| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2023/0166/З/ |
| Дугаар | 126/ШШ2023/0188 |
| Огноо | 2023-10-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 126/ШШ2023/0188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны .... тоот танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Б,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Д.О нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгосон захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох болон газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, Д.Оюунбилэг, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Г.О (цахим), гуравдагч этгээд Д.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамжийн тухайд:
2.1.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлбэрийг дутуу шалгаж, нотлох баримтад үндэслэлгүй амаар тохиролцсон байдлыг үндэслэл болгож, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Баянзүрх сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 дугаартай захирамжийн хавсралтын 6 дахь заалтыг буюу О.Батбямбад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.1.2. Уг захирамжийг нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдэж гардаж авсан болох нь Захиргааны шийдвэрийг мэдэгдэх/гардуулах/ хуудас (2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал) болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “тухайн үед хүү самарт явсан байсан учир би очихгүй байж байгаад 02 дугаар сарын 06-ны өдөр хүү бид хоёр очиж гарын үсэг зурсан” гэсэн тайлбараар (2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар тал) нотлогдож байна.
2.1.3. Улмаар нэхэмжлэгчээс уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.2. Баянзүрх сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.2.1. Баянзүрх сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаар захирамжаар Д.Од Шивлэгийн давааны Богтогод байрлах өвөлжөөний газрыг 1 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
2.2.2. Уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс дээд шатны байгууллага болох Хөвсгөл аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж, Хөвсгөл аймгийн Засаг даргаас 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1/1322 тоот албан бичгээр хариу өгсөн, тус хариуг эс зөвшөөрч 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж гаргажээ.
2.3. 2023 оны 1 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баас эрүүл мэндийн шалтгаантай улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар тайлбарлаад өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгүүлэх хүсэлт гаргасан тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Гурав. Нэхэмжлэгч О.Батбямба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. Баянзүрх сумын Шивлэгийн богтого гэх газарт манай хөгшин ээж Бизьяа өвөлжөө, хаваржааны газартай байсан. Ингээд уг өвөлжөөнд миний хөгшин эх Бизьяа амьдарч байгаад 1995 онд сумын төвд амьдрах болоод уг өвөлжөөнд хуучирч муудсан хонины хашааны тал үлдсэн байсан бөгөөд манайх 2012 оноос хойш уг бууцан дээр амьдарч байсан.
3.2. Ингээд миний аав Д.О нь өөрийн төрсөн дүү Д.О нь оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг хийх шаардлагатай байгаа тул танай өвөлжиж байгаа бууц чинь миний нэр дээр байдаг юм, тиймээс та өөрийнх болгож аваад надад 1 000 000 төгрөг өгөөрэй гэснээр өөрийн нэр дээр эзэмшилтэй Баянзүрх сумын Шивлэгийн богтого гэх газарт байх хаваржааны 7000 м.кв газрыг 1,000,000 төгрөгөөр худалдан авахыг зөвшилцсөний дагуу манай аав дүү Д.Огийн хамт тус сумын газрын даамал Д.Батсайхантай очиж уулзаж уг газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хүсэхэд газрын даамал Д.Огийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ нь банкны барьцаанд байгаа тул барьцааны зүйлийг худалдахыг зөвшөөрдөггүй юм, зээл төлөгдөж дууссаны дараа би та бүхний хүсэлтийг шийдвэрлэж өгнө гэсэн хариу өгсөн.
3.3.Ингэж төрсөн ах дүү хоёр Баянзүрх сумын Шивлэгийн богтого гэх газар байрлах өвөлжөө, хаваржааны газрыг дүү нь ахдаа 1,000,000 төгрөгөөр худалдаж, ах Д.О нь ч гэсэн уг өвөлжөөг өөрийн өвөлжөө, хаваржаа гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Ингээд миний аав Д.О 2018 оны 2 дугаар сард өвөлжөө, хаваржааны төлбөр болох 1,000,000 төгрөгийг төрсөн дүү Д.Одээ өгсөн бөгөөд Д.О ч гэсэн уг мөнгийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт хийж амарлаа, та одоо өвөлжөөнд очиж буу гэснээр манайх уг өвөлжөөнд буусан, ингээд 2018 оны хавар аав минь нас барсан.
3.4. 2018 оны хавраас ээж маань биеийн эрүүл мэндийн байдал муудаж, “элэгний хортой хавдар” гэсэн онош гарсан тул олон удаа эмнэлгээр явж сэтгэл санаа нь тавгүй болж 2019 оны 9 дүгээр сард “Отгонхүүгийнх зээлээ төлж дууссан байх өвөлжөөнийхөө гэрээ, гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж ав тэгэхгүй бол ээж нь ч гэсэн бие муу байгаа учир та нарын газар эзэмших эрхийг баталгаажуулж чадахгүй бурхан болох нь” гэж байсан тул бид удалгүй газрын даамалтай 2019 оны 9 дүгээр сарын 13-14-ний үед очиж уулзсан, энэ үед газрын даамал Д.Огийн зээлийн барьцаанд тавьсан байсан өвөлжөөний газрыг банк барьцаанаас сулласан байна, төрсөн ах дүү хоёр хоёул ирж уулзаж, бие биендээ зарсан гэх өвөлжөө, хаваржааны газрын бичиг баримт ингээд бүрдлээ, одоо ингээд Засаг даргын захирамж гарчихна та нар захирамж гарахаар ирж гэрээ гэрчилгээгээ бичүүлж аваарай гэсэн.
3.5. Удалгүй миний газар эзэмших эрх баталгаажин 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр А/83 тоот захирамж гарган 6729001030 нэгж талбарын дугаар бүхий 7000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн Э-1703000058 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Гэтэл миний авга ах Д.О нь дээрх өвөлжөө, хаваржааны газрын талаар удаа дараа маргаан үүсгэж улмаар миний газар эзэмших эрхийг буюу сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүх хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
3.6. Ингээд хэрэг шалгах ажиллагааны явцад Д.О нь уг газрыг миний нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаагүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хууль бус болохыг тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс “газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээг хууль бусад тооцуулах тухай” нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн шалгах явцад Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал н.Батсайхан нь төрсөн ах, дүү хоёр өөрийн биеэр тохироод явсан тул ах Д.Оыг нас барсны дараа газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгөхөөс татгалзах үндэслэлгүй байсан тул Засаг даргын захирамж гарган газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн байдаг.
3.7. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Баянзүрх сумын дотоод ажил хариуцсан ажилтан Д.Баяраа нь намайг самарт явсан хойгуур ээжтэй уулзаж ямар нэгэн юман дээр гарын үсэг зур гэсэн байсан, тэгээд намайг 2023 оны 2 дугаар сард самарнаас ирсэн байхад дуудаж гарын үсэг зуруулсан юм. Тухайн үед намайг юун дээр гарын үсэг зуруулж байгаагаа хэлээгүй. Гэтэл иргэний хэргийн шүүх дээр танд газар эзэмших эрх олгосон захирамжийг тань Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байна гэж шүүгчийн туслах хэлэхээр нь үзсэн чинь надад газар эзэмших эрх олгосон захирамжийг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамж гарган миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан.
3.8. Би энэ захирамж гарсныг огт мэдээгүй бөгөөд энэ захирамжийг надад огт гардуулж өгөөгүй надад чиний газар эзэмших эрхийг ийм үндэслэлээр хүчингүй болгох гэж байна ийм захирамж гаргах гэж байгаа талаар хэн ч өмнө мэдэгдэж сонсгоогүй. Энэхүү захирамжийг би дараах үндэслэлээр илт хууль бус захиргааны акт байна гэж үзэж байна.
3.8.1. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа, бүүр тодруулбал бусдын эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд заавал мэдэгдэх үүрэгтэй. Тэгэхэд Хөвсгөл аймгийн Засаг дарга 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамж гаргахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхэд хэрэг шалгах ажиллагаа явагдаж байх үед аймгийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
3.8.2. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээс өөр үндэслэлээр цуцлах ёсгүй байхад газар эзэмших эрхийг минь хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалсан. Нөгөө талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын энэхүү захирамжийн 4 дэх заалтанд Аймгийн Засаг даргын энэ захирамжийг эс зөвшөөрвөл захирамжийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай гэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэснийг зөрчсөн.
3.9. Засаг даргын дээрх захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, надад огт мэдэгдээгүй мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох буй тухайлсан хуулийн нарийвчилсан заалт бариагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “Утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч О.Батбямба нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:
4.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамжийг хууль бус уу үгүй юу гэдгийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр Д.О нь Баянзүрх сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний эрх шилжүүлэх тухай” А/36 дугаар захирамж гарсан, ингэснээр надад газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгосон гэж дээрх баримтуудыг шүүх нотлох баримтаар гарган өгснийг хэргийн оролцогчдод танилцуулсан.
4.2. Ингэснээр би уг захирамжийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад хандахад аймгийн Засаг дарга шүүхэд ханд гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна.
4.3. Д.Огээс шат шатны Засаг даргад өргөдөл гомдол гаргаснаар шат шатны Засаг дарга нар өөрсдийн эрх хэмжээнд захирамж гарган миний газар эзэмших эрхийг шат шатандаа уралдан цуцалж, миний газар эзэмших эрхийг зөрчихдөө надад огт мэдэгдэлгүйгээр дураараа авирлан байгааг би төрийн байгууллагын дур зоргын асуудал гэж ойлгож байна. Аймгийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гаргасан нь Баянзүрх сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний эрх шилжүүлэх тухай” захирамж гаргах үндэс болсон тул Баянзүрх сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татахаас өөр аргагүй, аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн холбогдох заалтыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган шийдвэрлэхдээ уг захирамжийг үндэслэн гарсан Баянзүрх сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаар захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлыг хамтруулан шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
4.3.1. Үндэслэл нь Баянзүрх сумын Засаг дарга 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний эрх шилжүүлэх тухай” захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”-ийг шалгалгүйгээр маргаан бүхий газрын асуудлын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Д.Од шилжүүлсэн захирамж гаргасан нь хууль бус байна гэжээ.
Тав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
5.1. Нэхэмжлэгч О.Батбямбын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. О.Батбямба нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” А/06 тоот захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй. Мөн сонсох ажиллагаа явуулсан гэж 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл гэх гарын үсэгтэй баримт байгаа боловч захиргааны акт гаргасныхаа дараа сонсох ажиллагаа явуулсан байдал нь захиргааны акт гаргах үндэслэлгүй байсан байна.
5.2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар захирамжийг үндэслэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр А/36 дугаартай захирамж гаргасан бөгөөд уг захирамжийг шилжүүлэх гэж байгаа гэрчилгээ нь хүчинтэй эсэх, газар нь хүчин төгөлдөр эсэх асуудлыг шалгахгүйгээр гаргасан. Гуравдагч этгээд өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж байна. 10 дугаар сард 2 хүсэлт өгснийг үндэслэн О.Батбямбын газар эзэмших эрх шилжүүлэх гэрчилгээний эрхийг Д.Од шилжүүлсэн юм уу гэхэд үгүй байна. Захирамжийн 5 дахь хэсэгт Бэлтэс 5 дугаар багийн иргэн Д.Од Шивлэгийн давааны Богтогт байрлах өвөлжөөний газрыг 1 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэсэн байна. Шивлэгийн давааны Богтогт байрлах өвөлжөөний газар нэхэмжлэгч О.Батбямбын нэр дээр байсан. Тэгээд О.Батбямбын уг газар гэрчилгээ хүчинтэй эсэх асуудал шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан.
5.3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад тодорхой хугацаа өнгөрсөн байхад энэ талаар шалгаж үзэхгүй дахин Г.Отгонхүүд 1 жилийн хугацаатай эзэмшүүлж байгаа нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамж нь утга агуулгын илт алдаатай гэдэг нь газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг дутуу шалгаж, нотлох баримт нь үндэслэлгүй, амаар тохиролцсон байдлыг үндэслэл болгож, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны Газрын тухай хууль, тогтоомж зөрчсөн гэж үзэж О.Батбямбад газар эзэмшүүлсэн энэ заалтыг хүчингүй болгосон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуульд заасан зөвшөөрлүүдээс өөр бусад үндэслэлээр цуцлах үндэслэлгүй байхад газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй, утга агуулгын хувьд илэрхий алдаатай байна.
5.4. Тухайн үед захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байсан юм уу, байгаагүй юм уу гэдэг нь ойлгомжгүй. Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа бол хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Тухайн захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлээр Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийг илт хууль бусад тооцуулах, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын захирамжийг тухайд уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний эрх шилжүүлэх тухай гэсэн байгаа атлаа хэнээс хэнд шилжүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй. Захирамжийн гарчиг, тодорхой агуулга нь хэн нэгэн этгээдээс өөр хэн нэгэн этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа агуулгатай боловч Шивлэгийн богтогод байрлах өвөлжөөний газрыг шинээр эзэмшүүлж байгаа мэтээр Д.Од эзэмшүүлсэн байгаа нь хууль бус гэж үзэж байна.
5.5. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын захирамжаас харахад шинээр газар эзэмшүүлж байгаа мэт харагддаг. Захирамжийн 1 дэх заалтад О.Батбямбаас Д.Од газрыг эзэмшүүлсүгэй гэх заалт байхгүй байна. Хэрэв газар эзэмших эрхийг шинээр олгож байгаа бол Газрын тухай хуулийн заалтыг зөв барих ёстой. Д.Огээс гаргасан хүсэлт, газар эзэмших эрхийг шилжүүлж авч байгаа этгээдийн уг эрхийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тухай, болон хураамж төлсөн зэрэг баримтуудыг бүрдүүлэлгүйгээр О.Батбямбаас Д.Од газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн захирамж гаргасан. Шинээр газар эзэмшүүлж байгаа бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн дээр дурдсан бичиг баримтуудыг шалгаснаар газар эзэмшүүлэх эрхий шилжүүлэх ёстой. Мөн захирамжийн гарчиг захирамжийнхаа утга агуулгад нийцэх ёстой.
5.6. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар О.Батбямбын газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг үндэслэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр А/36 дугаартай захирамжийг гаргасан. Д.О энэ асуудал шүүх дээр маргаантай явж байгаа гэдгийг хэлэлгүйгээр захирамж гаргуулсан байна. Иймд үүнийг сумын Засаг дарга шалгах ёстой. Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг шалгалгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.
5.7. Хэрэв шинээр газар эзэмшүүлж байгаа бол тухайн газар нь хэн нэгэн этгээдийн газартай давхацсан эсэхийг шалгаснаар газар эзэмших эрхийг шилжүүлдгийг шалгаагүй байгаа учраас энэ захирамж нь өөрөө хууль бус байна. Үүнтэй холбогдуулан н.Энхбаатараас О.Батбямбын газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтүүдийг хүчингүй болгосон. Таны хүсэлтэд дурдсан газрыг өгөх боломжгүй гэх албан ёсны хариу өгөх ёстой байхад газар эзэмших хүсэлтүүдийг хүчингүй болгож байгаа нь уг захирамжийг алдаатай гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Шинээр газар эзэмших эрхийг олгож байгаа бол өмнө гарсан Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамж хүчинтэй эсэх, өмнө уг захирамж гарсан юм бол дахин сумын Засаг даргын захирамж гаргах юм уу гэдгийг шалгахгүйгээр дахин захирамж гаргасныг хууль бус гэж үзэж байгаа тул хууль бус болгуулах хүсэлтэй байна гэжээ.
Зургаа. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:
6.1. Аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гардан авч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
6.2. Шийдвэр гаргах ажиллагааны тухайд маргаан бүхий газартай холбогдуулан Баянзүрх сумын иргэн Д.Огээс Баянзүрх сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 дугаар захирамжийн хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай аймгийн Засаг даргад хандаж удаа дараа гомдол гаргасан байдаг. Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, гэж заасны дагуу гомдолд дурдсан асуудлыг судлаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх ажпыг зохион байгуулсан.
6.4. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Холбогдох баримт, мэдээлэл ирүүлэх тухай” 1/2648 тоот албан бичгийг Баянзүрх сумын Засаг даргад хүргүүлж, холбогдох баримт, мэдээлэлд тулгуурлан судалж үзэхэд дараах нөхцөл байдал, зөрчлүүд илэрсэн. Үүнд:
6.4.1. Д.Огээс иргэн О.Батбямбад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ Баянзүрх сумын Газрын даамал Д.Батсайхан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг дутуу шалгаж, нотлох баримтад үндэслэлгүй амаар тохиролцсон байдлыг үндэслэл болгож, өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчиж, Д.Огийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Маргаан бүхий газрыг анх Баянзүрх сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар захирамжаар Д.Од эзэмшүүлж, гэрээ, гэрчилгээ гарсан бөгөөд хугацаа дуусаагүй, хууль ёсны эзэн байсаар байтал холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хууль бус үйлдэл хийснээ газрын даамал болон тухайн үед ажиллаж байсан нотариатын үүрэг гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрч, тайлбар, тодорхойлолтыг ирүүлсэн байдаг.
6.5. Нэхэмжлэлд дурдсан бусад асуудлын хувьд аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамжийг боловсруулахдаа нэхэмжлэл гаргагч О.Батбямбатай холбогдуулан гаргаж буй шийдвэрийн талаар сонсох ажиллагааг зохион байгуулах мэдэгдлийг удаа дараа өөрийнх гар утасны дугаар болох 86950261, 98982201 дугаарын утсаар холбогдон дуудаж, сонсох ажиллагааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байдаг.
6.6. Нэхэмжлэлдээ “... Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээс өөр үндэслэлээр цуцлах ёсгүй байхад газар эзэмших эрхийг минь үндэслэлгүй цуцалсан гэж дурджээ...” Газрын тухай хуулийн 40.1-д дээрхээс бусад үндэслэлээр цуцлахыг хориглоно гэж заагаагүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйл “Аймгийн Засаг даргын бүрэн эрх” 60.1.11-д “Газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл “Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх” 60.1.1-д “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 61 дүгээр зүйл “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох” 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус хууль заасан эрх хэмжээний хүрээнд газар эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож холбогдох шийдвэрийг гаргасан.
6.7. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл “Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх” 60.1.1-д “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 61 дүгээр зүйл “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох” 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний дагуу Засаг даргын гаргасан шийдвэр хуульд нийцээгүй бол өөрөө эсхүл дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэ хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/06 дугаар захирамжийг гаргасан болно.
Долоо. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
7.1. Баянзүрх сумын иргэн Д.Огээс О.Батбямбад газар эзэмших шилжүүлэхдээ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын газрын даамал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасныг дутуу шалгаж, нотлох баримт үндэслэлгүй, амаар тохиролцсон байдлыг үндэслэл болгож өөрийн шийдвэр эс үйлдэхүйгээр Газрын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэж аймгийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргасан. Өмнө нь гэрчээр оролцсон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэн н.Баяраа, газрын даамал н.Батсайхан нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
7.2. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн маргаан бүхий газрын хувийн хэргийн материалын бүрдэл дутуу байгаа нь баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагааг хууль ёсны дагуу хийгээгүй гэх зүйл ярьдаг. Сонсох ажиллагааг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулж хийсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг О.Батбямбын 86950261, 98982201 дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Сүүлд сонсоход самарт явсан гэх шалтгаанаар сонсох ажиллагаанд ирээгүй байдаг. Захиргааны шийдвэрийг хүргэсэн баримтыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн.
7.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан ямар утга агуулгын илэрхий алдаа байгаа юм бэ, аймгийн Засаг даргын захирамжид утга агуулгын илэрхий алдаа байхгүй. Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай зааж өгсөн. Гэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаас бусад үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй гэх заалт байхгүй учраас аймгийн Засаг дарга өөрт олгогдсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан учраас илт хууль бус захиргааны акт биш гэж үзэж байна гэв.
Найм. Хариуцагч Баянзүрх сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
8.1. О.Батбямбын нэхэмжлэлтэй, Баянзүрх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Өмнөх Засаг даргын шийдвэрийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй, Аймгийн Засаг дарга болон шүүхийн шийдвэрээр цуцална. Энэ хоёр ах дүү айлыг эвлэрүүлэхээр 2 удаа хуралдсан боловч тохиролцоонд хүрээгүй тул шүүх болон холбогдох дээд байгууллагад хандахаар болсон.
8.2. Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар захирамжаар уг өвөлжөөг Д.Од шилжүүлэхээр шийдвэр гарсан тул тус захирамжийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний эрх шилжүүлэх тухай” А/36 дугаар захирамжийг гаргасан болно. Аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай” захирамжийг тухайн үед О.Батбямбад гардуулан өгөх гэхэд самранд явсан байхгүй байсан, ээж Д.Бын хамтаар сүүлд Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтнээс гардан авч гарын үсэг зурсан.
Ес. Хариуцагч Баянзүрх сумын Засаг дарга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
9.1. Өмнө энэ хүмүүс маргаан гаргаад 2 удаа миний өрөөнд орж ирсэн. 2 удаа хурал хийгээд 3 дахь дээр нь энэ хүмүүс тохиролцохоор болсон боловч сүүлдээ тохиролцож чадаагүй учраас энэ асуудлыг аймгийн Засаг дарга руу болон шүүхэд хандаарай гэх хариу хэлсэн. Тэгээд аймгийн Засаг даргын захирамж гарсныг үндэслэн миний зүгээс захирамж гаргасан. Аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулахаар О.Батбямбыг удаа дараа дуудсан боловч самарт явсан гэх шалтгаанаараа ирээгүй. Тэгээд түүний эхнэр н.Маралмаа, түүний ээж нь утсыг авч байсан. О.Батбямба хожуу ирсэн учраас аймгийн Засаг даргын захирамжийг захирамжийг танилцуулаад, гардуулж өгснөөр гарын үсэг зураад гарсан.
9.2. Намайг захирамж гаргахаас өмнө Д.О надтай ирж уулзаад та захирамжаа зайлшгүй гаргаж өгөх хэрэгтэй байна. Учир нь шүүхээс зайлшгүй захирамж гаргуулж авсан байх шаардлагатай гэж байна гэсэн гэж удаа дараа ирсэн учраас захирамж гаргасан. О.Батбямба надтай ярихдаа би нэхэмжлэл гаргаагүй. Харин ээж нэхэмжлэл гаргасан. Миний хувьд авга, нагац нартайгаа тохироод эвтэй амьдарна гэж хэлсэн. Миний хувьд аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн захирамж гаргасан.
Арав. Гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан тайлбартаа:
10.1. Д.О миний бие “Шивлэгийн Богтого” гэдэг газар ээж Бизъяа, эгч Баасандолгор, ах Отгонбаяр нарын хамт 1990-1995 оныг хүртэл малаа маллаж амьдарч байсан. 1995 онд ах Отгонбаяр нь Д.Бтай гэр бүл болж, 4 дүгээр багийн нутаг “Ховджиг” гэдэг газар хадам Доржийн гадаа амьдрахаар өмч хөрөнгөө ялгаж аваад нүүгээд явсан. 1995 онд гэр бүл болоход нь манай ах нар тракторын жолооч Далайбаяр ахтай өвөг эцгийн нутаг болох 3 дугаар багийн нутаг Хоромсогийн Эрээнд хашаа барьж өгсөн. Хол газар гээд бэр эгч Баасанжав нь очоогүй ах минь нэг үхрээр Бямбын Улаанхүүд зарж ижил буруу учир хүнсэндээ авсан.
10.2. 1996 онд эгч Баасандолгор хүргэн ах Баттөртэй гэр бүл болж гарахад нь би малтайгаа өвөл нь хүргэн ахындаа өвөлжиж, зун нь гэрээ барьж ээжтэйгээ амьдарч байсан. Миний бие хүргэн ах Баттөрийнд 1995-2003 он хүртэл тус газарт цас их орсон үед нь отор нүүдэл хийж, сайхан жил нь өвөлжиж, Баттөр ахын өвөлжөөтэй сэлгэн өвөлждөг, намар нь “Цагаан булан” –даа намаржиж, хаваржиж, зундаа 1 дүгээр багийн нутаг Зангийн булаг гэдэг газар зусдаг байсан. 2000 оноос хойш ээж Бизъяагийн нас өндөр болж, биеийн байдал доройтож сумын төвд өвөлждөг болсон. Миний бие Баттөр ахындаа малтайгаа өвөлжиж, зун нь зусландаа гэрээ барьж, хүргэн ах Баттөртэй цуг зусдаг байсан. Баттөр ахынх хүүхдүүдээ сахиж сумын төвд өвөлждөг болоход нь манайх малаа сумын заан С.Тэрбиш гэдэг айлд 2003-2006 он хүртэл малаа хөлсөөр маллуулж өвөлжүүлж, 2006-2008 он хүртэл 1-р багийн нутаг Нарийн гэдэг газарт айлд мөн хөлсөөр маллуулж байсан. Нарийн гэдэг энэ газар А.Сайхнаа маллаж хавар нь төллүүлж, зунд нь Зангийн булагт ээжтэйгээ гэрээ барьж хүргэн ах Баттөртэй цуг зусдаг байв. Би 2008 онд Б.Болормаатай гэр бүл болоход энэхүү Шивлэгийн Богтого гэх газрын гэрчилгээг надад гаргуулж эзэмшүүлж байсан.
10.3. Гэртээ хариад түлш аваад буцаж очиж гэрээ нүүлгэнэ, н.Баярсайхан дүү нь эгчийг минь өвчин болгосон зарцаа хийсэн хол зайл гэж явсан юм. Маргааш нь өдөр үдийн алдад нас барсан гэж хэл ирсэн. Би ах нартайгаа замдаа эгч Баасандолгорыг аваад шарилыг нь авахаар очиход гэрт нь орон дээр нь тавьчихсан байсан. Нэг эмэгтэй Маамаа гэж дүү нь хар амиа хичээсэн хүн байна өөрийгөө л боддог гэж хүртэл хэлж байсан. Хүү Батбямба нь Баярсайхан эгчээс боллоо өнөө өглөө нөмгөн орж ирээд аавтай минь хэрэлдсэн юм гээд уйлж байсан. Миний ах өөрийн гэсэн нутаггүй, мэдэх мэдэлгүй явж байсан юм гээд итгээд явж байхад нас барсан ахыг минь ясыг өндөлзүүлж ах дүү биднийг худал гүтгэн доромжилж, гэрчилгээтэй хашааг минь аман хэлэлцээр хийсэн мэтээр газрын даамал Батсайхантай хуйвалдаж, авилга хээл хахуул өгсөн байх магадлалтай газар эзэмших эрх шалжүүлэх гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрөө хуурамчаар үйлдэж миний гарын үсгийг дууриалган зурж тэмдэг даруулсан, 2019 оны нотариатчийн бүртгэлд байхгүй байсан зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдсан юм. Энэхүү хуурамч гэрээ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын орлогч түр үүрэг гүйцэтгэгч М.Баттулгаар хүргүүлсэн юм.
10.4. Бэр эгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 тоот захирамжийг газрын даамал Д.Батсайхантай аман хэлцэл хууль бус аргаар Отгонхүү миний гэрчилгээтэй Шивлэгийн Богтого гэх газрыг 15 жилээр эзэмших хугацаа дуусаагүй /2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг дуустал/ гэрчилгээг уг захирамжаар хүчингүй болгож хүү О.Батбямбад шилжүүлсэн гэрээ ч хийгээгүй. Мөн миний зөвшөөрөлгүй асууж мэдэгдэхгүй хуурамч гэрээ гарсан. Мөн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн А/116 дугаар захирамжийг мөн О.Батбямбад гаргуулсан. Миний төрсөн эгчийн нөхөр Н.Мягмарын дүүгийн газарт ядарсан гээд зуслан газартаа /Бэрхийн амны хаваржаа гээд/ хашаа бариулсан 3 жил хаваржаад мөн л зарсан. Зуслангийн газартай гэрчилгээ олгогдоогүй мөн л хууль зөрчиж хуйвалдсан. Ах минь 2018 онд Ховджиг гэдэг газар өвөлжсөн газраа нас барсан болохоор нь тэр газраа дахиад өвөлжихөд нь эвгүй байна гэж бодоод өвөлжөөндөө өвөлжүүлэхээр зөвшөөрсөн. Үүнээс хойш 3-4 жил өвөлжсөн.
10.5. Гэтэл 2022 оны 3, 4 сард миний хашааг 23 саяаар Бэрхийн амны хаваржааг 20 саяаар миний Цагаан булангийн намаржааг минь 4 саяаар тус тус зарж мөнгийг нь Бэлтэс Мөрөн ХХК-нд 10 сая, хотын Т.Ариунболд гэдэгт Баасанжав нь 25 сая, О.Батбямба нь 20 сая төгрөгийг тус тус 30 хувь өсгөн нэмэгдүүлэхээр өгсөн гээд баярхах маягтай ярьж байдаг. 2022 оны 6 сарын эхээр Ариунболдыг тоглуулна гээд банкнаас мөнгө авч 4 саяыг нэмж өгсөн зэрэг залилан, гүтгэлэг, луйвар, хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бус арга хэрэглэж, нас барсан ах, аав, ээжийн минь ясыг өндөлзүүлж байгаа энэ хүнд иргэний эрх үүрэг, эх хүний үүрэг хариуцлага хуулийг ойлгуулж, хууль үнэн зөвөөр үйлчилж арга хэмжээ авч өгнө үү.
10.6. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээнд 2013 оны 01 сарын 05-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал нэг жилийн хугацаатай банкны барьцаанд байсныг газрын даамал Д.Батсайхан өөрөө бичилт хийсэн байгаа. Манай охины сургалтын төлбөрийг 2015, 2016 оныг манайх төлсөн, 2017, 2018 оныг ээж н.Болдчулуун нь төлсөн юм. Зөвхөн жилийн төлбөр нь 1 950 000 төгрөг байсан. Энэхүү өвөлжөөний хашааг минь зарсан даруй нь мэдэж 2022 оны 4 дүгээр сард миний бие газрын даамал Д.Батсайхан дээр очиход бэр Д.Б, хүү О.Батбямба хоёр хоёулаа худалдаж авсан гэж багийн даргын тодорхойлолт барьж ирээд гэрчилгээ гаргуулж авсан гэсэн учир надад яагаад мэдэгдээгүй юм бэ? Гэхэд чиний утас болохгүй байсан, та нар хоорондоо зохиц гэсэн юм ярьсан. Би газрын даамал Д.Батсайханыг халуун дээр нь авсан зарсан хүмүүсийг нь дуудаж уулзуулж өг гэж олон удаа шаардсан. Бүр сүүлдээ утасаа хүртэл авахаа байсан. Бэр Д.Б нь надаас зугтаад уулзаж өгөхгүй, утсаар ярихаар чи манайд зарсан, авах гэж бодоод байвал н.Энхбаатартай учраа ол би мөнгийг нь өр зээлэндээ өгсөн битгий солиор гэсэн. Хүү О.Батбямба нь миний нэр байгаа болохоос би мэдэхгүй ээж мэднэ ээжтэй ярь гэдэг байсан.
10.7. Энэ асуудлыг газрын даамал Д.Батсайхан зохицуулж өгөхгүй байсаар 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Энэ хооронд газрын даамал Д.Батсайхан өөрсдөө зохиц, үгүй бол шүүхэд ханд гэсэн учир шүүхэд хандахад шүүх сумын Засаг даргад ханд гээд хүлээж авахаас татгалзсан учир сумын Засаг дарга Г.О 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр газрын даамал Д.Батсайханыг дуудаж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зөвшилцүүлэх нэртэй хурал хийлгэхээр болсон. Энэ хурал 9 дүгээр сарын 05, 9 дүгээр сарын 20-ны өдөр болоход хоёуланд нь хүүхэд юугаа мэдхэв гээд оролцуулаагүй. Бэр Д.Б нь хүүхэд минь янз бүрийн юм болбол авч тавилцахгүй мэтээр сүрдүүлж, яадаг ч байсан хуулиар явна гэснээс ийм асуудал үүсч намайг болон ах дүү нарын минь мөн их доромжилж, явдал чирэгдэл зөндөө гаргаж хохироож байна. Д.Б нь бүх зүйлийг мөнгөөр ялан дийлэх зорилготой хууль бус ажиллагаа залилан луйвар хийж яваа учир хууль зөвөөр нь шүүнэ гэдэгт итгэж байна. Нотлох баримт гэрч байсаар байтал худал мэдүүлэг өгч байна.
Арван нэг. Гуравдагч этгээд Д.О нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан тайлбартаа:
11.1. Д.О миний 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Засаг даргын А/88 тоот захирамжийн дагуу олгогдсон гэрчилгээг минь ах Отгонбаярыг нас барсны дараа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 тоот захирамжаар Отгонбаярын хүү О.Батбямбад шилжүүлсэн байдаг. Миний “Шивлэгийн Богтого” гэх газарт газар эзэмших гэрчилгээ одоо хүртэл надад хадгалагдаж байна. Надад хэлэлгүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгээгүй мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад сүүлд хэн гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй хуурамч гэрээ гарч ирсэн. Д.Б нь хүү Батбямбын өмнөөс ямар ч нотлох баримтгүй худал мэдүүлэг өгч нэхэмжлэл гаргаж байна.
11.2. 2009 онд гуйж нэг өвөл өвөлжихдөө үхэр хонины хоёр дээвэртэй хашааг зөөж нэг болгож бариад нүүхдээ хөрзөн шороонд нь даруулаад, сөнөөгөөд мал хаших үндэсгүй болгосон. Үүнээс хойш түр зуурын нутаг хийж, 2-3 намар дамжин өнгөрдөг нутаг хийж, бүр хөрзөн нэмэгдэж задгай шахуу болгосон. Ийм хашаанд мал яаж өвөлжих юм бэ? нутаглаж байсан ч гэх шиг. Миний бие хашааг минь янзалж өг гэсээр 2014 он хүрсэн, үүнээс хойш Тариалан сум руу шилжинэ гээд явсан. Сэлбэж янзалж өгнө гэсний үндсэн дээр 2017 онд гуйж хашааг минь сэлбэж янзлах нэртэй хашаа барьсан. Үүнээс үүдэн 2018-2022 он хүртэл өвөлжсөн. 1 000 000 төгрөг гэж яриад байгаа мөнгө бол ах минь намайг хохироосон учир өгсөн мөнгө, тэр үед 1 000 000 төгрөгийн үнэтэй бүхэл бүтэн өвөлжөөний бэлчээрийн газар хашаа гэж байгаагүй.
11.3. 2017 оноос өмнө ойролцоо өвөлжөө нь хүртэл зарагдахгүй хэдээр зарагдсан нь хүртэл нотлох баримттай, зарсан хүн ч байна. Хүү Батбямба нь би энэ ажлыг хийгээгүй огт мэдэхгүй, ээж мэднэ гэдэг. Гэрээ хэлцэл хийлгүй миний эрхийг зөрчсөн, бусдад зарсан, хуурамч гэрээ үйлдсэн. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 тоот захирамж нь хүчин төгөлдөр хууль зүйн үндэслэлтэй, хүчинтэй гэж үзэж байна. Хууль зөрчсөн асуудлууд баримттай мөн сонсголыг сонсгосон гэж нотариатч Д.Баяраа нь баталсан. Баянзүрх сумын Засаг даргын захирамж нь аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн гарсан учир хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр юм. Худал мэдүүлэг өгч байгаа хүү О.Батбямбын өмнөөс ээж иргэн Д.Б газрын даамал Д.Батсайхан нартай холбоотой байна гэжээ.
Арван хоёр: Гуравдагч этгээд Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
12.1. Би энэ газар дээр 1995 оноос хойш амьдарсан. Мөн хашааг худалдаж авсан мэтээр байнга худлаа мэдүүлэг өгөөд байгаа. Тухайн үед маргаан бүхий газар 5,000,000-8,000,000 төгрөгийн үнэтэй байсан атал би 1,000,000 төгрөгөөр зарах боломжгүй. Маргаан бүхий өвөлжөөний хашаан дээр нас барсан ах минь 1 жил өвөлжөөд нас барсан. Хамт өвөлжиж байсан айл нь зөөхдөө 2009 онд одоогийн байдалтай болгосон. Тэгээд янзалж өг гэхэд шилжиж яваад 2017 онд ирэхэд нь маргааны талаар хэлсэн. Нэг удаа оторт явахад тээврийн зардал болон бусад зардлууд ороод 1,000,000 төгрөг зарцуулагддаг. Тэгээд би нараас болж маш их хохирч байна гэхэд 1,000,000 төгрөг хийгээд хашаан дээр хэдэн жил өвөлжинө гэж хэлсэн. Тэгээд 2018 оны хавар өвөлжиж байсан газар дээрээ өвөлжүүлээд хашааг сайн цэвэрлэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд оюутны сургалтын төлбөр гэх зүйл яриад байсан.
12.2. Тухайн үед Монгол Улсын Боловсролын их сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр 1,950,000 төгрөг байсан. Би үнэхээр хашаагаа зарсан байсан бол дор хаяж 2 жилийн сургалтын төлбөртэй дүйцэхүйц мөнгөөр зарах байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь өөр хоорондоо авцалдаагүй байна. Банкны барьцаанд байсан талаар ярьсан. Маргаан бүхий өвөлжөөний хашаа 2013-2014 онд нэг удаа л банкны барьцаанд байсан. Миний 2008 онд авсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2023 онд дуусаж байсан учраас газрын даамал н.Батсайханд орж нэгж талбарын дугаар өөр байгаа талаар хэлэхэд Газрын албанд өргөдөл гаргаж өгөөрэй гэж тайлбарласан. Газрын албанаас сумын Засаг даргад хүсэлтээ гаргаж өгөөд 67 дугаараа авч болно гэж хэлсэн. Тэгээд би өөрөө эмнэлэгт хэвтэж байсан учраас хүнээр сумын Засаг даргад 2023 оны 03 дугаар сард хүсэлтээ бичгээр гаргаж өгөөд явуулсан. Тэгээд шүүх маргаан бүхий газрын 2 газар байх магадлалтай байна гэхээр нь Газрын албан дээр очиж шалгуулахад 1 газар болох нь тогтоогдсон.
12.3. Намайг анх аймгийн Засаг дарга болон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад гомдол гаргахад гэрээ байгаагүй. Аман гэрээ байгуулсан атлаа захиргааны хэргийн шүүх дээр гэрээ гарч ирсэн. Надад огт мэдэгдэхгүйгээ 1,000,000 төгрөгөөр өгсөн гэх үндэслэлээр бүх зүйлийг шилжүүлсэн байсан. Тэгээд 2022 онд миний хаваржааны газрын зарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий өвөлжөөний газар дээр 1995 оноос хойш амьдарч байгаа гэж байх боловч тухайн цаг үед ээж болон миний дээд талын эгч бид хоёр амьдарч байсан. Ээж маань хааяа эмнэлэгт хэвтээд эмнэлэгт байдаг байсан. Мөн хашааны тал байх үеэс нь амьдарсан гэж ярьж байгаа боловч тухайн үед 2 бүтэн хашаа байсныг мал багтахгүй гэх үндэслэлээр хашааг нэг болгоод өдийг хүртэл засахгүйгээр өдийг хүрсэн. Миний хохирлыг барагдуулж өгөх гэж миний ах данс руу 1,000,000 төгрөг хийж өгөөд явж байсан.
12.4. Засаг дарга аман хэлцэл хийсэн гээд байгаа юм. Газрын даамал н.Батсайханыг яагаад надад энэ талаар хэлээгүй юм бэ гэхэд утас тань холбогдохгүй байсан. Та нар энэ асуудлаа хоорондоо зохицчих гэсэн хариу хэлсэн. Намайг шүүхээр явж байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг цагдаад өгчихсөн байсан. Би хүүхдээ эмера аппаратад оруулж байхад цагдаагаас ярьж энэ талаар хэлээд 3 хоногийн дотор ирээрэй гэхээр нь хүүхдийнхээ шинжилгээний хариуг ч сонсохгүй шууд ирсэн.
12.5. Мөн 2023 оны 7 дугаар сарын 5-ны хүүхдээ хагалгаанд оруулж байхад шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаантай талаар хэлэхээр нь хүүхэд маань хагалгаанд орж байна. Хагалгааны дараа бие нь хэрхэх талаар мэдэхгүй байна гэхэд та дуудсан цагт ирээрэй гэж хэлсэн учраас хүүхдээ хагалгаанд оруулаад 14 хоногийн дараа шууд ирсэн. Тэгээд шүүхийн дуудсан цагт шүүх хуралдаанд ирж, оролцоод явж байхад намайг цагдаад өгснийг нь ойлгохгүй байна. Мөн миний эгч намайг дагаад ирсээр байгаа. Шаардлагатай гэвэл эгчийг гэрчээр асуулгаж болно. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж бодож байна гэжээ.
Арван гурав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
13.1. Нэхэмжлэгчийн зүгээс Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/06 дугаартай захирамж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн А/36 дугаартай захирамжуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байна. Гуравдагч этгээдийн зүгээс эдгээр шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн Богтог гэх газрыг хаваржааны зориулалттай газрыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаартай захирамжаар гэрээ хийгдэж, газрын гэрчилгээ олгогдсон.
13.2. Газрын даамал Д.Батсайхан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчиж талуудын хүсэлтийг харгалзахгүйгээр иргэн Д.Бын гуйлтаар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг өөрөө үйлдэж, нотариат, талуудыг байлцуулалгүйгээр хийсэн үйлдэл нь хуулийг ноцтой зөрчсөнөөс иргэн Д.Огийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Д.О нь маргаан бүхий газрын талаар аймгийн Засаг даргад 2 удаа, сумын Засаг даргад 2 удаа гомдол гаргасан. Тэгээд 2 удаа авч хэлэлцсэн. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Д.Батсайхан өөрийн буруутай үйлдлийг нуун дарагдуулж, газар дээр нь шийдэх боломжтой байсан атал өнөөдрийг хүртэл шийдээгүй.
13.3. Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн А/06 тоот захирамжаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнийг тогтоож, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 дугаартай захирамжийг хавсралтын 6 дахь заалтыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Бидний зүгээс Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг Д.О нь маргаан бүхий газрын эзэмших эрхтэй гэх дүгнэлт гаргасан. Д.О, О.Батбямба нарын дунд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй.
13.4. Мөн гэрээ хийгдсэн эсэх талаар мэдээгүй гэх баримтууд иргэний хэрэгт тусгагдсан байгаа. Газрын даамал Д.Батсайхан гэрчээр өгсөн мэдүүлэгтээ амаар тохиролцсон байдлыг үндэслэн гэрээ бичиж, эрх шилжүүлсэн. Эрх шилжүүлэх баримт бичгийн бүрдлийг аваагүй талаараа хэлсэн. Нотариатч Д.Баяраа тайлбартаа газрын даамал Д.Батсайхан нь газрын эрх шилжүүлэх ажлаа буруу хийгээд баримтуудыг над дээр авч ирээд батлуулсан. Худалдагч, худалдан авсан тал өөрсдөө байсан бол би гэрээг батлах үедээ нотариатын дэвтэрт бүртгэж, гэрээний төлбөрийг хураан авч гарын үсгийг зуруулах байсан гэдэг. Эдгээр тайлбар, мэдүүлгүүдийг анхаарч үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР