Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 146/ШШ2024/00100

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний  хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:   “******* банк” ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,

“*******н ******* /РД: *******/ эрэн сурвалжлуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Ням оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Н.******* нь ХААН банктай 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн №317201843594550 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №.БГХ201843594550 тоот Барьцааны гэрээ байгуулж 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 2,558,916.45 төгрөг, зээлийн хүүнээс 2,205,890.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,360.63 төгрөг нийт 4,773,167.30 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны т\хай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Зээлдэгчид холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Зээлийн гэрээний төлбөрт 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.

- Үндсэн зээлийн үлдэгдэл 10,441,083.55 төгрөг

- Зээлийн хүүгийн төлбөр 10,829,719.81 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,080,986.96 төгрөг...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би хариуцагч *******ын хаягтаа оршин суудаггүй талаар багийн засаг даргын тодорхойлолттой танилцлаа. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлд бичигдсэн хаяг дээрээ оршин суухгүй байгаа тул *******ын хаягийг тодруулж эрэн сурвалжлахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. ...Зээлдэгч маань зээл аваад маш их удаж байгаа. Зээлээ төлөхгүй удсан учраас хаягийн дагуу очиход тухайн хаяг дээрээ байхгүй, ажилгүй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс манайхаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Н.*******ос 22,351,790.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Н.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Жич: *******н ******* /РД:*******/ нь хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар багт оршин сууж байсан, утас: 80221793 болохыг дурдав.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,709 төгрөгөөс 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 199,509 төгрөгийг улсын төсвийн 100101800941 тоот данснаас гаргуулж “******* банк” ХК-д буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******н ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4. дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас:*******/-т мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,709 төгрөгөөс 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 199,509 төгрөгийг улсын төсвийн 100101800941 тоот данснаас гаргуулж “******* банк” ХК-д буцаан олгосугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН