Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

 Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Б  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1705002860041 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б , Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд 2 боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, “Rappid” фитнесс клубт багш ажилтай, ял шийтгэлгүй, Шүүгдэгч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жумбо” нэртэй хүнсний дэлгүүрт Л.Даваахүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. Хохирогч Л.Даваахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгрэт үйл ажиллагаа явуулдаг “Jumbо” нэртэй 8 нэрийн супермаркетад худалдагчаар ажилладаг. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим ажил дээрээ байж байтал гаднаас 2 залуу орж ирээд “хойд талын өрөөнд ороод ус авъя” гэхээр нь би үгүй гэхэд тухайн залуучууд уурлаад над руу дайрсан. Тэгээд бид хэд хоорондоо маргалдаж байтал нэг залуу нь миний хамар луу цохьсон. ...Миний хамар хугарсан байна” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, Гэрч С.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Даваахүүгийн хамтаар ажилладаг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах Жумбо дэлгүүрт худалдагчийн ажил хийж байх үед манай дэлгүүрт үл таних 2 залуу орж ирээд ус өгөөч гэхэд манай нөхөр агуулахаар дамжиж ус авдаг тул өгөхгүй гэхэд тухайн залуу “өмнө нь авдаг байсан, та нар ямар сүртэй юм бэ? хар ус харамлаад байхдаа яадаг юм” гээд хараалын үг хэлээд байсан ба заал руу явж байгаад эргэж ирээд манай нөхрийг ах нь гэх хүн гараа далайж байгаад 3 хамар луу нь цохиод лангуу руу түлхэж шахаад байсан. ...дүү нь гэх залуу манай нөхрийг салгаад цааш түлхэж унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 36/, Яллагдагч Б ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Дүү Төгөлдөрийн хамт ороод “хувинд ус хийж өгөөч машин дотор хүн бөөлжчихөөд байна” гэсэн чинь худалдагч залуу нь үгүй гэхэд “гуйж байна ш дээ” гэхэд өгөхгүй байхаар нь “ганц ус өгчих мэдэлгүй” гээд хэлчихсэн чинь “Чамд өгөх албатай юм уу” гээд маргалдсан. Тэгээд нөгөө залуугийн хацарт зөөлөн хүрсэн чинь өөдөөс гараа савсан. Тэгэхээр нь би баруун гараараа хамар луу нь нэг цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, Шинжээчийн 9536 тоот дүгнэлтэд: “...Л.Даваахүүгийн биед тархи доргилт, хамрын яс ба таславчийн хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хүзүү, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 13/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бичлэгийг үзэхэд бичлэгт тус дэлгүүрийн хяналтын камер нь үүдний хэсэг рүү харсан байдалтай, хаалганы хажууд касс, кассны дэргэд яллагдагч Б  хар өнгийн цамцтай, хохирогч Л.Даваахүү нь ногоон өнгийн цамцтай байна. Тухайн үед хоорондоо юм ярилцаж байгаа, харин яллагдагч Б  нь гараараа Л.Даваахүүг цохиж байгаа үйлдэл бичигдэн тус бичлэг гацна, хэсэг хугацааны дараа бичлэг үргэлжилхэд Б  нь түрдэг сагс болон хөлдөөгчний хоорондох зайд Л.Даваахүүтэй муудалцан зогсож байгаад барьж аван газарт өргөж шидэж дээрээс нь цохиж байгаа үйлдэл бичигдэн мөн бичлэг гацсан болно” гэсэн тэмдэглэл /хх-н 27/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Натур эмнэлэгийн компьютер томографийн оношлогооны хуудас /хх-н14/, эмчилгээний баримт /хх-н 17-25/-ууд, иргэний 4 үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 43/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 44-45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жумбо” нэртэй хүнсний дэлгүүрт “ус өгөөч гэхэд нь хохирогч Л.Даваахүү нь өгөхгүй гэснээс маргалдан, хохирогч Л.Даваахүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Б ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн 5 хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тал хувийг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой тохиролцон гэрээ байгуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 45/, хохирогчийн хүсэлт /хх-н 44/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 43/, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримт /хх-н 47/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүх шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б  нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2.200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнээс 1.100.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 43/, үлдэх 1.100.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б ээс 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Даваахүүд олгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураадан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй. Шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8.9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 450 нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б  нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргасугай. 5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ээс 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Даваахүүд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б д хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР