Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00603

 

“ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00166 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.У-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 3 204 144 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Даваажаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Г.У-тэй Хандгайтад байрлах зуслангийн байшингийн гадна талбайд тохижилтын террас материалыг нийлүүлж, зургийн дагуу угсрах ажлыг хийхээр харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээнд төлбөрийг захиалагч тал гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөр болох 4 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэх, үлдэгдэл төлбөр болох 1 639 324 төгрөгийг гэрээт ажлыг актаар хүлээлцсэнээс хойш 1 хоногийн дотор гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон боловч Г.У  нь урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн байдаг. Гүйцэтгэгч тал 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээр тохиролцсон ажлаа албан ёсоор дууссанаас хойш ямар нэг төлөлт хийгдээгүй. “ЛГ” ХХК нь Г.У-т төлбөрийн талаар удаа дараа шаардлага тавьсан боловч “мөнгөгүй байна, удахгүй төлнө” гэсэн тайлбар тавьсаар өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгт 2 639 324 төгрөг, алданги 564 820 төгрөг, нийт 3 204 144 төгрөгийг Г.У ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЛГ” ХХК-ийн ажилчид гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүй, дутуу хийсэн. Гадна талбайн тохижилтын ажлаа хурдан дуусгаад ажил хүлээлцэх акт үйлдье гэж удаа дараа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Гэрээ ёсоор 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гадна талбайн тохижилтын ажил дуусах байсан боловч намар хүртэл удаашруулсан, одоо ч дутуу тул Г.У нь нэхэмжлэгч гэх компанийн ажилчдын буруутай үйл ажиллагааны улмаас маш их хохирсон. Харин эсрэгээрээ Г.У нь гэрээнд заасны дагуу алданги нэхэх ёстой гэж үзэж байна. Энэ компани гэрээний дагуу ажлаа хийж чадахгүй болох нь нотлогдсон тул өмнө нь төлсөн 3 000 000 төгрөгт материал, ажлын хөлсийг нь багтаан тооцоод хэл амгүй хоёр тийш болно гэвэл болж байна. Үгүй гэвэл гэрээний дагуу гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгүүлнэ. Мөн гэрээнд заасан 2 819 662 төгрөгийн алданги төлүүлнэ. Үүний дараа төлбөр тооцооны асуудлаа ярих тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасны дагуу хариуцагч Г.У-ээс 3 204 144 төгрөг гаргуулах тухай “ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “ЛГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талууд анх гүйцэтгэх ажлын террасыг шоо хэлбэртэй байхаар тохиролцсон хэдий ч захиалагч ажил эхэлсний дараа шулуун хэлбэртэй угсруулахаар захиалгаа өөрчилсөн байдаг. Гэвч хариуцагч тал захиалгаа өөрчлөх тохиролцоо хийгээгүй мэтээр тайлбарлаж, гэрээний үүрэг биелүүлэх, төлбөр төлөхөөс зайлсхийж, тохиролцоогоо үгүйсгэж байна. Шүүх хариуцагчийн дээрх тайлбарыг нотлох баримтаар нотлогдох ёстой байтал огт 1 нотлогдоогүй худал тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг гуйвуулан дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь 2018 оны 5 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр гүйцэтгэх ажил нь 5-7 хоногийн хугацаанд хийгдэх ажил гэдэг нь харагдах ба захиалагчийн хүсэлтийн дагуу террасын WPC-г шоогоор бус шулуун хэлбэрээр шахах болсноор ажлыг 2018 оны 5 сарын 15-ны өдөр дуусгасан байдаг. Тухайн ажил хийгдсэн объект нь захиалагчийн өмчлөлийн зуслангийн байшин байдаг ба хариуцагчийн төлөөлөгч захиалагчийг зуны цагт огт зусландаа очоогүй, ямар ажил хийснийг нь мэдээгүй байсаар намар 9 сард зусландаа очиж мэдсэн гэх худал тайлбарыг шүүх үндэслэж ажил хүлээн авах хугацааг тогтоосон байна. Нэхэмжлэгч "ЛГ" ХХК-иас 2018 оны 5 сарын 16-ны өдөр захиалагч Г.У-т 18/82 тоот албан тоотыг нэхэмжлэхийн хамт өгсөн байдаг ба энэ тухай өөрт байх баримтаа хэрэгт хавсаргасан байтал үнэлж үзээгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга нь шүүх хуралдаан дээр гаргасан төлөөлөгчийн тайлбартай зөрчилддөг. Шүүхээс "Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний бодит үр дүн ...биет байдлын доголдолтой гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий гэж үзэв" гэж гүйцэтгэсэн ажлыг доголдолтой талаар дүгнэсэн нь буруу байна. Гүйцэтгэгч “ЛГ" ХХК нь WРС хавтан үйлдвэрлэх, террас угсрах ажил үйлчилгээг олон жил гүйцэтгэж ирсэн ба аливаа ажил үйлчилгээ, ялангуяа өдөр тутам хийж гүйцэтгэдэг ийм төрлийн ажлыг гүйцэтгэхдээ захиалагчийн хүсэлтийн дагуу түргэн шуурхай гүйцэтгэсээр ирсэн бөгөөд бид террасыг шоо, эсвэл шулуунаар нь угсрахад ямар нэгэн хүндрэлгүй, тохирсон хугацаандаа бүрэн угсрах боломжтой, туршлагатай байгууллага. 3ахиалагч нь захиалгаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй бол гэрээнд заасны дагуу шоо хэлбэрээр 5 хоногийн дотор гүйцэтгэх боломжтой ажил юм. Дээр дурдсаны дагуу террасыг шоон хэлбэртэй бус шулуун болгож өөрчлөх тохиролцоо талуудын хооронд хийгдэж байсан, захиалагч ажлын гүйцэтгэлтэй өмнө нь маргаж байгаагүй зэрэг нь захиалагчийн эс үйлдэхүйгээр харагдах ба ажлын үр дүнг доголдолтой, эсвэл бүрэн дуусаагүй болох тухай өмнө нь ямар нэгэн шаардлага, татгалзал огт гаргаж байгаагүйг анхаарах нь зүйтэй. Мөн шүүхийн дүгнэсэн хугацааг хойшлуулах тохиролцоо хийгдсэнтэй талууд маргаагүй гэж шүүх зөв дүгнэсэн хэдий ч талууд сунгасан хугацаан дээр маргаж байхад энэ хугацааг тогтоохдоо хэргийн үйл баримт, бусад нотлох баримт, мэдээллийг үндэслэн тооцож, дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл хугацаа сунгасан тохиролцоог бичгээр баталгаажуулаагүй байх боловч шүүх гэрээнд заасан ажлын онцлог, гүйцэтгэхээр тохирсон хугацаа, захиалагчийн богино хугацаанд гүйцэтгүүлэх санаачлага зэрэг нөхцөлүүдийг харгалзаж, талуудын шаардлага, татгалзлаа нотолж буй баримтыг үндэслэн ажил дуусгасан гэх маргаантай байгаа хугацааг бодитой тогтоох боломжтой. Шүүх нийт 5 хоногт хийгдэх боломжтой ажлыг 4 сар гүйцэтгэсэн болгож, "...захиалагчийн хүлээн зөвшөөрч байгаа хугацаа болох 2018 оны 9 дүгээр сард ажил дууссан гэж дүгнэх үндэслэлтэй...” хэмээн зөрүүтэй ойлгож, дүгнэсэн байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн үйл баримтыг дутуу тогтоосныг харуулна. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласан 2018 оны 9 сард террасыг шулуун хэлбэртэй болгосныг мэдсэн гэдэг тайлбар нь төлбөр төлөхгүйн тулд зохиосон, үндэслэлгүй, нотлогддоггүй худал тайлбар болохыг анхаарч үзэх нь зүйтэй. Шүүх "...захиалагч ажлын үр дүн, тэр дундаа шалыг шоо хэлбэрийн шахалттай байхыг хүсэж, гэрээний 2.3.2 болон хавсралтад тодорхой заасан байна" гэх боловч гэрээний 3.5 болон 6.7-д заасны дагуу талууд ажлын гүйцэтгэлийн явцад тохиролцож материал өөрчлөх, төлбөр өөрчлөх, захиалгыг өөрчлөх тохиролцоо хийж болохоор заасан гэрээний заалтуудын дагуу өөрөөр тохиролцож болохгүй, гэрээнд заасны дагуу хийгдээгүй бол доголдолтой мэтээр дүгнэж байгаа нь нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байгааг харуулж байна. Захиалагч, гүйцэтгэгч нар нь гэрээнд тохирсны дагуу гүйцэтгэлийн нөхцөлийг өөрчилж террасыг шоо хэлбэрээр бус шулуунаар нь угсарч, ажлыг гүйцэтгэж дуусгасан бөгөөд энэ нь хэвийн ашиглагдаж буй гэрээний үр дүн. Дээр дурдсанаар хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэхээс гадна захиалгын гэрээний 7.2 дахь заалтыг "ажлын шинэчилсэн хугацааны талаар гүйцэтгэгч нь захиалагчид урьдчилан мэдэгдэж, хүлээлгэн өгөх өдрөө шинээр тогтоох бөгөөд захиалагч уг хугацааг хүлээн зөвшөөрөх" гэж агуулгыг нь тайлбарласан атал ажил дуусах хугацааг хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр ярьж буй хугацаагаар ажлыг дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Гэрээний энэ заалт нь гүйцэтгэгч тал хугацаа тогтоож, тухайн хугацааг нь захиалагч хүлээн зөвшөөрөхөөр заасан утга бүхий заалт байна. Үүний дагуу гүйцэтгэгч нь ажлыг дуусгах хугацаагаа тухайн үед 2018 оны 5 сарын 15-ны өдөр хэмээн тогтоосон тухай тайлбарладаг бас нотолдог. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх тухайн хэрэгт хийгдсэн ажлын үр дүнгийн үнэ буурсан эсэхийг тогтоох, энэ талаар тусгайлан дүгнэлт гаргаж байгаа бол өөрчилсөн тохиролцоо болох одоо хийгдсэн байгаа үр дүнг террасыг шулуунаар угсрах ажил үйлчилгээний үнэлгээ, өмнөх тохиролцоо болох шоо хэлбэртэй угсрах ажил үйлчилгээний үнэлгээ зэргийг тогтоосны дараа ажлын гүйцэтгэлтэй холбоотой дүгнэлтийг гаргаж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Шүүхээс акт үйлдэх үүргийг зөвхөн гүйцэтгэгч талд хамааруулж, гэрээний 4.5 болон 7.1 дэх заалтыг үндэслэж дүгнэсэн байна. Гүйцэтгэгч "ЛГ" ХХК-иас захиалагчийг үлдэгдэл төлбөрөө төлж, актаар хүлээн авахыг бичгээр болон амаар удаа дараа мэдэгдсэн байдаг бөгөөд гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үйлдлийг хийж байсан нь харагдаж байна. Нөгөө талаар захиалсан ажлын гүйцэтгэлийг хүлээж авах үүрэг нь захиалагчид мөн адил хамаарах ба ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ямар нэгэн үйлдэл гаргаагүй зэрэг захиалагч талын эс үйлдэхүйг шийдвэр гаргахдаа огт үнэлэлгүй, хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхээс хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЛГ” ХХК нь хариуцагч Г.У-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 2 639 324 төгрөг, алданги 564 820 төгрөг, нийт 3 204 144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ЛГ” ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Г.У-тэй А/2018-023 дугаар захиалгын гэрээ байгуулж, уг гэрээний 2.3.2-т зааснаар нэхэмжлэгч “ЛГ” ХХК нь Хандгайтад байрлах Г.У-ийн байшингийн гадна талбайд “террас шоо хэлбэртэй” тохижилтын материал нийлүүлж, зураг төслийн дагуу угсарч 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, хариуцагч Г.У нь ажлын хөлс нийт 5 639 324 төгрөг өгөхөөс урьдчилгаа 3 000 000 төгрөг өгч, талууд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, захиалгын гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан захиалгын гэрээг Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “ЛГ” ХХК нь Хандгайтад байрлах Г.У-ийн байшингийн гадна талбайн террасыг “шулуун хэлбэртэй” тохижилтын материалаар угсарч, ажлаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгасан боловч хариуцагч ажлыг хүлээж аваагүй хэмээн тайлбарласан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, биет байдлын доголдолтой ажил гүйцэтгэсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т ажил гүйцэтгэгч нь хүлээлгэн өгөхөд бэлэн ажлыг актаар хүлээлгэн өгнө, 7.2-т ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдох тохиолдолд гүйцэтгэгч нь захиалагчид урьдчилан мэдэгдэж, хүлээлгэн өгөх өдрөө шинээр тогтоох бөгөөд захиалагч уг хугацааг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч “ЛГ” ХХК нь гэрээ байгуулсны дараа хариуцагч Г.У нь гадна талбайгаа “шулуун хэлбэртэй” тохижилтын материалаар угсруулахаар хүсэлт гаргасан тул ажил гүйцэтгэх хугацаа хойшилж, гадна талбайг “шулуун хэлбэртэй” тохижилтын материалаар угсарсан гэх боловч энэхүү тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй болно.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, дүгнэсэн, гэрээг буруу тайлбарласан гэх боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

                                                                                                  Г.ДАВААДОРЖ