Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/151

 

2022             2               10                                           2022/ДШМ/151                                 

 

     Д.М, Б.Ц нарт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Д.М, Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

хохирогч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М, шүүгдэгч Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.М, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 2010003110439 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                  Шүүгдэгч Б.Ц, Д.М нар нь бүлэглэн татварын өртэй хуулийн этгээд тендерт оролцож болохгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцнуудын гадна фасад, барилгын ажлын тендер авч хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Мар өөрийн эзэмшлийн “Т” ХХК-ийн татварын 30,000,000 төгрөгийн өрийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст залилан төлүүлж хохирогч Д.Мд 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.М, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М, Б.Ц нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 8 сарын хугацаагаар хорих ял, Б.Цийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мын эдлэх 8 сарын хугацаатай хорих ял, Б.Цийн эдлэх 1 жил 6 сарын хугацаагаатай хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цоос нийт 29,072,109 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Мд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч нараас хууль бусаар мэдүүлэг авч, удаа дараа “30 сая төгрөгийг төл, тэгвэл хэргийг чинь хаана, дээрээс намайг шахаад байна” гэх байдлаар шахаж шаарддаг байсан.
  2. Шийтгэх тогтоолын хувийн байдал хэсэг дээр намайг 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сая төгрөгөр торгох ял, мөн оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сая төгрөгөөр торгох ял тус тус эдэлсэн гэж гүтгэж миний хувийн байдлыг доройтуулж байнга залилан мэхлэх гэмт хэргийг үйлддэг мэтээр бичсэнд гомдолтой байна.
  3. Шийтгэх тогтоолд намайг Мтай хамтран ажиллах гэрээ хийсэн талаар дүгнэсэн байна. Энэ талаар би мэдэхгүй байна.
  4. Намайг залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж болох зохиомол байдлыг зориудаар бий болгож гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд миний бие татварын өр болох 20 сая төгрөгийг өөрөө төлсөн, төлсөн баримтаа тендерийн материалд хавсаргасан байдаг.
  5. Би Д.Мтай нийлж гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. ... тогтоолд дурдсанаар “татварын өртэй компани тендерт орох боломжгүйг мэдсээр байж” гэж дүгнэсэн бөгөөд татварын өрөө төлчихөөд байгаа нь мэдүүлэгт байсаар байхад өрөө төлсөн 30 сая төгрөг нь залилан мэхлэх гэмт хэрэг болсон нь үндэслэлгүй байна. ... хохирогчийн өөрийнх нь хүсэл зоргийн дагуу тендерт орсон байхад намайг шаардаад тендерт оролцуулсан мэт дүгнэсэн нь үндэслэлгүй.
  6. Манай компани нь 2019-2020 онд нийт 9 удаа тендерт орсноос 2 удаа тендерт шалгарч байсан бөгөөд хамгийн бага үнийн дүнтэйгээр ажлаа хийж гүйцэтгэж байсан. Уг тендерийн хувьд манай компанийг төсвийн задаргааг ирүүлээгүй, татварын өртэй гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй бөгөөд төсвийн задаргаа нь дутуу байсан учир гомдол гаргаагүй юм. Мөн Тендерийн тухай хуулинд буруутай этгээд торгуулийг төлнө гэж заасан байдаг учир төлбөр төлөх 5 хоногийн хугацаанд 29 сая төгрөгийн хохирлыг төлөх хугацаанд мөнгө олдоогүй учир шүүхэд худал хэлэхийг хүсээгүй бөгөөд энэ хугацаанд авахаас татгалзсан байдаг. 2020-2021 онд улс даяар Коронавирус гээд бүх л ажил зогсонги байдалтай болсон. Манай компанитай хийсэн гэрээ 2020 оны хавар 5 дугаар сард цуцлагдсан бөгөөд нийт 350 сая төгрөгийн гүйцэтгэлээ авах боломжгүй болсон ба гүйцэтгэлийн баталгааны байршуулсан 30 сая төгрөг хураагдаж санхүүгийн хүнд байдалд орсон.
  7. Манай “Т” ХХК нь төрийн худалдан авах газар 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нийт 7 тендерт оролцсон, татварын өргүй болсон. Гэвч нэг ч тендерт шалгараагүй билээ. Мын цагдаагаар шалгагдсанаас үүдэн манай компанид их хохирол учирсан бөгөөд татварын байцаагчийн анхааралд орж, Төрийн худалдан авах газрын хар жагсаалт зэрэгт орж компанийн нэр хүнд унаж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тухайн компанийн тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн талаар хэлэхэд энэ талаар М, Дорж хоёр хүлээн зөвшөөрч байсан билээ. ... Дараа нь дахин сунгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Ингээд би хүмүүстэй ярихад “... сунгалт хэтэрсэн, 2 жилийн торгуулиа төлөөд таны зөвлөх инженерийн бичиг баримтад тулгуурлаад таныг энэ компанид ажилладаг гээд өөр шаардлагатай 20-иод инженер техникийн ажилчдын материал болон бусад холбогдох материал бүрдүүлээд ажлын хөлс нь багтаад 9 сая төгрөгөнд гаргах юм байна.” гэсэн. Харин гэрчилгээ гарсан хойно нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2,5 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд компанийн захирал нь өөрийн нотлох бичиг баримттайгаа ирж авдаг юм шүү гэсэн. Д.М, Дорж хоёрт энэ талаар хэлэхэд  “ойлголоо, бүрэн зөвшөөрч байна, гэр бүлийнхэн зөвшөөрч байгаа, дулааны улирал дуусахаас өмнө хурдан гаргуулмаар байна” гэж тохиролцоод миний зөвлөх инженерийн материалыг компанийн ерөнхий инженер болгон ашиглаж ажлын хөлсөнд 9 сая төгрөгөөр тохирч материал бэлдүүлэн 2019 оны 7 дугаар сард тусгай зөвшөөрөл гаргуулсан. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дансанд 2,5 сая төгрөг тушаагаад ирж гэрчилгээгээ авна уу, та захирал нь мөн үү? гээд над руу утсаар ярихаар нь би очоод бичгийг нь авчихлаа гэж Д.М утсаар яриад нэг хэсэг таг байсан.

... Би Цоос “чи юу хийж байнаа” гэж асуухад, “Баянзүрх дүүрэгт “Дарь-Эх”-ийн Ццолбор хөшөөний тохижилтын ажил тендерээр аваад хийж байна” гэсэн. “Танай борлуулалтын орлого хэд байна” гэхэд, “тэрбум гаруй байгаа, одоо энэ хийж байгаа ажил 600 сая төгрөг” гэхээр нь “танайх боломжтой бол манай нэг дүүгийн компанийн борлуулалтын орлого байхгүй, тусгай зөвшөөрөл авсан нэг компани байгаа юм аа, танай наад ажил дээр чинь туслангаар оруулчих боломж байна уу” гэхэд, “манай компани татварын болон нийгмийн даатгалын шимтгэл, шүүхийн шийдвэр гээд ойролцоогоор 30 гаруй сая төгрөгийг төлөөд тендерт орвол болох байлгүй дээ” гэсэн. Би энэ талаар Д.Мд хэлэхэд “ахаа баярлалаа, одоо уулзвал болох уу, таныг байгаа дээр уулзчих юмсан” гэхээр нь би Б.Цийг дуудаж энэ хоёрыг уулзуулсан. ... Д.М залгаад “тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ хаана ямар дансанд 2,5 сая төгрөг тушааж авах билээ, нөгөө хүнтэй өнөөдөр уулзмаар байна” гэхээр нь би энэ хоёрыг уулзуулсан билээ. Уулзаад хамтран ажиллах саналыг шууд зөвшөөрч, манай эхнэр “Голомт банкинд байдаг энэ талаар туршлагатай хүнтэй уулзаж байж гэрээ хийж байж мөнгөө оруулна” гэсэн гэж хэлсэн.Тэгээд маргааш нь Д.М эхнэртэйгээ ирж Б.Цтой уулзаад төлбөр тооцоо, тодорхойлолт, лавлагаа авах ажлаа хувааж авахаар болоод салцгаасан билээ. Үүнээс цаашхи явдлыг би мэдэхгүй, би цуг яваагүй, мөнгө төгрөг аваагүй билээ. Гэтэл Д.М “тендерийн баталгаа гаргахад 3 сая төгрөг байна уу, туслаач” гээд залгаад байхаар нь би хүнээс 3 сая төгрөг гуйж олж өгсөн билээ. Би хоёр дүүгийн маань ажил төрөл нь бүтээсэй гэсэндээ л тусалж байсан болохоос 10 хувийг нь авна гэсэн зүйл огт ярьж байгаагүй. “Энэ ажил бүтвэл ахыгаа шагнанаа л” гэж ярьж байсан. ... 2019 оны 7 дугаар сард энэ тендер болох үед би тэтгэвэртээ гарсан тул Б.Цийн “Т” ХХК гэх компанид ажилдаггүй байсан билээ. Тэтгэврийн надад нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх ямар нэгэн шаардлага байгаагүй билээ. Харин сүүлд 10 дугаар сард Б.Ц “тендерт орох гэсэн гэсэн юм, та бичиг баримтаа түр өгч байгаач” гэхээр нь “би одоо ажил хийхгүй байгаа юм чинь” гэж бодоод юмаа өгсөн билээ. Гэтэл тэдний компани дээр нийгмийн даатгалын шимтгэлээ хий төлөгддөг болохыг би мэдээгүй билээ. ... Шүүгдэгч Б.Ц, Д.М нар нь бүлэглэж татварын өртэй хуулийн этгээд тендерт оролцож болохгүй гэдэг талаар тендерийн болон татварын хуульд маш тодорхой заасан байдаг. Аливаа компани өртэй байж байгаад өрөө барагдуулаад зөрчилгүй болсон борлуулалтын орлого нь шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа тохиолдолд л сонгон шалгаруулах тендерт оролцох эрхтэй болдог бөгөөд хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулах ямар ч боломжгүй юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.М, Б.Ц нарын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Ц, Д.М нар нь хохирогчид “Т” ХХК нь татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй учир тендерт оролцож шалгарах боломжгүй талаар тодорхой хэлж ойлгуулж байсан нь хэрэгт авагдсан хохирогч Д.Мын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Хохирогч Д.М нь “Т” ХХК-ийн өр төлбөр 30,000,000 төгрөгийг барагдуулах, тендерт хамтран оролцох санал тавьсны дагуу шүүгдэгч Б.Ц, хохирогч Д.М нар нь сонгон шалгаруулах тендерийн 2 дугаар багцын 600,000,000 төгрөгийн шалгаруулалтад оролцох, ашиг орлогыг 50%, 50% хувиар хуваах, хохирогч Д.М нь “Т” ХХК-ийн татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэгт төлөх төлбөрийг зохих байгууллагад барагдуулахаар тохиролцсон байдаг. Шүүгдэгч Б.Ц нь “Т” ХХК-ийн 2020 оны 2, 3, 4, 5, 6 дугаар саруудын НӨАТ-ын тайланг татварын албанд засварлаж илгээсэн байдаг бөгөөд засварласан тайлангийн дагуу хохирогч Д.М нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны 2705128121 тоот данснаас татварын албаны 1165117377 тоот дансанд 1,225,200 төгрөг, 474,200 төгрөг, 1,086,650 төгрөг, 724,434 төгрөг, 3,622,172 төгрөг, 799,800 төгрөг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2105019063 тоот дансанд 9,951,480 төгрөг \1хх 239\-ийг шилжүүлсэн байна. Түүнчлэн Б.Цийн найз Г.Гэндэнсүрэнгийн Хаан банкны 5498125539 тоот дансанд 4,500,000 төгрөг шилжүүлснийг Б.Ц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Т” ХХК-ийн төлбөрт болон тендерт оролцоход шаардлагатай цахим эрхийг идэвхжүүлэх зорилгоор “Монфас” ХХК-д 500,000 төгрөгийг төлснөөс гадна Д.Мын Хаан банкны 5011023666 тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлснийг тендерийн бичиг баримт бэлтгэх, боловсруулах хүмүүсийн 3,000,000 төгрөгийн урьдчилгаа хөлсөнд төлсөн байдаг. Шүүгдэгч Б.Ц, хохирогч Д.М нар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулсан “Орон сууцны байруудын гадна фасадын засвар, дулаалга дээврийн засвар” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шаардлагатай бичиг баримтыг бэлтгэж тендерийн баталгааны 6,000,000 төгрөг төлөх ёстойгоос 3,000,000 төгрөг дутсан тул Д.Маас зээлж 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн өглөө тендерийн бичиг баримтыг илгээсэн боловч НӨАТ-ын үлдэгдэлтэй, зохих бичиг баримт шаардлага хангаагүй шалтгаанаар шалгараагүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбилэгийн “...”Т” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 3,622,172 төгрөг, мөн өдөр цалин хөдөлмөрийн хөлснөөс суутгасан татвар 3 удаагийн төлөлтөөр 2,499,200 төгрөг, мөн өдөр татварын алданги 724,434 төгрөг, татварын торгууль 1,086, 651 төгрөгийг тус тус төлсөн байна...” \1хх 90\ гэх мэдүүлэг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 4\1584 албан тоотод ‘‘...5334489 регистрийн дугаартай “Төгс жигуүр” ХХКомпани нь 2019 оны 08 дугаар сарын 01- ны өдрийн байдлаар НӨАТ болон татварын бусад төрлөөр өргүй байна..” \1хх 147\ гэх баримт, Төрийн худалдан авах ажиллагааны газрын газраас ирүүлсэн “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерээс холбогдох материалын сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Үндэсний татварын албаны татварын үлдэгдэлгүйг тодорхойлсон бичиг, Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тодорхойлолт, Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллийн санд шимтгэл төлөлтийн өргүй тухай тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан байв...,” \1хх 136\ гэх хэрэгт авагдсан нотлох баримтаар “Т” ХХК нь тендерийн сонгон шалгаруулалт оролцох цаг үед татварын болон бусад өр төлбөргүй, орон сууцны байруудын гадна фасадын засвар, дулаалга, дээврийн засвар, төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт анхнаасаа ялах боломжгүй байсан атлаа зориуд зохиомол байдлыг бий болгох замаар зохих бүрдэл дутуу баримт өгөөгүй болох нь тогтоогддог. Мөн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4\390 тоотоор “...Тус хэлтэст бүртгэлтэй “Т” ХХК-ийн 2019 онд үүссэн татварын ногдолд татвар хураах үйл ажиллагаа хийгээгүй, 7 дугаар сарын “Нэмэгдсэн өртөгийн албан татвар”-ын тайлангаар татварын илүү төлөлттэй татварын өр дутуу төлөлт байгаагүй бөгөөд татвар төлөгч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр татварын системд 2019 оны 7 дугаар сарын “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын тайлангаа нөхөж засварласан бөгөөд энэ үеэс татварын ногдол үүссэн байна...” \2хх 103\ гэх баримтаар 2019 оны 7 дугаар сарын байдлаар татварын илүү төлөлтэй байсан нь нотлогддог бөгөөд шүүгдэгч Б.Ц нь тендерт сонгон шалгарсан тохиолдолд Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 15 иргэдийг туслах ажилчдыг түр ажлын байраар хангах зорилгоор хүсэлт \1хх 247\ гаргасан байдаг. Шүүгдэгч Б.Ц нь “Т” ХХК-ийн 2019 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарын “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын тайлангаа нөхөж засварлан илгээж, Д.М холбогдох байгууллагад төлсөн боловч Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн нэгдсэн санд алдаа гарч бүртгэгдээгүй нь тендерт шалгараагүй үндэслэл болсон байдаг атал татварын өртэй хуулийн этгээд тендерт оролцож болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогч Д.Мд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбилэг "албан байгууллагууд НӨАТ-ын төлөлтийг банкинд тушаасан цаг мөчөөс автоматаар Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэгддэг, заримдаа банкны үйл ажиллагаанаас шалтгаалан үдээс хойш хийгдсэн өндөр дүнтэй гүйлгээ нь маргааш өглөө нь орох явдлууд байдаг...” \1хх 90\ гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Мд “Т” ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан “Дарь-Эх” Ццолборын авто замын ажилд хамтран ажиллах санал тавьсан боловч хохирогч татгалзсан байдаг бөгөөд шүүгдэгч Б.Ц нь Зам тээвэр, хөгжлийн яаманд гүйцэтгэлийн баталгаанд барьцаалсан 29,600,725 төгрөг \2хх 224\-ийг буцаан авч хохирогчид төлөх санаа зорилготой байсан боловч Зам тээвэр, хөгжлийн яам гүйцэтгэлийн баталгааг \2хх 231\ улсын орлого болгосон байдаг бөгөөд шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Мын “Т” ХХК-ийн татварын өр төлбөрт төлсөн төлбөрийг төлөх талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж мэдүүлдэг. ... Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн оролЦчид Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаанд оролцож, талууд ашиг, алдагдал хэрхэн хуваах талаар харилцан тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээ \1хх 245\-г байгуулсан байх бөгөөд хамтран ажиллах гэрээний 1.1-д "... гэрээний зорилго нь УБ, ХУД-н 1-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих ТӨБЗГ-2019/Х1.2.15 дугаартай “Орон сууцны байруудын гадна фасадны засвар,дуулаалга дээврийн засварын гүйцэтгэлийн сонгон шапгаруулалтанд хамтран ажиллахад “А” тал “Б" талд хөрөнгө оруулалт хийж харилцан ашигтай хамтран ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино ...” гэж зааснаар талууд хуульд заасан эрх, үүргээ болон ашиг, эрсдэлээ ухамсарлаж, хүсэл зоригоо илэрхийлэн хамтран ажиллахаар тохиролцсон болох нь нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхийг төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө эзэмших эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг ойлгох ба бусдаас авсан эд зүйлсийг буцааж өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхитэй үйлдэл байдаг. Шүүгдэгч Б.Ц нь харилцан тохиролцсон хэлцлийн дагуу 29,072,190 төгрөгийг буцаан өгөхгүй гэж маргаагүй, тендерт ороход татварын болон бусад өргүй байх талаар тайлбарлан хэлсэн байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байхад анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.Ц, Д.М нарыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 8 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэний эрх зүйн харилцаанаас эрүүгийн гэмт хэргийн шинжийг ялган зүйлчилж чадаагүйн улмаас бусдыг хууль бусаар гэм буруутайд тооцож ял шийтгэсэнд гомдолтой байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бодитой харж нотлох баримтуудыг үнэн зөв дүгнэх, шударгаар шийдвэрлэх хүний эрхийг хангах, хууль дээдлэх зарчмыг гажуудуулсан тул давж заалдах шатны шүүхээс хянуулж үнэн зөв байдлыг тогтоолгох хүсэлтэй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна.

Хилсээр гэм буруутайд тооцсон, иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн эрх зүйн харилцаанаас ялган тогтоож чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг зөвхөн бусдад төлбөртэй хэвээр байгаа нөхцөлийг үнэлж шууд гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн. Гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго огт байгаагүй. Харин ч аль аль нь хэрэг зорилгоо илэрхийлэн талууд тохиролцон хамтран ажиллах гэрээ байгуулан давхар зээлийн гэрээ хийж баталгаажуулан эрсдлээс хамгаалж өөрөөр хэлбэл тендерт шалгарч чадахгүй тохиолдолд “Т” ХХК-иас буцаан 30,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрхийг ханган хэлцэл хийсэн. Түүнчлэн, тендерт оролцоход хоёрхон хоногийн хугацаа үлдсэн гэдгийг хохирогч Д.М мэдэж байсан, мэдсээр байж тухайн хугацаанд материал бүрдүүлж өгөхөөр хамтран ажиллаж бүх үйлдэлд хамтран оролцсон атлаа тендер бүтэхгүй болмогц хохирогч мэтээр гомдол гаргаж бүх зүйлд бусдыг гүтгэн буруутгаж байгаа хохирогчийн сэдлийг нарийн тогтоож чадаагүй. Хохирогч Д.М нь өөрөө бусдыг тендерийн ажил олж өгөөч гэж таних мэдэх хүнээрээ дамжуулан М, Ц нартай танилцаж байсан байх ба Мын тухайн үед ярьж хэлсэн байх ба Мын тухайн үед ярьж хэлсэн бүх зүйл үнэн зөв байсныг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоно. Гэтэл Мыг Цтой бүлэглэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж гэм буруутайд тооцсон нь яг ямар нотлох баримтаар бүлэглэсэн болох нь тогтоогдож байгааг заагаагүй, Д.М нь тендерийн материал бүрдүүлж өгөхөд огт оролцоогүй байхад өөрөөр хэлбэл, татвар төлөөгүй гэдгээ мэдсээр байж буюу шаардлага хангаагүй материал бүрдүүлэн өгсөн, хохирогчид мөнгийг нь эргүүлэн өгөх зорилго байгаагүй гэж хамтатган буруутган дүгнэсэн нь нотлох баримтаас зөрүүтэй байна. Хохирогч Д.М нь ямар ч хэлцэл гэрээг Мтай байгуулаагүй бөгөөд Мт ямар ч мөнгө өгөөгүй юм. Хохирогч Д.М М нарын хооронд залилан мэхлэх шинжтэй ямар ч харилцаа үүсээгүй, хохирол учруулаагүй байхад ялган тогтоож чадаагүй байна. Харин “тендерт ялна” гэх мэтээр хохирогчид итгэл төрүүлсэн зохиомол байдлыг бий болгосон Цтой үгсэж үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэсэн нь ямар үйлдлээр нэгдсэнийг тогтоогоогүй, нотлогдоогүй байдлыг нотлогдож байгаа мэтээр хийсвэр дүгнэлт хийж хилсээр гэм буруутайд тооцсон. Мөн тендерт оролцохоор нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг шивсэн бодит байдлыг М өөрөө оролцож мэдэж байсан болох нь цагтаа ам мөлтөс амжлаа гэж ярьцгааж байсан гэх өөрийнх нь мэдүүлгээр, мөн татварын газрын тодорхойлолтоор татварын өргүй, илүү төлөлт хийгдсэн /2,483,393 төгрөг/ баримт байна. Харин 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тухайн өдөр засвар оруулж төлбөр үүсгэсэн нотлох баримт байна. Эндээс үзвэл шүүхээс залилан мэхэлж бусдаас 30,000,000 төгрөг авсан гэх үйлдлээс 5 сарын дараа татварын тайланг өр үүсгэснийг ялган тогтоох ёстой. Д.Мын 30,000,000 төгрөгийг буцаан төлөх боломж тендер гараагүйн улмаас мөн цаг үеийн гамшигт байдлаас өрнөсөн байхад анхнаасаа буцаан төлөх зорилго байгаагүй гэж нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн. Тендерийн хорооны мэргэжилтэн гэрч Цэрэндиваагийн мэдүүлэгт “Т” ХХК тендерт оролцохоор материал ирүүлснийг нотолдог. Харин материал хангалтгүй болсныг Ц, М нарын аль нь ч тухайн үед мэдэх боломжгүй байсан болох нь үнэн зөв мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоно. Гэтэл шүүх цугларсан нотлох баримтын үнэн зөв байдлыг буруу үнэлсэн. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээний улмаас санхүүгийн мэдээлэл саатдаг, хугацаандаа бүртгэлд ордоггүй тохиолдолд байдгийг гэрч үгүйсгээгүй, харин ч гомдол гаргах эрхтэй байдыг гэдгийг мэдүүлсэн байна. Хохирогч Д.М нь эрүүгийн хэргийн хохирогч биш харин иргэний эрх зүйн харилцааны хамтран ажиллах гэрээний тал болохыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй. Дээрх бусдад залилуулсан гомдлыг дүүргийн хяналтын прокурор, нийслэлийн прокурорууд хууль зүйн үндэслэл бүхий тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байсан нь үндэслэлтэй болохыг анхаарч үзнэ үү.

Тухайн гэмт хэргийн улмаас Д.М нь хохирол хариуцаагүй байгаа нь хохирогчийг М нь хохироогоогүй болохыг илтгэнэ. Дашрамд дурдахад дээрх үйл баримт нь хуулийн этгээд иргэний хоорондын харилцаа байх ба Мыг танилцуулсан үйлдэл нь Мын тендерт хамтран оролцох шийдвэр гарахад ямар байдлаар итгэл төрүүлсэн болохыг хохирогч нотолж чадаагүй байхад шүүх үнэн зөв дүгнэж чадсангүй. Дээрх үндэслэлүүдийг харгалзан хэргийг бүхэлд нь нарийвчлан хянаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч Д.М нь Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн албаны ерөнхий инженер хурандаа, Монгол Улсын зөвлөх инженер бөгөөд Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон цол тэмдэгээр шагнагдсан хүн бөгөөд энэ хүний ажил хэргийн нэр алдар хүндийг нь ашиглан ажлын зорилгоо бүтээлгэхээр өөрөө хөөцөлдөн ирж танилцаж, хийж байгаа ажил, бүтээхээр хөөцөлдсөн бизнесийн эрсдлээ өөрөө хуваалцан оролцсоныхоо хэмжээгээр үүрэх ёстой шударга ёсны зарчмыг үл тоож зөвхөн одоо мөнгө төгрөгөө олж авч чадахгүй байна гэх байдлаар гомдол гаргаад залилуулсан гэж зохиомол байдлаар мэдүүлэг гаргаад байгааг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Д.М нь Мыг хохироох ямар ч идэвхитэй үйлдэл хийгээгүй харин ч тус болж яваад ийм хүнд байдал орсныг ялган салгаж тогтоож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролЦчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.Ц, Д.М нар нь бүлэглэн татварын өртэй хуулийн этгээд тендерт оролцож болохгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцнуудын гадна фасад, барилгын ажлын тендер авч хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Мар өөрийн эзэмшлийн “Т” ХХК-ийн татвар болон бусад төлбөр болох 29.072.109 төгрөгийн өрийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст залилан төлүүлж хохирогч Д.Мд 29.072.109 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Мын “... 2019 оны 3 дугаар сард найз Алтаннаран над дээр ирээд бид хоёр бизнес ярж байгаад би Алтаннаранд “манай ээжийн ахын барилгын компани байна, тэд одоо хөгшин хүмүүс учир ажиллуулж чадахгүй байгаа. Би тэр компанийг нь үргэлжпүүлээд барилгын салбарт ажилламаар байна, тендер аятайхан олддог юм шиг байна лээ” гэж хэлсэн. Алтаннаран надад хэлэхдээ “манай нэг хуурай ах байдаг юмаа, тендер ганц нэг юм олоод байдаг юм байна лээ, тэрэнтэй очиж уулзаж үзэх үү” гэж ярилцсан. Маргааш өдөр нь Батлан хамгаалах яамны хажуу талын байранд Батлан хамгаалах яаманд нярав хийдэг Дорж гэх хүнтэй уулзаад “барилгын ажил олж хиймээр байна, компани бол байна” гэж хэлэхэд Дорж надад хандаж “одоо манай Батлан хамгаалах яамны зөвлөх инженер хийдэг М гэх хүнтэй уулзъя” гэж хэлээд анх Мтай албан өрөөнд нь ороод уулзаж байсан. Тус өдрийн орой М надад Дорж ахаар дамжуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт гэх гарчигтай нийт 12 хуудас бүхий төслийн жагсаалтыг өгөөд “наад дээрээсээ хийх ажлаа хараад сонго, тэгээд сонгосон ажлыг чинь зохицуулаад өгнө, М өөрөө төсөвт өртгийн 10 хувийг авна” гэж тохирсон, үүнээс хойш харилцан тохиролцоод явж байгаад би Мтай гэрт нь нэг өдөр уулзаж байхад хийх ажлаа сонгосон эсэхийг асуусан тэгэхээр нь би сонгосон ажлаа хэлсэн үүний дараа надаас барилгын тусгай зөвшөөрлийн талаар асуусан би тэгэхээр нь “би танд хэлсэн дээ, тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 онд дууссан” гэдгээ хэлэхэд “надад тусгай зөвшөөрөл авахад ах нь зохицуулж өгнө, болохгүй зүйл байхгүй” гэж хэлээд надаас 9 сая төгрөгийг Мт бэлнээр болон дансаар өгсөн. Тэгээд тусгай зөвшөөрөл гарахгүй удахаар нь би асуутал М надад “миний ард бүхэл бүтэн баг ажилладаг, асуудалгүй гарч ирнэ. Болохгүй бол миний хуурай дүү нар байгаа” гэж хэлээд өөр хүн лүү гар утсаар залгаад “энэ нэг хүүхэд байна компанийг нь хөл дээр босгох гээд байна, нэг тендер авах гээл байна, тусгай зөвшөөрөл нь гараагүй байна. ...танай компанийг оруулаад эднийхийг туслангаар оруулчихмаар байна” гээд гар утсаар яриад байсан. Одоо бодоход тэр гар утсаар ярьсан хүн нь “Т” ХХК-ийн Ц байсан байх 2019 оны 7 дугаар сард ганц тусгай зөвшөөрлийн тодорхойлолт авч өгсөн. Үүний дараа надад “2,500,000 төгрөгийг барилгын үндэсний ассоциацид тушаагаад гэрчилгээгээ аваарай” гэж хэлсэн. Гэвч анх надтай тохирохдоо “9 сая төгрөгт бүх ажпыг нь багтаагаад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авч өгнө” гэж хэлсэн. За одоо ажлаа авах уу яах уу талаар ярилцаж байтал “танайх сүүлийн 3 жил ажил хийгээгүй учраас улсын тендер авч болохгүй байна, тухайн тендерт төсөвт өртөг гэж байгаа, тэр дотор сүүлийн 3 жилийн дундаж орлого нийцсэн байх шаардлагатай” гэх тайлбарыг тавьж эхэлсэн. Тэгээд гар утсаа авахгүй болж эхэлсэн. Тэгээд гэнэт нэг өдөр “Сүхбаатарын талбай дээр хүрээд ир” би энд Хүрэлсүх сайдтай уулзаад байна, чи зогсоол дээр машинтай хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд шагнал авсан гэхээр нь би явж “хоол цайнд оруулъя” гээд хоолны газар луу явж байхад би “Голомт банкны захирал найз чинь байна уу манай эхнэр голомтод ажилдаг. Бид хоёр урьдчилгаа 60 сая төгрөг үлдсэнийг нь зээлээр 3 өрөө байртай болчихмоор байна. Тэр голомт банкны захирал найз чинь жаахан дэмжпэг үзүүлээд хурдлуулаад өгч болох болов уу” гэж асуутал “чи зээлээр байр авч яах гээд байгаа юм бэ, ажил хийгээд наад мөнгөө үржүүлээд бэлэн мөнгөөр авчихсан нь дээр шүү дээ, манай нэг дүү Хан-Уул дүүрэгт тендерийн барилгын ажил авах гээд ярьчихсан, би төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга найзтайгаа ярьсан байгаа. Манай дүүгийн найз нь тухайн хэлтсийнх нь менежер бид нар харилцан ярилцсан байгаа, энэ тендерийн ажлыг 100 хувь авна эхний ээлжид санхүүгийн жаахан асуудал байгаа, тэр нь 30 сая төгрөгийн татварын өр байгаа тэрийг нь шийдээд манай дүүгийн компанид үндсэнээр ороод танайх туслахаар орчиход болно биз дээ” гэхээр нь “би бодож үзье” гэж хэлсэн. Тэгээд хоолны газар орж ирээд хоол идээд байж байтал нөгөө дүүгээ дуудаж танилцахад “Т” ХХК-ийн захирал Ц гэх хүн орж ирсэн. Тэгээд Ц надад вайбераар төрийн бодлого зохицуулалтын газар ажилладаг найз гэх хүнтэй бичсэн чат зураг зөндөө юм харуулаад “баталгаатай энэ барилгын тендерийг манайх авна, манай компани татварт жоохон өр байгаа энийг яаралтай дарчихмаар байна” гээд М Цт хэлэхдээ “энэ балай одоо урьдчилгаа мөнгө өгч зээлээр байр авах гээд байх юм. Чамтай хамтарч ажиллаад мөнгөтэй болоод бэлэн мөнгөөр байр авсан нь дээр биз дээ гээд тэр хоёр намайг энэ ажпыг хамтарч хийе манай байгууллагын өр дарчих гэх мэтээр ятгасан. ...манай ажилчдыг цуглуулаад тендерийн материал бүрдүүлээд тендерт ормоор байна” гэх мэтээр шахсан, тэгээд би “за за одоо тэгье” гэж хэлээд маргааш өглөө Хан-Уул дүүргийн татвар дээр очоод татварын өр, нийгмийн даатгалын өр гэх мэтийг төлсөн. Тэгээд тендер дуусаад “яасан юу болсон бэ”” гэтэл за байж бай, дуусаагүй байна шийдэгдээгүй байна” гэж хэлээд арван хэд хоног алга болсон. Тэгээд “мөнгөө авъя” гэхээр “хойно дарь эх дээр манайх ажил хийж энийг дуусгахаар мөнгийг чинь өгье” гэж хэлсэн.... Хамгийн анх М надаас 9 сая төгрөгийг танай барилгын тусгай зөвшөөрөл дууссан юм байна, сунгах ямар ч боломжгүй юм байна, заавал шинээр авах юм байна шинээр авахад 16 давхрын тусгай зөвшөөрөл 8 сая төгрөг танайх ямар ч ажилтан материал байхгүй юм чинь ах нь 9 сая төгрөгийг гаргаад өгье гэж хэлсэн боловч дараа нь 2.500.000 төгрөгийг тушаагаад гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн ба гэрчилгээг гаргаж өгөөгүй. Цийн “Т” ХХК-ийн нийгмийн даатгалын өр нийт 9,951,480 төгрөг, татварын өр нийт 7,932,457 төгрөг, мөн “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний мөнгө 2,500,000 төгрөгийг Улаанбаатар банкинд тушаасан 500,000 төгрөгийг Мын данс руу ажилчдын хоол унд гэж хэлж авсан, шүүхийн шийдвэрээс тухайн байгууллагад өргүй гэх бичиг авхуулна гэж хэлээд 4,500,000 найз Гэндэнсүрэнгийн дансаар шилжүүлж авсан. ... Би сүүлд Ц луу залгаад “мөнгө төгрөгөө өгөөч ээ хэзээ өгөх гээд байгаа юм бэ” гэтэл Ц надад “хэн чамайг цагдаад өг гэсэн юм бэ,  би цагдаад өгвөл мөнгөө эргүүлж 3-4 авч чадахгүй гэж хэлээ биз дээ” гэхэд “шинээр гэрээ байгуулъя” гэж хэлээд алга болсон ...” /1хх 58-59/,

 

гэрч Б.Дэлгэрцэцэгийн: “... Тендерт оролЦчдод өгөх зөвлөмжийн 4.2.2-т зааснаар “Монгол улсын хуулийн дагуу татвар, хувааж төлбөрөө тухайн тендерт нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр, төлбөрийн талаарх мэдээллийг шалгана” гэх заалтыг Т ХХК нь тухайн тендерийг нээсэн өдрийн байдлаар Дотоодын бараа үйлчилгээний НӨАТ болох 52,125,024 төгрөгийн өртэй байгаа нь тухайн шаардлыг хангаагүй. Мөн 14.1-т зааснаар Тендерт оролЦч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлсэн. Үүнд: 1. Ажпын зураг, төсвийн дагуу тооцсон төсөв зохиож эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. /Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохих программаар зохионо./ гэх заалтад зааснаар Т ХХК-ийн гаргаж өгсөн төсвийн задаргаа нь шаардлагыг хангаагүй байна.... хэрвээ ямар нэгэн системийн болон алдаа зөрүүтэй мэдээллээс болж уг компанийн ирүүлсэн тендерээс татгалзах мэдэгдэл хүргүүлсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу ажпын таван өдрийн доод дээд шатны байгууллагад 8 гомдол гаргах эрхтэй байдаг ба уг Т ХХК нь уг тендерээс татгалзсан мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй... Манай байгууллага тендерийн шалгаруулалтын тухай мэдэгдлийг оролЦч бүх компаниуд луу мэдэгдэл гарсан тухай өдөр шууд утсаар дуудаж хариуг бичгээр ирж аваарай гэж хэлдэг. Хэрэв утсаа авахгүй тохиолдолд өөр холбогдох утас луу залгаж заавал хариуг мэдэгддэг. ...Тендерийн шалгаруулалт төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар тухайн тендерт зориулж үнэлгээний хороо байгуулдаг ба энэхүү хороо нь 5 хүний гишүүнтэй байна. Үүнд үнэлгээний хорооны дарга болон нарийн бичигтэгээд захиалагч байгууллагаас 1 хүн мөн олон нийтийн төлөөлөх болох төрийн бус байгууллагын 2 хүн гэх 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ирүүлсэн байгууллагуудын тендерийн материалд үндэслэн саналыг гаргасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга баталгаажуулдаг...” /1хх 82-83/,

 

гэрч Д.Мөнхтөмөрийн: “2019 онд ... Цэрэнбалжир гэх хүн өөрийн 20 гаран жил ажиллуулсан сүүлийн 3 жил орчим үйл ажиллагаа явуулаагүй барилгын компаниа залуу хүүхдүүд сонирхож байвал үргэлжпүүлээд яваарай гэх саналыг тавиад манай дүү М сонирхоод барилгын компанийг нь үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Тэгээд сүүлийн 3-4 жил ажиллаагүй тусгай зөвшөөрөл байхгүй юм байна гэхдээ М гэх хүнтэй найзаараа дамжуулан танилцсан байгаа. Тэр хүн 9 сая төгрөгөөр тусгай зөвшөөрлийг шууд гаргаж өгнө гэж хэлсэн. Ямар нэгэн бичиг баримт хэрэггүй гэхээр нь би очиж уулзъя гэж хэлсэн. Тэгээд дүү маань 9 сая төгрөгийг өгсөн. Би М гэх хүнтэй уулзахад тусгай зөвшөөрөл асуудалгүй гарсан, одоо гэрчилгээ гарчих юм бол тендерүүд материалыг чинь өгөөд ажпыг чинь шууд авч өгнө, тэгээд ерөөсөө эргэлзээд байх юм байхгүй, ахдаа зүгээр итгэ ах нь Батлан хамгаалах яамны зөвлөх инженер хүн. Одоо Дорноговь аймагт сайд Хүрэлсүхийн тушаалаар ажилчдын орон сууц барина. Тэрэнд тендер авч өгнө гэж хэлсэн. Тэгээд бид нарт цувуулаад биччихсэн 60 орчим тендерийн материалууд үзүүлээд эндээс 3 ажлыг нь сонго тэгээд дуртайг чинь авч өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хэзээ гарч ирэх талаар асуухад удалгүй гэрчилгээ гарч ирнэ гээд надад өөрийнхөө 2-3 ажлбын үнэмлэх шиг юм үзүүлээд байсан. ...би тэрнээс хойш Мтай уулзаагүй ба дараа нь дүүтэйгээ утсаар ярихад манай дүүгийн барилгын компанийг сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа явуулаагүй болохоор одоо тендерт тэнцэхгүй. Харин Мын найз Цийн компаниар тендерт оролцоод манай компанийг туслан гүйцэтгэгчээр ороод явчих гэж байна, тэгээд тэр Цийн компанийн өр болох 30 сая төгрөгийг зээлчих гэнэ яах вэ ахаа гэж надаас асууж байсан. Удалгүй барилгын гадна фасадын тендерээ авч чадаагүй гэхээр нь би Ц гэх хүнтэй утсаар ярихад Дарь эхийн хогийн цэгийн тэнд уулзахад одоо энд би барилгын тендерийн ажлыг авчихсан хийж байгаа. Тэгээд мөнгө ороод ирэхээр хувааж авъя, энэ ажлыг хамтраад хийчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгөө авмаар байна гэдгээ хэлсэн...” /1хх 87/,

 

гэрч Ч.Цэрэндиваагийн: “...Би Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хураагч эдийн засагч хийдэг. Би “Т” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй, танайхаас ирсэн албан бичгийн дагуу уг байгууллагыг шалгаж үзэхэд НӨАТ-ын төрлөөр 2019 оноос хойш ямар ч төлбөр байхгүй байна, өртэй байгаа гэсэн үг. НӨАТ-ын өрийг төлөхгүй удвал НӨАТ-ын өрийг хариуцсан байцаагч нь процесс ажиллагаа хийж мэдэгдэл хүргүүлэх данс хаалгах гэх мэтийн шат дараалсан арга хэмээг авдаг... 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “Т” ХХК нь 52,125,024 төгрөгийн НӨАТ-ын өртэй байсан. тэгээд 2019 оны 7 дугаар сарын НӨАТ-ын тайланг 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр илгээж 54,558,000 төгрөгийн худалдан авалт тайлагнаснаар 2,483,393 төгрөгийн илүү үүссэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2019 оны 7 дугаар сарын НӨАТ-ын тайлангаа засварлаж оруулснаар ба одоогийн байдлаар нийт 100,386,959 төлбөрийн өртэй болсон ба ямар нэгэн төлөлтгүй байна... Тайланг засах гэдэг нь тухайн байгууллага цахимаар тайланг засварлах хүсэлт илгээж хүлээн авсан байцаагч нь зөвшөөрсний дагуу тайланг засах эрхийг олгодог, янз янзын тохиолдолд байгууллагууд тайлангаа засдаг... Манай байгууллага нь е-баримт дээр шивэнгүүт шууд манайд тэр дороо программаар НӨАТ бодогдож орж ирдэг. ...“Т” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 4/1584 дугаартай албан бичигт 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар өргүй байсан тухай бичигдсэн байгаа, энэ өр нь 2019 оны 7 дугаар сарын тайлангийн ноогдлоор өргүй болж тайлагнасан юм 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 4/119 тоот албан бичигт 2019 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 52,153,976 төгрөгийн өртэй байсан талаар нь бичсэн байна. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тайлангаа засаад буцаад буцаад өртэй болсон байгаа юм.нэг ёсондоо тухайн 2019 оны 7 дугаар сарын НӨАТ-ын тайланг явуулахдаа худалдан авалттай тайлагнасан нь өргүй болж харагдах гэж тийм тайлан явуулж байсан харагдаж байна... тухайн байгууллага нь 2020 оны 12 сарын 18-ны өдөр тайланд засвар хийхээс өмнө 2019 оны 7 дугаар сарын НӨАТ-ын өртэй байсан гэсэн үг.... Тухайн байгууллагын сүүлийн илгээсэн тайлан нь манай байгууллага болон http://etax.mta.mn/-ээс авч болно. Харин өмнөх анх байсан засварлаагүй тайлангуудыг хаанаас ч харах боломжгүй. Гэхдээ манай байгууллагаас хэзээ тайланг засварлаж байсан огноог харж болно....” /2хх 27-28, 54-55/,

 

гэрч Х.Улам-Өрнөхийн: “... Би 2019 оны 7, 8 дугаар саруудад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга байсан. ...Би Б.Ц, Д.М гэх хүмүүсийг танихгүй... Надад “Т” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй, хэн нэгэн надад “Т” ХХК нь тендерт оролцож байгаа талаар 2019 оны 7 дугаар сард хэлж захиж байгаагүй... “ гэсэн мэдүүлэг /2хх 234-234/ гэх мэдүүлгүүд,

 

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А-1/121 дугаартай: “...Засгийн газрын 388 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 онд зохион байгуулсан ...төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад “Т” ХХК /рд:5334489/ нь оролцож тендер ирүүлсэн. Тус компанийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцээгүй тул захиалагч тендерээс татгалзсан байна...” гэсэн албан бичиг /1хх 135/,

 

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 4/119 дугаартай: “..Т ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 1-ний дөрийн байдлаар НӨАТ-ын тайлангаар 52.153.976.05 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Түүнээс хойш 7 сард 2,3,4,5,6 дугаар саруудад НӨАТ-ын тайланг засварлаж илгээсэн байна. Ногдуулсан татварын ногдлоос улсын төсөвт огт төлөлт хийгээгүй байна...” гэсэн албан тоот, баримтууд /1хх 145-179/,

 

www.Tender.gov.mn сайтад үзлэг хийсэн “...Т ХХК-ийн 2019-2020 онд оролцсон тендерүүдийн түүхчилсэн мэдээлэл байв. ...”Т” ХХК нь нийт 9 удаагийн тендерт оролцсон бөгөөд үүнээс 7 удаад нь хасагдаж, 2 удаад нь тендерт шалгарсан байна...” /1хх 138-144/ гэсэн тэмдэглэл, Голомт банкны төлбөрийн баримтууд /1хх 237-241/, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 136-137/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт /1хх 242/, Д.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 249, 2хх 6/, Татварын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4/390 дугаартай албан бичиг /2хх 103/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/1/253 дугаартай албан бичиг болон холбогдох баримтууд /2хх 104, 183/, Монголын татварын албаны Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /2хх 32-42/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.М, Б.Ц нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.М, Б.Ц нарыг бүлэглэн татварын өртэй хуулийн этгээд тендерт оролцож болохгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцнуудын гадна фасад, барилгын ажлын тендер авч хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Мар өөрийн эзэмшлийн “Т” ХХК-ийн татвар болон бусад төлбөр болох 29.072.109 төгрөгийн өрийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст залилан төлүүлж хохирогч Д.Мд 29.072.109 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М, Б.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Цийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.М, Б.Ц нар болон тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал, М.Алтанцэцэг нарын “... Хэргийн талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, шүүгдэгч нарын үйлдлийг залилах гэмт хэрэг биш талаар ...” гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

 

Учир нь, залилах гэмт хэргийн субъектив шинж нь бусдын эд хөрөнгийг амар хялбар аргаар өөрийн болгох гэсэн шунахай сэдэлтээр, хохирол, хор уршгийг хүсэж буй болгох нь нэг талаас гэмт этгээдийн үйл ажиллагааны зорилго болсон, нөгөө талаас энэхүү зорилгыг хэрэгжүүлэх нь түүний хувьд зайлшгүй байдаг.

 

Иргэний эрх зүйн харилцаа тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар өөрийн өр төлбөрийг бусдаар төлүүлж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх учиртай.

 

Шүүгдэгч Б.Ц нь компани татварын өртэй, тендерт оролцох боломжгүй, гүйцэтгэгч байгууллагаар шалгарах эсэхийг мэдэх боломжгүй байсан хэдий ч хохирогч Д.Мтай хамтран ажиллах гэрээ байгуулан тендерт оролцоод ялах нь тодорхой гэж итгүүлэн төөрөгдүүлсний улмаас хохирогчийн зөвшөөрлөөр 29.072.109 төгрөгийг өөрийн өмчлөлийн “Т” ХХК-ийн татвар болон бусад төлбөрийн өрийг төлүүлсэн үйлдэл нь, мөн шүүгдэгч Д.Мын хохирогч Б.Мыг Б.Цтой гэрээ байгуулахад зуучилсан, улмаар хохирогчийн ахтай уулзаж “тусгай зөвшөөрөл гарсан, тендерт ялна” гэх мэтээр хохирогчид итгэл төрүүлэн зохиомол байдлыг бий болгож, шүүгдэгч Б.Цтой үгсэн тохиролцож үйлдлээрээ нэгдсэн үйлдэл нь тус тус залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар Д.М, Б.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон, тогтоогдож байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтоосон, эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгээгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.М, шүүгдэгч Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дүгнэлт өгөхдөө шүүгдэгч Б.Цийг урьд ял шийтгүүлж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч урьд ямар нэгэн байдлаар ял шийтгүүлж байгаагүй болохыг тэмдэлэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, шүүгдэгч Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролЦч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ