Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/023

 

Л.Батхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/319 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор Л.Батхуягт холбогдох эрүүгийн 2114000000101 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Шош овогт Лхасүрэнгийн Батхуяг, .... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЙ87040116

Л.Батхуяг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Мөнхтогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч Шош овогт Лхасүрэнгийн Батхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Шош овогт Лхасүрэнгийн Батхуягт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Л.Батхуяг нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...Л.Батхуягийг А.Мөнхтогтохын биед хөнгөн гэмтэл буюу зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс хэргийн зүйлчлэл зөв гэж үзэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 348 дугаар дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, Хамар хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой, Дараа нь нүдэнд нөлөөлж нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй...” гэжээ. Тэгвэл шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Сайханбаяр, Б.Оюунгэрэл нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Оюунболд, Г.Чойжинжав нарын мэдүүлэгт шүүгдэгч Л.Батхуяг нь А.Мөнхтогтохын зүүн шанаа орчимд 1-2 удаа л алгадсан талаар мэдүүлэг өгсөн байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр Л.Батхуяг нь А.Мөнхтогтохын бие махбодид зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэсэн гэх шалтгаант холбоо үүсээгүй, байхгүй байна.

Тухайлбал тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг Э.Оюунболдын мэдүүлэгт: ..Мөнхтогтохын хувьд хамраас нь цус гарсан харагдаж байсан, өөр гэмтэл шарх харагдаагүй, нилээн согтолттой харагдаж байсан..'Тэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46/

Гэрч Г.Чойжинжавын “..нярав А.Мөнхтогтохын хамраас цус гарсан байсан, болохоор нүүрэнд нь хавдсан, хөхөрсөн, шалбарсан байсныг нь хараагүй юм. гэх мэдүүлэг / ХХ-ийн 29-30 дугаар тал/

Гэрч Ө.Дэлгэрсайханы “....Л.Батхуяг нярав. А.Мөнхтогтохыг хаана цохисныг хараагүй . Тухайн хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг / ХХ-инй 184-185/

Гэрч Н.Сайханбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн"... Би машины араас гарч ирэхэд тэр хоёр барилцаагүй байсан.Л.Батхуяг наанаас нь очоод алгадсан. Гурван алхмын зайтай байсан, А.Мөнхтогтохын хамраас цус гарч байсан гэх мэдүүлэг.

Гэрч Б.Оюунгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Л.Батхуяг нь А Мөнхтогтохыг нэг удаа алгадсан. Мөнхтогтохын хамраас бага зэрэг шүүс, цус гарсан. Мөнхтогтох машинаас буугаад орилоод байсан.”.. Батхуяг шанаанд нь алгадсан гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүгдэгч Л.Батхуягийн үйлдэл нь Мөнхтогтохын бие махбодид зүүн нүдний зовхины дээд доод хэсэгт цус хуралт гэмтэл учруулсан байх шалтгаант холбоо үүсэхгүй байгаа болно.

Гэтэл шүүхээс эдгээр байдлыг харгалзан үзэлгүй Л.Батхуягийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Хохирогчоор тогтоогдсон А.Мөнхтогтохын үйлдлийн талаар бусад гэрчүүд мэдүүлэхдээ их хэмжээний согтолттой, өөрийгөө хянах чадваргүй байсан талаар илэрхийлсэн байдаг. Харин хэрэгт авагдсанаар Л.Батхуяг нь А.Мөнхтогтохыг өвдөглөсөн гэх мэдүүлгийг өгсөн Г.Буянхишиг гэгч нь тухайн өдөр мөн л А.Мөнхтогтохтой хамт архи уусан, согтуурлын хэмжээ ихтэй байсан гэгдэх гэрч бөгөөд энэ талаар өгсөн мэдүүлгийг нь бусад гэрчүүд няцаадаг юм.

Түүнчлэн Л.Батхуягт цохиулаад шанаа хавдсан нүд хөхөрсөн гэдгийг гэрчилж мэдүүлэг өгсөн гэрчүүд нь А.Мөнхтогтохтой хамт ажлын цагаар архидан согтуурсан этгээдүүд болон А.Мөнхтогтохын ар гэрийнхэн бөгөөд тухайн үед Л.Батхуяг А.Мөнхтогтох нарын хоорондын асуудлыг шууд нүдээр хараагүй, биеэ авч явах чадваргүй байсан гэгдэх А.Мөнхтогтохын үгээр гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс байдаг.

А.Мөнхтогтох нь болсон үйл явдлаас 10 хоногийн дараа Цагдаагийн байгууллагад хандсан байх бөгөөд ийм хэмжээний гэмтэл шархын хувьд 4-5 хоногт л арилах боломжтой байдаг бөгөөд тухайн нүдний хөхрөл гэмтлээ тухайн үйл явдлын дараа нь авсан байх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан байна. Анхан шатны шүүхээс тухайн эргэлзээ бүхий нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэж байгаагаа шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгон Л.Батхуягийг цагаатгаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын тус шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Батхуягийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Мөнхтогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Батхуяг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Мөнхтогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 14-18, 178-181 талд авагдсан “......2021 оны 03 сарын 10-ны өглөө ажил дээрээ 09 цаг гээд ...өвсний фонд дээр ...очоод зогсож байхад тамгын газрын дарга Л.Батхуяг ямар нэг үг дуугүй ирээд хамар луу, нүд рүү цохитол хамраас цус гарахаар нь тонгойход гэдэс рүү 2 удаа өшиглөхөд манай эгч Алтанчимэг ирээд намайг аваад машиндаа суулгаад аваад явсан...”,

“...2021 оны 03 сарын 10-ны өглөө ...Л.Батхуяг намайг хамар, нүүр лүү 2 удаа гэдэс рүү 2 удаа өшиглөхөөр нь гараас нь барихад хамраас цус гарахаар тонгойсон тэгээд удалгүй ах, эгч 2 ирээд аваад яваад өгсөн..”. гэх хохирогч А.Мөнхтогтохын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд

1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ... нярав Мөнхтогтох согтуу ирсэн.. тамгын газрын дарга ... архи уулаа гэдэг шаардлага тавьж байсан... Мөнхтогтохыг... Л.Батхуяг .. Мөнхтогтохын зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадсан.... гэх гэрч Н.Сайханбаярын мэдүүлэг

“...Хохирогчийн хамраас цус гарсан... нэг алгадсан” гэх гэрч Н.Сайханбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар талд авагдсан “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...Л.Батхуяг , нярав А.Мөнхтогтохын зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадсан.... А.Мөнхтогтох нэлээд их согтуу байсан гэх гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд

1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...очиход нярав А.Мөнхтогтохын хамраас цус гоожсон , ах болох Б.Мөнхзолбоо машин руугаа хүчээр яваад өгсөн юм” гэх . гэрч Г.Чойжинжавын мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...мэдэхгүй сургийг нь сонсоход тамгын газрын дарга Л.Батхуяг А.Мөнхтогтохыг ажлын цагаар архи уулаа гэж хэлээд 2 алгадсан ...” гэсэн гэх гэрч Ч.Баярдалайн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 188 дугаар талд тус тус авагдсан “...... 2021 оны 03 сарын 10-ны өдөр ...Л.Батхуяг, нярав А.Мөнхтогтохыг заамдаж барьсан, хамраас нь цус гарсан байхаар нь би салгасан ... нэлээд их согтолттой харагдаж байсан...... гэх гэрч Э.Оюунболдын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 49-50, 207 дугаар талд тус тус авагдсан “... 2021 оны 03 сарын 11-ний өдөр ...А.Мөнхтогтох гэртээ зүүн талын нүд тойроод хөхөрсөн, доод зовхи нь хавдсан байсан...Л.Батхуяг элэг рүү нь цохиод нүд рүү цохисон талаар хэлж байсан гэх гэрч А.Мөнхзаяагийн: мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр талд авагдсан “.... 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 17 цагийн үед ...Л.Батхуяг очоод ажлын цагаар архи уулаа гэж хэлээд нүүр лүү 2-3 удаа цохиод гэдэс рүү нь 1 удаа өшиглөж байсан. гэх. Гэрч Г.Буянхишигтийн мэдүүлэг /хх-ийн 53-54/

1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дүгээр талд авагдсан “... 2021 оны 03 сарын 10-ны ...17 цагийн үед ...очиход А.Мөнхтогтохын хамраас цус гарсан, хамрын зүүн тал, зүүн талын хацар хэсэгт хавдсан, хамрын цусаа арчаад байж байхаар нь аваад гэрт хүргэж өгчхөөд хөдөө гэр лүүгээ явсан..... гэх гэрч М.Алтанчимэгийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар талд авагдсан “...2021 оны 03 сарын 10-ны ...17 цагийн үед ...А.Мөнхтогтохын хамраас цус гоожсон, зүүн хамар, хацар хэсэг нь хавдсан байхаар нь аваад гэрт нь хүргэж өгчхөөд хөдөө гэр лүүгээ явсан...гэх гэрч А.Мөнхзолбоогийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар талд авагдсан “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр... А.Мөнхтогтохын нүүрэнд ямар нэг ил харагдах шарх гэмтэл буюу хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй юм...” гэх гэрч Х.Энхтуяагийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дугаар талд авагдсан “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А.Мөнхтогтох тамхинд явах гээд машинд суухад архи үнэртэж байсан. Харахад дунд зэргийн согтолттой бололтой харагдсан...” гэх гэрч Б.Түмэнжаргалын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр талд авагдсан “... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...А.Мөнхтогтох маск болон хар нүдний шил зүүсэн явж байсан болохоор нүүр болон биеийн хэсэгт ямар гэмтэл шарх байсан талаар хараагүй...” гэх гэрч Д.Хаянхярваагийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 203-204 дүгээр талд авагдсан “...2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад... гэрт ороход А.Мөнхтогтохын хамраас нь цус гарсан бололтой нүүр нь бага зэрэг цус болсон. Зүүн талын хацар нүд нь хавдсан Л.Батхуягт зодууллаа гэж яриад ...зүүн талын нүд хацар хэсэг хавдсан зүүн нүд нүдний доод хэсгээр бага хөх туяатай харагдаж байхаар нь маргааш нүд нь бүр хөхрөх юм байна гэж бодож байсан...” гэх гэрч Б.Долгорсүрэнгийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дүгээр талд авагдсан “.... Л.Батхуяг нь ... ажилч, хөдөлмөрч зантай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, найз нөхдийгөө үлгэрлэж, манлайлж явдаг..” гэх гэрч Н.Батдоржийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар талд авагдсан “.... А.Мөнхтогтохын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 177 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дүгээр талд авагдсан “....Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Мөнхтогтохын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

 А.Мөнхтогтоход учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Шинжээч эмчийн үзлэг болон фото зургаар тодорхойлогдож байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хамар, хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой. Дараа нь нүдэнд нөлөөлж, нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй. Ирүүлсэн фото зургаас харахад зүүн нүдний зовхинд гэмтэл учирснаас зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүссэн байх боломжтой байна... гэх Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар давтан шинжилгээний дүгнэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Л.Батхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй , зөв байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 348 дугаар дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, Хамар хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой, . Дараа нь нүдэнд нөлөөлж нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй...” гэх дүгнэлт нь гэрч Э.Оюунболд, Г.Чойжинжав, Ө.Дэлгэрсайхан , Н.Сайханбаярын мэдүүлгүүдээр Л.Батхуягийн үйлдэл нь Мөнхтогтохын бие махбодид зүүн нүдний зовхины дээд доод хэсэгт цус хуралт гэмтэл учруулсан байх шалтгаант холбоо үүсэхгүй,

...А.Мөнхтогтох нь болсон үйл явдлаас 10 хоногийн дараа Цагдаагийн байгууллагад хандсан байх бөгөөд ийм хэмжээний гэмтэл шархны хувьд 4-5 хоногт л арилах боломжтой байдаг бөгөөд тухайн нүдний хөхрөл гэмтлээ тухайн үйл явдлын дараа нь авсан байх боломжтой ...

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан байна.

Анхан шатны шүүхээс тухайн эргэлзээ бүхий нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэж байгаагаа шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй ... хэргийг хэрэгсэхгүй болгон Л.Батхуягийг цагаатгаж өгнө үү ...”гэх гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 Учир нь: 1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар талд авагдсан “.... А.Мөнхтогтохын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх хохирогчийн биед үзлэг хийж гаргасан Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 177 дугаар ,

1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дүгээр талд авагдсан “....Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Мөнхтогтохын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

 А.Мөнхтогтоход учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Шинжээч эмчийн үзлэг болон фото зургаар тодорхойлогдож байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хамар, хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой. Дараа нь нүдэнд нөлөөлж, нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй. Ирүүлсэн фото зургаас харахад зүүн нүдний зовхинд гэмтэл учирснаас зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүссэн байх боломжтой байна... гэх хэргийн материалд үндэслэн гаргасан Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар давтан шинжилгээний дүгнэлтүүд болон дээр түүвэрлэн бичсэн гэрч Н.Сайханбаяр, Б.Оюунгэрэл, Г.Чойжинжав, Ч.Баярдалай, Э.Оюунболд, А.Мөнхзаяа, Г.Буянхишигт, М.Алтанчимэг, А.Мөнхзолбоо, Б.Долгорсүрэн нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/319 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР