Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00487

 

Ж.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00096 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭТТ” ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Нандин-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Сарантуяа

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ариунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Т нь “ЭТТ” ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан менежер албан тушаалд 2014 оны 4 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон, 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон. Миний бие 2018 оны 6 сарын 05-ны өдөр ажилдаа очиход уурхайн цанхийн зүүн уурхайн хөрсний 2 дугаар овоолго дээр 2018 оны 5 сарын 04-ний өдөр гарсан үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь нас сүйдсэн. Үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажлыг хариуцсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүй, ослоос үүдэн иргэн, байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан зэргийг харгалзсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3.4, 10.3.12, хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 5.2.2, 5.3.2, 11.1.3, 11.5.5, хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6, 4.2.4, 4.2.9, 5.1.3, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гол үйл ажиллагааны 1.4, 1.8, 1.10, 1.14, 2.1 дэх хэсгүүд, 2018 оны 5 сарын 06-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг тус тус үндэслэн сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаалыг танилцуулсан. Миний бие ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь хангалттай биелүүлсэн бөгөөд дээрх үйлдвэрлэлийн осолд миний буруутай үйл ажиллагаа байгаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Т-ын “ЭТТ” ХК-д холбогдох ажлаас буруу халагдсан тухай нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Ажил олгогчоос ажлын байранд тавих хяналтыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх шаардлагын тухайд уурхайн үйл ажиллагаа нь тасралтгүй 24 цаг явагддаг онцлогтой хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Ажил олгогч өдөр тутам, тухай бүр хяналт тавих боломжгүй учраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжид нийцүүлэн компанийн үйл ажиллагаатай уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бий болгох, уурхайн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоог Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйл, 27.2 ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж заасны дагуу баталсан. Энэхүү орон тоонд Ж.Т-ыг гүйцэтгэх захирлын 2014 оны 4 сарын 17-ны өдрийн Б/176 тоот тушаалаар уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер, гүйцэтгэх захирлын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах мэргэжилтнээр авч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулснаар байгууллага ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Осолдогч Ц.Ариунболдын ажлын байрны онцлог, ажиллах орчин нөхцөл хэвийн бус хүнд бөгөөд ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор ажил олгогчийн шууд, байнгын хяналтын дор байх онцгой ажлын байр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 3.1.9 юм. Тийм ч учраас Ж.Т-ыг компанийн нийт ажилтны эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, энэ чиглэлийн бүхий л үйл ажиллагаа, мэргэжилтнүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах ахлах мэргэжилтнээр ажиллуулсан. Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах мэргэжилтэн Жигдэнгийн Төрбатыг гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 25-ны өдрийн 6/165 тоот тушаалаар ажлаас халахдаа компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн ажлаас халсан бөгөөд хэрэв Ж.Т нь үндсэн үүрэгт ажлаа холбогдох дүрэм журмын дагуу зөрчил дутагдалгүй гүйцэтгэсэн бол эрдэнэт хүний амь нас хохирохгүй байсан. Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. ХАБЭАБО-ны ахлах мэргэжилтэн доорх үүргийг биелүүлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-д заасан дүрэм, журам, заавар зөрчигдсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2, 1.4, 1.8, 1.10, 1.14, 2.1-д зааснаар Ж.Т тай байгуулсан 2016 оны 11 сарын 01-ний өдрийн ЭТТ-125 дугаар хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3, 27.3.3-т заасан үүрэгтэй байсан. Үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх үүрэгтэйгээр 4 800 000 төгрөгийн цалин хөлс авч, энэ ажлыг хариуцсан ХАБЭАБО-ны ахлах мэргэжилтэн Ж.Т нь үндсэн үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй авсан, түүний ажил үүрэг тодорхой үр дүнд хүрээгүй тул “ЭТТ” ХК-ийн цанхийн зүүн уурхайд 5 сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож амь нас нь эрсэдсэн үйлдвэрлэлийн ноцтой осол болсон нь доорх баримтаар нотлогдож байна. Тус осолтой холбогдуулан Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Очирхуягийн 2018 оны 6 сарын 08-ны өдрийн 16/06/189/13 дугаартай дүгнэлт, уурхайн дарга Д.Чинбатын 2018 оны 5 сарын 04-ний өдөр баталсан ослын судлан бүртгэх комиссын удирдамжийн дагуу ажлын хэсэг ажиллан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2018 оны 5 сарын 06-ны өдрийн акт, үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын 2018 оны 5 сарын 07-ны өдрийн ажлын тайланд зааснаар хариуцлагатай ажилласан бол осол гарахгүй байх боломжтой байсан. Бүтэн ээлжийн хугацаанд осол болсон ажлын байранд осол гарч болзошгүй зөрчил байгаа эсэхийг хянаж олох, илрүүлэх ажлыг зөвхөн нэг удаа хийснийг компанийн удирдлага, мэргэжлийн байгууллагаас хангалтгүй гэж үзэж байгаа, техник нь бүрэн бүтэн эсэх, ажилтных нь эрүүл мэнд ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байгаа эсэхийг ажлын байранд тогтмол хянах, ажиглалт хийх, соргогоор мэдэрч ажиглах мэргэжлийн нарийн ур ухаан, арга барилаар ажиллах үүрэгт ажлаа хийгээгүй учраас ажилдаа хариуцлагагүй хандсан. Дээрх эс үйлдлээс шууд шалтгаалан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүйгээс ажилтан нас барсан, товчдоо ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай аваагүй эс үйлдэхүй осол бусдын амь нас хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болно. Үүнээс улбаалан компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 07-ны өдрийн Б/121 дугаар Ц.Ариунболдын ар гэрт буцалтгүй тусламж олгох тухай тушаалаар 15 сая төгрөг олгосон бөгөөд компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан нь түүний үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажил үүрэгтэй салшгүй холбоотой. Энэхүү ослоос үүдэн эрдэнэт хүмүүний амь нас сүйдэж, цаана нь ар гэр, үр хүүхэд нь өнчирч байгаа эрсдэл үр дагавар нь төрөөс баримтлаж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ гэсэн төрийн бодлого, бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомж зөрчигдсөн. Тэрээр 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хариуцсан ажилдаа хайнга хандсан тул гүйцэтгэх захирлын 2017 оны 6 сарын 13-ны өдрийн Б/251 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байсан. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаагүй тул хуулийн хүчинтэй хугацаанд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасан сахилгын шийтгэлтэй хугацаанд сахилгын зөрчил дахин давтан гаргасан. Энэ нь ХАБЭАБО-ны ахлах мэргэжилтнийг ажилдаа хэр хариуцлагатай хандаж байсныг харуулж байгаа баримт факт. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2, 11.1.3, 11.5.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээ, ажилтны ёс зүйн журмыг ноцтой болон давтан зөрчсөн болох нь тогтоогдсон, Хөдөлмөрийн гэрээний 5.1.3, 4.2.9, 4.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах мэргэжилтэн Жигдэнгийн Төрбатыг гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 25-ны өдрийн 6/165 тоот тушаалаар ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.1, 28.2.3-т зааснаар хариуцагч бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргасан. Мөн Ж.Т нь “ЭТТ” ХК-ийн цанхийн зүүн уурхайд 5 сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож хүний амь нас эрсэдсэн үйлдвэрлэлийн ноцтой осол болсон өдөр ажиллаж байсан нь ХАБЭАБО-ны хэлтэс 5 сарын ажлын цагийн бүртгэлийн АЮ77120115 регистрийн дугаартай Жигдэн Төрбат 12 гэж тэмдэглэгдсэнээр нотлогдож байна. Иймд иргэн Ж.Т-ын ажлаас буруу халагдсан тухай “ЭТТ” ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж.Т-ыг “ЭТТ” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “ЭТТ” ХК-иас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23 200 000 төгрөгийг гаргуулж Ж.Т-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ж.Т-ын ажилгүй байсан 2018 оны 5 сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “ЭТТ” ХК-ийн удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 273 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан, оролцогч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал шүүх хуралдаан дээр энэхүү үйлдвэрлэлийн ослыг цагдаа, прокурорын байгууллага эрүүгийн журмаар шалгасан, осол педаль дээр байсан савтай уснаас болсон, түүнийг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн шалгаагүй, жолооч ажилдаа согтуу гарсан зөрчлийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Т өөрөө болон доод албан тушаалтанаар шалгуулаагүй, мэдээгүй гэж тайлбарласан. Шүүх хэргийн оролцогчийн дээрх тайлбар, мэдүүлгийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэсэн заалтын дагуу шүүгч шүүх хуралдааныг хойшлуулах арга хэмжээ авалгүй, эрүүгийн журмаар хэрхэн шийдвэрлэж, юу тогтоогдсон болохыг нотлох баримтаар тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн үйлдэл болсноос гадна хөдөлмөрийн харилцааны зөрчлийн талаар тодруулаагүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан хүсэлтдээ "ЭТТ" ХК-ийн туслан гүйцэтгэгч буюу үйлдвэрлэлийн осол болсон тухайн өдөр манай компанийн ажилтнаар олборлолтын ажил хийлгэж байсан, эрүүл ахуйн хөдөлмөр хамгааллыг давхар хариуцаж байсан "Ти ти жи ви си өү" ХХК-ийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д заасан эрхийн дагуу мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг үндэслэн шүүхэд гаргасан боловч шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн аваагүй үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д "Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн "Ти ти жи ви си өү" ХХК-ийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татах хүсэлтийг хангаж шийдээгүй атлаа шүүхийн шийдвэртээ ... шууд удирдах ажилтан нар нь "Ти ти жи ви си өү" ХХК-ийн ажилтан нар, түүнчлэн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэг нь "Ти ти жи ви си өү" ХХК ... гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг гуравдагч этгээдээр татаагүй атлаа ийнхүү дүгнэж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх "... ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд заасан үндэслэл тогтоогүй"... гэж үзэж шийдвэрээ гаргасан. Энэ нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэнтэй шууд холбоотой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтыг шүүх зөрчсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Т-ыг ажлаас чөлөөлөх хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... гэсэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хуулийн заалт юм. Тэрээр урьд нь 2017 оны 6 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хангаж ажиллаагүй, хариуцсан ажилдаа хайнга хандан зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/251 дугаар тушаалаар түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2005 оны 33 дугаар тогтоолоор "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Мөн давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж тайлбарласан бөгөөд өмнөх сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийг тайлбарласан тогтоолд "Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна" гэж заасан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Т нь үйлдвэрлэлийн осол болсон тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хяналт тавих, шалгалт хийх, доод албан тушаалтан болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн бусад мэргэжилтэн, эмч нараар шалгуулах ажлыг зохион байгуулаагүй тул тэрээр хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгээгүй гэм буруутай эс үйлдэл гаргасан. Эс үйлдэл нь тухайн хүн өөрийн хийх ёстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан үйлдлийг хийгээгүйгээс бусдад аюултай хор уршиг бий болгосон байхыг ойлгодог. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Т  нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн аюул эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, хяналт тогтоох, ХАБЭА-ын үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг тооцох, компанийн үйл ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжид аюулгүй байдалд хяналт тавих, компанийн нийт ажилтны эрүүл мэнд, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, оператор буюу гэрээт олборлогч үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүй эс үйлдэл гаргасан нь эрдэнэт хүний амь нас эрсдэх нөхцөл байдалд хүргэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ажилтан бүр үйлдвэрлэлийн осол гаргахгүйн төлөө ажиллах үндсэн үүрэгтэй байдаг. Ж.Т нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст харьяалагддаг. Тус хэлтсийн мэргэжилтэн, эмч гээд 10-д хүнийг удирдан ажиллаж байсан атлаа тухайн өдөр оператор согтуу ажилдаа гарсныг, машины хаазны педальд усны сав байршуулсныг илрүүлээгүй, огт шалгаагүй, ахлахын хувьд шалгалт хийгээгүй орхигдуулсан, ажлын нийт цагт шалгалтыг зөвхөн 1 удаа хийлгэснийг мэргэжлийн байгууллага буруутгаж байхад шүүх буруу биш гэж дүгнэсэнд харамсаж байна. Тухайлбал Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баасанбатын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот мэдэгдэл. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Очирхуягийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 16/06/189/13 дугаартай дүгнэлт. Уурхайн дарга Д.Чинбатын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр баталсан Ослын судлан бүртгэх комиссын удирдамжийн дагуу ажлын хэсэг ажиллан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн акт, үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ажлын тайлан зэргээр нотлогдож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны асуудлыг хариуцан ажиллаж байсан ахлах мэргэжилтнийг шүүх үйлдвэрлэлийн осолд хяналт тавих үүрэггүй байсан гэж дүгнэсэн нь шүүх тухайн ажилтны үйлдвэрлэлийн осол гаргахгүйн төлөө ажиллах үндсэн үүргийг ойлгоогүй байна гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 2.4-д “...Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд "хөдөлмөрийн сахилгын хариуцлага", "сахилгын зөрчил" гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна ..." гэсэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Т нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан аюул эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, хяналт тогтоож арилгах тогтолцоог бий болгох, ХАБЭА-ын үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг тооцох, компанийн үйл ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжид аюулгүй байдалд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, компанийн нийт ажилтны эрүүл, аюулгүй ажпын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, энэ чиглэлийн бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллах, оператор буюу гэрээт олборлогч үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, үйлдвэрлэлийн осол болсон тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хяналт тавих, шалгалт хийх хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэн нас барсан, товчдоо ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай аваагүй эс үйлдэхүй, осол, бусдын амь нас хохирсон тохиолдол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байхад шүүхээс холбоогүй гэж үзсэнд харамсаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах мэргэжилтэн Ж.Т-ыг гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6/165 тоот тушаалаар уурхайн цанхийн хөрсний 2 дугаар овоолго дээр 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь нас сүйдсэн. Үүнд үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажлыг хариуцсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүй, ослоос иргэн байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан, түүнчлэн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/251 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, компанийн дүрмийн 10.3.4, 10.3.12, хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 5.2.2, 5.3.2, 11.1.3, 11.5.5, хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6, 4.2.4, 4.2.9, 5.1.3, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гол үйл ажиллагааны 1.4, 1.8, 1.10, 1.14, 2.1 дэх хэсгүүд, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг тус тус үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүхээс үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00096 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.         

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Т-ыг “ЭТТ” ХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/165 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын холбогдох хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтний ажил, албан тушаалаас чөлөөлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 3, 27 дугаар тал/

Хариуцагч татгалзалдаа “ЭТТ” ХК-ийн Цанхийн зүүн уурхайд 2018 оны 5 сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож амь нас нь эрсэдсэн нь нэхэмжлэгчийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаныг нотолж байх тул түүнийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэл болсон гэх боловч нэхэмжлэгч Ж.Т-ыг ажил үүрэгтэй нь холбогдуулж тухайн үйлдвэрлэлийн осолд буруутгаж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна. /1 дүгээр хх-ийн 32-33 дугаар тал/

2017 оны 5 сарын 7-ны өдрийн үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын ажлын тайлан, 2018 оны 5 сарын 06-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 6 сарын 08-ны өдрийн дүгнэлтээр нас барсан авто ачигчийн оператор Ц.Ариунболдыг 2018 оны 5 сарын 04-ний өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож нас барсаныг үйлдвэрлэлийн осол гэж үзсэн бөгөөд осол гарсан байх нөхцөлүүдийг тодорхойлсноос бус ажилтан Ж.Т-ыг тухайн осолд буруутай эсэхийг тогтоогоогүй байна. /1 дүгээр хх-ийн 57-62 дугаар тал/

Түүнчлэн үйлдвэрлэлийн осол болсон 2018 оны 5 сарын 04-ний өдөр авто ачигчийн операторыг ажилд гарахад нь ажил тус бүрээр зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Т-ыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /1 дүгээр хх-ийн 110 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Ж.Т-ыг “ЭТТ” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 23 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “Ти ти жи ви си өү” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Ж.Т-ын нэхэмжлэлтэй “ЭТТ” ХК-д холбогдох иргэний хэрэг нь “Ти ти жи ви си өү” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байх тул тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т  нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 88 хоног ажилгүй байсан хэмээн тодорхойлсон бөгөөд 2018 оны 3 дугаар сард 5 765 114 төгрөг, 4 дүгээр сард 5 767 614 төгрөг, 5 дугаар сард 10 812 160 төгрөг, нийт 3 сарын цалин 22 344 888 төгрөг авч байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. Үүнээс тооцвол 1 сарын дундаж цалин 7 448 296 төгрөг, 1 өдрийн дундаж цалин /7 448 296 / 21,5 хоног/ 346 432 төгрөг, нийт /346 432 х 88/ 30 486 016 төгрөг шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгч 23 200 000 төгрөгийг шаардсан тул шүүх дээрх хэмжээгээр тооцож хариуцагчаас 23 200 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                          ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                                                                                                           Г.ДАВААДОРЖ