Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2024/02581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:М ХХК /РД:/-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 24,044,610 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Ц.Э, өмгөөлөгч С.Ц, нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөнч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Ц.Э миний бие 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр М ХХК-тай №34 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 0 УН улсын дугаартай Хьюндай-480 Экскаватороор 30 хоногийн хугацаатай Бын суурь бүтцийн төслийн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Байгуулсан гэрээний дагуу газар шорооны ажлыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэж, талууд тооцоо нийлж, 37,992,960 төгрөгийн төлбөр гүйцэтгэхээр болсон.

Уг төлбөрөөс 13,948,350 төгрөгийн үнэ бүхий түлшний төлбөрийг хасч, үлдэгдэл 24,044,610 төгрөгийг захиалагч тал төлж барагдуулахаар тооцоо нийлсэн баримт үйлдсэн боловч, элдэв шалтаг хэлж, сүүлдээ холбогдох боломжгүй болсон.

Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосон. Хариу тайлбартаа төлбөрийн хэмжээн дээр маргаагүй. Төлөх боломжгүй байна гэсэн тайлбар өгсөн. Удаа дараа шүүх хурал хойшилж байхад хуралдаандаа ирээгүй. Энд тэнд ажил хийгээд яваад л байдаг хэрнээ хийсэн ажлыг төлбөрийг төлөхгүй байна.

Иймд гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 24,044,610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М ХХК нь 2022 оны 10 сард Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн Б замын төсөлд гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд уг төслийг өөрийн санхүүжилтээр эхний гүйцэтгэлийг хийж гүйцэтгэсэн боловч 2022 оны 11 сараас нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан Оптек гэрээний хэрэгжиж буй төслүүдийг зогсоож шалгаж эхэлсэн.

Үүнд: Захиалагч Т ХХК болон туслан гүйцэтгэгч бүх компанийн бичиг баримт, компьютор хэрэгслийг хурааж, дансыг гацаасан бөгөөд 2023 оны зун манай компанийг шалгаж дууссан бөгөөд нийт мөрдлөгө шалгалтын ажил дуусаагүй дүгнэлт гараагүй мөн захиалагч тал болон ЗГ-аас онцгой нөхцөл үүссэн тул Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дүгнэлт гаргуулан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гарсан гэх шалтгаанаар манай компани болон бусад компанийн гүйцэтгэлийн төлбөрийг өгөөгүй. Санхүү үйл ажиллагааны доголдол хүндрэлд хүрээд байна.

Манай компани буруутай биш дээрх дээрх нөхцөл байдал хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж дансны барилт хийхгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, Ажил гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 0 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 04-ний өдрийн эрэн сурвалжлах тухай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн М ХХК-ийн хаягийг тогтоосон тухай албан бичиг, Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай албан бичиг зэрэг баримтуудыг авагдсан байна.

Шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан зохигчын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч М ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 24,044,610 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагчаас санхүүгийн доголдлын улмаас төлөх боломжгүй болсон гэх тайлбар ирүүлсэн байна.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,044,610 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчаас өгсөн захиалгын дагуу өөрийн техникээр гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг хүлээсэн байна. /хх-ийн 4-8 дугаар тал/

3.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг зааснаар ажил гүйцэтгэгч тал нь гэрээний үүрэг буюу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг захиалагч талаас шаардах эрхтэй байна.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 24,044,610 төгрөгийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Хариуцагчаас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбараар гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг өөрөө нотолох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

5.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл ажлын хөлс 24,044,610 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 24,044,610 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,175 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч М ХХК-иас 278,175 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Эт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА