Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00604

 

Л.Б, Г.Ж нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/00141 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Б, Г.Ж нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Баярбаясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/06748 дугаартай, шүүгчийн захирамжаар иргэн Л.Б, Ж нараас 160 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Мөн тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1441 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн. Ингээд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Г.Ж-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 35 дугаар байрны 54 тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууц, 12 м.кв талбайтай авто зогсоолыг хураан авч үүргийн гүйцэтгэлд хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 351 дугаартай шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК тухайн орон сууц, авто зогсоолд хөрөнгийн үнэлгээ хийсэн байдаг. Гэтэл дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын саналыг харгалзан үзээгүй, дуудлага худалдааны үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох ёстой ба хэрэв харилцан тохиролцоогүй бол хөрөнгийн үнэлгээ хийх ёстой. Гэтэл хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал аваагүй, тэдгээрийг тохиролцуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмаар хийгээгүй байж, тухай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1- д заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хариуцагч тал нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 дугаар байрны 54 тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууц, 12 м.кв талбайтай авто зогсоолд шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргуулсан. Энэ тухайгаа төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй. Төлбөр төлөгч Л.Б нь тухайн шинжээчийн дүгнэлт гарсан талаар дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэх хуудсыг 2018 оны 11 дүгээр сарын 13-нд гарсан ба үүнийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардаж авснаар мэдсэн. Төлбөр төлөгч Г.Ж нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд шинжээчийн дүгнэлт гарсан талаар мэдээгүй болно. Одоо тухайн үл хөдлөх эд хөрөнгөд шинжээчийн дүгнэлт гаргаад 1 жилийн хугацаа өнгөрсөн ба үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш өссөн байтал 1 жилийн өмнө хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаад гомдолтой байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Г.Ж “Макс групп” ХХК-иас 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бартераар төлбөр тооцооны гэрээнд тооцон Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 дугаар байрны 54 тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2 100 ам.доллараар, 12 м.кв авто зогсоолыг 19 000 ам.доллараар тооцож нийт 138 700 ам.доллараар тооцож авсан байдаг. Үүнийг тухайн үеийн буюу 2012 оны 3 дугаар сарын 01-иий өдрийн Монголбанкны ханшаар 1 доллар 1 348.56 төгрөгтэй тэнцэж байсан ба 138 700 доллар нь 187 045 272 төгрөг болж байна. Гэтэл хариуцагчаас тухайн байр 161 496 000 төгрөгөөр үнэлсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас үнэлгээ гаргахдаа зөвхөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 дугаар байрны 54 тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн гэж ойлгож болохоор байна. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 897 дугаар тоот хөрөнгө үнэлсэн тухай албан тоотод “... 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 дугаар байрны 54 тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 161 496 000 төгрөг болохыг тодорхойлов ...” гэжээ. Үүнээс үзэхэд тухайн байрны доор байрлах 12 м.кв талбайтай авто зогсоолыг үнэлсэн эсэх нь тодорхой бус байна. Иймд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 дугаар байрны 54 тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууцанд хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/06748 дугаар захирамжаар Г.Ж, Л.Б нараас 160 957 950 төгрөгийг гаргуулж Б.Мөнхсаруулд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 35 дугаар байрны 54 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 12 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжилж хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч нар 290 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа өгсөн. Төлбөр авагч Б.Мөнхсаруулын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батцэцэг үүрэг гүйцэтгэгч нарын үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б, Г.Ж нарын хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан /16040/ Энхтайваны өргөн чөлөө, 35 дугаар байрны 54 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2205044725 дугаар бүхий 57 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 54 тоотод орших 12 м.кв талбайтай авто зогсоолыг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалттай нийцээгүй. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүйгээс гадна, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд бус хэт нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Л.Б, Г.Ж нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “...хэргийн оролцогч нь ... шүүх хуралдаанд оролцох эрхтэй”, мөн хуулийн 25.1.3-т “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй ...” гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Л.Б, Г.Ж нарт холбогдох шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зарлагдсан товыг сүүлд мэдсэн ба тухайн хурал нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагт зарлагдсан н.Энхтүвшинд холбогдох шүүх хуралтай давхацсан уг хуралд миний бие н.Энхтүвшингийн өмгөөлөгчөөр оролцсон. Тухайн иргэний хурал нь өөр шүүх хуралтай давхацсан талаар үндэслэл бүхий баримт шүүхийн мэдэгдэх хуудас, хуралдааны тов шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд бичгээр хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан “... зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шуух хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дах хэсэгт заасан үндэслэпээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/00141 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.                                                                

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б, Г.Ж нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/06748 дугаар захирамжаар Б.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй, Л.Б, Г.Ж нарт холбогдох хэрэгт хариуцагч Л.Б, Г.Ж нар 160 000 000 төгрөгийг Б.Мөнхсаруулд 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

Л.Б, Г.Ж нар нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1441 дугаар гүйцэтгэх хуудас гаргажээ. /хх-ийн 26-27 дугаар тал/

Нэхэмжлэгч Л.Б, Г.Ж нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 26, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус хүргүүлж, Г.Жамъян-Ишийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан /16040/, Энхтайваны өргөн чөлөө, 35 дугаар байр, 54 тоот, 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 52 тоот 12 м.кв талбайтай авто зогсоолыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр битүүмжлэн, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан байна. /хх-ийн 39-45 дугаар тал/

Төлбөр төлөгч Л.Б, Г.Ж нар орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналд 290 000 000 төгрөгийн, төлбөр авагч Б.Мөнхсаруулын итгэмжлэгдсэн төлөөлөгч 100 000 000 төгрөгийн үнийн саналыг тус тус өгчээ. /хх-ийн 46-50 дугаар тал/

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан /16040/, Энхтайваны өргөн чөлөө, 35 дугаар байр, 54 тоот, 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, 52 тоот 12 м.кв талбайтай авто зогсоолын хамт нийт 161 496 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 51-69 дүгээр тал/ Түүнчлэн, хариуцагч байгууллагаас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4/220 дугаар мэдэгдлээр шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 72-73 дугаар тал/

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шинжээчийн дүгнэлт гарснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өссөн гэх боловч энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нар тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан...” гэх боловч дээрх гомдол үндэслэлгүй болно. Тодруулбал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн боломжит хугацааг харгалзан, шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр товлосон байна. /хх-ийн 93-95, 98 дугаар тал/

2019 оны 1 сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дахин шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх боловч дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/00141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

                                                                                                                Г.ДАВААДОРЖ