Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2022/00027/И |
Дугаар | 138/ШШ2022/00028 |
Огноо | 2021-12-28 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2022/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд онлайнаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,
*******тай хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр *******тай 2006 оноос гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Түүнээс өнөөдрийг хүртэл хамт мал маллан амьдарч байна. Бид хоёр гэр бүл болж хамт амьдарч байсан боловч үр хүүхэдтэй болоогүй. Би өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас *******тай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Миний өмнөх нөхөр 2014 онд нас барсан. ******* бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* сумандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Би малчнаар тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч нөхөр *******тай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй тул малчнаар тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж хэлсэн. Иймд миний бие нөхөр *******тай 2006 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд хамт амьдарч байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 2006 оноос одоог хүртэл *******ы *******тай хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 2006 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа нь хэрэгт цугларсан бичмэл баримт болох нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч *******, нарын мэдүүлэг, Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ыг 2006 оноос 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл овогт *******ы *******тай хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ