Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 251

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0-165/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Д-д холбогдох эрүүгийн 201726030650 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 30-нд Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ,,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Д

 

            Холбогдох хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

    Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” нэртэй баарны үүдэнд хохирогч С.З-тай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” нэртэй баарны үүдэнд хохирогч С.З-г зогсож байхад нь нүүр тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

            1. Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...Хохирогч С.Зд 500.000 төгрөгийн хохирол төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн...Би хохирогч С.Зг андуурч цохьсон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт баарны үүдний хэсгийн хяналтын камерийн бичлэг байв...00 минут 03 секундэнд Минт баарны үүдэнд цайвар өнгийн цамцтай эрэгтэй /Д/ бараан өнгийн цамцтай эрэгтэйн хамт Минт баарны автомашины зогсоол руу явж байв...00 минут 09 секундэнд цайвар өнгийн цамцтай эрэгтэй /Д/ нь Минт баарны автомашины зогсоол дээр зогсож байсан чинь бараан өнгийн цамцтай эрэгтэй /С.З/-гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод цааш автомашины зогсоол руу явав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд бараан өнгийн цамцтай эрэгтэй /С.З/ автомашины зогсоолд нүүрээ даран сууж байв...” /хх-ийн 12-16/

            3. Хохирогч С.Згийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би Минт баарны үүдэнд такси үйлчилгээнд явах гээд хамт таксинд явдаг жолооч нартай зогсож байтал зүс таних Д гэх эрэгтэй нилээн согтолттой Минт баарнаас гарч ирээд гэнэт миний хамар руу нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Миний хамарнаас цус гараад би хамраа дараад суух хооронд Д явчихсан. Д ямар учраас миний хамар руу цохьсон талаар мэдэхгүй байна. Би Такси сервис ХХК-нд харъяалагдаж Минт баарны гадаа өөрийнхөө хувийн машинтайгаа зогсож байнга такси үйлчилгээнд явдаг. Урьд Такси сервис ХХК-нд Д нь хамгаалагчаар ажиллаж байсан. Урьд нь Д бид хоёр маргалдаж байгаагүй өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй тухайн үед яагаад намайг Д цохьсоныг мэдэхгүй байна. Д миний хамар руу гараараа цохиж байхыг надтай хамт ажилладаг жолооч нар харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6457/-ний дүгнэлт:

                        -З-н биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 21/

            5. Яллагдагч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн үед танил ах болох Ганбаяр /98990131/-ын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарлуу очсон. Тэнд очсоны дараа зүс таних О, Огийн найз нь гэх 2-3 залуутай тааралдаад тамхины өрөөнд байж байхад Огийн найз нь гэх залуу надруу дайрч “чи намайг таньж байна уу, чи холимог тулаанаар хичээлэлдэг болсон гэл үү хэр зэрэг сайжирсан юм” гэх мэтээр маргаан үүсгэж хэрэлдээд байхаар нь чи согтуу байна, дараа уулзъя гэж хэлээд Минт баарнаас гараад явсан. Тэгсэн нөгөө залуу араас гарч ирээд ална шүү гээд орилоод байсан. Ингээд би Минт баарны үүдний шатаар доошоо буугаад явж байхад өөдөөс үл таних эрэгтэй юм асуух шиг болсон. Би уг залууг Огийн найз нар байна гэж бодоод баруун гараараа нүүрлүү нь шидсэн. Тэгсэн уг залуу доошоо хамраа дараад суухаар нь найз нь андуурсан байна зүгээр үү гэж асуухад зүгээр, зүгээр гэж хэлсэн. Тэгээд би цаашаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6457/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч С.Зд 500.000 төгрөг төлсөн /хх-ийн 61/, түүний хувийн байдал /27 настай/, хохирогч С.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие санал гомдол байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан учир...хөнгөн шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/ зэргийг харгалзан Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан диск 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архивт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын Д-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Б.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архивт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР