Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар  зүйлийн 185.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ганбатад холбогдох 201714000087 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч Я.Ганбат, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Бууч овгийн Ядамын Ганбат, 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-22-40 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД: ДГ81102619.

Шүүгдэгч Я.Ганбатыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-64 ОРХ улсын дугаартай машинд 1975 онд ОХУ-ын Фрунзе /Киргизийн Бишкект/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,62*39 Rмм калибртай буунд зориулагдсан 47 ширхэг сум авч явсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч Я.Ганбат нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-64 ОРХ улсын дугаартай машинд 1975 онд ОХУ-ын Фрунзе /Киргизийн Бишкект/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,62*39 R мм калибртай буунд зориулагдсан 47 ширхэг сум авч явсан, хадгалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Я.Ганбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 онд Говь-Алтай аймаг явахдаа Нарантуул захаас сум авсан. Гэртээ байлгаж байгаад Цагдаагийн газраас буугаа бүртгүүл гэхээр нь буу сумаа авч гараад буугаа бүртгүүлчихээд буцаж яваад шалгуулсан. Би эдгээр сумыг ангийн зориулалттай Випрь маркийн буунд тохирох сум тул авсан. Байлдааны зориулалттай гэж мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас 3ш сум авчирч буугаа шалгуул гэдэг. Би уг сумаа авч очоод шалгуулж гэрчилгээ авч байсан. Би Випрь маркийн бууг хуулийн дагуу эзэмшдэг. Энэ сумаар л бууддаг гэж ойлгож байсан. Захаас Випрь бууны сум авъяа гээд л авч байсан болно. Буугаа шалгуулж байхад хэлсэн бол би ингэхгүй байсан. Надад санаатай үйлдэл байхгүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн мэдүүлэг,

-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл”/хх07ху/

-2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн буунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 10-11 ху/

-2017 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 14-15 ху/

-2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сум нь буудлага үйлдэх боломжтой байна.

2. Шинжлэгдэж буй малгай хэсэгтээ ”60”, “75” гэсэн тэмдэглэгээтэй 1 ширхэг сум нь 1975 онд ОХУ-ын Фрунзе /Киргизийн Бишкект/ зэвсгийн үйлдвэрт байлдааны  зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,62*39 R мм калибртай буунд зориулагдсан сум байна. Малгай хэсэгтээ V гэсэн тэмдэглэгээтэй сум нь ОХУ-ын VOSTOK зэвсгийн үйлдвэрт ан агнуур, спорт, сургалтЫн зориулалттай үйлдвэрлэсэн 5,6*15R мм-ийн калибртай, 5,6*15R мм-ийн калибртай буунд зориулагдсан сум байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудад гар аргаар хийсэн шинж тэмдэг илрэхгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургйин үзүүлэлтийн хамт /хх-ийн 24-25 тал/

-шинжээчээс авсан мэдүүлэг /хх20/,

-гэрч Г.Батгэрэлийн мэдүүлэг /хх 21-22/

- Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн Оюут багийн засаг даргын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 31-34 ху/

- Шүүгдэгч Я.Ганбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 ху/

- 2017 оны 04 дүгээр сарын 11-ы өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 87 ху/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Я.Ганбатын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Я.Ганбат нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1975 онд ОХУ-ын Фрунзе /Киргизийн Бишкект/ зэвсгийн үйлдвэрт байлдааны  зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,62*39 R мм калибртай буунд зориулагдсан байлдааны зориулалттай 47 ш сумыг хууль бусаар өөрийн эзэмшлийн 31-64 ОРХ улсын дугаартай машинд авч явсан, мөн хадгалсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 148 дугаартай дүгнэлт,2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн буунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,2017 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Я.Ганбатын өмчлөлийн машинаас хураасан 7,62*39 R мм калибртай буунд зориулагдсан 47 ширхэг сум нь ган зүрхэвчтэй, байлдааны зориулалттай болох нь хэргийн 14 дүгээр талд авагдсан “Эд зүйлд үзлэг хийх тухай тэмдэглэл”-д “...Сэжигтэн Я.Ганбатаас хураан авсан 2 төрлийн 81 ш сум байна. Сумнуудыг ижлээр нь ялгаж үзлэг явуулахад:1.Уг сум нь 47ш байх бөгөөд 7.62х39 мм калибртай, сумны малгай хэсэгт 60/75 гэсэн дугаартай, ногоон өнгийн хонгиотой, улаан шаргал өнгийн хошуутай /байлдааны/...”гэсэн, 15-16 дахь талд байгаа “сум хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар улаан шаргал өнгийн хошуутай 47ш сум хураан авсан тэмдэглэл, шинжээч Ч.Ганзоригийн өгсөн “...байлдаан болон ангийн сум нь үйлдвэрлэгдэхдээ өөр өөр хошууны бүтэцтэй байдаг. Байлдааны сум нь ган зүрхэвчтэй байдаг бол ан ангуурын зориулалттай сум нь тугалган бүтэцтэй байдаг...”гэсэн мдүүлэг /хх20/, гэрч Г.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “...7.62х39мм-ийн калибртай бууны сум нь галт зэвсэг юм. Байлдааны сумны хошуу нь ган зүрхэвчтэй, мөн хонгионы дор бүлгийн дугаартай байдаг нь бусад сумнаас ялгагдах онцлог болдог....Цагдаагийн байгууллагад хураагдсан сумыг харлаа. Эдгээр сум нь Зэвсэгт хүчин, Цагдаа, Тагнуул, Шүүхий шийдвэрт хэрэглэгддэг ган зүрхэвчтэй, мөн бүлгийн дугаартай байлдааны сум байна...”гэсэн мэдүүлэг /хх21-22/, “...Шинжлэгдэж буй малгай хэсэгтээ ”60”, “75” гэсэн тэмдэглэгээтэй 1 ширхэг сум нь 1975 онд ОХУ-ын Фрунзе /Киргизийн Бишкект/ зэвсгийн үйлдвэрт байлдааны  зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,62*39 Rмм калибртай буунд зориулагдсан сум байна...”гэсэн шинжээчийн дүгнэлт /хх24-25/зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “галт зэвсэг” гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг; 3.1.2-д “сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг; 3.1.3-д “байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг “ойлгоно гэж заасан ба галт зэвсгийг иргэн ямар зориулалтаар өмчлөх эрхтэй тухайд: дээрхи хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно”гэж заажээ.

Шүүгдэгч Я.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт “...Би эдгээр сумыг ангийн зориулалттай Випрь маркийн буунд тохирох сум тул авсан. Байлдааны зориулалттай гэж мэдээгүй...хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар олж авсан гэдгийг хуулиар тодорхой хязгаарлалт тавиагүй”гэж тайлбарласан нь шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Монгол Улсын иргэн зөвхөн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж Галт зэвсгийн тухай хуульд заасан тул хууль зөрчин байлдааны зориулалттай галт хэрэгсэл хадгалж, авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалсан нийгмийн аюулгүй байдлын эсрэг үйлдэл мөн.

Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ, 5.2-д “Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна”, 5.3-д”Спорт-сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна” гэж тус тус заасан бөгөөд уг хуульд галт зэвсэг худалдах, худалдаж авах талаар тусгайлан зохицуулсан байна.

Галт зэвсгийн тухай хуулийг зөрчиж байлдааны зориулалттай галт хэрэгслийг хадгалсан, авч явсан Я.Ганбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасан гэмт хэргийн шинжтэй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Я.Ганбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1-д “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэших” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага ялын хэмжээ шүүгдэгчид ашигтай байдлаар хөнгөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан зарчмыг баримтлан Я.Ганбатад ял оногдуулах нь зүйтэй байна.

Гэвч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байх тул хэрэг үйлдсэн нөхцөл байдал,шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 47ш сумыг устгахаар заах үндэслэлтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.7,36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бууч овгийн Ядамын Ганбатыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авсан,хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Я.Ганбатыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. 2015 оны эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3,7.3 дугаар зүйлийн 3.2-д заасныг баримтлан Я.Ганбатад тэнсэнгийн 1 жилийн хугацаанд галт зэвсэг эзэмшихийг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг заасугай.

 5.Шүүгдэгч Ч.Ганбатад авсан эрх хязгаарлах арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8-ийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7,62х39 R мм калибртай, сумны малгай хэсэгт 60/75 гэсэн дугаартай, ногоон өнгийн хонгиотой, улаан шаргал өнгийн хошуутай 47ш сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Ганбатад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АРИУНЦЭЦЭГ