Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/022

 

Ё.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор Ё.*******т холбогдох эрүүгийн 2114000000294 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Галдан тайж овогт *******ын *******, ..........оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/

Ё.******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 48-02 тоотод иргэн Г.*******г галын хайчаар нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ё.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Галдан тайж овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Галдан тайж овогт *******ын *******ийг нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1- д заасныг журамлан шүүгдэгч Галдан тайж овогт *******ын *******ийг Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс явахыг хориглож хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ё.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Ё.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ё.*******ээс 72487 төгрөг гаргуулж хохирогч Г.*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...1. Ё.******* нь надад учирсан хохирол болох 600.000 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөгийн хохирлыг төлөөгүй, шууд зодож гэмтэл учруулсан, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхад шүүх хөнгөн ял шийтгэл оногдуулсан байна. үүнд гомдолтой.

2. Миний нүүрэнд галын хайчаар цохиж арилахгүй сорви тогтоосон. Үүнийгээ огт хүлээн зөвшөөрөхгүй, одоо миний нүүрэнд учирсан сорви шархаа эмчлүүлсэн. Гэтэл зардал хохирол их гарч байхад шүүх миний нэхэмжлэх эрхийг хангаагүй, үүнийг хангуулах арга хэмжээ авхуулах талаар гомдол гаргаж байна гэжээ.

 Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.*******гийн тус шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.*******ийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 48-02 тоотод иргэн Г.*******г галын хайчаар нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Ё.******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 48-02 тоотод иргэн Г.*******г галын хайчаар нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 13-15,18-19 дүгээр талд тус тус авагдсан “...2021 оны 08 сарын 24-ны өдөр ...гэрт нь ... сууж байтал...Ё.******* гэх эмэгтэй эхлээд галын хайчаар зүүн талын нүд хэсэг рүү цохиод намайг газар унахад цээжний 2 тал, хөл рүү хайч болон өшиглөж цохиод байсан, одоо миний зүүн талын нүд хөхөрсөн, духны гол хэсэгт халцарсан, баруун, зүүн 2 хавирга, 2 шилбэ гуяа, өвдөг хэсэгт хөхөрсөн байгаа…“... 600.000 төгрөг нэхэмжилж байна...”. гэх . хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

Хэргийн 32-33 дугаар талд авагдсан “.... 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хуурай эгч болох Г.*******г “гэрт ирээд хоол хийгээд өгөөч” гэж утсаар хэлсэн. ...гэрт Г.******* эгч орж ирээд зүүн талын орон дээр сууж байтал манай салсан эхнэр Ё.******* гэрт орж ирээд зуухны хажуу талд байсан галын хайч аваад Г.******* эгчийн нүүр лүү нь цохиход газар унасан. Тэгтэл бие рүү нь хайчаар болон хөлөөрөө өшиглөөд цохиод байхаар нь би очиж салгасан...гэх гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

Хэргийн 40-41 дүгээр талд авагдсан “... Г.*******гийн биед тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, суга, цээж, дал, бугалга, шуу, өвдөгний үе, гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 394 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд “...Би Г.*******г 2-3 удаа нүүр рүү нь алгадсан. Г.******* намайг мөн 2-3 удаа алгадаж цохисон.... Миний хувьд уг нь хайчаар цохиогүй ... би хөнгөн гэмтэл учруулснаа хүлээж байгаа ..” гэж шүүгдэгч Ё.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Ё.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх “..хохирогч Г.******* 600.000 төгрөг эмчилгээний зардал нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд 72487 төгрөгийн нотлох баримт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүх 72487 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д олгож хохирогчийн нэхэмжилсэн бусад буюу 527.513 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхээр дахин шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хохирлын ямар баримтыг үнэлж нийт 72487 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, ойлгомжгүй болгожээ.

Мөн анхан шатны шүүх гэм хорын хохирлын 72487 төгрөгийг шүүгдэгч Ё.*******ээс гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэмт хорыг арилгах зохицуулалтыг баримтлаж шийдвэрлэх байтал мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Г.*******гийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэм хорын хохирлын нотлох баримтуудыг нягтлан үзэхэд:

Хавтаст хэргийн 90-91 дүгээр талд - ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 48000 төгрөгийн эм,

-2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр *******гээс Эрчим хүч ХХК-д 7197,69 төгрөгийг төлсөн баримт

-2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *******гээс Баянцэцүхэй эмийн сангаас 9500 төгрөгийн эм

- 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *******гээс Баянцэцүхэй эмийн сангаас 9000 төгрөгийн эм

- 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1500 төгрөгийн эм

- 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 25200 төгрөгийн эм авсан гэх нийт 6 ширхэг баримтууд авагдсанаас 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр *******гээс Эрчим хүч ХХК-д 7197,69 төгрөгийг төлсөн баримтыг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэж нотлох баримтаас хасаж бусад нотлох баримтуудыг үнэлсэн ба тэдгээрийг нэмж тооцон нийт 93200 төгрөгийг шүүгдэгч Ё.*******ээс гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хохирогч Г.*******гийн ”... Ё.******* нь надад учирсан хохирол болох 600.000 төгрөг.... хохирлоос нэг ч төгрөгийн хохирлыг төлөөгүй, шууд зодож гэмтэл учруулсан, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхад шүүх хөнгөн ял шийтгэл оногдуулсан ...Миний нүүрэнд галын хайчаар цохиж арилахгүй сорви тогтоосон. ...сорви шархаа эмчлүүлсэн. Гэтэл зардал хохирол их гарч байхад шүүх миний нэхэмжлэх эрхийг хангаагүй, үүнийг хангуулах арга хэмжээ авахуулах талаар гомдол гаргаж байна” гэх гомдлын гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг хүлээн авч, бусад асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус, тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад

“Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ё.*******ээс 72487 төгрөг гаргуулж хохирогч Г.*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

“Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ё.*******ээс гэм хорын хохиролд 93200 төгрөг гаргуулж хохирогч Г.*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР