.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Б нарын хоорондын мал маллаж байсан байдлыг тогтоохоос татгалзсан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх Засаг даргын дэргэдэх Орон тооны бус байнгын зөвлөлийн дарга Л.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, гэрч С.Б, Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгч Ш.Ч-аас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд холбогдуулан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ш.Чулуунааг 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай шийдвэрээр ...иргэн Ш.Ч-ийн материал овог, нэрийн зөрчилтэй байгаа учир дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандан ажилласан жил болон материалын нэрийн зөрчлийг арилгуулах шаардлагатай гэж шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж, тус хэлтсээс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг хүргүүлсэн, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Ш.Чулуунаа нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1989 онд хоньчин, саальчнаар нэгдэл тартал ажиллаж байгаад хувийн малаа маллаж амьдарсан байдаг. Одоо 51 настай, малчнаар тэтгэвэрт гарах болзол хангасан боловч малын А дансны баримт дээр Ш.Б гэж бичсэн байдаг.

3.2. Ш.Ч нь айлын өргөмөл хүүхэд бөгөөд түүнийг төрүүлсэн аав, ээж түүнд Ч хэмээх нэр өгсөн. Дараа нь айлд өргөгдөхөд төрсний гэрчилгээг өгөөгүйгээс өргөж авсан аав, ээж нь Ш.Баасанчулуун хэмээн нэрлэн дуудсаар ирсэн байдаг. Гэвч түүний бүх бичиг баримт Ш.Ч бичигдсэн. Ш.Ч-ийн малын А данс дээр Ш.Б нэрээр бичсэн байдаг бөгөөд түүний бүтэн нэрийг сумынхан Ш.Чулуунаа гэж мэдэхгүй Бааска хэмээн дууддаг.

3.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. Уг өргөдөлд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай шийдвэрээр иргэн Ш.Ч-ийн материал овог, нэрийн зөрчилтэй байгаа учир дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандан ажилласан жил болон материалын нэрийн зөрчлийг арилгуулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн.

3.4. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд 12 дугаар сарын 5-ны өдөр гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. Ш.Ч-ийн мал маллаж байсан хугацааг нотлох баримт болох мал тооллогын А дансанд түүний нэр Ш.Б гэж бичигдсэн нь тухайн үеийн мал тооллого хийж байсан ажилтнуудын буруугаас түүний албан ёсны нэрийг буруу бичсэн байна. Албан ёсны бусад бичиг баримтуудад нэрийн ямар нэгэн зөрчилгүй.

3.5. Ш.Ч-ийн мал маллаж байсан байдлыг бусад нотлох баримтыг үндэслэн тогтоож өгөх боломжтой байтал овог нэрийн зөрчлийг малчны зөвлөлөөр тогтоож, тогтоол гаргах боломжгүй гэх үндэслэлээр мал маллаж байсан байдлыг тогтоож өгөхгүй байгаад гомдолтой байна. Өөөрөө хэлбэл тухайн үеийн бичиг баримтад Ш.Чулуунаагийн овог нэрийг зөрүүтэй бичигдсэн нь овог, нэрийн зөрчилтэй байна гэж үзэх үндэслэлгүй юм.

3.6. Иймд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ш.Чулуунааг 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоохыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд даалгаж өгнө үү гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

4.1. Нэхэмжлэгч нь 1999 оноос 2000 оныг дуустал мал маллаж байсан байдалтай холбоотойгоор сумынхаа Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд хандахад тухайн хугацаанд нэхэмжлэгчийг мал маллаж байсан гэж тогтоох боломжгүй гэх хариуг хэлсэн.

4.2. Иймд нэхэмжлэгч Ш.Ч-г 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоохыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд даалгаж өгнө үү гэв.

Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх Засаг даргын дэргэдэх Орон тооны бус байнгын зөвлөлийн дарга Л.Ч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

5.1. Иргэн Ш-ын Ч нь Баянзүрх сумын төв архиваас 2000 оны малын А дансыг өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбарын хамт бүрдүүлэн өгсөн. Малчны орон тооны бус зөвлөлөөр материалыг оруулж хуралдуулахад овог, нэрийн зөрчил буюу Ш.Б нэрээр бичигдсэн байсан тул малчны зөвлөлөөс 1999-2000 онуудын овог, нэрийн зөрчилтэй байгаа учир дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандан малчнаар ажилласан жил болон материалын нэрийн зөрчлийг арилгуулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн.

5.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор бталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 дугаар тушаалаар баталсан Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийг баримтлан малчин-даатгуулагчдад өндөр насны тэтгэвэр тогтоох ажлыг зохион байгуулдаг.

5.3. Даатгуулагчийн 1995 оноос хойш мал маллаж байсан хугацааг Зөвлөл хэрхэн шийдвэрлэж, тодорхойлох талаар;

Засгийн газрын 20018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т зааснаар зөвлөл нь даатгуулагчийн 1995 оноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нь малчнаар ажиллаж байсныг нотлох А данс үрэгдсэнээс олдохгүй болсон , эсхүл мөн хугацаанд ажил олгогчтой гэрээ байгуулан малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч уг хугацаанаас малчнаар ажилд тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ) гэрээ байхгүй тохиолдолд мал маллаж байсныг холбогдох баримтуудыг үндэслэн нотолж тодорхойлохоор заасан. Иймд эдгээр тохиолдлоос бусад асуудлыг Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхгүй.

5.4. Түүнчлэн Зөвлөлд өргөдөл гаргасан малчны иргэний үнэмлэх дээрх овог, нэр, Үндэсний стастистикийн хорооноос баталсан Мал, тэжээвэр амьтанд, хашаа, худгийн ... оны тооллого-ын жил бүрийн бүртгэл А данс дахь овог, нэр зөрсөн асуудлыг Зөвлөл шийдвэрлэхгүй. Уг асуудлыг холбогдох бүртгэлийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

5.5. Дээрх журмын дагуу Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх малчны ажилласан жил тогтоох Орон тооны бус зөвлөл иргэн Ш-ын Ч-ийн бүрдүүлсэн 2000 оны А данс овог нэрийн зөрчилтэй учир тухайн онд малчнаар ажилласан жилийг тогтоогоогүй болно гэжээ.

Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

6.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын Малчны тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл тодорхойлно гэж заасан байдаг боловч малчин иргэний овог, малын А данстай зөрөх юм бол малчнаар ажиллаж байсан байдлыг шийдвэрлэхгүй холбогдох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ гэж заасан учир уг журмыг үндэслэн шийдвэрлэсэн.

6.2. Миний зүгээс нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн байгууллага болон шүүхэд хандах шаардлагатай гэж хэлсэн боловч нэхэмжлэгч нь малчны зөвлөл шийдэж өгөөгүй гээд шүүхэд хандсан. Сая шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын тушаалыг нотлох баримтаар гаргаж өгч байх боловч энэ тушаал нь нэхэмжлэгчийг малчнаар ажиллаж байсан байдлыг тогтооход хамаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болонхавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай шийдвэрийг хүчингүй болгожШ.Ч-г 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

2.  Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Чулуунаагийн бүрдүүлж өгсөн материал болох 1999-2000 оны малын тооллогын А дансны бүртгэл нэрийн зөрчилтэй байгаа учир тус онуудад мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж үзсэн байна.

3.  Нэхэмжлэгчээс ...Ш.Ч-ийн мал маллаж байсан байдлыг бусад нотлох баримтыг үндэслэн тогтоож өгөх боломжтой байтал овог нэрийн зөрчлийг малчны зөвлөлөөр тогтоож, тогтоол гаргах боломжгүй гэх үндэслэлээр мал маллаж байсан байдлыг тогтоож өгөхгүй байгаа нь хууль бус... гэж, хариуцагчаас ...Малчны орон тооны бус зөвлөлөөр нэхэмжлэгчийн материалыг оруулж хуралдуулахад овог нэрийн зөрчил буюу Ш.Б нэрээр бичигдсэн байсан тул малчны зөвлөлөөс 1999-2000 онуудын овог нэрийн зөрчилтэй байгаа... гэж тус тус маргажээ.

4.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийгНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51.1-д Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар баталнаМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) тодорхойлно гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь иргэнийг малчнаар ажиллаж байсан хугацааг тодорхойлох эрх хэмжээтэй байна.

5.  Мөн журмын 3.5-д Зөвлөлийн ажиллах дүрмийг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийг баталсан байх бөгөөд уг дүрмийн 4.2-т Зөвлөл нь доор дурдсан эрхтэй, 4.2.1-д шаардлагатай тохиолдолд 1995 оноос хойш хугацаанд мал маллаж байсныг нотлох(шагналын болон малчин мэргэжлийн үнэмлэх, малын хөлийн татвар төлсөн ба ноосны урамшууллын гэх зэрэг баримт бичиг, фото зураг) нэмэлт баримт, мэдээллийг даатгуулагчаас болон лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулан авах гэж заажээ.

6.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч рүү холбогдож таны малчнаар ажиллаж байсан байдлыг нотлох өөр баримт байгаа эсэх талаар асууж байсангэх боловч үүнийгээ нотлосон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, мөн хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар болон баримтуудаас үзвэл хариуцагч нь дээр дурдсан дүрмэнд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

7.  Нөгөөтэйгүүр захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ талаар Захиргааны ерөнхий хуулиар тодорхой зохицуулсан болно.

8.  Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага ... цуглуулна гэж заасан бөгөөд уг заалтуудын дагуу хариуцагч нь даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохдоо ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулахоролцогчийг сонсох, тайлбар гаргуулахгэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулахшинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах зэрэг өргөн хүрээнд ажиллах боломжтой байна.

9.  Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журмын 4.2-т Энэхүү журмыг хэрэгжүүлэх аргачлал, зааврыг Нийгмийн даатгалын төв байгууллага баталж болно гэж зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/1424 тоот албан бичгээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт чиглэл хүргүүлсэн, уг чиглэлд ... Зөвлөлд өргөдөл гаргасан малчны иргэний үнэмлэх дээрх овог, нэр Үндэсний статистикийн хорооноос баталсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого-ын жил бүрийн бүртгэл (А дансдахь овог нэртэй зөрсөн асуудлыг Зөвлөл шийдвэрлэхгүй. Уг асуудлыг холбогдох бүртгэлийн байгууллагаар шийдвэрлүүлнэ ... гэж заажээ.

10.  Нэхэмжлэгчийн хувьд өөрийн мал маллаж байсныг нотлох баримт гэх овог нэр зөрсөн А дансыг хариуцагч байгууллагад гаргасан хүсэлтдээ хавсаргаж өгсөн байх бөгөөд хариуцагчаас уг чиглэлийг үндэслэж зөвхөн овог нэр зөрсөн А дансыг үндэслэн малчнаар ажилласан жилийг тогтоох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй ч дээр дурдсан хууль болон дүрэм, журамд заасан ажиллагааг хийлгүй шууд татгалзсан нь учир дутагдалтай, үндэслэлгүй байна.

11.  Харин нэхэмжлэгчийн ...Ш.Ч-г 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 4.1-д Зөвлөл нь доор дурдсан үүрэгтэй, 4.1.1-д Даатгуулагчийг тухайн сум, хорооны нутаг дэвсгэрт 1995 оноос хойш мал маллаж ... байсан эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх гэж заасан, өөрөөр хэлбэл, энэ нь захиргааны байгууллагад үүрэг бүхий сонгох боломжийг олгосон зохицуулалт юм.

12.  Дээрх зохицуулалтын дагуу хариуцагчаас хууль, дүрэм, журмаар тогтоосон нотлох баримт цуглуулах ажиллагааг хийж, нэхэмжлэгчийг мал маллаж байсан байдлыг нотлох баримтууд бүрдэх эсэхийг хянасны үндсэн дээр шийдвэрлэх нь захиргааны байгууллагын эрх бөгөөд хэрэв мал маллаж байсан байдлыг нотлох баримтууд хангалттай бүрдэхгүй тохиолдолд татгалзах эрх нь хариуцагчид байгаа болно.

13.  Дүгнэвэл, хариуцагчийн зүгээс хуульд заасан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийж, цугларсан материал нь нэхэмжлэгчийн мал маллаж байсан байдлыг тогтооход хангалттай эсэхийг нягталж шалгасны үндсэн дээр шийдвэрлэх эрх буюу сонгох боломжоо хэрэгжүүлээгүй байхад шүүхээс шууд мал маллаж байсан байдлыг тогтоохыг даалгах боломжгүй юм.

14.  Иймээс нэхэмжлэгчийн 1999-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоохоос татгалзсанхариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Чулуунаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай шийдвэрийг хүчингүй болгожШ.Ч-г 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчиддаалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлөөс 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР