Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00067/И |
Дугаар | 141/ШШ2024/00071 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 141/ШШ2024/00071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ......... аймгийн ............сумын ..........баг хаягаар оршин суудаг .............овогт Ду-гийн Б-ын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1982 онд Завхан аймгийн Их-Уул сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар анги төгссөн. Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар тус нэгдлийн Хуягт бригадад малчнаар томилогдон илгээлтээр ажилласан болно. Одоо ам бүл 7. Өрх толгойлсон эрэгтэй, өөрийн охин, ач, зээ нарын хамт амьдардаг. 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тахир дутуугийн группт орсон. 1982 оноос 1985 онд аав Б.Думбаагийн хариуцсан суурьт хамт мал маллаж байсан бөгөөд хөдөлмөр өдрийн хөлс аав Думбаагийн нэр дээр бичигдсэн байсан юм. 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хөдөлмөр өдрийн хөлс дутуу бичигдсэн, баталгаажаагүй малын “А” данс архив хадгалагдаагүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хуягт бригадад, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.Б нь 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт бригадад, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц овогт Д-гийн Б нь 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт бригадад, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Ц овогт Д-гийн Б-ын 000000 дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/528 дугаартай: “1982-1984, 1987-1990 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт, Үржил бригадад мал маллаж байсан Б.Д, Д.Б нарын цалингийн тодорхойлолтыг олгов.
1982 онд 2765,01 төг, 1-12 сар хуу№139 /аав Б.Д-ийн нэрээр/,
1983 онд 1190, 0 төг, 1-12 сар хуу№2 -----*-----
1984 онд 5265,0 төг, 1-12 сар, хуу31 ----***-----
1987 онд 3986,0 төг, 1-12 сар хуу№53 /Б өөрийн нэрээр/,
1988 онд 2630, 0 төг,1-12 сар, хуу 44--*-***----,
1989 онд 2119,0 төг, 1-12 сар, хуу№58----**-----,...” гэсэн бичилт бүхий архивын лавлагаа,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаартай: “...1985, 1986, 1990 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад мал маллаж байсан Д.Б-ын цалингийн тодорхойлолтыг олгов:
1985 онд 530,33 төг, 1-5 сар, хуу№35,
1986 онд 188,71 төг, 7, 11, 12-р сар хуу№64,
1990 онд 2135,24 төг, 1-12 сар, хуу№39...” гэсэн архивын лавлагаа,
-Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай: “...Тус сумын 8 жилийн дунд сургуулиас ХАА-н үйлдвэрлэлд гарч ирсэн хүүхдүүдийг хүлээн авч холбогдох бригадуудад ажиллуулсугай/Жагсаалтыг хавсаргав/. Д Б, хуягт 000 онд төрсөн, .... настай, эрэгтэй, хариуцах мал хонь-90, ямаа -10 нийт 100 толгой мал, дагалдан ажиллах хүн-эцэг Д...” гэсэн тушаалын хуулбар,
Д-ийн Б-т Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлээс 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээж олгосон: “...Нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаар тушаалаар Их-Уул сумын Хуягт бригадад хоньчин, 1982 онд 10 сар, 1983 онд 1-4 сар, 9-10 сар, 1984 он 5, 7, 9-10 сарууд, 1985 онд 1-5 сар, 1986 онд 12 сар, 1987 онд 3-4 сар, 9-12 саруудад, 1988 онд 4-7 сар,1989 онд 1, 5-12 сар, 1990 онд 1-12 саруудад тус хөдөлмөрийн хөлс тооцсон бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Батлах хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2738 дугаартай: “...Д-гийн Б БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Завхан аймгаас 1985.06.10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж байгаад цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1986.06.06-ны өдрийн 5/2991 дүгээр тушаалаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан...” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын хуулбар,
-Гэрч Б.Д-гийн: “...Д.Б нь манай Үржил багийн иргэн. Нэг нэгнийгээ таньдаг. Д.Б нь 1982 оноос мал маллаж эхэлсэн. Учир нь нэг бригад, багт мал маллаж байсан учраас сайн мэдэж байна. 1985 онд цэрэгт явсан. Цэрэгт 1 жил орчим болсон байх. Учир нь цэргээс ирэхдээ толгойны өвчний улмаас гэж ярьж байсан. Тэр үеэс хойш одоог хүртэл мал маллаж байгаа. Манайх тэднийхтэй саахалт айлууд байсан. Тэднийх зундаа Жаргалант, Жаргалантынхаа ам руу өвөлждөг байсан. Бид нэг нутагт мал маллаж байсан учраас Д.Б-ыг 1982 оноос одоог хүртэл мал маллаж байгааг мэднэ...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ч.Д-гийн: “...Д.Б-ын аавыг таньдаг байсан. Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт, Үржил багт мал малладаг байсан. Д.Б нь миний шавь байсан. Д.Б нь 1982 оны 05 дугаар сард 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч мал малласан. Цэрэгт 1 жил явсан. 1985 он шиг санагдаж байна. 1 жил хаасны учир нь өвчний учраас цэргээс халагдсан. 1986 онд цэргээс халагдаж ирээд одоог хүртэл Завхан аймгийн Их-Уул суманд мал маллаж байна. Миний тухайд Завхан аймгийн Их-Уул сумын 100 жилийн түүхэн номыг 2 удаа бичилцсэн. Сумынхаа иргэдийг мэднэ гэж бодож байна. Манай эхнэр Их-Уул сумын Үржил багт 1977 оноос 1991 он хүртэл зоо техникчээр ажиллаж байсан. Зоо техникч нь малын тарилга, туулга, бригадынхаа айлуудаар байнга явдаг байсан. Би зарим үеүдэд малын тарилга хийхэд тусалдаг байсан. Тийм учраас өөрийн шавь Д.Б-ыг хаана ямар ажил эрхэлж байсан талаар сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Ц овогт Д-гийн Б нь 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт бригадад, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б-аас ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц овогт Д-гийн Б-ыг 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт бригадад, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН