| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2022/0019/З |
| Дугаар | 126/ШШ2023/0185 |
| Огноо | 2023-09-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 126/ШШ2023/0185
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж,Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдох Боржигон Б-ын Н /РУ73070904/-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Б.Н анх Газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Н-ын нэр дээр шилжүүлсэн захирамж гаргаж өгөхгүй байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Нямнордовын нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан.
1.2.Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, эвлэрэх саналдаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/61 дугаар захирамжаар С.М-д олгосон 50 га газраас 40 га газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх авч, 10 га газрын газар эзэмших эрхийг С.М-д үлдээх захирамж гаргаж өгөхийг хүссэн.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/61 дугаар Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай захирамжаар нэхэмжлэгч Энхжин С-ын М-д Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн Баянголын хөндийд нэгж талбарын 67110001509 дугаартай 50 га газрыг эзэмшүүлжээ.
2.2.Гэсэн атал С-ын М-д Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000715821 дугаартай гэрчилгээг бичиж олгохдоо нэгж талбарын 6711001508 дугаартай 585509,0 м2 газар олгов гэжээ.
2.3.Харин Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд С-ын М-ийн нэр дээр улсын бүртгэлийн Э-1710000195, нэгж талбарын 6711001508, гэрчилгээний 0000092929, гэрээний 06734-2018/00022 дугаартай, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалттай 500043 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ бүртгэлтэй байв.
2.4.Нэхэмжлэгч Б.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М нар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл Тосонцэнгэл сумын 2 дугаар баг, Баянголын хөндийд орших, 58599 мкв талбайтай тэжээлийн ургамлын зориулалттай газрын газар эзэмших эрхийг С.М-ээс Б.Н-т шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн.
2.5.Улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр С.М газар эзэмших эрхээ Б.Н-т шилжүүлэх, Б.Н нь газар эзэмших эрх шилжүүлэн авах өргөдөлд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд өгчээ.
2.6.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга дээрх газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнд бичигдсэн газрын хэмжээ захирамжаар олгосон газрын хэмжээнээс илүү бичигдсэн, алдаатай байгааг залруулсны дараа хүсэлтийг шийдвэрлэнэ гэж амаар хэлж С.М-с Б.Н-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй.
3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:
3.1.Нэхэмжлэгч Б.Н 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан. Хөвсгөл аймгийн Засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/1425 тоот албан бичгээр ... Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгчээ.
4.Эвлэрлийн талаар:
4.1.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар эвлэрч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/61 дугаар захирамжаар С.Мандирпэрэнлээд эзэмшүүлсэн 50 га газраас 40 га газрын газар эзэмших эрхийг Б.Н-т шилжүүлж, 10 га газрын газар эзэмших эрхийг С.Мд үлдээж шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон.
4.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/61 дугаар захирамжаар С.М-д эзэмшүүлсэн 50 га газраас 40 га газрын газар эзэмших эрхийг Б.Нямнордовт шилжүүлж, 10 га газрын газар эзэмших эрхийг авч үлдэхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ... хариуцагчтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1. ... нэхэмжлэгчтэй эвлэрэх, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж ... шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болно гэж тус тус заасан.
7.Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд тохиролцсон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/61 дугаар захирамжаар С.М-эд эзэмшүүлсэн 50 га газраас 40 га газрын газар эзэмших эрхийг Б.Н-т шилжүүлж, 10 га газрын газар эзэмших эрхийг С.Мандирпэрэнлээд үлдээж шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндөөгүй байна.
8.Тодруулбал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасанд дээрх эвлэрэл нийцсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг дараах байдлаар тодорхойллоо.
9.1.Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд С-ын М-ийн нэр дээр улсын бүртгэлийн Э-1710000195, нэгж талбарын 6711001508, гэрчилгээний 0000092929, гэрээний 06734-2018/00022 дугаартай, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалттай 500043 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Нт 40 га, гуравдагч этгээд С.М-д 10 га газар ногдохоор, газар эзэмших эрхийн өмнөх гэрчилгээнд заасан хугацаанаас үлдэж буй хугацаагаар захирамж гарган шилжүүлэхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгалаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч Б.Н, хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга нарын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/61 дугаар захирамжаар С.М-д эзэмшүүлсэн 50 га газраас 40 га газрын газар эзэмших эрхийг Б.Н-т шилжүүлж, 10 га газрын газар эзэмших эрхийг С.М-д үлдээж шийдвэрлэх нөхцлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан С-ын М-ийн эзэмшиж буй улсын бүртгэлийн Э-1710000195, нэгж талбарын 6711001508, гэрчилгээний 0000092929, гэрээний 06734-2018/00022 дугаартай, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалттай 500043 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Н-т 40 га, гуравдагч этгээд С.М-д 10 га газар ногдохоор, газар эзэмших эрхийн өмнөх гэрчилгээнд заасан хугацаанаас үлдэж буй хугацаагаар захирамж гарган тус тус шилжүүлэхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газраас 56160 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ