Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/100

 

                                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,

Нарийн бичгийн дарга                             Б.Саранзаяа

Улсын яллагч                                               Б.Халиунгоо

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2604000000089 дугаартай хэргийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Өргөө соёлын ордоны хажууд зам дээр 34-73 УНВ улсын дугаартай Тоёота приус 55 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 16.3. Явган хүний гарцын өмнө тэвэрийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан насанд хүрээгүй ******* мөргөж, түүний биед баруун шуу ясны дээд булууны зөрүүгүй далд хугарал, тохойд зулгаралт, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 3-4), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-7), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-12, 13-16), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 24-26), насанд хүрээгүй хохирогч *******ийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 27, 117), насанд хүрээгүй хохирогч *******ийн мэдүүлэг (хх-ийн 33-34), гэрч *******ийн мэдүүлэг (хх-ийн 36), гэрч *******гийн мэдүүлэг (хх-ийн 38), насанд хүрээгүй гэрч мэдүүлэг (хх-ийн 46-47), Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БНД0726/155 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 65-67), 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 74-75), *******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 112) болон шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхи хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 195.050 төгрөгийг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд бүрэн төлсөн /хх-ийн 120/ байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баяртогтох сэтгэл санааны хохиролтой холбоотой гомдол санал байхгүй, дүгнэлт гаргуулахгүй талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлжээ. /хх-ийн 118/  Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Мөн шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолох нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,

36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга есөн зуун (2.900) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая есөн зуун (2.900.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баяртогтох нь нэхэмжилсэн зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 195.050 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаагаар хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, түүнд холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ