Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/MA2017/0460

 

 

 

 

 

                                                                    

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар0221/МА2017/0460

Улаанбаатар хот

 

 

 

Н.Анандын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ц.Нямсамбуугийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Н.Ананд нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Н.Анандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсамбуугийн нэхэмжлэлтэй, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Н.Анандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсамбуу 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга Д.Тогтохбаярын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож Н.Анандыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох, ажигүй байсан хугацааны нөхөн олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцачид даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.3.2-д заасныг баримтлан иргэн Н.Анандын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрын Газар зүй мэдээлэл, усны дэд сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Анандын захиргааны чөлөө дууссан өдрөөс хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг ажлын байрны тодорхойлолтонд заасан ангилал шатлалын дагуу тооцож цалинтай тэнцэх олговрыг Н.Анандад олгохыг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанд даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Увс нуур-Тэс голын сав газрын захиргаанд Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Ананд нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр магистрын сургалтад суралцах болсон шалтгаанаар 2 жилийн чөлөө олгох хүсэлт гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтний үүрэгт ажлаас түр чөлөөлсөн болно. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсэгт зааснаар гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болж төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нь уг хуулийн 23.5-д зааснаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 2.2-д нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэгт 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэжээ.

Энэ нь Н.Анандын хувьд 2 жилийн чөлөөний хугацаанд хэзээд ирсэн ч ажилд эргэн орох эрхтэй гэсэн үг биш юм. Учир нь Н.Ананд нь төрийн албанаас түр чөлөөлөгдөж нөөцөд бүртгэгдсэнээс ажлын байр хадгалагдах ёстой гэсэн ойлголт биш гэж үзэж байна.

Мөн Н.Ананд нь чөлөө авсан үндсэн зорилго буюу МУИС-ийн Газарзүй геологийн сургуулийн байгаль орчныг зайнаас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн системийн ангийн магистраа хамгаалаагүй.

Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай 62 дугаар тогтоолын 3.3-д “Төрийн албан тушаалын сул орон тоо гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 23.3-д заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн тохиолдлыг тооцно” гэжээ. Эндээс харахад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Н.Анандын ажлын байрны сул орон тоо гарсан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулж нөхнө” гэж заасны дагуу төрийн албаны салбар зөвлөлд санал тавьж нөөцөөс санал болгосон хүнийг томилсон. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн тохиолдолд тухайн ажлын байр суларсан байхыг хэлнэ. Н.Анандын хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлын байрны сул орон тоо гарсныг эзгүй байгаа албан хаагчид хамааруулж үзэхгүй юм.

Эзгүй албан хаагч гэдэгт ээлжийн амралт эдэлж байгаа, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, албан томилолтоор ажилласан, түр хугацаагаар сургалтад хамрагдсан, эдгээртэй адилтгах бусад шалтгааны улмаас албан үүргээ түр хугацаагаар гүйцэтгээгүй этгээд хамаардаг. Эдгээр тохиолдолд ажлаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд Н.Анандын ажлын байр хадгалагдах боломжтой байсан.

Иймд Н.Анандыг Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны Газарзүйн мэдээллийн систем, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилох боломжгүй тул Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т төрийн албанаас түр чөлөөлөгдсөн албан хаагч нь уг хуулийн 23.5-д заасны дагуу төрийн албаны нөөцөд байгаад тооцогдохоор, мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны нөөц бүрдүүлэх журмын 2.2-т нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэгт 3 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөд байгаад тооцохоор тус тус хуульчлан журамлажээ.

Нэхэмжлэгч Н.Анандын хувьд Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар МУИС-ийн магистрын сургалтад суралцах болсонтой холбогдуулан Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны Газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр дээрх хууль, журамд заасны дагуу төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуульд зааснаар ажил олгогч нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн албан тушаалтны ажлын байрыг хадгалах, өөрөөр хэлбэл чөлөөний хугацаа дуусмагц тухайн албан тушаалтныг эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилох үүргийг хүлээхгүй.

Харин сул орон тоо гарсан тохиолдолд түүнийг нөөцөд байгаа албан тушаалтнаас шалгаруулах байдлаар нөхөн томилох үүрэгтэй.

Дээр дурдсан журмын 4.2-т ч “энэхүү журмын 2.2.1-т заасан Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчинтэй байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж заажээ.

“Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагч түр чөлөөлөгдсөн албан тушаалд эргэж томилогдохыг үгүйсгэсэн заалт биш” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй  хэдий ч сул орон тоо гараагүй байхад заавал томилохыг хариуцагчид үүрэг болгосон зохицуулалт биш болно.

Нэхэмжлэгч Н.Ананд магистрын сургалтад хамрагдсан боловч сургуулиа төгсөж, зэргээ хамгаалаагүй, үүнийгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо өөрөө хүлээн зөвшөөрсөн, иймд чөлөө авсан үндсэн зорилгоо биелүүлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн Н.Анандыг үүрэгт ажлаас нь түр чөлөөлсний дараа 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б-21 дүгээр тушаалаар гуравдагч этгээд Т.Лхагвасүрэнг Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны Газар зүйн мэдээллийн сангийн системийн ажилтны албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр, 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б-02 дугаар тушаалаар Газар зүйн мэдээллийн систем, олон нийттэй харилцах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус газрын захиргааны даргын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б-05 дугаар тушаалаар Т.Лхагвасүрэнг Газар зүйн мэдээллийн систем, сургалт хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Өөрөөр хэлбэл Н.Анандын эрхэлж байсан ажлын байранд гуравдагч этгээдийг түр хугацаагаар томилон ажиллуулж байгаад шинээр байгуулагдсан бүтцийн хамаарах албан тушаалд жинхэлсэн, одоогоор Увс нуур-Тэс голын сав газрын захиргаанд сул орон тоо байхгүй байхад нэхэмжлэгчийг Т.Лхагвасүрэнгийн эрхэлж буй албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Н.Анандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсамбуугийн “Н.Анандыг эрхэлж байсан ажилд томилохгүй байгаа Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэх томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны дарга М.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

                                                                                                                            

 

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН