Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 250

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ж-н У-д холбогдох эрүүгийн 1710000470058 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Төр Засгийн үйлчилгээ эрхлэх газарт цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ,,,, дугаар хороо ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чорж овогт Ж-н У

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Чингисийн хүрээ амралтын газарт хохирогч Э.Гтой маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан.

           Хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Ж.У  мөрдөн байцаалтанд 2017.08.24-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017.06.25-ны өдөр хамт ажилладаг С, Г, Д нарын хамтаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингисийн хүрээ амралтын газарт очихоор Улаанбаатар хотоос  10 цагийн орчимд гарсан. Дэлгүүрээс 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи 3 шилийг, 2 ширхэг лаазтай пиво аваад явсан. Тэнд очоод 3 ортой гэрт орж архи болон бусад авсан зүйлээ ууцгаасан. Нэг шил архи дуусаад 2 дахь шилтэй архиа ууж байхад бид нар гэрээс гарч барилдсан. Дараа нь гар барилдаан хийсэн. Тухайн үед би гар барилдаанд ялагдахад намайг Г “ийм муу байсан юм уу” гэх мэтээр хэлж миний шарыг малтаад байхаар нь бид хоёр маргалдсан. Би тухайн үед гэрийн зүүн талын орон дээр сууж байхад Г над руу ширээн дээрээс лаазтай пиво аваад шидэхэд нь би бултаад оногдоогүй. Би уурлаад Гийн нүүрэн хэсэгт нэг гараараа цохиод, барьцалдаж аваад газарт унасан. Би дээр нь гараад заамдалцсан. Тэр үед С намайг салгаад миний дагз хэсэг рүү гараараа цохисон. Бид гурав хоорондоо маргалдах үед Д гаднаас орж ирээд намайг салгасан. Гэрийн зүүн талын орон дээр сууж байхад Г намайг “хүнээр алуулна, гэдсийг чинь хүүлнэ” гэх мэтээр айлгахад нь би Г дээр очоод дахиж нэг цохиход түүний хамарнаас цус гарсан. Тэгтэл 5 орчим минутын дараа Г хантааз болон өөрийн юмнуудаа аваад гэрээс гарахаар нь би согтуугаар машин бариад явж магадгүй гэж бодоод араас нь гарахад цагдаа дуудсан зогсож байсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Миний дагзны ар хэсэгт хөндүүр байсан, баруун гуяны өвдөгний дээд хэсэгт бага зэрэг хөхөрсөн байсан, өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Би Гийн эмчилгээний зардлыг барагдуулаагүй байгаа, гэхдээ эмчилгээний зардлыг нь бүрэн төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

 

2. Хохирогч Э.Г 2017.07.02-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны  06 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилладаг С, У, Д болон Угийн найз гээд танихгүй залуу бид тав Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Чингисийн хүрээ амралтын газарт амрахаар очсон. Бид нар тэндээ архи ууж байгаад хоорондоо гар барилдаан хийсэн. Би С, У, Д нартай гар барилдаад ялчихсан. Тэгсэн чинь У дахиад хоорондоо барилдая гээд намайг шалаад байхаар нь гэрээс гараад монгол бөхөөр барилдаад би Уд уначихсан юм. Тэгээд гэрт ороод Дтой юм яриад л сууж байтал У гэнэт миний зүүн чамархай руу архины шилээр цохиход орон дээр унасан. Угийн найз болох нэрийг нь мэдэхгүй залуу намайг дараад авсан. Тэр хооронд У миний дээрээс цохиод байсан. Хэсэг зуур салцгаагаад сууж байтал У надтай юм ярих гэхэд нь Д хорьж байгаад тавьсан. У над дээр ирэнгүүтээ жаахан юм ярьж байгаад гараараа миний хамар руу цохиж хамрыг минь хугалсан. Тухайн үед У нилээн согтолттой байсан. У болсон бүх асуудлыг мэдэж байгаа. Одоо миний толгой өвдөлттэй, хамар хугарсан, зүүн нүд хөхөрсөн, харин хагалгаанд ороогүй байгаа. Би гомдолтой байна, эмчилгээний зардал болон ажилдаа явж чадаагүй өдрийнхөө ажлын хөлс зэрэг зүйлсээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

2017.08.25-ны өдөр: ...Би толгойны томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг, эм тариа авахад ойролцоогоор 100.000 төгрөгийн зардал гарсан. Надад бодитоор 240.000 төгрөгийн хохирол учирсан. Би ажилгүй 14 хоног болсон, би сардаа 500.000 төгрөгийн цалин авдаг. Тиймээс ажилгүй байсан хоногийн мөнгөө нэхэмжилж байна. 14 хоног ажил хийгээгүй болохоор эмчилгээний зардал дээрээ нэмээд 250.000 төгрөг, нийлээд 500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

2017.08.28-ны өдөр: ...Ж.У хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

3. Гэрч Ж.Д 2017.08.04-ний өдөр мэдүүлэхдээ: “...У, Г хоёр хоорондоо монгол бөхөөр барилдчихаад гэр дотор орж ирээд гар барилдаад байсан. Тухайн үед У, Г хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор бие биеэ үгээр идээд хоорондоо хэрэлдэх гээд байхаар нь би тэдэнд “ярианы сэдвээ өөрчил” гэж хэлчихээд бие засах гээд нойл руу явсан. Буцаад иртэл У дээд талд нь доод талд нь Г орчихсон хоорондоо зодолдоод байхаар нь С, Угийн найз залуу бид гурав тэр хоёрыг салгаж босгоод хоёр талын орон дээр суулгахад Г У руу “чамайг би ална, хэн ч байсан ална, алуулах хүн байгаа” гээд  орилоод, У “харъя” гээд хоорондоо маргалдсан. Гэтэл У босоод Г руу дайрсан ба Г ч урдаас нь босоод цохисон. Тэднийг салгах үед У Гийн хамрыг цохичих шиг болоход хамраас нь цус гарахад бид Уг гэрээс аваад гарсан. Удалгүй гэр рүү ороход Г зөрөөд гарсан ба буцаж ирэхдээ цагдаатай хамт ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8373 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Гийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 23-р хуудас/,

5. Яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-ийн 25-27-р хуудас/,

6. Шүүгдэгч Ж.Угийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-55-р хуудас/,

7. Шүүгдэгч Ж.Угийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Уг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Чингисийн хүрээ амралтын газарт хохирогч Э.Г-той маргалдан нүүрэн тус газарт нь цохисны улмаас хохирогчийн бие махбодид “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Г 2017.07.02-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны  06 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилладаг С, У, Д болон У-ийн найз гээд танихгүй залуу бид тав Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Чингисийн хүрээ амралтын газарт амрахаар очсон. Бид нар тэндээ архи ууж байгаад хоорондоо гар барилдаан хийсэн. Би С, У, Д нартай гар барилдаад ялчихсан. Тэгсэн чинь У дахиад хоорондоо барилдая гээд намайг шалаад байхаар нь гэрээс гараад монгол бөхөөр барилдаад би Уд уначихсан юм. Тэгээд гэрт ороод Дтой юм яриад л сууж байтал У гэнэт миний зүүн чамархай руу архины шилээр цохиход орон дээр унасан. Угийн найз болох нэрийг нь мэдэхгүй залуу намайг дараад авсан. Тэр хооронд У миний дээрээс цохиод байсан. Хэсэг зуур салцгаагаад сууж байтал У надтай юм ярих гэхэд нь Д хорьж байгаад тавьсан. У над дээр ирэнгүүтээ жаахан юм ярьж байгаад гараараа миний хамар руу цохиж хамрыг минь хугалсан. Тухайн үед У нилээн согтолттой байсан. У болсон бүх асуудлыг мэдэж байгаа. Одоо миний толгой өвдөлттэй, хамар хугарсан, зүүн нүд хөхөрсөн, харин хагалгаанд ороогүй байгаа. Би гомдолтой байна, эмчилгээний зардал болон ажилдаа явж чадаагүй өдрийнхөө ажлын хөлс зэрэг зүйлсээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

2017.08.25-ны өдөр: ...Би толгойны томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг, эм тариа авахад ойролцоогоор 100.000 төгрөгийн зардал гарсан. Надад бодитоор 240.000 төгрөгийн хохирол учирсан. Би ажилгүй 14 хоног болсон, би сардаа 500.000 төгрөгийн цалин авдаг. Тиймээс ажилгүй байсан хоногийн мөнгөө нэхэмжилж байна. 14 хоног ажил хийгээгүй болохоор эмчилгээний зардал дээрээ нэмээд 250.000 төгрөг, нийлээд 500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

           Гэрч Ж.Д 2017.08.04-ний өдөр мэдүүлэхдээ: “...У, Г хоёр хоорондоо монгол бөхөөр барилдчихаад гэр дотор орж ирээд гар барилдаад байсан. Тухайн үед У, Г хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор бие биеэ үгээр идээд хоорондоо хэрэлдэх гээд байхаар нь би тэдэнд “ярианы сэдвээ өөрчил” гэж хэлчихээд бие засах гээд нойл руу явсан. Буцаад иртэл У дээд талд нь доод талд нь Г орчихсон хоорондоо зодолдоод байхаар нь С, Угийн найз залуу бид гурав тэр хоёрыг салгаж босгоод хоёр талын орон дээр суулгахад Г У руу “чамайг би ална, хэн ч байсан ална, алуулах хүн байгаа” гээд  орилоод, У “харъя” гээд хоорондоо маргалдсан. Гэтэл У босоод Г руу дайрсан ба Г ч урдаас нь босоод цохисон. Тэднийг салгах үед У Гийн хамрыг цохичих шиг болоход хамраас нь цус гарахад бид Уг гэрээс аваад гарсан. Удалгүй гэр рүү ороход Г зөрөөд гарсан ба буцаж ирэхдээ цагдаатай хамт ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8373 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Гийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 23-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

         Иймд шүүгдэгч Ж.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Чингисийн хүрээ амралтын газарт хохирогч Э.Гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Гийн мэдүүлэг, гэрч Ж.Дын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №8373 дүгнэлт, шүүгдэгч Э.Угийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Ж.Уд ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, хуульд заасан дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн талаар:

            Шүүгдэгч Ж.У нь хохирогч Э.Гийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол, саналгүй /хх-ийн 76-р хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл,  36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                           

ТОГТООХ НЬ:

1. Ч овогт Ж-н У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.У-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Уд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.У нь хохирогч Э.Г-т 300.000 төгрөг төлсөн ба  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР