Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/152

 

      2022             2              10                                       2022/ДШМ/152

 

     Б.Сэд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.С,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2105000001833 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

                      Шүүгдэгч Б.С нь 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Үын эзэмшлийн 21-37 УНС улсын дугаартай Тоёота Приус 11 загварын автомашины дотор салон, баруун талын хаалга, урд талын гупер зэргийг санаатай гэмтээн 845,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Сийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Сийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сээс 1.043.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Үд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Сэлэнгэ аймагт Байгаль орчны газартай хамтарч ажиллаж байгаа бөгөөд хязгаарлалттай холбоотой ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. ...анхан шатны шүүхээс надад 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан бөгөөд энэ нь миний ажиллах боломжийг минь хязгаарлаж, цаашлаад өр төлбөрөө төлж барагдуулах боломжгүй болгож байх тул надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Сийн эрхэлж байгаа ажил, оршин суугаа хаяг нь Улаанбаатар хотод байдаг. Иймд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчихыг хязгаарлах ял оногдуулсан гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

              Шүүгдэгч Б.С нь 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Үын эзэмшлийн 21-37 УНС улсын дугаартай Тоёота Приус 11 загварын автомашины дотор салон, баруун талын хаалга, урд талын гупер зэргийг санаатай гэмтээн 845,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

              хохирогч Т.Үын “... Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед С над руу залгаад “танай гэрт очлоо шүү” гээд байсан. Би ээжтэйгээ хамт байсан учир ээжтэй уулзуулмааргүй санагдаад “би өөрөө яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзалдаад Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр МТ колонкийн зогсоол дээр зогсож байгаад С уурлаад миний машины салоныг эвдэлсэн. Тэгээд бид хоёр МТ колонкийн хойно гараашны хажууд зогссон бөгөөд С намайг “машинд сууж байгаарай” гэж хэлчихээд машинаас бууж эхнэрээ утсаараа дуудсан. Тэгээд С буцаад машиндаа суугаад би машин бариад бид хоёр Сийн эхнэрийг очиж аваад буцаад зогсоол дээрээ ирсэн. Би эхнэртэй нь юм ярилцах гэтэл С намайг юм яриулахгүй, хажуугаас гараараа хоёр удаа, суудлын дэрээр нэг удаа цохисон. Тэгснээ эхнэрээ машинаас буулгачихсан. Тэгээд би жолоочийн суудал дээр байтал намайг хажуугийн суудал руу түлхэж суулгаад өөрөө машин бариад аймар хурдтай явсан, тэгж байгаад нэг овоолчихсон чулуу мөргөсөн. Тэгээд машин барьж явсаар байгаад миний машиныг далангийн хажууд аваачиж тавьсан. Тэгээд машин зогсохоор нь би буугаад гэр рүүгээ явсан, удалгүй буцаад ирсэн чинь С явсан. Машинаа асаах гэсэн чинь хянах самбар дээр баахан гэрэл асчихсан байсан. Би машинаа хүчээр асаагаад бага багаар явсаар байгаад машинаа гэрийнхээ ойролцоо аваачиж орхиод гэртээ орсон. Миний тээврийн хэрэгслийн зарим нэг зүйлс эвдэрсэн байгаа, миний зүүн шанаа, зүүн гуя, нурууны доод хэсэгт тус тус хөхөрсөн байсан. ... С надтай уулзъя гээд байхаар нь би Сийн эхнэр рүү С над руу залгаад байна гэж хэлтэл С уулзъя гэж дуудсан. Тэгээд хэрэг болсон гэх газарт очиход С үгийн зөрүүгүй уурлаж миний машины салоныг эвдэлсэн. С миний машины салоныг эвдэлсэн, машины хаалга, цонх руу цохиж, өшиглөсөн мөн миний машиныг унаж яваад чулуу мөргөж гэмтээсэн. ...” /хх 7-8/,

 

              гэрч А.Баяржаргалын “... хэрэг болсон гэх өдөр 23 цагийн үед Ү над руу “би танай нөхөр рүү “Содоо яагаад гуниглаад байгаа юм, чи Содоог гомдоогоод байдаг юм биш үү” гэсэн мессеж бичсэн бөгөөд би энэ талаар нь Содоогоос асуутал Содоо “чи хэсэг байж бай” гэж хэлээд алга болчихсон. Тэгээд Содоо над руу залгаад “гараад ир, гурвуулаа ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд би гараад очтол Содоо Ү хоёр машиныхаа гадаа зогсож байсан. Тэгээд Содоо надад хандаад “гурвуулаа хүнгүй газар очоод ярья” гэж хэлээд бид гурав машинд суугаад явж байтал Ү машинаа согтуу хүн шиг барьсан. Тэгээд бид гурав шороон зам дээр очоод зогсож байгаад Содоо бид хоёр машинаас бууж байхад Ү машинаа хаазлаад хүчтэй явсан ба энэ үед Содоо Үын машины хаалгыг мөргөсөн. Тэгээд Ү машинаа зогсоолгүй шууд давхиад явсан. Содоо ардаас нь залгаад “буцаад хүрээд ир, гурвуулаа юм ярилцъя” гэж дуудсан. Тэгтэл Ү машинтайгаа буцаад ирсэн. Ү ирчихээд хаалга, цонхоо нээхгүй байсан. Содоо Үыг “буугаад ир, ярилцъя” гэж хэлсэн. Ү цонхоо нээгээд Содоод хандаж “чи надад өөрөө хайртай, би та хоёрыг харахаар уур хүрээд байна гэсэн биз дээ” гэж хэлээд маргалдаж байгаад дахиад явчихсан. Тэгээд дахиж машинтайгаа ирээд юу ч ярихгүй байж байгаад явсан. Тухайн өдөр С миний хажууд байхдаа Үын биед огт халдаагүй. Ү Сийн биед ч мөн адил халдаагүй. Би тухайн өдөр хэний ч биед халдаагүй. С миний хажууд байхдаа Үын машинд халдаагүй. Намайг машинд суухад Үын машины урд салон хагарчихсан байсан. С тайван дөлгөөхөн уурладаггүй, аливаа зүйлийг их тунгаадаг. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй ...” /хх 18-19/,

 

Б.Сийн яллагдагчаар өгсөн “... Би 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ү над руу залгаад эхнэр рүү чинь юм биччихсэн шүү гэж ярьсан. Тэгээд “чи хаана байгаа юм, уулзъя” гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр уулзсан. Ү олон удаа эхнэр бид хоёр руу юм бичиж маргалдуулсан учир шууд Ү руу уурлаж би машиныг нь цохиж гэмтээсэн. Удалгүй манай эхнэр Баяржаргал гарч ирээд бид гурав дахиж уулзсан. Эхнэр бид хоёр машинаас бууж байхад Ү уурлаж намайг машинаараа шүргэж цаашаа зугтаасан. Зугтааж байхад нь би Үыг зогсоох гэж машиныг нь цохисон ингээд Ү зугтаад явсан. Үтай утсаар ярьж дахиж уулзахаар болж Ү эхнэр бид хоёрыг хэл амаар доромжилсон тэгэхээр нь машиныг нь унаж өөр газар аваачиж зогсоосон энэ үедээ Үтай хамт байсан. Миний санаж байгаагаар Үыг цааш нь суулгах гэж би түлхсэн өөр биед нь халдсан зүйл  байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ү хэрэглэсэн эсэх талаар би мэдэхгүй байна. Одоогоор хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Цаашид хохирлыг нь төлнө.” /хх 41/ гэсэн мэдүүлгүүд,

 

Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “урд гупер 110,000 төгрөг, баруун урд хаалга 125,000 төгрөг, дотор салоны нүүр 350,000 төгрөг, хөдөлгүүрийн картер 80,000 төгрөг, под картер 55,000 төгрөг нийт 720,000 төгрөг, эд анги солих зардал 40,000 төгрөг, тос тосолгооны материал 35,000 төгрөг, 200г будаг туслах мат лак 50,400 төгрөг нийт 845,400 төгрөг” гэсэн дүгнэлт /хх 21-25/,

 

Хохирогч Т.Ү толгойн томографи хийлгэсэн 130,000 төгрөгийн баримт /хх 46/, “Д” ХХК-д төлсөн 18,000 төгрөгийн, 50,000 төгрөгийн баримтууд /хх 28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10418 дугаартай “... Т.Үын биед баруун шанаа, нуруу, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Т.Үын биед үүссэн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх 32-33/,

 

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэврээр Т.Үын биед хохирол учруулахгүйгээр халдсан үйлдэлд Б.Сийг 100,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх 75/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Сийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн Б.Сийг 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Үын эзэмшлийн 21-37 УНС улсын дугаартай Тоёота Приус 11 загварын автомашины дотор салон, баруун талын хаалга, урд талын гупер зэргийг санаатай гэмтээн 845,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Сийн “... ажлын нөхцөлтэй холбогдуулан оногдуулсан ялыг өөрчилж торгуулийн ялаар сольж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Б.С нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Сэлэнгэ аймагт ажлын шаардлагаар очиж ажиллах шаардлагатай байх тул оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү” гэх талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч Т.Үд учруулсан хохирлын мөнгө болох 1,043,000 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэснийг өөрчилж шүүгдэгч Б.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

                                      ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ