Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0856/з |
Дугаар | 176 |
Огноо | 2018-04-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 176
Т.Ц-гийн нэхэмжлэлтэй,
АТГ-т холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0922 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0111 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Нэхэмжлэгч Т.Ц-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг, З.Энхтайван,
Хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг, З.Энхтайван нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0922 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэгч Т.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0111 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг, З.Энхтайван нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0111 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна
4. Магадлалд “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээс үзэхэд хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, түүнийг урд эрхэлж байсан Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнаар буцаан томилуулахаар маргасан байхад, маргаж байгаа үндэслэлийг тал бүрээс нь судлалгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
5. Зүй нь анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалтай холбогдуулж, нэхэмжлэгчийн маргаж буй Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтны албан тушаалд томилсон Д.Бат-Оргилыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ”Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна" гэж заасны дагуу гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар байжээ. ...Т.Ц-г томилохгүй байх үндэслэлийг тодруулах нь ач холбогдол бүхий байна...” гэжээ
6. Нэхэмжлэгч тал гомдлын шаардлагынхаа хууль зүйн үндэслэл гэж үзэж байгаа 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 16 тоот гэрээ болох “Ажиллаж байгаа байгууллага, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-ний 1 дэх хэсгийн 1.3-т “энэхүү гэрээг нэг талаас Авлигатай тэмцэх газрыг төлөөлж, Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням болон нөгөө талаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 120 дугаар байр, 45 тоотод оршин суух ФА85021608 регистрийн дугаартай Түмэнгийн Цолмон нь, ХБНГУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын Оснабуркийн Их сургуулийн “Сайн засаглал, нийгмийн бодлого” магистрын хөтөлбөрт хамрагдан 2,5 жил суралцан, тогтоосон хугацаанд амжилттай төгсөж ирээд АТГ-т 2-оос доошгүй жил ажиллах болзлын дагуу тус гэрээг байгуулж байна”, 2 дахь хэсгийн 2.2-т “...суралцагчийг заасан хугацаанд сургуулиа амжилттай дүүргэн, эх орондоо ирэхэд нь тус гэрээний дагуу ажилд авч 2 буюу түүнээс дээш жил ажиллуулна”, 3 дахь хэсгийн 3.1-д “Суралцагч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн АТГ-тай хийсэн гэрээний дагуу заасан хугацаанд .... суралцаж, төгсөж ирээд 2 жил гэрээнд заасан байгууллагад ажиллана” гэж заажээ. Дээр дурдсанаас үзэхэд АТГ- Т.Ц- нарын байгуулсан гэрээнд “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилж ажиллуулна” эсвэл “...Т.Ц-гийн эрхэлж байсан ажил албан тушаалыг хэвээр хадгална” гэсэн талуудын тохиролцоо, түүнийг баталгаажуулсан заалт огт байхгүй юм.
7. Т.Ц-г Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон үндэслэлээр захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлнө” гэж заасныг баримтлан төрийн албанаас түр чөлөөлсөн. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, ...төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж хуульчилсныг, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 1 дэх хэсгийн 1.2-т “Энэхүү журмын зорилго нь төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан хүний нөөцөөр нөхөн хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино”, 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.1-т “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ...гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон, ...мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, мөн журмын “Дөрөв” дэх хэсэг /Нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа/-ийн 4.2-т “Энэхүү журмын 2.2.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэсэн заалтуудаас үзэхэд одоогоор нэхэмжлэгч Т.Ц- нь Авлигатай тэмцэх газрын төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байгаа бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд томилогдох эрх нь нээлттэй байна.
8. Анхан шатны шүүх дээрх байдлыг хянан үзээд “Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2-т тус тус зааснаар Т.Ц- АТГ-т мэргэжилтнээр ажиллаж байхдаа төрийн тусгай албан тушаалыг эрхэлж, төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамаарч байсан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна" гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон гэсэн үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх, төрийн албаны нөөцөд байх, улмаар төрийн албанд буцаан томилогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 17 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байна.
9. Иймд энэ харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахгүйн дээр ...төрийн жинхэнэ албан хаагч 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн үед түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдахгүй, энэ үндэслэлээр чөлөөлөгдсөн үед түүний ажлын байрыг сул орон тоо гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар нөхнө. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “гурван сараас дээш хугацаагаар бэлтгэгдэх болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч Т.Ц- нь мөн зүйлийн 23.5-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн нөөцөд бүртгэгдсэн бөгөөд түүний төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хүчин төгөлдөр байх нь...” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байна.
10. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Ц-гоос гаргасан гомдлын шаардлагын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэрэгт ач холбогдол бүхий бусад үйл баримт, нөхцөл байдлыг хянан үзэж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны төв байгууллагаас тогтоосон үндэслэл, журмыг баримтлан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байхад Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сайтар хянаж үзэлгүйгээр “...Т.Ц-г урьд эрхэлж байсан Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнаар буцаан томилуулахаар маргасан байхад, маргаж байгаа үндэслэлийг тал бүрээс нь судлалгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль бус буюу үндэслэлгүй байна.
11. Авлигатай тэмцэх газраас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.3.5 дахь заалтыг удирдлага болгон 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан сул орон тоог нөхсөнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, тус байгууллагад ажиллаж байгаа буюу тамгын хэлтсийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан Д.Бат-Оргилын өөрийнх нь хүсэлтээр Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст гарсан сул орон тоонд томилсон нь хууль ёсны шийдвэр юм. Энэ сул орон тоо нь хуульд заасан үндэслэлээр хэвээр хадгалагдаж байгаа орон тоо биш юм.
12. Гэтэл Т.Ц-г төрийн албанаас түр чөлөөлөхөд ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалт Төрийн албаны тухай хууль болон 16 тоот гэрээнд ч заагаагүй талаар дээр тодорхой бичсэн. Иймээс ч Д.Бат-Оргил нь Т.Ц-гийн ажиллаж байсан, хууль тогтоомжийн дагуу хэвээр хадгалагдаж байгаа ажлын байранд томилогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй юм. Иймд Д.Бат-Оргилыг хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй болох нь харагдаж байна.
13. Т.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан үед тус байгууллагын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст төрийн жинхэнэ албан тушаалын 1 сул ажлын байр байсан нь, энэ ажлын байранд томилохоор Т.Ц-той холбогдоход 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирэх тухайгаа мэдэгдсэн нь, 08 дугаар сарын 31-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн даргатай ирж уулзсан нь, дээрх ажлын байранд Тамгын хэлтсийн Олон нийттэй харилцах ажил хариуцсан ажилтан Д.Бат-Оргил 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шилжин ажиллах хүсэлт гаргасан нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэн, хэргийн цаг хугацааны харилцан хамаарал болон бусад нөхцөл байдлуудыг шинжилж шийдвэрээ гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
14. Магадлалд “...Д.Бат-Оргилыг Төрийн албаны тухай хууль заасан дотоод нөөцөөс нөхөх болох хэдий ч энэ талаар Төрийн албаны зөвлөлд санал хүргүүлсэн ...үндэслэлийг тодруулах нь ач холбогдох бүхий байна" гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах” үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, нөхөх дарааллыг тодорхой хуульчилсан байх бөгөөд ийнхүү сул орон тоог 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас сонгон нөхөхөд Төрийн албаны зөвлөлд ямар нэг санал хүргүүлж, шийдвэрлүүлэх зохицуулалт хуульчлагдаагүй байхад давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
15. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0111 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 28/ШШ2017/0922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
17. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Ц- нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтад тэнцэж, Оснабуркын Их сургуулийн магистрын хөтөлбөрт 2,5 жил суралцах болсноор тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлсөн, нөөцөд бүртгэлтэй байгаа, мөн өөрийнх хүсэлтийг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан” 16 дугаар гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргасан зэрэг үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.
18. Харин “...нэхэмжлэгчээс ...гэрээний 2.2-т “суралцагчийг ...эх орондоо ирэхэд нь тус гэрээний дагуу ажилд авч, 2 буюу түүнээс дээш жил ажиллуулна” гэж заасныг үндэслэн ажлаар хангах гэрээний үүргээ биелүүлээгүй, ...сул орон тоо байсан...” гэж, хариуцагч нь “...сул олон тоо гараагүй, ...гэрээний заалтыг хуульд нийцүүлж хэрэгжүүлэх ёстой...” гэж маргажээ.
19. Төрийн жинхэнэ албан хаагч нь 3 сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон нь түүнийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөн, “төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох” үндэслэл болохыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсгүүдэд тодорхой заажээ.
20. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол ...мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр ... түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, 4.2 дахь хэсэгт “ ... 2.2.1 ...-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэсэн зохицуулалттай байна.
21. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.Ц- нь сургалтаа дуусгахаас өмнө 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргах үед Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст ажлын байрны нэг сул орон тоо гарсныг хариуцагч үгүйсгээгүй болно.
22. Захиргааны байгууллага уг орон тоог нөхөхдөө Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ажилтан Д.Бат-оргилын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан шилжин ажиллах тухай хүсэлтийг үндэслэн түүнийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнаар шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа ...төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасантай нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм.
23. Учир нь, Т.Ц- нь урт хугацааны сургалтад хамрагдан, төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөс үүсэх үр дагавар, хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой асуудал нь зөвхөн дээрх хууль болон журмаар зохицуулагдах бөгөөд нэхэмжлэгчийн хувьд “нөөцийн бүртгэл” нь одоог хүртэл хүчинтэй байна.
24. Иймээс нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон маргаж байгаа гэрээ нь дээрх хууль, журамд нийцэж хэрэгжих учиртайг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, “...түүний ажлын байр нь суралцах хугацаанд хадгалагдан үлдэнэ...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
25. Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15-д “Төрийн албаны төв байгууллага нь ...нөөцийн нэгдсэн санг эрхэлж, ...сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын “Зургаа” дахь бүлэгт “Нөөцөөс нэр дэвшүүлэх” журмыг зохицуулсан, 6.2.2-т ”...журмын 2.2.1-2.2.4-т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс ...холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх”, 7.3-т “Нөөцийн санд бүртгэлтэй иргэн төрийн жинхэнэ албан тушаалын зарлагдсан сул орон тоонд ажиллах хүсэлтээ холбогдох Зөвлөлд гаргах эрхтэй” гэж тус тус заасан байна.
26. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Т.Ц-гийн суралцах хугацаа дуусаагүй, нөөцийн бүртгэлд байх үед нь гарсан ажлын байрны сул орон тоонд “...Т.Ц-г томилоогүй...” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
27. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн, холбогдох хууль, журамд нийцээгүй дүгнэлт хийсэн, нотлох баримтууд хангалттай бүрэн байхад хэрэгт хамааралгүй, шаардлагагүй нотлох баримт бүрдүүлэхийг зааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.
28. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
29. Шүүхийн энэ тогтоол нь нэхэмжлэгч Т.Ц-гийн ажлын байрны сул орон тоо гарсан үед нөөцийн бүртгэлээс нэрээ дэвшүүлж, тухайн ажлын байранд томилогдон ажиллах эрхийг хязгаарлахгүйг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/2018/0111 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ