Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/224

 

2022             2              24                                        2022/ДШМ/224                          

 

     Н.Ө, Б.Бнарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо,

шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч П.Баттулга,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ө даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Өын өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Баттулга нарын хамтран нарын гаргасан давж заалдах гомдлоор тус тус Н.Ө, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2106000002502 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

                         Шүүгдэгч Б.Б, Н.Ө нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Оюутны өргөө” хотхоны 1 дүгээр байрны 406 тоотод иргэн М.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Ө, Б.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б, Н.Ө нарыг “Хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Ө нарт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б, Н.Ө нарт тус тус сануулж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Б, Н.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Ө, Б.Бнараас 1.393.970 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.Ат олгуулж, хохирогч М.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б, Н.Ө нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Баттулга нар давж заалдах гомдолдоо: “... шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт хийж улсын яллагчийн гаргасан саналаас илүүтэйгээр яллах талыг баримтлан Б.Бт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна. ... Б.Бнь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэгт холбогдсон ба Б.Бын үйлдлийн улмаас хохирогч М.Аын биед хөнгөн хохирол учирсан гэдэг нь мөн эргэлзээтэй байна. Мөн хохирогч М.А нь хэдэн төгрөгний хохирол нэхэмжилж байгаа талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээгүй, анхан шатны шүүх хурал болох өдөр гэм хорын хохирлоо нотлох баримт гарган нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хохирлыг нөхөн төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Б.Бнь оюутны байранд амьдардаг, ар гэрийн байдал хүнд, тэтгэврийн халамжийн 200.000 хүрэхгүй төгрөгөөр амьдардаг юм. Тэрээр сурч боловсрон, мэдлэгээ дээшлүүлэхэд 720 цагийн буюу 180 хоног хагас жилийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд Б.Бын хувьд эдийн засаг, амьдралын хувьд маш хүндрэлтэй байгаа болно. Б.Бнь өөрийн гэм буруугаа ойлгон хохирогчоос гэм хорын хохиролд 700.000 төгрөгийг өр тавьж нөхөн төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэрч нарын мэдүүлгээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан. Б.Бнь нэг байранд амьдардаг, аяга таваг угаадаг угаалтуурт цэр, нусаа хаяхад нь шаардлага тавьсан байдаг. Мөн хохирогч нь хаалгыг өшиглөсөн байдаг. Энэ үйлдэлд нь шаардлага тавихад хохирогч цохисон байдаг. Б.Бгар руу нь цохихдоо нүүр лүү нь хальт цохисон байхыг үгүйсгэхгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Өын өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Т /хх 18-19/, Б.Эа, Т.С, Б.Номин нарын мэдүүлгүүд зэргээр шүүгдэгч Н.Өын үйлдлийн улмаас хохирогч М.Аын биед хохирол учраагүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол ...” гэж заасан бөгөөд хохирогчид бусдын хүчний үйлчлэлээр гэмтэл учирсан байхыг ойлгох бөгөөд гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.Өын алгадах үйлдлээр хохирогч Ат гэмтэл учраагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А нь Б.Б, Эа, Т, Ө нарын 4 хүн намайг зодсон талаар мэдүүлдэг боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг үндэслэн хохирогчийн дээрх 4 хүн намайг зодсон гэх мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, хохирогчийн аль мэдүүлгийг нотлох баримтаар тооцоод алийг баримтаар тооцохгүй шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. Хохирогчид гэмтэл учруулсан гэж дүгнэсэнд маргаж байгаа” гэв.

Прокурор Д.Хорлоо шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нар нь хохирогч нүүрээ гараараа хаасан байхад нь гар луу нь 2 удаа цохисон гэдэг гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаантай холбоотой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б, Н.Ө нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Оюутны өргөө” хотхоны 1 дүгээр байрны 406 тоотод иргэн М.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Аын “...Оюутны хотхоны 406 тоот өрөөнд Б, Эа нарын хамт 9 сараас эхлэн хамт оюутны нэг өрөөнд амьдарч байна. Орой өрөөндөө орж ирэхэд Б, Эа, Т, Ө нар манай өрөөнд байсан. Би өрөөндөө орж ирээд орон дээр очиж суугаад байж байтал Бнамайг “чи хаалга яагаад өшиглөөд байгаа юм бэ” гэхэд нь би “хаалга өшиглөөгүй” гэж хэлсэн. Гэтэл бүгд өрөөнөөс гарсан, би араас нь гараад ариун цэврийн өрөө ороход Эрдэнэ-Очир намайг “чи аягүй том байгаа” гэж хэлээд хараасан. Би “чи яах гээд байгаа юм бэ?” гэхэд намайг түлхсэн, би өрөөндөө эргэж ороод аягаа угаах гээд гал тогооны өрөөнд ороход Б, Эа, Т, Ө нар байсан бөгөөд намайг “чи яагаад аяга, таваг угаадаг угаалтуур луу шүлсээ хаяад байгаа юм бэ” гэхэд би “яагаад болохгүй гэж” гэхэд намайг дөрвүүлээ нийлээд зодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн ...” /хх 7-8/,

гэрч М.Тын “... Эхлээд А нь Бтой гал тогооны өрөөнд маргалдаж муудалцсан байсан. ...тухайн үед гал тогоонд болсон зүйлийг нүдээр хараагүй. Харин өрөөнөөс гарч ирснээс хойш Аын биед Ө гар луу нь 2 удаа алгадсан. Тухайн үед А нь нүүрнийхээ урд талд хоёр гараараа хамгаалаад өрөлт авсан байдалтай байсан. Тэгэхэд Ө нь Аын гарын зүүн гарын гадна шуу хэсэгт Аын биеийн чигт гараараа 2 удаа цохисон ...” /хх 18-19/,

гэрч Б.Эын “... А нь Бын уруул дээр нэг удаа тохойлдсон бөгөөд Бнь босох оролдлого хийхэд А нь Быг гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгтэл Бзөрүүлээд Аын гар луу нь хоёр удаа цохисон. ...Бнь Аыг гараараа нүүрээ хамгаалсан байхад нь гар луу нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон. Ө нь Аын биед халдсан талаар би мэдэхгүй байна ...” /хх 28-29/,

гэрч Т.Сын “... Бнь Аыг цохиж зодож байсныг хараагүй, харин Ө намайг өрөөнөөс гарах үед Аыг алгадаж байсан, яг хаана нь алгадаж байсныг хараагүй ...” /хх 32-33/,

гэрч Б.Номингийн “... Бнь Аыг цохиж зодож байсныг хараагүй, харин ус авах гээд гал тогооны өрөөнд орж, өрөөнөөс гарах үед Ө Аыг алгадаж байсан ...” /хх 36-37/,

шинжээч эмч Ч.Эын “...Ат хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун чамархайн, баруун нүдний гадна болон хацрын төвгөр хэсгийн цус хуралт буюу толгой хэсгийн гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гар, хөл, хэвлий зэргийн гэмтэл тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Үзлэг хийхэд учирсан гэмтэл хэргийн товч утга дээр бичсэн өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Мохоо зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үед үүссэн. Цохих цохигдсон нь хүний гараар цохих, цохигдох, өөрөө юм мөргөж унах гээд бүх үйлдэл хамаарна. Байрлалыг харахад баруун чамархайд үзлэг хийхэд 7x5.5 сантиметрийн хэмжээтэй овойж хавдсан улаан ягаан өнгийн цус хуралттай. Энэ нь нэг удаагийн үйлдлээр нүдний гадна булан, хамрын төвгөр хэсгээр хавдсан нь нэг үйлдлээр, хамар ясны гэмтэл хоёроос гурван удаагийн үйлдлээр үүссэн. Тухайн хэсгүүдээс хүч үйлчилсний улмаас үүссэн. Алгадах болон гараа зангидсан гэдгийг ялгаж тогтоох боломжгүй. Зураг дээр хамрын хугарал шинэ гэмтэл байсан.” /хх 183/,

Б.Бын яллагдагчаар өгсөн “... А миний нүүр лүү тохойлдоод толгой руу цохисон. Тэгэхээр нь би босож ирээд Аыг буцаагаад 2 удаа цохисон. ...бүгд эвлэрэхээр болоод А, Ө 2 гар барихад А Өыг нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тухайн үед маргаанаас болоод Аын биед Ө бид 2 халдсан. Ө нь Аын нүүрэн тус газарт хоёр удаа алгадсан. Харин би Аын гар луу хоёр удаа цохисон. Намайг цохих үед А нь хоёр гараа нүүрнийхээ урд аваад хамгаалсан байдалтай байсан. Би тэр үед хүчтэй цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” /хх 81-82/,

Н.Өын яллагдагчаар өгсөн “... А нь Бын нүүр хэсэгт тохойлдсон. Тэгтэл Ббосоод Аын нүүр хэсэгт хоёр, гурав удаа цохиход А нь газар хана налаад унасан, тэр үед нь Эа, Таа бид 3 тэр хоёрыг салгасан. ...би Аыг нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан. ...Ббид хоёр Аын биед халдсан. Бнь Аын нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Харин би Аыг нүүр хэсэгт 2 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх 87-88/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10351 дугаартай “М.Аын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун чамархай, баруун нүдний гадна булан, хацрын төвгөр, баруун бугалгын гадна доод хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна дээд хэсэг, баруун өвдөгний дотор хажуу, зүүн гуяны гадна дунд хэсэг, шилбэний ар дээд гадна хэсэгт цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 40-41/ дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Ө, Б.Бнарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Н.Ө, Б.Бнарын нэг санаа зорилгын хүрээнд, нэг цаг хугацаанд хийсэн хохирогч М.Аыг цохиж, өшиглөсөн үйлдлүүдийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч П.Баттулга нь “...хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг хэрэг гарсан, Б.Бын хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү”,

шүүгдэгч Н.Өын өмгөөлөгч Г.Нямсүрэн нь “...Н.Өын бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, сурч боловсрох хувийн нөхцөл байдал болон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан...” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамгийн доод ял болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч Н.Өын үйлдэл нь бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Өын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон, хохирогчид учирсан дээрх гэмтэл нь Н.Өын үйлдлийн улмаас үүссэн гэх хохирогч М.А, гэрч Т.С, М.Т, Б.Номин нарын мэдүүлгийг худал гэж үгүйсгэх боломжгүй бөгөөд түүнд учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.Ө, Б.Бнарын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

 

            Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Баттулга нарын хамтран гаргасан “... ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Н.Өын өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан “... үйлдэл, оролцоо тогтоогдоогүй ...” гэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Ө, Б.Бнарын зүгээс хохирогч М.Ат 1.400.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 137-179/-д огноо, дугаар тавигдаагүй байх бөгөөд энэ талаар хяналт тавьж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...шүүгдэгч Б.Б, Н.Ө нарт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Б.Б, Н.Ө нарт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бболон түүний өмгөөлөгч П.Баттулга нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Н.Өын өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Н.Ө, Б.Бнар нь хохирогч М.Ат 1.400.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

                       

 

ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН

                       

 

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ