Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/256

 

 

 

 

 

 2022             03             03                                        2022/ДШМ/256                                                             Т  M 546                                  МАЛАЛ

Я.А-т холбогдох                                                                                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,  

шүүгдэгч Я.А-, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06ы өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2106000001616 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Я-ын А-, Улаанбаатар хотод 1999 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “-” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хэсгийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Я.А- нь “-” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа цахимаар 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн эх С.Я-ын нэрээр 100,000 төгрөгийн, 04 дүгээр сарын 27-ны өдөр У.У-ы нэрээр 100,000 төгрөгийн, 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.Н-ын нэрээр 100,000 төгрөгийн зээл, 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.М /ЦД80080117/, 04 дүгээр сарын 17-ны өдөр С.М /ЦД76021414/, 05 дугаар сарын 02-ны өдөр М.Б /НЭ96072241/, 05 дугаар сарын 07-ны өдөр Э.С /ШУ95110311/, С.И /УК99111504/ гэсэн мэдээллийг хуурамчаар бүртгэж тус бүр 100,000 төгрөгийн зээл гаргаж өөртөө ашиглан, нийт 800,000 завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн үйлдсэн хэргийг мөрдөн байцаалтанд хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо тухайн үед нь төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж, амьдралдаа дахин давтахгүй гэдгээ амлаж байна. Тухайн үед мөнгө их хэрэгтэй байсан болохоор энэ үйлдлийг хийж гэмт хэрэгт холбогдсон. Ээж маань олон жил сувилагчаар ажиллаж байгаад сүрьеэ өвчний улмаас группт орсон. Ээжийнхээ эмчилгээ, сувилгаанд анхаарч амьдарч байсан. Ээжийн бие хүндэрч мөнгө шаардлагатай болж зээл гаргах өөрийн ажлын боломжийг ашигласан. Буцааж төлнө гэсэн бодлоор энэ гэмт хэргийг үйлдсэн. Ээждээ хэлээгүй. Өөрөө болгож байгаа мэтээр ойлгуулсан. Энэ миний буруу байсныг хожим ойлголоо. Ар гэрийн байдлыг харгалзан ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь сүрьеэ өвчтэй, одоо хорихын эмнэлэгт эмчлүүлж байгаа. Өвчин хурц үедээ байгаа. Мөн түүний эх хорих ял авахаас нь өмнө хэвтэрт орж, бусдын асаргаанд орсон. Шүүх хуралдаан болох үеэр хагалгаанд орсон. Одоо бие нь тааруу байгаа. Энэ байдлуудыг харгалзан үзээд хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Я.А-ын эх нь  арваннэгүүлээ бүгд ажил хийдэг. Торгуулийн ялыг төлөхөөр мөнгө цуглуулсан байгаа.  Түүнийгээ илэрхийлж надад бичиг хийж өгсөн” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Я.А- нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдэх үедээ “-” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ажлаасаа халагдсан талаарх баримтууд нь хэрэгт авагдсан. Шүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх, өөрийн нэр дээр хөрөнгөтэй эсэх талаар баримт ирүүлээгүй. Анхан шатны шүүхээс хохирлоо төлсөн, гэм буруугийн талаараа маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Я.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд, хохирогч “-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Т-гийн “... зээлийн эдийн засагч Я.А- нь албан тушаалаа урвуулан ашиглаж 8 хүний бүртгэл үүсгэн, тус бүр 100,000 төгрөгийн зээл гаргаж хувьдаа завшсан...” /хх 12-14/, гэрч С.Я-ын “... 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү маань “Ээж надад мөнгө хэрэг гараад таны нэр дээр 100,000 төгрөгийн зээл авчихсан шүү” гэж хэлж байсан...” /хх 105-107/, гэрч У.У-ы “...С.Я эгч залгаж хүү Я.А- нь хэрэгт холбогдсон талаар хэлээд, “Чиний нэр дээр зээл гаргасан байна. Эгч нь төлнө” гэхээр нь мэдсэн...” /хх 113-114/, гэрч Г.Н-ын “...Манай хамаатны Я.А- нь “-” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа миний нэрээр зээл авсныг нь сүүлд мэдсэн...” /хх 110-111/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Я.А-ын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 77-78/, эдийн засагчийн албан тушаалд томилсон шийдвэр /хх 23/, хөдөлмөрийн гэрээ /хх 24-27/, зээлийн жагсаалт, цахим бүртгэлийн хуулбар /хх 30, 32-46/, дансны хуулга /62-66/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Я.А- нь “-” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлийн хүсэлтийг бие даан судалж, шийдвэрлэх эрхээ ашиглан 2021 оны 04 дүгээр сарын 17-ноос 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд С.Я, У.У, Г.Н, Б.М, С.М, М.Б, Э.С, С.И гэх хүмүүсийн нэр дээр тус бүр 100,000 төгрөгийн зээл гаргасан мэт хуурамч мэдээллийг цахим программ дээр үүсгэж өөрийн дансаар нийт 800,000 төгрөг авч ашигласан болох нь нотлогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Я.А- нь зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа зээл авах хүсэлт, холбогдох баримтуудыг судалж, шийдвэрлэх эрхээ ашиглан нэр бүхий хүмүүсийн хувийн мэдээллийг ашиглах, хуурамчаар зээлдэгчийн мэдээллийг үүсгэх зэргээр зээл гаргаж хувьдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашигласан шинжтэй байх ба энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Я.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул давж заалдсан гомдлын дагуу ар гэрийн байдлыг харгалзан хорих ялыг торгох ялаар солих хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 06ы өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03ы өдрийг хүртэл 56 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН