| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2026/1138/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1239 |
| Огноо | 2026-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1239
2026 05 05 2026/ШЦТ/1239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунцэцэг,
улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,
шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Ц овогт О-н Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2605001110152 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, * оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын мужаан ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, охины хамт * дүүгийн * дугаар хороо, * тоотод оршин суудаг, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Ц овогт О-н Н (РД:).
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч О.Н нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт О-н Н-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэм хэрэгт үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц овогт О-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
- 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 10 (арав) сарын хугацаагаар хорих ял болохыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч О.Н-с 1.457.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Н-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН