Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 125/ШШ2023/0028

 

 

 

 

 

2023       10          18                                    125/ШШ2023/0028

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Бадамлах дөл” ХХК,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын Улсын байцаагчид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0531404 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Н.Цацралцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК нь “2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0531404 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11/06 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг нь хяналт, шалгалт хийхээр 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК-нийн байранд очжээ.

2.2. Ийнхүү очих үед нэхэмжлэгч компанийн орлогч захирал Д.Төмөр-Очир нь “... Ерөнхий захирал Д.Сурмаажаваас компанийн байранд нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй” гэх тайлбар өгч хяналт, шалгалт хийхээр очсон албан тушаалтнуудыг нэхэмжлэгч компанийн байранд оруулахаас татгалзсан байна.

2.3. Улмаар хариуцагч Н.Цацралцэцэг нь дээрх асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгаад 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлжээ.

2.4. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0531404 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК-ийг “... шугам сүлжээний уснаас дээж авахаар очиход оруулаагүй” гэх үндэслэлээр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгосон.

2.4. Нэхэмжлэгчээс 0531404 дугаартай Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ханджээ.           

            Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Бадамлах дөл" ХХК нь Эрчим хүчний тусгай зөвшөөрлийг дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг. “Бадамлах дөл” ХХК-нийн захирал Д.Сурмаажав надад хяналт шалгалтын удирдамж танилцуулаагүй би эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан.

Нэг: "Бадамлах дөл” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулжээ. “Бадамлах дөл” ХХК-нийн захирал Д.Сурмаажавыг дуудаж мэдүүлэг аваагүй, эрх үүрэг танилцуулаагүй, ямар асуудалд холбогдогч болсон талаар хууль тайлбарлахгүйгээр торгожээ. Энэ нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хоёр: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт байрлах "Бадамлах дөл" ХХК нь Эрчим хүчний яамны сайдын тушаалаар жил бүр Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоож өгдөг. Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаар тушаалаар Ховд аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоож өгсний дагуу манай станц халаалтын үйл ажиллагаагаа зогсоож зуны их болон урсгал засварын ажлаа төлөвлөлтийн дагуу хийхээр болсон. Захиргааны ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 20.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа” гэж заасан ажиллагааг хийгээгүй.

Гурав: 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0531404 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байцаагч Н.Цацралцэцэг нь “Бадамлах дөл” ХХК-тай сонирхлын зөрчилтэй этгээд юм. “Турлиахт” ХХК-нийн захирал Д.Лхамсүрэн нь “Бадамлах дөл” ХХК-аас 71,838.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл Ховд аймгийн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг нь Д.Лхамсүрэнгийн бэр бөгөөд манай компанид нэвтрэх эрхээ хэрэгжүүлэхдээ усны дээж авсан талаараа "Бадамлах дөл" ХХК-д мэдэгдээгүй, энэ талаар зөвшөөрөл аваагүй, дээж авсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Мөн "Турлиахт" ХХК-ийн хүсэлтээр зөвлөмж, дүгнэлт гаргасан нь нүүрс хүчлийн химийн шинжилгээ илрээгүй байхад хүчил төрөгчөө тодорхойлоогүй мөртлөө зэврэлт явагдаж байна гэж зөвлөмж, дүгнэлт гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргаж Ховд аймаг дахь сум дундын иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй улсын байцаагч ашиг сонирхлын зөрчлөө үнэн зөвөөр мэдүүлэхгүйгээр дахин дээж өгсөнгүй гэж "Бадамлах дөл" ХХК-ийг торгосон байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0531404 дугаартай шийтгэлийн хуудсыг "Бадамлах дөл" ХХК-нийн байранд 2023 оны 05 дугаар сарын 20-нд авчирч өгсөн байна. "Бадамлах дөл" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд захирал Д.Сурмаажав юм. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0531404 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Ховд аймгийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0531404 дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа.

Учир нь нэгдүгээрт: "Бадамлах дөл ХХК-нийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Бадамлах дөл ХХК-нийг төлөөлөх эрхтэй этгээд нь ерөнхий захирал Д.Сурмаажав. Гэтэл түүнийг холбогдогчоор дуудаж мэдүүлэг аваагүй, эрх үүрэг танилцуулаагүй, ямар асуудалд холбогдогч болсон талаар хууль тайлбарлахгүйгээр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ", 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно" гэсэн журмыг тус тус зөрчсөн.

Хоёрдугаарт: Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нь “Бадамлах дөл” ХХК руу нэвтрүүлэхгүй, уснаас дээж авхуулахгүй байна гэх шалтгаанаар тус аймгийн Цагдаагийн газарт гомдол мэдээлэл гаргасан зүйлийг ойлгохгүй байгаа. Үүнийг улс төрийн нөлөөллөөр ийм байдал үүсгэсэн үү гэдгийг мэдэхгүй.

Ховд аймгийн Цагдаагийн газарт “Бадамлах дөл” ХХК руу хяналт шалгалт хийлгэхгүй байна гэх гомдлын мөрөөр зөрчил үүсгэж шалгах эрх хэмжээ байхгүй. Тухайн компанийг шалгах эрх бүхий этгээд нь аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч юм. Гэтэл цагдаагийн байгууллагад нөлөөлөөд зөрчлийн хэрэг нээлгэхдээ Д.Төмөр-Очир гэх хүнийг зөрчлийн холбогдогчоор татсан нь холбогдогчоо буруу тодорхойлсон. Д.Төмөр-Очир нь орлогч захирал учир тухайн тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Мөн зөрчлийн хэргийн хохирогчоор улсын байцаагч Н.Цацралцэцэг гэх хүнийг тогтоосон. Гэтэл хохирогч нь “Бадамлах дөл” ХХК-нд шийтгэл оногдуулсан.

Цагдаагийн байгууллагаас гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн. Гэтэл улсын байцаагч үйл ажиллагаа явуулаагүй мөртлөө “Бадамлах дөл” ХХК-нд шийтгэл оногдуулсан. Тус шийтгэлийн хуудсыг Д.Сурмаажавд гардуулан өгөх ёстой байтал гардуулж өгөөгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” 4.2.1-т хуульд үндэслэнэ” гэсэн байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу Д.Сурмаажавд сонсох ажиллагаа явуулаагүй. Учир нь улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж үйл ажиллагаа явуулаагүй учир сонсох ажиллагаа бүхэлдээ орхигдсон.

Н.Цацралцэцэг байцаагч хяналт шалгалт явуулах удирдамжаа албан тоотоор ирүүлээгүй, энэ талаар мэдэгдээгүй мөртлөө торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар нэхэмжлэлдээ тодорхой бичсэн тул дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Зөрчлийн хэргийг ямар эрх бүхий байгууллага албан тушаалтан шалгах талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0531404 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

3.2. Хариуцагч Н.Цацралцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрчим хүчний яамны салбарын хяналтын газрын даргын баталсан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11/06 тоот урдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийг 2023 оны 05 сарын 09-ны өдрийн 2/787 тоот албан бичгээр Бадамлах дөл ХХК-нд хүргүүлсэн. Албан бичигт 2023 оны 05 сарын 12-ны өдрөөс хяналт шалгалт хийх тул холбогдох албан тушаалтнуудыг байлцуулахыг мэдэгдсэн. Удирдамжийн дагуу Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Барилга, дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбат, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг, Стандарт хэмжилзүйн хэлтсийн лабораторийн шинжээч М.Долгоржав нар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 09 цагт компанийн байранд очих үед орлогч захирал Д.Төмөр-Очир “Ерөнхий захирал Д. Сурмаажав шалгалт хийлгэхгүй, хүн оруулж болохгүй гэж хэлсэн гээд биднийг оруулаагүй. Иймд Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Барилга, дэд бүтэц хариусан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбат, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг нар Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн авлигын эсрэг үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэбатаас хууль зүйн туслалцаа авахаар дагуулан 14:00 цагт Бадамлах дөл ХХК дээр очиход үйлдвэрийн байр цоожтой, орлогч захирал Д.Төмөр-Очир, ерөнхий инженер н.Отгонбаяр хоёртой утсаар ярьхад Мянгад суманд явж байна. Одоо очлоо” гэсэн. Бид 16:00 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор дахин залгаж ярьхад биднийг оруулах боломжгүй гэсэн. Иймд ерөнхий захирал Д.Сурмаажав руу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага дуудлагыг хүлээн авч 2 цагдаа ирж биднийг оруулах шаардлага тавьсан боловч оруулаагүй тул цагдаагийн байгууллагад хууль, эрх зүйн хэлтсийн авлигын эсрэг үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэбат, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Барилга, дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбат, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг, Бадамлах дөл ХХК-ны орлогч захирал Д.Төмөр-Очир, өмгөөлөгч Ж.Энхкаргал нар тус өдөр очиж мэдүүлэг өгсөн. Бадамлах дөл ХХК-ны орлогч захирал Д.Төмөр-Очир, өмгөөлөгч Ж.Энхжаргал нар мэдүүлэгтээ намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдэгдсэн тул хяналт шалгалтыг Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Барилга, дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбат, эрчим хүчний хяналтын улсын байцаагч 3.Батзаяа нар 2023 оны 05 сарын 15-ны өдөр хийхээр очиход хяналт шалгалт хийлгэхгүй, усны дээж өгөхгүй гэж удаа дараа хяналт шалталтаас зайлсхийсэн. Нэхэмжлэл дээр удирдамж танилцуулаагүй гэсэн нь үндэслэлгүй, албан тоотоор удирдамж явуулсан бичгийн хариуг албан тоотоор манай байгуллагад ирүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй гэсэн заалтын дагуу ерөнхий захирал Д.Сурмаажав Ховд аймагт оршин суудаггуй, утсаа аваагүй, эмнэлэгт хэвтэж байгаа нь шалгалт хийхгүй байх үндэслэл биш. Цагдаагийн байгууллага хэргийг судалж үзээд харьяаллын дагуу манай байгуллагад шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр намайг ашиг сонирхолтой гэсэн. Тэгтэл Эрчим хүчний хяналтын улсын байцаагч З.Батзаяаг бас шалгалт хийлгэхгүй гэсэн нь хяналт шалгалтаас зайлсхийсэн гэж үзэх үндэслэл мөн. Иймээс үйлдвэрийн барилга руу оруулахгүй хаалгаа цоожилж хяналт шалгалтаас зайлсхийсэн нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэпт заасан "Хяналт шалгалтаас зайлсхийсэн бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг зөрчсөн тул 2023 оны 05 сарын 19-ны өдрийн Nº0531404 дугаартай шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан. Д.Сурмаажав захиралруу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй, мессэж бичсэн хариу өгөөгүй учраас орлогч захирал Д.Төмөр-Очирт мэдэгдэж ажлын байран дээр ирэхийг мэдэгдэхэд ерөнхий инженер н.Отгонбаярт өгчих гэж хэлсэний дагуу Бадамлах дөл ХХК-ны байранд ерөнхий инженер н.Отгонбаярт Шийтгэлийн хуудас танилцуулж 14 цаг 30 минутанд хүлээлгэн өгсөн.

Хоёр: Прокурорын газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/946 тоот шугам сүлжээний усанд 9 төрлийн дэлгэрэнгүй шинжилгээ хийж өгнө үү гэсэн албан хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Бадамлах дөл ХХК-ны үйлдвэрийн байранд очиж орлогч захирал Д.Төмөр-Очир, ашиглалтын инженер н.Баасанжав нарыг байлцуулан эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг, лабораторийн шинжээч С.Баярмаа нар ариутгасан саванд усны дээж авч битүүмжлэн Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний салбарын нэгдсэн итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн. Тухайн лаборатори шинжилгээний хариу болон зөвлөмжийг гаргаж Прокурорын газарт хүргүүлсэн. Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний салбарын нэгдсэн итгэмжлэгдсэн лаборатори нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх дулааны станцын шугам сүлжээний усанд шинжилгээ хийдэг нэгдсэн лаборатори юм. Дээрхи лабораторийн хийсэн шинжилгээнд миний зүгээс нөлөөлөх болон ашиг сонирхол орох боломжгүй, тухайн лабораторид надад таньдаг хун байхгүй, байгууллагын хоорондын албан тоотоор албан шуудангаар харьцдаг. Бадамлах дөл ХХК-ны сүлжээний уснаас дээж авч буйг зургаар, орлогч захирал Д.Төмөр-Очир усны дээж авахыг хүлээн зөвшөөрсөн дээж авах тэмдэглэл, ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн шийдвэрээ харьяалах даргаар баталгаажуулан хавсралтаар хүргүүлэв.

Хяналт шалгалт хийх удирдамжийг албан тоотоор хүргүүлээгүй энэ талаар Д.Сурмаажав мэдээгүй хүлээж аваагүй гэсэн тайлбар хэлж байна. Би хяналт шалгалт хийх удирдамжийг албан тоотоор хүргүүлсэн. Урьд нь усны дээж авсан компанитай шүүхэд маргаантай байгаа учир усны дээж өгөх боломжгүй гэсэн хариу ирсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын Улсын байцаагчид холбогдуулан  “2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0531404 дугаартай “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  1. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК-ийг “... шугам сүлжээний уснаас дээж авахаар очиход оруулаагүй” гэх үндэслэлээр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгосон байна.
  3. Нэхэмжлэгчээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...Бадамлах дөл” ХХК-ийн захирал Д.Сурмаажавыг дуудаж мэдүүлэг аваагүй, эрх үүрэг танилцуулаагүй, ямар асуудалд холбогдогч болсон талаар хууль тайлбарлахгүйгээр торгосон, Д.Төмөр-Очир нь байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, Н.Цацралцэцэг нь “Бадамлах дөл” ХХК-тай сонирхлын зөрчилтэй этгээд гэж, 
  4. Хариуцагчаас “Урдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийг 2023 оны 05 сарын 09-ны өдрийн 2/787 тоот албан бичгээр Бадамлах дөл ХХК-нд хүргүүлсэн, албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй гэсэн заалтын дагуу ерөнхий захирал Д.Сурмаажав Ховд аймагт оршин суудаггүй, утсаа аваагүй, эмнэлэгт хэвтэж байгаа нь шалгалт хийхгүй байх үндэслэл биш, “Бадамлах дөл ХХК-нийн сүлжээний уснаас дээж авч буйг зургаар, орлогч захирал Д.Төмөр-Очир усны дээж авахыг хүлээн зөвшөөрсөн дээж авах тэмдэглэл, ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн” гэж тус тус тайлбарлан маргажээ.
  5. Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11/06 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг нь хяналт, шалгалт хийхээр 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК-нийн байранд очжээ.
  6. Ийнхүү очих үед нэхэмжлэгч компанийн орлогч захирал Д.Төмөр-Очир нь “... Ерөнхий захирал Д.Сурмаажаваас компанийн байранд нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй” гэх тайлбар өгч хяналт, шалгалт хийхээр очсон албан тушаалтнуудыг нэхэмжлэгч компанийн байранд оруулахаас татгалзсан байна.
  7.  Улмаар хариуцагч Н.Цацралцэцэг нь дээрх асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгаад 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлжээ.
  8. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Цацралцэцэг нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0531404 дугаартай “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК-ийг “... шугам сүлжээний уснаас дээж авахаар очиход оруулаагүй” гэх үндэслэлээр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгосон үйл баримт болжээ.
  9. Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д  “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ, 6.61-д эрчим хүчний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн  11.2 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэсний дагуу тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй байна.
  10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гээд 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 3 дахь хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг дараахь хүн төлөөлж болохгүй, 3.1.хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа бол, 3.2.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол, 4 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байна гэж үзвэл 72 цагийн дотор өөр хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ, 5 дахь хэсэгт Хуулийн этгээд энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхээс хууль ёсны төлөөлөгчийг томилж болно гэжээ.
  11. Дээрхээс үзвэл хариуцагч нь хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа  хуульд заасан хугацаанд төлөөлөгч томилохыг тухайн байгууллагад бичгээр мэдэгдэх,  хуульд заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч нь  өөрөө хууль ёсны төлөөлөгч томилох эрхтэй байна.  
  12. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараар  хариуцагч нь  дээрх хуульд зааснаар “Бадамлах дөл” ХХК-нд хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэх талаар бичгээр мэдэгдээгүй, хууль ёсны төлөөлөгч томилоогүй болох нь тогтоогдож байна.
  13. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор тогтоогдсон Д.Төмөр-Очирын “Бадамлах дөл” ХХК-нийг төлөөлөх эрхийн тухайд: “Бадамлах дөл” ХХК-ний захирал Д.Сурмаажавын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай тушаалаар Д.Төмөр-Очирыг орлогч захирлаар томилсон, мөн “Бадамлах дөл” ХХК-нийн Д.Төмөр-Очиртой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д “Гүйцэтгэх ажил үүрэг: Дулаан үйлдвэрлэл, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг ерөнхий захирлыг байхгүй үед зохицуулж ажиллах” гэж заасан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг байх тул Д.Төмөр-Очирыг  тус компанийн эрх бүхий албан тушаалтан, компанийг төлөөлөх эрхтэй субъект гэж үзэхээргүй байна.
  14. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.2.Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ, 83.3.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн .... гүйцэтгэх захирал …компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэснээс, хэрэгт нотлох баримтаар авагдсан Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 695 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК-нийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаас үзэхэд тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын аль аль нь Д.Сурмаажав болох нь тогтоогдож байна.
  15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ, 3.1 дүгээр зүйлийн 2-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах, хуульд заасан бусад эрх эдлэхээр  тус тус заажээ.
  16. Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь “Бадамлах дөл” ХХК-нийн зөрчлийг шалгах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгч томилох хуульд заасан ажиллагааг хийгээгүйгээс Бадамлах дөл ХХК-ны  захирал Д.Сурмаажавын  дээрх хуульд заасан эрхийг эдлүүлээгүй нь түүний эрх, хууль ёсны  ашиг сонирхолыг зөрчсөн байна.
  17. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын Улсын байцаагч Н.Цацралцэцэгийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0531404 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны улмаас нэхэмжлэгч Бадамлах дөл ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчигдсөн байх тул  хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Бадамлах дөл” ХХК-нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын Улсын байцаагч Н.Цацралцэцэгийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0531404 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын тамгын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ЯНЖИНДУЛАМ