| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2026/0190/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/201 |
| Огноо | 2026-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/201
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч Е.А- /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогт Е.А-т холбогдох эрүүгийн 2613000000174 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг 14 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /их булан/ багийн 40 дугаар гудамжны 3 тоотод оршин суудаг, урьд: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж.х овогт Е.А-, регистрийн дугаар: БВ................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.А- нь 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн өнгийн дугуй засварын хажууд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Д-ийн нүүрэн тус газарт цохисны улмаас түүний биед үүдэн 1 шүдний 3-р зэргийн сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Е.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогчийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч мэдүүлэгтээ хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нь бусдад төлбөр төлбөргүй гэж дүгнэж байна” гэв.
2. Шүүгдэгч Е.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч бид хоёр найз байсан. Найз маань миний өгсөн архийг уухгүй байна гэснээс ийм зүйл боллоо. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч нэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх хохирол байхгүй байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2613000000174 дугаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, улсын яллагчаас:
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
5. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05- 06 дахь тал/,
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-12 дахь тал/,
7. Хохирогч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
8. Гэрч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-оос гаргасан 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА0726/281 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
10. Яллагдагч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
11. Хохирогч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
12. Шинжээч эмч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
13. Шүүгдэгч Е.А-, түүний өмгөөлөгч С.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
14. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Е.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
16. Шүүгдэгч Е.А- нь 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн өнгийн дугуй засварын хажууд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Д-ийн нүүрэн тус газарт цохисны улмаас түүний биед үүдэн 1 шүдний 3-р зэргийн сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
17. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
18. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05- 06 дахь тал/,
19. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-12 дахь тал/,
20. Хохирогч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өчигдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 01-ний орой 20:00 цагийн үед би Ж-ын дугаарыг асуух гэж А- рүү залгахад Ж- миний хажууд сууж байна гэж хэлэхээр нь би гэрээс гараад таксигаар яваад очиход А-, Ж-, Ай-, В- дөрөв Н-ын машин дотор пиво уугаад сууж байсан. Би хажуу талын Драгон дэлгүүрээс архи, пиво аваад хамт машин дотор хуваагаад ууцгаасан. Н- машин барьж байна гэж архи уугаагүй. Машинаас А-, В-ь, Ж- бид дөрөв машинаас буугаад Ай-, Н- хоёр машинд үлдсэн байсан бөгөөд бид тараад явах гэж байхад А- миний нүүр тус газар луу нэг удаа гараараа цохисон. Намайг цохисны дараа миний шүд хөдөлсөн байсан. А-, Ай, В-ь гурав Н-ын машинд суугаад яваад өгсөн. Миний хажууд Ж- үлдсэн байсан. Ж-ын гэр яг хажуу талд байдаг ба гэр лүү яваад өгсөн. Би тэгээд цагдаагийн газарт очиж гомдол гаргасан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаа нар намайг гэрт хүргэж өгсөн бөгөөд өглөө гудамжинд явж байхдаа А- над руу залгаж уулзъя гэж хэлээд бид хоёр уулзаж надаас уучлалт гуйсан. Ямар шалтгааны улмаас чамайг цохисноо мэдэхгүй байна, намайг уучлаарай шүдийг чинь янзлуулж өгье гэж надад хэлсэн. Миний үүдний нэг шүд хөдөлсөн байна. Хажууд байсан Ж-, В-ь хоёр харсан байх. Машин дотор Н-, Ай- хоёр сууж байсан. Н-, Ай- хоёр намайг цохисныг хараагүй байх. Намайг ямар шалтгааны улмаас цохисныг мэдэхгүй. Хамт архи уугаад сууж байгаад машинаас буугаад тараад явах гэж байхад шалтгаангүй намайг цохисон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
21. Гэрч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А-т үг хаяад, А- тэр хоёр хоорондоо машин дотор үг хаяад хэрэлдээд эхэлсэн. А- тухайн машины жолооч талын туслах тал буюу урд суудалд сууж байсан ба уурлаж бууж ирээд Даулетбекийг машинаас чирч буулгаад чи согтуу байна, эрүүл байхад чинь нь уулзъя гэж хэлсэн. Би тухайн үед машинаас дагаад буусан. Даулетбек тэр үед хашхираад намайг А- цохисон гэж гудамжаар хашхираад эхэлсэн ба би одоо та боль гэж хэлсэн чинь би цагдаад хандана, арга хэмжээг нь авхуулна гэж хэлээд таксинд суугаад явсан. Тэр үед Алфард машинаар үлдсэн хүмүүс яваад өгсөн. Тэр хоёр мөнгөний асуудлаас болж маргалдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
22. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-оос гаргасан 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА0726/281 дугаартай “Иргэн Х.Д-ийн биед үүдэн 1 шүдний 3-р зэргийн сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
23. Яллагдагч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Х.Д- над руу залгаж хаана байна гэхээр нь гэрт байна гэж хэлсэн. Тэгээд нэг удалгүй манай хашаанд Х.Д- ирээд нэг шил архи байна гэхээр нь манай хашаанаас гараад хажууд байгаа “Күнгей” дэлгүүрийн ойролцоо гудамжинд ороод тэр архийг задлаад бид нар луу өгөхөөр нь амсаад уухгүй гэж буцаад өгөхөд "та нар миний хийсэн архийг яагаад уухгүй байна" гэж хэрүүл маргаан гаргахаар нь та нэлээн согтсон байна “яв гэхэд” явахгүй надтай зууралдаж хэрүүл маргаан гаргахаар нь уурлаж хуруугаа атгаж байгаад дунд хурууны үеийг гадагшаа гаргаж Х.Д-ийн үүдний шүд рүү тулгаж байгаад хүчтэй чихэж хүчтэй түлхсэн. Тэгэхэд Х.Д- нь шүд маань суларсан чамайг цагдаад өгнө гэж хэлээд яваад өгсөн. Болсон асуудал ийм л байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би ямар нэгэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, баруун гараа атгаж байгаад дунд хуруугаа Х.Д-ийн үүдний шүд рүү тулгаж байгаад хүчтэй чихэж түлхсэн. Миний биед халдсан асуудал болоогүй. Ямар нэгэн шалтгаан байхгүй “яв гэхээр явахгүй” зууралдахаар нь ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
24. Хохирогч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “... надад эмчилгээтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
25. Шинжээч эмч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Үзлэгийн үед хохирогч Х.Д-ийн биед 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА 0726/281 дугаартай дүгнэлтэд тогтоогдсон иргэн Х.Д-ийн үүдний 1 шүдний сулрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэх боломжтой ба уг хохирлын цаг хугацааг тогтоох боломжгүй гэж тодорхой тусгагдсан байгаа өөрөөр хэлбэл уг гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн эсэхийг мөрдөн шалгах үйл ажиллагаагаар тогтоох боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдэл /цохих, цохигдох механизмаар/ үүсгэгдэх боломжтой, өөрөөр хэлбэл цохих үед ихэнх тохиолдолд амны хөндийд давхар гэмтэл учирдаг тул тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
26. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
27. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
28. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
29. Шүүгдэгч Е.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу биед нь халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
30. Шүүгдэгч Е.А-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Д-ийн биед үүдэн 1 шүдний 3-р зэргийн сулрал гэмтэл буюу хөнгөн гэмтэл учирсан байх ба Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд үүссэн хохирлын зэрэг тогтоолгох” журмын 3.1.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 3.1.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10%-аар тогтонги алдагдсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
31. Шүүгдэгч Е.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
32. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал, үл ойлголцол, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
33. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
34. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна
35. Шүүгдэгч Е.А-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Д-ийн биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Х.Д- нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
36. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Д.А-ээс: “Шүүгдэгч урьд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 2 удаа холбогдож байсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 330 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
37. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас: “Шүүгдэгч нь Ховд аймагт очиж ажил хийж байгаа. Улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Цаг үеийн нөхцөл байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
38. Шүүгдэгч Е.А-ээс: “Уучлалт хүсэж байна. Нэг удаа боломж олгож өгөхийг хүсэж байна. Торгох шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
39. Шүүгдэгч Е.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
41. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
42. Шүүгдэгч Е.А- урьд энэ төрлийн болон “Танхайрах” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болох нь хэргийн 70 дахь талд авагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, 72-84 дэх талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
43. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалтай, урьд нь гэмт хэрэгт холбогдсон байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
44. Шүүгдэгч Е.А-, түүний өмгөөлөгч С.А- нарын “...Торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч Е.А- нь урд Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт удаа дараа холбогдож ял шийтгүүлж байжээ.
45. Шүүгдэгч Е.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй байна.
47. Шүүгдэгч Е.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
48. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.х овогт Е.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-ийг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Е.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Е.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Е.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.