| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00269/И |
| Дугаар | 151/шш2024/00220 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 151/шш2024/00220
| 2024 03 14 | 151/ШШ2024/00220 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн Төв аймаг салбар,
Хариуцагч: П.Д,
Хариуцагч: Б.Э нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,837,219.07 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч П.Д, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,837,219.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...П овогтой Д, Б овогтой Э нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 21,973,000 төгрөг, зээлийн хүүгийн өр 8,309,639.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,695.96 төгрөг, нотариатын зардал 40,300.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 310,583.13 төгрөг, нийт 30,837,219.07 (Гучин сая найман зуун гучин долоон мянга хоёр зуун арван есөн төгрөг тэг долоон мөнгө)-ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Д, Б.Э нар хариу тайлбартаа: П.Д, Б.Э нар Т банк ХК-иас 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээл авсан. Тус Т банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 30,837,219.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ************** тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваар, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн **************** тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Зээлийн дансны харилцагчийн хуулга, малчны зээлийн өргөдлийн хуулбар, хамтран зээлдэгчийн анкетын хуулбар, П., Б.Э нарын салбарт гаргасан хүсэлтийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *********** дугаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч П.Д, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,837,219.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч П.Д, Б.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т банк ХК-ийн Төв аймаг салбарын нэхэмжлэлийн шаардлага 30,837,219.07 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. /хх-39/
4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Д, Б.Э нар цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарын зээлийн гэрээний үүрэгт 30,837,219.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч П.Д, Б.Э нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,516.22 төгрөгийн тал хувь 156,758.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ************ тоот данснаас 156,758.11 төгрөгийг, хариуцагч П.Д, Б.Э нараас 156,758.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарт олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар хариуцагч П.Д, Б.Э нар зээлийн гэрээний үүрэг 30,837,219.07 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарт төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,516.22 төгрөгийн тал хувь 156,758.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ************* тоот данснаас 156,758.11 төгрөгийг, хариуцагч П.Д, Б.Э нараас 156,758.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА