Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2024/00077

 

2024       01        31                                             151/ШШ2024/00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Компанийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М /онлайн/,

Иргэдийн төлөөлөгч: Г.Б,

Гэрч: Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Монгол улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т тус тус заасны дагуу Ш.Б-д холбогдуулан дараах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна. Үүнд: “Н-” ХХК-ийн ... төслийн барилгын түр шат тавцан угсрагч албан тушаал дээр ажиллаж байсан Ш.Б нь ... 11 цаг 15 минутад Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж, байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар худал ташаа мэдээлэл тарааж, компанийн болон төслийн хэвийн үйл ажиллагаанд гэмт хор учруулахуйц мэдээлэл тараасан. Тухайлбал тэрээр сайтад “... Н ХХК нь Хөдөлмөрийн гэрээгээ зөрчдөг, листний мөнгө олгохгүй байна, Илүү цагийг 1.5-р бодох байхад бодоогүй байсан байна гэж ахлах эдийн засагч хэлсэн. Цалинг шал худлаа, дутуу боддог. Жишээлбэл би 1,200,000 төгрөгийг цалин авах байтал 900,000 төгрөг өгдөг. Бид нар ажил хаялт зарлая, би цалингаа нэмэх 2 удаа өргөдөл өгөхөд цуцалсан. Бид нарын цалин 700,000-800,000 төгрөг байдаг. Нэмээд нэмээд 1,100,000 төгрөг авдаг. Хөдөлмөрийн гэрээг анх хийсэн, туршилтын хугацаа 3 сар болоод цалин нэмнэ гэсэн нэмэхгүй байна, би 1 жил 7 сар туршуулаад байж байна. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт өгдөггүй, 2 жил 700,000 төгрөгөөр зүтгэлээ.." гэсэн мэдээлэл тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан.

Ш.Б-гийн хийсэн дээрх мэдээлэлд дараах тайлбар, няцаалтыг баримтыг хамт гарган өгч байна, Үүнд:

1. Ш.Б нь N вэб сайтад “... Бид нарын цалин 700,000-800,000 төгрөг байдаг. Нэмээд нэмээд 1,100,000 төгрөг авдаг. Цалинг шал худлаа, дутуу боддог, Жишээлбэл би 1,200,000 төгрөгийн цалин авах байтал 900,000 төгрөг өгдөг..." гэжээ.

Тайлбар: Сүүлд “Н”-ийн ... тоот албан бичгээр түүний хүсэлтийн дагуу “Х” ХХК-д ажлын болон цалингийн тодорхойлолтоор түүнд сарын 1,894,800 төгрөгийн дундаж цалинтай, суутгал хасаад гарт олгох 1,529,500 төгрөг авдаг болох талаар тодорхойлолт түүнд гарган өгч байсан байна. Гэтэл тэрээр цалин ердөө 1,200,000 төгрөг, өгдөг нь 900,000 гэж худал мэдээлэл тараасан. “Н” ХХК түүний цалинг болон ажилчдын цалинг дутуу, худлаа бодсон зүйл байхгүй. Ш.Б-гийн цалинг хэрхэн бодож олгодог талаарх баримт болох 2022 оны 03 сараас 2023 оны 08 сар хүртэлх цалингийн дэлгэрэнгүй дээр тодорхой харагдана. Гэтэл тэрээр цалин буруу, худал бодсон гэж компанийн нэр хүндэд халдсан.

2. Компанийг ажилтны ажлын газрын болон цалингийн тодорхойлолт гаргаж өгдөггүй гэжээ.”Н” ХХК-ийн ... тоот албан бичгээр түүний хүсэлтийн дагуу “Х” ХХК-д ажлын болон цалингийн тодорхойлолт гарган өгч байсан.

3. Би цалингаа нэмэх талаар 2 удаа өргөдөл өгөхөд цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг анх хийсэн, туршилтын  хугацаа 3 сар болоод цалин нэмнэ гэсэн нэмэхгүй байна, би жил 7 сар туршуулаад байж байна, 2 жил 700,000 төгрөгөөр зүтгэлээ.." гэжээ.

Тайлбар: Ш.Б нь “Н” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ... төсөл дээр сантехникчээр, цагийн 7,750 төгрөгийн цалинтай ажилд орсон. Тус гэрээний 2.2 дахь хэсэгт туршилтын хугацаанд ажиллаад цаашаа гэрээг сунгах эсэх, жинхлэх эсэхийг ажил олгогч шийдвэрлэх бүрэн эрхтэй. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ... төсөл дээр барилгын түр тавцан шат угсрагчаар шилжиж ажиллаж эхэлсэн. /цагийн хөлс 7,750 төгрөг/

Дээрх гэрээний 2.2.1-д туршилтын хугацаа 3 сар хүртэл байна гэж заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр туршилтын хугацаа дуусгавар болж ажил олгогчоос түүнийг жинхлэн тушаал гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, цалинг цагийн 9,000 төгрөг болж нэмэгдсэн. Ш.Б нь цалин хөлс нэмэхгүй байна, жил 7 сарын хугацаанд туршилтаар цалин нэмэлгүй ажилласан гэж компанийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан. Гэтэл түүний цалинг гэрээний дагуу 2023 оны 03 сараас 2023 оны 08 сар хүртэл цагийн 9,000 төгрөгөөр бодож олгосон байна. Өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч буюу хувийн компани цалин хөлсийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд уг цалин хөлсийг хүлээн зөвшөөрч, ажиллах эсэх, хэрэв цалин хангалтгүй гэж үзвэл ажилтан өөр газарт ажиллах эсэх нь түүний сонголт билээ. Харин цалин нэмэх, нэмэхгүй бол ажил хаяна гэсэн шаардлага нь хууль бус шаардлага юм. Хөдөлмөрийн тухай хуулиар 1 ажил олгогчид хориглосон зохицуулалт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоохыг хориглосон, энэхүү зохицуулалтыг “Н” ХХК нь зөрчөөгүй. Ш.Б нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Гэвч тэрээр Хөдөлмөрийн гэрээний 6.5.3, 6.5.4, 6.5.7-д заасныг ноцтой зөрчсөн, мөн түүний хүсэлт болон гаргасан зөрчлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэрээр өмнө нь мөн зөрчил гаргаж сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан. “О” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Н” ХХК-ийн хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдэд олон арван жил татвараа төлж, үр бүтээлтэй ажиллаж, 750 гаруй иргэдийн ажлын байрыг бий болгож, Монгол улсын хөгжил, бүтээн байгуулалтын төлөө ажиллаж байгаа компанийн нэр хүндэд Ш.Б нь бүдүүлгээр халдаж, түүний дээрх хариуцлагагүй мэдээллээс компанийн бизнесийн нэр хүнд хохирч, цалингаа хугацаанд нь тавьдаггүй, цалинг буруу, худал бодож олгодог, хууль хөдөлмөрийн гэрээгээ зөрчдөг мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл хийсэнд компанийн зүгээс гомдолтой байна. “Н” ХХК нь Ш.Б-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, олговол зохих цалин, хөлсийг тогтоосон хугацаанд нь олгож, түүнийг жинхэлж, цалин хөлсийг нэмж, ажлын байраар хангаж байсан. Харин Ш.Б нь Хөдөлмөрийн тухай хууль, Нууцлалын гэрээ, Хөдөлмөрийн гэрээний 6.5.4, 6.5.7-д заасныг зөрчиж, компанийн нэр хүндэд зориуд халдаж, элдэв гүтгэлэг, худал мэдээлэл тарааж, улмаар ажилчдыг ажил хаялтыг зохион байгуулах зэргээр компанийн ажил хэргийн нэр хүндэд халдаж байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу компанийн нэр хүндэд халдаж, мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг Ш.Б-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н” ХХК-ийн барилгын түр тавцан угсрах албан тушаалд ажиллаж байсан Ш.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 15 минутад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд санаатай халдаж, байгууллагын үйл ажиллагааны талаар худал, ташаа мэдээлэл тарааж, компанийн болон төслийн үйл ажиллагаанд гэм хор учруулж болохуйц мэдээлэл тараасан. Ш.Б нь тус сайтад “... бид нарын цалин 7-8 мянган төгрөг байдаг, нэмээд нэмээд 1.1 сая төгрөгийн цалин авдаг, цалин дутуу боддог. Жишээлбэл 1.1 сая төгрөгийн цалин авдаг хүнд 900.000 төгрөгийн цалин өгдөг...” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн Ш.Б-гийн цалингийн тодорхойлолтоор тэрээр нэг сард 1,894,800 төгрөгийн цалин авдаг ба суутгал нь ороод гар дээр 1,529,500 төгрөгийн цалин авдаг. Сүүлийн 3 жил цалин авсан банкны депозит дансны хуулга болон хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог. Гэтэл олон нийтийн хэрэгслээр ердөө 900,000 төгрөгийн цалин авдаг гэж мэдээлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлд ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгохыг хориглосон байдаг. “Н” ХХК нь энэ шаардлагыг зөрчөөгүй. Тухайн компани хөдөлмөрийн хөлсийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд тогтоосон цалин хөлсийг сонгон ажиллах нь тухайн хүний сонголт юм. Гэтэл цалин нэмүүлэх талаар хууль, журамд заасан үндэслэлээр үйлдвэрчний эвлэлд хандаагүй, шууд сайт дуудаж, олон нийтийн хэрэгслээр ташаа мэдээлэл тараасан. Тэр сайт нь 500,000 дагагчтай. Энэ хүн бол цалингаа голж байгаа бол ажлаасаа гарч, өөр ажил ч хийх боломжтой. Гэтэл Ш.Батзаяа нь “Н” ХХК-ийг олон нийтэд цалингаа өгдөггүй, цалингаа нэмдэггүй, цалингийн тодорхойлолтоо өгдөггүй гэх мэтээр бодит байдлаас тэс өөр ташаа мэдээлэл өгсөн байдаг. Ингэснээр мөрөөрөө ажлаа хийж байгаа “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд маш бүдүүлгээр халдсан. Тухайн үедээ ярилцлага өгч байсан зургийг нь хэрэгт өгсөн ба Ш.Б-гийн ярилцлагыг цахим сүлжээнд 251 хариу үйлдэл, 126 сэтгэгдэл, 531 хүн хуваалцсан байдаг. Хамгийн харамсалтай нь Neguun.mn сайтыг бичлэгээ устгачихна гэж бодоогүй. Ш.Б нь над руу ... дугаараас залгаж, “...би бичлэгээ устгуулчихсан. Одоо шүүхэд өгөх шаардлага байна уу, би жоохон давсалчихсан юм...” гэж хэлж байсан. Бид худал мэдээлэл тараасных нь төлөө цагдаагийн байгууллагад хандаагүй. Энэ хүнээс хохирол шаардаагүй, зүгээр л ярьсан зүйлдээ няцаалт өгөхийг хүссэн. Гэтэл Ш.Б нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа ярьсан зүйлдээ няцаалт өгөөгүй, ярьсан зүйл дээрээ маргаагүй. N сайтын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 004 дугаар албан бичгээр Ш.Б-гийн ярилцлага өгсөн бичлэг нь шууд дамжуулалт байсан тул устгагдсан гэсэн албан тоотыг өгсөн. Тус сайтад бичлэг хадгалагдан үлдээгүй, сурвалжилга хийсэн гэдгээ шүүхэд бичиж өгсөн байгаа. Ш.Б-гийн хөдөлмөрийн гэрээний 6.5.7-д олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр ажил олгогч, үйлчлүүлэгч, харилцагчийн дотоод үйл ажиллагааны талаар нийтлэх, ярилцлага өгөх, ажлын талаарх мэдээллийг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүй аливаа мэдээллийг мэдээлэхгүй байх үүрэгтэй хүн байгаа. Энийг зөвшөөрч гарын үсэг зурсан хэр нь сайтад ярилцлага өгсөн. Энэ хүн бол өмнө зөрчил гарган сахилгын шийтгэлтэй байсан ба өргөдлөө өгсний дараа нь ярилцлага өгсөн байдаг. Улмаар Ш.Б-г ажлаас нь халсан. Халсан асуудалд хариуцагч маргаагүй, өөр ажил эрхэлж байгаа. “О” ХХК-ийн туслах гүйцэтгэгч “Н” ХХК-ийн хувьд хамтран ажилладаг маш олон байгууллагуудтай бөгөөд Монгол улсад их хэмжээний татвар төлдөг, улсын хэмжээнд 750 гаруй хүнийг ажлын байраар хангадаг компани байгаа юм. Гэтэл Ш.Б гэх хүн ямар ч хариуцлагагүй, үндэслэлгүйгээр ташаа мэдээлэл тарааж, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, мөн хуулийн 511.2-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Харамсалтай нь бид бичлэгийг нь нотлох баримтаар гаргаж өгч чадсангүй. Худал мэдээлэл тараасан явдалд нэхэмжлэгч байгууллагын зүгээс маш их гомдолтой байгаа. Иймд Компанийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ш.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сайтад өгсөн ярилцлагадаа “Н” ХХК нь цалингаа хугацаандаа тавьдаггүй гэх мэдээлэл тараасан байдаг. Үүнд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх буюу Ш.Б-гийн ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны банкны депозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус баримтад компани хөдөлмөрийн гэрээнд зааснаар сар бүрийн дундаар, сарын сүүлээр цалингаа  өгдөг байсан нь харагдаж байгаа. Гэтэл Ш.Б нь ямар ч хариуцлагагүй цалингаа хугацаандаа өгдөггүй гэж хэлсэн. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д иргэний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх зөрчигдсөн этгээдийн шаардлагаа уг мэдээллийг тараасан эсхүл өөр хэлбэрээр мэдээллийг няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан. Хуучин цагт сонин дээр нийтлэл тараагаад сонин нь өөрөө баримт болдог байсан бол сайтууд шууд мэдээлэл тараачхаад шууд л устгачхаж байна. Үүнийг бид фото зургийг нь, тараасан мэдээллийн гарчгийг нь бид хэвлэж, хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тус сайт болон хариуцагч Ш.Б хэн аль нь мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь шүүхэд өгсөн ярилцлагын агуулгаа өөрөө нотолж чадаагүй. Асуудалтай гэдгийг мэдэж, бичлэгээ устгуулсан. Хэрэв асуудалгүй үнэн, зөв мэдээлэл өгсөн бол өнөөдөр бид хамт сууж байгаад тухайн бичлэгийг үзэж болох байсан. Мөн хариуцагчийг нийт ажилчдын эрх ашгийг хамгаалан нийтийн төлөөлөл болж ярилцлага өгсөн гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд бидний шүүхэд өгсөн 7 үндэслэлийн 5-д нь үгүйсгэсэн тайлбар бичиж өгөөгүй. Ш.Б тийм юм яриагүй гэж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Бид нэг том алдаа хийсэн байна. Энэ том сайт бичлэгээ устгачихна гэж бодсонгүй. Тухайн үед сайтын хүний нөөц нь хүртэл Ш.Б-гийн бичлэгийг над руу явуулж байсан. Гэтэл одоо бичлэг устсан. Ш.Б над руу шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа залгасан ба “ ...шүүхэд хандчихсан юм уу? би бичлэгийг чинь устгуулчихсан, би давслаад ярьчихсан, би завгүй байна...” гэх зүйл ярьсан. Гэтэл өнөөдөр үнэхээр хариуцлагагүй, хууль дүрмийн дагуу явахгүй сайт дуудаад л худал, ташаа ярилцлага, мэдээлэл тараачихдаг. Гэтэл өнөөдөр “Н” ХХК хэний эрх ашгийг зөрчсөн юм бэ? цалин хөлс олгосноороо буруутсан гэж үү? бичлэгийг өөрсдөө устгуулсан байх гэж ярьж байна. Ингэж ярьж болохгүй. Цалин нэмэгдүүлэх хүсэлтээ ч өгөөгүй. Ерөнхийдөө шүүх хуралдааны төгсгөлд хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нэг ч баримт өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ш.Б нь тус компанид 2022 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд сантехникч, шат угсрагч албан тушаалуудад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Тухайн ажиллаж байсан хугацаанд тус байгууллага нь ажилчдаа илүү цагаар ажиллуулаад илүү цагийн мөнгөний 1,5 хувийг бодоогүй байсан. Мөн ажилчдын цалин хөлсийг дутуу бодох, түүнчлэн анх туршилтын хугацаанд ажиллах үед 3 сарын цалин хөлсийг дутуу бодох, түүнчлэн анх туршилтын хугацаанд ажиллах үед 3 сарын хугацаа болсон тохиолдолд цалин нэмнэ гэж байсан боловч нэмэлгүй 1 жил өнгөрсний дараа 2,000 төгрөгөөр нэмсэн. Дээрх сайтад өгсөн мэдээлэл бол ганцхан өөрт тохиолдсон асуудлыг яриагүй. Нийт ажилтан, албан хаагч нарыг төлөөлөн нийтийг хамруулж ярьсан. Энэ байдлыг ганцхан өөрийгөө ярьж буй мэтээр ойлгон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Надтай цуг ажиллаж байсан хүмүүс бас цалин хөлс дутуу өгсөн талаар тухайн үед ярьж байсан. Ш.Б нь тус байгууллагын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараан байгууллагын нэр хүндэд халдаагүй, ажилчны хувьд өөрсдийн хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалан үзэл бодлоо илэрхийлж ажлын байранд тулгарч буй асуудлаар сайтад ярилцлага өгсөн. Хариуцагчийн зүгээс эвлэрэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагчийн хувьд 2023 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр N сайтад мэдээлэл өгсөн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэгдүгээр шаардлагын хувьд цагийн 7,000-8,000 төгрөгийн цалин авдаг, сарын 200,000-1,200,000 төгрөгийн цалин авдаг гэдэг зүйлийг ярьсан. Ш.Б-гийн хувьд бодитой зүйл ярьсан. Цалингийн тухайд анх орж байгаа хүн цагийн 7,000-8,000 төгрөгийн цалин авна, нэмэгдээд 9,000 төгрөг болсон. Энэ нь өөрөө дэндүү бага байна. “О” төслийн бусад туслах гүйцэтгэгч компанийн ажилтан 13,000-14,000 төгрөгийн цалин авдаг. Ийм учраас цалин хөлсөө нэмүүлэх, бусдын жишигтэй адилхан болгож өгнө үү гэх агуулгын хүрээнд ярьсан. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажлын газрын тодорхойлолт өгдөггүй гэж байна. Ш.Б нь өмнө ажлын газрын тодорхойлолт авъя гэхээр холбогдох хүмүүс нь цааргалаад өгдөггүй, цаг хугацаа шаарддаг байсан. Хариуцагчийн хувьд компанийн зарим хүмүүс цалин хөлстэй холбоотой тодорхойлолт авах гэж ороход чирэгдэл учруулдаг нийтлэг байдал байдаг, зарим хүмүүс нь тодорхойлолт авч чаддаггүй нийтэд тохиолдож буй асуудал гэж ярьснаас биш надад тодорхойлолт өгдөггүй гэдэг байдлаар яриагүй. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэг дэх нэхэмжлэлийн шаардлагатай давхардаж байна. 1 цагийн хөлс 9,000 төгрөг байна гэж хэлсэн. Түүнээс биш цалингаа нэмээгүй цагийн 7,000 төгрөг яваад байна гэж хэлээгүй. Тэгэхээр хариуцагчийн хувьд “Н” ХХК-д ажиллаж байх хугацаандаа бусад ажилчидтайгаа ярилцаад, цалин хөлс бага, түүнчлэн цалин бодох аргачлал, бүрэн гүйцэд орж байгаа эсэхэд холбогдох нягтлан бодох бүртгэлийн хүмүүсээс тайлбар авна гэдэг агуулгаар хүсэлтээ гаргасан. Ш.Б-тай хамт ажиллаж байсан хүмүүс дээрх асуудалтай санал нэгдэж, холбогдох санал, хүсэлтэд гарын үсгээ зурсан. Дээр нь хариуцагчийн ярьсан мэдээллийг гуйвуулж байгаа ба уг ярилцлага нь байгууллагын ажил хэргийн нэр хүнд хэрхэн гэм хор учруулсан эсэхийг тодорхойлж ярьсангүй. Ш.Б-гийн хувьд ганцаараа очоогүй, ажилчдаа төлөөлөөд 7-8 хүн байсан. Ингэж очихдоо хавтаст хэргийн 64-66 дугаар талд авагдсан агуулгыг ярьсан. Миний хульд цалин хөлс хугацаандаа өгдөггүй гэсэн шаардлагын талаар тайлбар хийгээгүй. Энэ талаар хариуцагчийн хувьд огт ярилцлага өгөөгүй. Ер нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд худал ярьж байна. Ш.Б-г утсаар ярьсан, бичлэгээ устгуулсан гэх байдлаар ярьж байна. Огт тийм зүйл болоогүй, ингэж хүнийг гүжирдэж болохгүй. N сайтаас Ш.Б энэ бичлэгээ устгуулаагүй, гаднын сервер халдсаны улмаас энэ бичлэг устгагдсан байна гэдгээ ч хэлсэн. Эдийн бус гэм хор учирсан бол нэхэмжлэгч тал түүнийг заавал нотлох ёстой. Харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч тал өөрсдөө бичлэгийг устгуулсан байх гэж харж байгаа. Хамгийн гол нь сайтад мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч хариуцагчийн ярьсан зүйлийг хэтэрхий гуйвуулсан гэдгийг тодорхой дурдсан. Дээрээс нь Ш.Б-гийн хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж байсан тухай сахилыг шийтгэл ногдуулж байсан зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Гол нь ярилцлага өгснөөрөө тухайн компанид хүний нөөц, ажиллах боловсон хүчинд ямар гэм хор учирсан эсэх нь тогтоогдохгүй байна. Зүгээр л хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулах үүднээс тухайн үед ярилцлага өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Д.Д шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

N сайтаас 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутын үед “Н” ХХК-ийн оффист ирсэн. Тэгэхэд би өрөөндөө сууж байсан ба надаас “...Танай компанийн талаар мэдээлэл авах гэсэн юм...” гэхэд нь би “... энэ талаар мэдэхгүй, манай удирдлагууд байхгүй, түр хүлээнэ үү...” гэж хэлсэн. Ш.Б энэ сайтад ярилцлага өгсөн. Миний санаж байгаагаар тэрээр ажлын газрын тодорхойлолт гаргаж өгдөггүй, 900,000 төгрөгийн цалин авдаг, цалин хөлсөө хугацаандаа өгдөггүй, цалингаа буруу боддог, өөрийгөө туршилтын хугацаанд жил гаруй ажиллаж байна, мөн листийн мөнгө олгодоггүй гэж хэлж байсан. Манайх цалингаа нэг сард 2 удаа буюу сарын дундуур, сарын сүүлээр олгодог. Цалингаа цагтаа олгодог. Ш.Б нь 2022 онд ажилд орж байсан. Цалин нь цагийн 7,000 төгрөг байдаг ба сүүлд нэмэгдээд 9,000 төгрөг болсон. Ш.Б нь 1,800,000 төгрөгийн цалин авдаг байсан гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Ш.Б нь хөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээг зөрчсөн, удирдлагад тавих шаардлагыг буруу үйлдлээр илэрхийлсэн. Хариуцагч талаас нотлох баримтаар няцаалт хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Ш.Б нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн. Нэхэмжлэл үндэслэлтэй, иргэн Ш.Б гэм буруутай байна гэв.

Нэхэмжлэгчээс “Н” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5/, итгэмжлэл /хх-ийн 6/, Ш.Б-гийн цалингийн хүснэгт /хх-ийн 7/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-8-13/, нууцлалын гэрээний хуулбар /хх-ийн 14-15/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх-ийн 16-17/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 18-19/, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх-ийн 20/, “Н” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02-23/02-13 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 21-22/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 23-24/, Ш.Б-гийн өргөдлийн хуулбар /хх-25/, “Н” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-23/08-49 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 26/, “Н” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-23/09-05 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-28-33/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх-ийн 34-35/, нууцлалын гэрээний хуулбар /хх-ийн 36-37/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 38-39/, анкет /хх-ийн 40-41/, Ш.Б-гийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 42/, эрүүл мэндийн үзлэгийн санамж /хх-ийн 43-44/, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 45/, Ш.Б-гийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх цалин олгосон Х банкны депозитын хуулга /хх-ийн 70-94/, ажилтнуудтай хийсэн удирдлагын уулзалтын тэмдэглэл /хх-ийн 96-99/,

Хариуцагчаас: итгэмжлэл /хх-ийн 54/, хариу тайлбар /хх-ийн 55/ зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн.

Шүүхээс “Н” ХХК-ийн ... төслийн ажилчдаас захирал Б.Д-т хандан гаргасан өргөдөл, хавсралт /хх-ийн 64-66/, N сайтын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дугаартай албан бичгийг тус тус шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан Компанийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Н” ХХК-ийн ... төслийн барилгын түр шат тавцан угсрагч албан тушаал дээр ажиллаж байсан Ш.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 15 минутад Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж, байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар худал ташаа мэдээлэл тарааж, компанийн болон төслийн хэвийн үйл ажиллагаанд гэмт хор учруулахуйц мэдээлэл тараасан. Ш.Б нь Хөдөлмөрийн тухай хууль, Нууцлалын гэрээ, Хөдөлмөрийн гэрээний 6.5.4, 6.5.7-д заасныг зөрчиж, компанийн нэр хүндэд зориуд халдаж, элдэв гүтгэлэг, худал мэдээлэл тарааж, улмаар ажилчдыг ажил хаялтыг зохион байгуулах зэргээр компанийн ажил хэргийн нэр хүндэд халдаж байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу компанийн нэр хүндэд халдаж, мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг Ш.Б-д даалгаж өгнө үү” гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Ш.Б нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

“... Ш.Б миний бие тус компанид 2022 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд сантехникч, шат угсрагч албан тушаалуудад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Тухайн ажиллаж байсан хугацаанд тус байгууллага нь ажилчдаа илүү цагаар ажиллуулаад илүү цагийн хөлсийг 1,5 хувиар бодоогүй байсан. Мөн ажилчдын цалин хөлсийг дутуу бодох, түүнчлэн анх туршилтын хугацаанд ажиллах үед 3 сарын хугацаа болсон тохиолдолд цалин нэмнэ гэж байсан боловч нэмэлгүй 1 жил өнгөрсний дараа 2,000 төгрөгөөр нэмсэн. Дээрх сайтад өгсөн мэдээлэл бол ганцхан өөрт тохиолдсон асуудлыг яриагүй. Нийт ажилтан, албан хаагч нарыг төлөөлөн нийтийг хамруулж ярьсан. Ш.Б нь тус байгууллагын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараан байгууллагын нэр хүндэд халдаагүй, ажилчны хувьд өөрсдийн хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалан үзэл бодлоо илэрхийлж ажлын байранд тулгарч буй асуудлаар сайтад ярилцлага өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Ш.Б-г хариуцагчаар тодорхойлсон бөгөөд хариуцагч Ш.Б нь  “N” сайтад нийт ажилтан, албан хаагчдыг төлөөлж “Н” ХХК-ийн талаар ярилцлага өгсөн үйл баримтад маргахгүй байна.

Харин хариуцагч нь “... Миний бие “Н” ХХК-ийн талаар Neguun.mn сайтад ярилцлага өгсөн нь үнэн боловч тус компанийн талаар худал зүйл яриагүй, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан мэдээлэл тараагаагүй, харин тус компанийн цалин бусад компанитай харьцуулахад бага байна, илүү цагаар ажиллуулсны хөлсийг хуулийн дагуу боддоггүй гэх ярилцлага өгсөн” гэж тайлбарлаж маргаж байна.

5. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т: “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж,

хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т: “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

5.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажил хэргийн нэр хүнд нь зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хамааралтай ойлголт байх бөгөөд тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ, бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалах зүйл гэж үзнэ.

5.2. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд өөрөөс нь өөр хэн нэгэнд уг мэдээ мэдээлэл хүргэгдсэн байхад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан гэж үзнэ. Мөн гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн агуулга бүхий мэдээ тарааснаар иргэний нэр төр, алдар хүндэд нөлөөлсөн байдлыг ойлгоно.

  5.3. Иргэний хуулиар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар зохицуулсан ба иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахдаа иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээлгэж, учирсан гэм хорыг арилгуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6.1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Ш.Б-тай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хариуцагчийг барилгын түр шат тавцан угсрагчийн ажилд 3 сарын хугацаагаар томилон ажиллуулсан байх бөгөөд “Н” ХХК-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ... дугаартай Хөдөлмөрийн гэрээ болон түүний удирдлагын саналыг үндэслэн ... төслийн барилгын түр шат тавцан угсрагч албан тушаалтай Ш.Б-гийн туршилтын хугацааг дуусгавар болгон, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн уг албан тушаалд жинхлэн ажиллуулж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ажилтны 1 өдрийн цалин хөлсийг 9,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. /хх-ийн 20-21/

6.2. Хариуцагч Ш.Б нь N сайтад 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Н" ХХК хөдөлмөрийн гэрээгээ зөрчин ажилчдаа хохироож байна” гэх гарчиг бүхий ярилцлага өгч, уг ярилцлагыг N сайт фэйсбүүк хуудсаараа олон нийтэд шууд дамжуулсан байх бөгөөд ярилцлагад 127 сэтгэгдэл бичигдэж, ярилцлагыг 531 удаа хуваалцсан болох нь хэрэгт авагдсан N сайтын фэйсбүүк хуудасны зураг, сэтгэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 100-103/

6.3. N “С” НҮТББ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 004 дугаартай албан бичигт “Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой ярилцлага, сурвалжилга, шууд дамжуулалт манай байгууллагын дүрсний архив болон цахим хуудаст байхгүй. Тодруулбал N сайтын үйл ажиллагаанд Хонгконг улсаас серверт халдаж 2023 оны 10 дугаар сард Н сайтын тус сурвалжлага цацагдсан Улаан өнгийн лого бүхий Н цахим хуудас устгагдсан ба тухайн устсан цахим хуудаст уг ярилцлага сурвалжлага нийтлэгдсэн. Н сайтын дүрсний архивт тус сурвалжлагатай холбоотой бичлэг, ярилцлага хадгалагдан үлдээгүй байна” гэжээ. 

6.4. Гэрч Д.Д нь “N" сайтаас ... өдрийн 11 цаг 00 минутын үед “Н” ХХК-ийн компанийн оффист ирсэн. Ш.Б энэ сайтад ярилцлага өгсөн. Миний санаж байгаагаар тэрээр ажлын газрын тодорхойлолт гаргаж өгдөггүй, 900,000 төгрөгийн цалин авдаг, цалин хөлсөө хугацаандаа өгдөггүй, цалингаа буруу боддог, өөрийгөө туршилтын хугацаанд жил гаруй ажиллаж байна, мөн листийн мөнгө олгодоггүй гэж хэлсэн” гэж мэдүүлсэн.

6.5. “Н” ХХК, Ш.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.5.7-д олон нийтийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр Ажил олгогч, үйлчлүүлэгч харилцагчийн дотоод үйл ажиллагааны талаар нийтлэх, ярилцлага өгөх, ажлын шугамаар олсон аливаа мэдээллийг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлсэн бол гэрээг дуусгавар болгох, цуцлахаар заасан, мөн “Н” ХХК нь Ш.Б-тай нууцлалын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-8-17/

6.6. Хэдийгээр хариуцагч Ш.Б нь “Н" ХХК-д нийт ажилчид цалин хөлс нэмэгдүүлэх талаар өргөдөл гаргасан, миний бие уг асуудлаар нийт ажилчдыг төлөөлж ярилцлага өгсөн” гэж тайлбарлаж байх боловч ажилчид нь цалин хөлсөө нэмэгдүүлэх талаар ажил олгогчоос шаардах, үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан энэ асуудлаар ажил олгогчтой зөвшилцөх эрх нь нээлттэй юм.

Харин компанийн ажилчдын цалин хөлсний талаар олон нийтэд ярилцлага, мэдээлэл хүргэх зайлшгүй шаардлага байсан эсэх нь тодорхойгүй, мэдээлэл хүргээгүйгээс нийтийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ажилтан нь цалин хөлсөө нэмэгдүүлэх талаар ажил олгогчид хандаж, эсхүл үйлдвэрчний эвлэлийн байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад энэ эрхээ хэрэгжүүлэлгүй олон нийтийн сүлжээнд “Н" ХХК хөдөлмөрийн гэрээгээ зөрчин ажилчдаа хохироож байна” гэх гарчиг бүхий ярилцлага өгсөн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ”,

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д: “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж,

мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хариуцагч Ш.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 15 минутад N сайтад “Н" ХХК нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчин ажилчдаа хохироож байна” гэх гарчиг бүхий ярилцлагыг өгч, N сайт ярилцлагыг шууд дамжуулан, уг ярилцлага 531 удаа түгээгдсэн болох нь хэрэгт авагдсан N сайтын фэйсбүүк хуудасны зураг, сэтгэгдэл, N сайтаас шүүхэд ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 004 дугаартай “... тус сайтын улаан өнгийн лого бүхий устгагдсан цахим хуудаст уг сурвалжлага нийтлэгдсэн” гэх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Ш.Б нь N сайтад өгсөн дээрх ярилцлагынхаа үнэн зөвийг нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул N сайтад тавигдсан “Н" ХХК хөдөлмөрийн гэрээгээ зөрчин ажилчдаа хохироож байна” гэх гарчиг бүхий хариуцагчийн ярилцлага, мэдээлэл нь нэхэмжлэгч байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь “Н" ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул нэхэмжлэгч “Н” ХХК-ийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх бөгөөд хариуцагчийн мэдээллийн улмаас нэхэмжлэгч байгууллагад эдийн болон эдийн бус хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

8. Иймд хариуцагч Ш.Б-гийн N сайтад өгсөн тус ярилцлага нь  Иргэний хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Иргэдийн төлөөлөгч Г.Б нь Ш.Ба нь хөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээг зөрчсөн, удирдлагад тавих шаардлагыг буруу үйлдлээр илэрхийлсэн. Хариуцагч талаас нотлох баримтаар няцаалт хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Ш.Б нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн. Нэхэмжлэл үндэслэлтэй, иргэн Ш.Б гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батзаяагаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар  нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Ш.Б-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОТГОНЧУЛУУН

                                   ШҮҮГЧИД                             Б.ТҮВШИНЖАРГАЛ

                                                                                          Б.УРАНЗАЯА