Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00833

 

                                                       “Шинэ дөл констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01648 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 961 дүгээр магадлалтай,

“Шинэ дөл констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Э.Болормаа, Д.Даваа нарт холбогдох           

            Орон сууцны үнэ 92.310 ам.доллар буюу 179.506.949 төгрөг, гэрээний алданги 89.753.474 төгрөг, зээлийн гэрээний алданги 5.719.097 төгрөг, нийт 274.979.520 төгрөг гаргуулах, Э.Болормаа, Д.Даваа нарын хооронд хийгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам, “Шинэ дөл” цогцолборын 99 дүгээр байрны 1102 тоот 108.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, Д.Жаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, Г.Тунгалаг, хариуцагч Э.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

              Нэхэмжлэгч "Шинэ дөл констракшн" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан тайлбарт: “... “Шинэ дөл” цогцолбор барилгын 99 Б байрны 1102/47/тоот орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авахаар компанийн захирал Б.Батболдтой Э.Болормаа нар харилцан тохиролцсон гэж хуурамч гэрээ гэх зүйлийг хийж манай компанийн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашиглаж, улмаар өмчилж авсан. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 137, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 3132Б, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 503, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 610 дугаартай шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд дээрх гэрээг хүчин төгөлдөрт тооцож шүүх дүгнэсэн. Иймээс нэгэнт энэ гэрээ хүчин төгөлдөрт тооцогдоод Э.Болормаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт эд хөрөнгийн эрхийн бүртгэл 2014 оны 10 сард хийлгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Энэ тухай Э.Болормаа нь манайд мэдэгдэлгүйгээр Баянзүрх дүүргийн өмчлөх эрхийг гэрчилгээг бичүүлж авсан байдаг. Бид энэ тухай мэдээд нэгэнт шүүхийн шийдвэр байгаа учраас 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байрныхаа төлбөрийг төл гэж шаардаж компанийн 6/15 дугаартай албан бичиг явуулсан. Албан бичиг өгснөөс хойш интернетээр зарын сайтуудаар 1102 тоот байрыг зарна гэсэн зар явуулж байгааг мэдсэн. Бид өөрсдөө байрны хөдөлгөөнийг зогсоолгох тухай хүсэлтээ Баянзүрх дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд хандсан боловч манай албан бичгийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Бид өөрсдийн хөрөнгөөр барьсан байрныхаа мөнгө болох 92.310 ам.долларыг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа. 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1102 тоот байрыг Дамдинсүрэнгийн Даваа гэх хүнд шилжүүлсэн байгаа атлаа гэрээний төлбөр 92.310 ам.доллараас нэг ч төгрөг төлөөгүй байна. Ийм учраас бид хариуцагч Э.Болормааг шударга өмчлөгч гэж ойлгохгүй байгаа төдийгүй бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Манай компани анх орон сууц баригдаж байх үед 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас хоёр тэрбум төгрөгийг зээлж байсныг хариуцагч Э.Болормаа мэдэж байгаа. Анхан шатны шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн мэдэх "Шинэ дөл констракшн" ХХК-ийн дансанд дур мэдэн үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн байсан. Э.Болормаагийн энэ үйлдлээс болоод гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн гэж бид үзэж тухайн үед компанийн дансанд төлсөн мөнгийг бүгдийг нь буцааж Э.Болормаагийн данс руу шилжүүлсэн. “Шинэ дөл констракшн” ХХК нь энэхүү орон сууцны цогцолборыг барихын тулд Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Тухайлбал Э.Болормаагийн эзэмшиж байгаа байрны 108.6 м.кв-д ногдох зээлийн хэмжээ болох 122.922.116 төгрөг, банкны хүү 20.650.915 төгрөг, зээлийн гэрээний алданги болох 31.783.064 төгрөгийг төлсөн. Бид зээлийн гэрээний дагуу мөнгөө төлсөн боловч Э.Болормаагийн хууль бус үйлдлээс болж банкнаас авсан зээлийн алданги гэж 5.719.097 төгрөгийн гэм хорын хохирол учирсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан хирнээ байрны үнэ болох 92.310 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүйгээр 1102 тоот байранд амьдарч байна. Иймд хариуцагч Э.Болормаа, Д.Даваа нараас байрны үндсэн үнэ 92.310 ам. доллар буюу 179.506.949 төгрөг, гэрээний алданги 89.753.474 төгрөг, зээлийн гэрээний алданги 5.719.097 төгрөг, нийт 274.979.520 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Э.Болормаа,Д.Даваа нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах хүсэлтэй байна. Учир нь Э.Болормаагийн төрсөн дүү н.Өнөржаргалын нөхөр Д.Даваад 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээд 2 дугаар сарын 02-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхдээ яаралтайгаар үйлчилгээний хураамжаа төлсөн тухай нотлох баримт шүүхэд ирсэн байна. “Шинэ дөл констракшн" ХХК-ийн зүгээс 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Э.Болормаад “амьдарч байгаа байрныхаа үнийг төл, төлөөгүй бол 7 хоногийн дотор байр чөлөөлж өг" гэсэн албан бичиг хүргүүлсэн. Байрны мөнгийг шаардсан энэ хугацаанд өөрийн садан төрлийн холбоотой Д.Даваад уг байрыг дүр үзүүлэн шилжүүлсэн байгаа нь тодорхой байна. Бид олон удаа Д.Даваатай уулзаж байрны мөнгөө төлж болохгүй тухай сануулсаар байтал бидэнтэй уулзахыг хүсэхгүй, 108.6 м.кв байрыг 100.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан зэрэг нь илт хууль бус дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Э.Болормаа нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны зам, Шинэ дөл цогцолборын 99 дүгээр байрны 1102 тоот орон сууцнаас өөр өмчгүй тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм. Иймд 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Э.Болормаа, Д.Даваа нарын хооронд хийгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, “Шинэ дөл” цогцолборын 99 дүгээр байрны 1102 тоот 108.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү” гэжээ.

             Хариуцагч Д.Даваагийн гаргасан хариу тайлбарт: “...Би хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үзэж байж Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, "Шинэ дөл" цогцолборын 99 дүгээр байрны 1102 тоот орон сууцыг худалдаж авсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад миний эрхэнд халдаж 9 шүүхийн шийдвэрийн эсрэг миний хөрөнгөнд халдаж орон сууцыг битүүмжилсэнд маш гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн шүүхийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн 9 шийдвэрийг үндэслэн миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү. Би хуулийн дагуу орон сууцыг худалдаж авсан. Өөр хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Э.Болормаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нарын гаргасан хариу тайлбарт: “...Тус шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчиж, хүчин төгөлдөр 9 шүүхийн шийдвэрт дурдагдсан үйл баримттай холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. "Шинэ дөл констракшн" ХХК нь нотлох баримтууд болон 9 шүүхийн шийдвэрүүдийг бүрэн гаргаж өгөөгүй байх бөгөөд хүчингүй болсон орон сууцны гэрчилгээг нотлох баримтаар хавсаргасан байгаа нь шүүхийг илтэд хуурсан, ноцтой төөрөгдүүлсэн үйлдэл гэж үзэж байна. Иргэний хэрэг үүсгэсэн захирамжаа хүчингүй болгож хуульд зааснаар нэхэмжлэлийг буцааж өгнө үү. Өмнө нь 9 удаагийн шүүх хуралдаанаар маргааныг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Э.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гаргасан хариу тайлбарт: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар өмнө нь тогтоогдсон үйл баримтыг дахин нотолдоггүй. Нэхэмжлээд байгаа мөнгийг Э.Болормаа төлсөн гэдгийг өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. Мөн хүү алданги нэхэмжилж байгаа нь утгагүй зүйл Улсын бүртгэл үнэн зөв эсэхээр маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01648 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.Болормаа, Д.Даваа нарт холбогдох, орон сууцны үнэ 92.310 ам. доллар буюу 179.506.949 төгрөг, гэрээний алданги 89.753.474 төгрөг, зээлийн гэрээний алданги 5.719.097 төгрөг, нийт 274.979.520 төгрөг гаргуулах, Э.Болормаа, Д.Даваа нарын хооронд хийгдсэн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, “Шинэ дөл” цогцолборын 99 дүгээр байрны 1102 тоот 108.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 1.532.847 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611016809 тоот дансанд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 600.000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 57.200 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1.000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 961 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01648 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг” гэсний дараа “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01648 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дүгээр магадлал нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу Э.Болормаа “Шинэ Дөл Констракшн” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, “Шинэ Дөл” цогцолборын 99/6 байрны 1102 тоот 108.6 м.кв талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгүүлж, мөн уг байрыг Д.Даваад худалдан хөрөнгөжсөн байдаг. Нэгэнт Э.Болормаа орон сууцыг өөрийн өмчлөлд хүлээн авсан тул худалдагч тал болох “Шинэ Дөл Констракшн" ХХК Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг шаардах эрхтэй болно. Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01648 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дүгээр магадлалд нэхэмжлэгч “Шинэ Дөл Констракшн” ХХК-д орон сууцны үнэ нэг ч төгрөг олгогдоогүй болохыг дүгнэсэн атлаа нэхэмжлэлд дурдсан орон сууцны үнийг хангахгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь гэрээгээр тохиролцсон хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, хөрөнгийг хүлээн авснаар талууд үүргээ бүрэн биелүүлсэнд тооцож, худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болохоор заасан. Үүний дагуу худалдан авагч Э.Болормаа нь орон сууцыг өөрийн өмчлөлд хүлээн авсан атлаа өнөөдрийг хүртэл орон сууцны үнийг төлж, үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байгаа нь гэрээ дуусгавар болсон гэж тооцогдохгүй байтал давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01648 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 961 дүгээр магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг гаргахдаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж ИХШХШТХуулийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулуулахаар нэхэмжлэгч “Шинэ дөл констракшн” ХХК-ийн өмгөөлөгчөөс гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэлүүд: Шүүхүүд шийдвэрлэхдээ хариуцагч Э.Болормааг Иргэний хуулийн 236.1.1 зүйлд заасанчлан “үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн нь буруу боллоо. Магадлалын “Хянавал” хэсгийн 6 дугаар нүүрэнд “...Иргэний хуулийн 236.1.1 зүйлд зааснаар үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болох учиртай. Талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч байгууллага орон сууцны төлбөрийг буцаан хариуцагч Э.Болормаад шилжүүлсэн нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй бөгөөд дуусгавар болсон гэрээний харилцааг буцаан сэргээх, гэрээний дагуу алданги шаардах үндэслэл болохгүй” хэмээн дүгнэсний зарим хэсэгтэй нь санал нийцэхгүй байна. Тухайлбал талуудын хооронд үүргийн харилцаа дуусгавар болоогүй байсан гэж үзэж байгаа тул байрны үнийг нэхэх эрх нээлттэй байгаа гэж үзэж байна. Харин хууль болон гэрээнд заагаагүй тул алданги нэхэх эрх үүсэхгүй гэсэн дүгнэлттэй санал нийлж байна. Нэхэмжлэгч “Шинэ дөл констракшн” ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 120.500.000 төгрөг, мөн өдрөө 2.422.116 төгрөг зэргийг Э.Болормаагийн Худалдаа хөгжлийн банк дахь 90409006066 тоот данс руу нь шилжүүлсэн нь тухайн үед гаргасан байсан нэхэмжлэлийн шаардлагатайгаа уялдуулж тийнхүү шилжүүлсэн болно. Тухайн үед компани нь Э.Болормаагаас орон сууцыг буцаан авахаар шаардаж байсан ба Баянзүрх дүүргийн шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаад энэ гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаан болохын өмнөх өдөр тийнхүү шилжүүлэхдээ хариуцагч Э.Болормаагаас байрыг буцаан авахаар нэхэмжилж байгаа атлаа түүний байрны мөнгө хэмээн урьд шилжүүлсэн мөнгийг нь компани хүлээн авчихаад эзэмшилдээ байлгаад байх нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа уялдаа холбоогүй, утга авцалдахгүй байна хэмээн үзсэний улмаас тийнхүү мөнгийг нь буцаан шилжүүлсэн юмаа. Баянзүрх дүүргийн  шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан үе тул компанийн энэ үйлдлийг буруу гэж үзэхгүй байна. Ийм тохиолдолд “мөнгийг нь буцааж өгсөн чинь хохь нь, одоо буцаагаад шаардах эрхгүй” гэж шүүхүүд үзэж шийдвэр гаргах нь харин буруу гэж үзэж байна. Шүүхийн хэд хэдэн шийдвэрийн үндсэн дээр байрыг Э.Болормаагийн өмчлөлийн зүйл хэвээр үлдээсэн нь хуулийн хүчинтэй болсон тул одоо компани байрныхаа мөнгийг буцаан төлүүлэхээр шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Үүнээс хойш Э.Болормаа нь энэ мөнгийг буцаан өгөх оролдлогыг маргааш нь буюу Нийслэлийн шүүхийн хуралдаан болсон өдөр хийсэн боловч компани урьд өдөр нь Худалдаа хөгжлийн банк дахь 499137707 тоот дансаа хаасан тул энэ мөнгийг Худалдаа хөгжлийн банк нь хүлээн авахаас татгалзаж Э.Болормаагийн мөнгө шилжүүлсэн банк буюу Голомт банкинд энэ мөнгийг буцаан шилжүүлсэн байдаг. Улмаар Голомт банк нь хүлээн авагчгүй энэ мөнгөө буцаан авахыг шаардсанаар тэрээр энэ мөнгөө буцаан авсан болохыг нотлох бичгэн баримтууд одоо хэрэгт авагдсан байгаа бөгөөд анхан шатны болон давж заалдах шатны хуралдаанууд дээр Э.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь 122.923.000 төгрөгийг Э.Болормаа өөрөө буцаан авсан гэдгийг хүлээн мэдүүлдэг. Тэхээр 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш байр болон мөнгө аль аль нь Э.Болормаагийн эзэмшилд оржээ. Одоо компани байр ч үгүй мөнгө ч үгүй үлдэх ёсгүй биз дээ. Нийслэлийн шүүхийн хурал болсноос хойш Э.Болормаа нь заавал хаагдсан дансанд мөнгө шилжүүлэх гэж оролдохын оронд компанид бэлнээр авчраад тушаах оролдлого хийхгүй байгаа нь түүнийг мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл мөн юм. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор хянаад шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон. Тэхээр магадлал гарсан тэр өдрөөс хойш Э.Болормаагаас байрны мөнгийг төлүүлэхээр буцаан шаардах эрх нь “Шинэ дөл констракшн” ХХК-д байсаар байгаа тул одоо энэ мөнгийг шаардаж байгаа нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Мөн  энэ өдрөөс хойш мөнгийг төлөх ямар ч оролдлого хийхгүй, компани дээр ирээд уулзах оролдлого ч хийхгүй, утсаар ч ярихгүй байсан худалдан авагчийг байрны үнийг зохих ёсоор төлөх үүргээ биелүүлсэн гэж шүүх үзсэн нь буруу боллоо. Мөн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчилж авсан байрныхаа үнийг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа худалдан авагчаас Иргэний хуулийн 232.7 дугаар зүйлд заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож учирсан хохирлоо төлүүлэхээр шаардсан байгааг харин хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргасан төлөөлөгч н.Жаргал нь “ алданги” гэдэг нэр томьёог хэрэглэсэнтэй би санал нийцэхгүй байгаа болно. Харин компани орон сууц барихын тулд авсан зээлийнхээ хүүгийн зарим хэсгийг Э.Болормаагийн байрны талбайд ногдох хэмжээтэй дүйцүүлэн тооцож төлүүлэхээр шаардлага гаргасныг би өмгөөлөгчийн хувьд мөн дэмжихгүй байгаа болно. Э.Болормаа, Д.Даваа нарын хооронд хийсэн “орон сууц бэлэглэх гэрээг хүчингүйд тооцуулах” шаардлагын хувьд хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. Учир нь: Э.Болормаа байрны маргаан дахин дэгдэж эхлэхийг мэдээд төлбөрт битүүмжлүүлэхээс зайлсхийн хүргэн дүүдээ байрыг шилжүүлж дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт байр шилжүүлэхийг хориглуулах ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлд заасан хүсэлтийг гаргасан боловч хоцорсон ба шүүгчийн захирамж Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт очихоос өмнө нэрээ шилжүүлж амжсан. Энэ нь дүр үзүүлсэн зүйл ба уг байр төлбөрийн баталгаа, барьцаа болох ёстой болно. Ингээд Улсын Дээд шүүхээс хүсэхэд байрны төлөгдөөгүй байгаа үнэ болох 179.506.097 төгрөгийг энэ мөнгөний 50 хувиар тооцсон хохирлын хамт Э.Болормаагаас гаргуулан төлүүлэхээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

   ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч “Шинэ дөл констракшн" ХХК нь хариуцагч Э.Болормаад холбогдуулан орон сууцны үнэнд 92.310 ам. доллар буюу 179.506.949 төгрөг, гэрээний алданги 89.753.474 төгрөг, зээлийн гэрээний алданги 5.719.097 төгрөг, нийт 274.979.520 төгрөг гаргуулах, хариуцагч Э.Болормаа, Д.Даваа нарт холбогдуулан тэдний хооронд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Шинэ дөл констракшн” ХХК, Э.Болормаа нарын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээ гэрээний үүргийн харилцаа дуусаж, Э.Болормаа маргаан бүхий уг орон сууцны өмчлөгч болсон үйл баримт нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3132/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 сарын 25-ны өдрийн 610 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 09 сарын 23-ны өдрийн 503 дугаар тогтоолоор тогтоогдсон байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч компани, хариуцагч Э.Болормаа нарын хоорондын худалдах, худалдан авах гэрээний маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, хариуцагч Э.Болормааг “Шинэ дөл констракшн” ХХК-иас авсан орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрхтэй болсон гэж шүүх дүгнэсэн байна.

          Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан тул хариуцагч Э.Болормаа өөрийн өмчлөлийн "Шинэ дөл" цогцолборын 99 дүгээр байрны 1102 тоот 108.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Д.Даваад худалдсан хэлцлийг хуурамч хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тухай анхан болон давж заалдах шатны шүүх  дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон, нэхэмжлэгч байгууллага хариуцагч Э.Болормаагаас алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7-д заасныг зөрчөөгүй байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч “Шинэ дөл констракшн ХХК нь орон сууцыг барихтай холбоотойгоор зээл авсанд хариуцагч Э.Болормааг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч компанийн бусдаас авсан зээлдээ төлсөн алдангийг хохиролд тооцон хариуцагч Э.Болормаагаас шаардах эрх үүсэхгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцжээ.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс худалдах, худалдан авах гэрээний төлбөрт харилцан буцаан шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцээгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Учир нь “нэхэмжлэгч “Шинэ дөл констракшн” ХХК нь маргаан бүхий орон сууцны үнийг Э.Болормаагийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 90409006066 тоот дансанд 2014 оны 06 сарын 24-ний өдөр 120 500 000 төгрөг, мөн өдрөө 2 422 116 төгрөгийг шилжүүлж, Э.Болормаа нь дээрх данснаасаа 2014 оны 06 сарын 25-ны өдөр 122 923 000 төгрөгийг авч, мөн өдрөө  120 500 000 төгрөг, 2 422 116 төгрөгийг “Шинэ дөл констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499137707 тоот данс руу “мэдэгдэлгүй шилжүүлсэн гүйлгээ буцаав” гэсэн утгаар шилжүүлсэн боловч компани дээрх дансыг хаасан байснаас Э.Болормаагийн шилжүүлсэн мөнгө “Шинэ дөл констракшн” ХХК-д ороогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон” тухай анхан шатны шүүх  зөв дүгнэлт хийсэн  боловч хариуцагч Э.Болормаа маргаан бүхий 3 өрөө орон сууцны үнийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад дээрх төлбөрийг нэхэмжлэгч компанид буцаан гаргуулаагүй хууль зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг илрүүлэлгүйгээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг  Иргэний хэрэг шүүхэд хянан  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймээс хяналтын шатны шүүхээс хариуцагчаас 122 922 116 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 961 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01648 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э.Болормаагаас нийт 122.922.116 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч “Шинэ дөл констракшн” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1, 56.1.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 152.057.404 төгрөгийн шаардлага,  Э.Болормаа, Д.Даваа нарын хооронд хийгдсэн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, “Шинэ дөл” цогцолборын 99 дүгээр байрны 1102 тоот 108.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Шинэ дөл констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.191.047 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Болормаагаас 772.911 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шинэ дөл констракшн” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батболдын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.532.848 /нэг сая таван зуун гучин хоёр мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН