Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 566

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар магадлалтай, Д.Б-ид холбогдох 1734005250040 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, *** тоотод оршин суух,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 158 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Ш овогт Д-н Б,

Д.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт түүний жолоодож явсан FAW загварын *** УНУ дугаартай тээврийн хэрэгслийн хропны 2 дугаар голны гайх тавьсны улмаас тоормосны систем эвдэрч улмаар замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөлгүй зогсоож, Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэснийг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан 34-12 ЗАА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.А- *** УНУ дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 9 хоногийг ял эдлэх хугацаанд дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх ялыг 228 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-оос хохирогч Б.А-ийн эрүүл мэндийн хохирлын 1,822,363 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д, эд хөрөнгийн хохирлын 5,282,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Л-д тус тус олгож, Б.А-ийн 3,400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Л-д” гэснийг “иргэний нэхэмжлэгч Н.Л-д” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б- гаргасан гомдолдоо “ ... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашиглан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх тал бүрээс нь нягтлан нарийвчлан үзэхгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрээ гаргаагүй байна. Магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, тодорхой бус, эргэлзээтэй зэргээр мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийгдсэн байхад шүүх бүхэлд нь хянахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан шийдвэр гаргасан нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шинжээчийн №00000140 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 тал/ зам дээр зогсож байсан миний машины араас Б.А-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл мөргөсөн болох нь хэрэгт авагдсан дээрх дүгнэлтээр тогтоогдсон ба туршилт хийсэн тэмдэглэл зэрэг бусад баримтуудаар жолооч Б.А- нь зам тээврийн осол гаргасан байхад шүүх нэг талыг барьж зөвхөн намайг үндэслэлгүйгээр буруутган гэм буруутайд тооцсон,  мөн дээрх жолооч нь эрхийн үнэмлэхгүйгээр, хурд ихтэй, бүрэн бус техниктэйгээр хөдөлгөөнд оролцож, осол гаргасан байхад шүүх түүнийг анхааралгүй орхигдуулж, түүнийг ял завшуулсанд маш их гомдолтой байна. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдсан байхад Б.А- нь 80 км цагийн хурдтай явснаас миний зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн, тээврийн хэрэгслийг харсан байтлаа зогсоох арга хэмжээ аваагүй нь 2018.03.01-ны өдрийн туршилтаар болон миний мэдүүлгээр тогтоогддог. Түүнчлэн шүүх Б.А-ийн гэм бурууг, надад үндэслэлгүйгээр тохож ял шийтгэл оногдуулж, бүх хохирлыг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Шүүх Б.А-ийн дээрх гэм буруутай үйлдлийн талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй ба миний буруугүй болохыг нотолсон нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар шийтгэх тогтоол болон магадлалд дурдаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Прокуророос шүүх хуралдаанд жолооч Б.А-ийн үйлдэлд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон гэх боловч холбогдох материалууд хэрэгт хавсаргаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Хэргийн нөхцөл байдлаас харахад хэрэг учралын газарт үзлэг хийсэн байдал хангалтгүй. Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаагаас гадна хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй тухайлбал миний бие тухайн үед цас овоолж ослын тэмдэг тавьсан байхад огт тавиагүй мэтээр дүгнээд байгаад гомдолтой байна.

Магадлалын тодорхойлох хэсэгт шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-р заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг хангаагүй байна” гэж дүгнэсэн атлаа өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд Д.Б- надад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан гомдолдоо “...Д.Б- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй шаардагдах арга хэмжээг авсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хэргийн газрын схем зураг, үзлэгийн тэмдэглэлээр А цэг нь замын зорчих цэгийг хязгаарласан голын цагаан шугамаас 190 см дотогш Д.Б-ийн зорчиж байсан хэсэгт гэдэг нь тогтоогдсон. А-н жолоодож явсан тээврийн хэрэгсэл Б.Балдоржийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн цэгийг хүчтэй мөргөсөн нь гэрэл зургийн үзүүлбэр, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан шинжээчийн №00000140 дугаартай дүгнэлтээс үзэхэд уг зам тээврийн осол гарахад жолооч Б.А-н 100 хувь буруутай гэдэг нь тодорхой байдаг.

Тухайлбал, жолооч Д.Б- нь зайлшгүй зогсолт хийсэн. Өөрийн зогсож байгаа газраас 30 гаран метрийн газарт цас овоолон хамгаалалт хийж ослын тэмдэг тавьсан. Үүнийг гэрч гэрчилдэг. Балдоржийн овоолсон цас хайрагдаж бутарсныг харуулсан гэрэл зургийг нотлох баримтаар өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Хүнд даацын овор ихтэй тээврийн хэрэгсэл үүнээс илүүгээр зам чөлөөлөх боломжгүй. Энэ тал дээр туршилт хийлгэхээр амаар болон бичгээр хүсэлт гаргаад хийгдээгүй. Заавал туршилт хийлгэж техникийн шинжээчийн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллага, иргэнээр дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Д.Б-ийн тээврийн хэрэгслээс замын зорчих хэсгийг заагласан хязгаарласан цагаан шугам хүртэл 190 см байсан нь ямар ч тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх боломжтой байсан.

Дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нөхцөл байдлаас үзэхэд Б.А- нь тухайн үед маш анхаарал болгоомжгүй явснаас гадна шөнийн цагт, асар өндөр хурдтай явсан. Үүнийг Б.А-, гэрч С нарын мэдүүлгээр 80 км цагын хурдтай явсан нь нотлогддог. Гэтэл шинжээч хурдыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Б.А- нь эрхийн үнэмлэхгүй байж замын хөдөлгөөнд оролцоогүй бол энэ осол болохгүй, мөн бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцсон. Энэ тал дээр шинжээчийн дүгнэлт гараагүй.

Ариунцог гэрлийн гялбаанд орсон гэдэг. Хүчтэй гэрлийн гялбаа бий болсныг, бий болохоор нөхцөл байдал үүсвэл тээврийн хэрэгслийн жолооч хурдаа хасах зогсоох арга хэмжээ авах байтал хөдөлгөөнийг үргэлжлүүлж хурдтай явснаас осол гарсан. А нь сөрөг урсгалд тээврийн хэрэгсэл зорчиж явааг харсан, мэдсэн байж тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй нь энэ осол болох үндэслэл болсон байхад шүүх ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй .

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-н зогсож байсан тээврийн хэрэгслийн араас А тээврийн хэрэгсэл мөргөж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэн Б.Б-г 100 хувь буруутгаж шийтгэл оногдуулсан атлаа шинжээчийн дүгнэлтээр А-г буруутай гэж тогтоосон дээрх нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж, Б.А-ыг буруугүй гээд байгаа үндэслэлээ шийтгэх тогтоол, магадлалд бичээгүй. Түүнчлэн 2018.03.01-нд мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлийг шүүх нотлох баримт гэж үзээгүй нь Б.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ, хэт нэг талыг барьж үнэлбэл зохих, шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөх нотлох баримтуудыг үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1, 2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү”

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол хэлсэн саналдаа “Энэ хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 10 гаруй хонож байна. Хавтаст хэргийн 48, 49 дүгээр хуудас дахь шинжээчийн дүгнэлтээр Б.А- нь ослыг зогсоох арга хэмжээ аваагүй, мөн биедээ жолооны бичиг баримт авч яваагүй, жолоодох эрхгүй этгээд гэж дүгнэсэн. Б.А-ийн буруутай үйлдлээс болж гуравдагч этгээдэд хохирол учирсан гэж үзэж байгаа. Б.А-ийн буруутай үйлдлийг тогтоох ёстой байсан учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж хоёуланд нь хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Тухайн осол болох үед Д.Б- машиндаа байгаагүй. Улаанбаатар хотод байхад нь машиных нь араас нь мөргөж осол гарсан байдаг. Хэргийн газрын үзлэгээр замын урт нь 7 метр, мөргөлдсөн А цэг замын хойд хашлагаас 5.4 метр, урд хашлагаас 1.6 метр байсан. Тухайн осол гарсны дараа үзлэг хийсэн эвдрэлийн тодорхойлолтоор хохирогч Б.А-ын машины салхины шил хагарсан, обуд хунирсан, урд дугуй хагарсан, дээвэр дотогшоо цөмөрсөн, хоёр хаалга дотогшоо чихэгдсэн зэрэг эвдрэл тогтоогддог. Б.А- нь хэрвээ би хурд хэтрүүлж явсан бол доогуур нь орох байсан, хүндэвтэр гэмтэл учрахгүй байсан гэж мэдүүлдэг. Замын цагдаагийн ажилтнууд осол гарсан хэргийн газар үзлэг хийсэн байдаг. Тухайн үед ямар байсан талаар сүүлд гэрчээр асуухад 5 метрийн дотор ослын тэмдэг хайж үзэхэд олдоогүй. Мөн хөндлөнгийн гэрчийг асуухад тийм тэмдэглэгээ байгаагүй гэдэг. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-г зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэж эрүүгийн хариуцлага, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн. Б.А-ийн хувьд дүгнэлтээр замын хөдөлгөөн зөрчсөн нь зөрчлийн хэрэг юм гэж үзсэн учраас прокурор Д.Б-ийг энэ хэргийг үйлдсэн гэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Б-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт түүний жолоодож явсан FAW загварын *** УНУ дугаартай тээврийн хэрэгслийн хропны 2 дугаар голны гайх тавьсны улмаас тоормосны систем эвдэрч улмаар замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөлгүй зогсоож, Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэснийг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан 34-12 ЗАА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.А- *** УНУ дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Д.Б-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Д.Б-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН