Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2024/00241

 

                                 2024      03         21

    151/ШШ2024/00241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 39,748,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Цэрэнбат овогтой О миний бие 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн талийгаач нөхөр болох Б.Г-гээс Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өв хүлээн авсан байна. Манай нөхөр болох талийгаач Б.Ганхүү нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Д” ХХК-тай Саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 үнээг 2,500,000 төгрөгийн ханшаар харилцан тохиролцож, нийт 85,000,000 төгрөгийн үнэ бүхий үнээг худалдахаар гэрээ байгуулсан. Тухайн гэрээний төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс, 2020 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл нийт 45,252,000 төгрөг төлсөн байдаг ба одоог хүртэлх үлдэгдэл төлбөр болох 39,748,000 төгрөг төлөгдөөгүй байгаа юм. Иймд “Д” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 39,748,000 төгрөгийг Ц.Оюунхулан миний биед гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г гэх хүн “Д” ХХК-тай саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэг үнээ 1,200,000 төгрөгөөр тооцон нийт 85,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үнээг зарсан. Одоо худалдах худалдан авах гэрээний үүрэгт 39,748,000 төгрөгийг “Д” ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. Б.Г гэх хүн нас барсан ба түүний эхнэр Ц.О нь өв хүлээн авч нэхэмжлэл гаргасан. Одоо Ц.О-гийн биеийн байдал тааруу байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 10 дугаар сард эвлэрэх саналтай байгаагаа илэрхийлж байсан. Тийм учраас манай талаас заавал шүүхээр шийдвэрлүүлнэ гэхгүй хариуцагч талтай төлбөр тооцоон дээрээ тохироод эвлэрэх хүсэлтэй байсан. Худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Гэрээний үүргийн дагуу манай талаас гаргаж өгсөн санхүүгийн тайлангаас хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 39,000,000 төгрөг үлдсэн байна. Компанийг өөр захирал авсан, шилжүүлэн авах үед өр авлагын асуудал байгаагүй гэж ярьж байна. Тэгэхээр миний бодлоор компанийг шилжүүлэн авч буй этгээд тухайн компанийг өр авлагын асуудлыг мөн шилжүүлэн авч байгаа гэж харж байна. Өөрөөр хэлбэл 2022 он хүртэл гэрээний үүргийг гүйцэтгэж байсан нь баримтаар харагдаж байхад гэнэт өр авлага гараад ирсэн, бид мэдэхгүй гэж тайлбарлаж байгааг гайхаж байна. Анхнаасаа компанийг шилжүүлэн авахдаа өр авлагын асуудлыг судлах байсан гэж бодож байна. Хариуцагч талаас гэрээний хөөн хэлэлцэх хугацааг 2019 онд дуусаж байна гэж тайлбарлаж байна. Өв хүлээж авах хугацаа 5 жилийн хугацаатай байдаг. Өвийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээж авсан. Б.Г-гийн  хувьд Ж.М гэх хувь хүнтэй бус “Д” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Ж.М гэх хүн нас барсан. Тийм учраас гэрээтэй холбоотой асуудлыг компани хариуцна гэж үзэж байна. Б.Г гэх хүн “Д” ХХК-тай гэрээг байгуулсан. Тухайн үед тус кампанийн захирал Ж.М гэх хүн байсан. Тийм учраас өвлөх эрхийн гэрчилгээнд Ж.М-аас өр авлагын асуудлыг нэхэмжлэх эрхийг өвлүүлсэн. Тийм учраас “Д” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага 39,748,000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаар тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Д” ХХК-г анх Д.Т гэх хүнээс шилжүүлэн авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон холбогдох байгууллагаас тодорхойлолт авсан. Тэгэхэд ямар нэгэн өр төлбөргүй гэх тодорхойлолт өгсөн. Энэ талаар баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

   Хариуцагчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хувьд худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр хариуцагч тал үхрийг хүлээн аваагүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа. Хариуцагч талаас “Д” ХХК-ийг хүлээн авах буюу шилжихэд ямар хөрөнгө хүлээн авсан талаар баримтыг хэрэгт өгсөн. Гэхдээ нэхэмжлэгч талын гаргаж өгсөн санхүүгийн баримтад хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал дурддаг. Гэтэл энэ баримт нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Тэгэхээр дээр санхүүгийн баримтаар “Д” ХХК нь үүргийг гүйцэтгэж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байна. “Д” ХХК нь анхнаасаа үхрийг хүлээж аваагүй, хүлээн аваагүй учраас төдийгөөс өдийг хүртэл нэг ч төлөлт хийгээгүй гэдгийг Төрийн банкны дансны хуулгаар давхар нотолж байгаа. Хэрэв үхрийг хүлээлгэн өгсөн гэж байгаа бол тухайн үед “Д” ХХК-ийн захирал нь Ж.М гэж хүн байсан ба гэрээн дээр гарын үсэг зурсан байдаг. Энэ хүн хувьдаа үхрийг аваад идээд, уучихсан асуудлыг бид мэдэхгүй. Ингэхээр үнэхээр үхрээ хүлээлгэн өгсөн  юм бол нотлох баримтаар түүнийгээ нотлоод хариуцвал зохих этгээдээсээ шаардах нь зүйтэй. Мөн хэрэгт өвлөх эрхийн гэрчилгээ нотлох баримтаар авагдсан ба энэ дээр “Д” ХХК-ийн захирал Ж.М-аас үхэртэй холбоотой өр авлагын асуудлыг шаардах эрхийг өвлүүлэхээр гэрчилгээг олгосон байна. Тэгэхээр “Д” ХХК нь тусдаа хуулийн этгээд, Ж.М тусдаа хувь хүн байгаа учраас энэ өвлөх эрхийн гэрчилгээгээр үүсэж буй эрхээр Ж.М гэх хүнээс шаардана уу гэсэн тайлбарыг хэлнэ. Гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаа нь гэрээнд зааснаар 2019 онд шаардах эрх үүссэн. Үндсэндээ Б.Г гэх хүн өөрөө нас барсан. Өөрөөр хэлбэл миний санаж байгаагаар 2020 онд нас барсан байсан. Тэгэхээр Б.Г-гийн хувьд хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч гэж үзэж буй “Д” ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх байсан. Өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор олгодог. Тэгэхээр нас барсан өдрөөс хойш өв нээгдсэн гэж үзнэ. Гэхдээ нэгэнт бид өв нээгдсэн, өвийн гэрчилгээ олгосон асуудал дээр маргаагүй. Гол нь үхэр өгсөн үү, авсан уу гэдэгт маргаж байгаа. Мэдээж манайх үхэр хүлээж аваагүй учраас үүргийг гүйцэтгээгүй. Нэгдүгээрт: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан. Энэ нь гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаа 3 жил байна. Гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох вэ? гэхээр шаардах эрх үүссэн үеэс тоолно. Тэгэхээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийг тооцон үзвэл 29 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хоёрдугаарт: Энэ гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзвэл худалдагч тал худалдан авагч талд эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Мөн гэрээнд зааснаар тухайн 34 үхрийг хүлээлцсэн акт байх ёстой. Гэрээ байгуулагдсан байна. Гэхдээ гэрээний зүйл болоод байгаа 34 үхрийг бодитойгоор хүлээлцсэн талаар үйл баримтыг нэхэмжлэгч тал бодитойгоор нотолж чадахгүй байна. Нотлох баримт нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэгдэх ёстой. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хангалттай боломжит хугацаа байлаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрөө бүрдүүлж, цуглуулах гаргаж өгөх хуульд заасан үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Мөн түүнчлэн өөрийнх нь тайлбар болон бусад нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага нь эргэлзээгүй нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон баримт харагдахгүй байна. Мөн нэхэмжлэгч талын гаргасан тооцоо нийлсэн акт гэх санхүүгийн баримтаар хэнээс хэн рүү мөнгө шилжүүлж байгаа нь тогтоогдохгүй, хэн аль нь гарын үсэг зураагүй. Мөн өмнө шинжлэн судлуулсан “Д” ХХК-ийн Төрийн банкны дансны хуулгаар тус компани нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ямар нэгэн гүйлгээ хийгээгүй бөгөөд тус дансны хуулгаар “Д” ХХК нь 2015 оноос хойш ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй. Түүнчлэн өвлөх эрхийн гэрчилгээнд шаардах эрхийг олгохдоо компанийн захирлаас гэсэн байдаг. “Д” ХХК нь тусдаа хуулийн этгээд, түүнийг төлөөлж захирал гэрээнд гарын үсэг зурах нь ойлгомжтой. Нэхэмжлэлд “Д” ХХК-г хариуцагчаар татсан ба хамтран хариуцагчаар захирлыг татан оролцуулаагүй. Тэгэхээр холбогдох нотлох баримтаа бүрдүүлээд хариуцвал зохих этгээдээс гаргуулах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Ц.О-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 4/, саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5/, “Д" ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 6/, Б.Г-гийн “Д” ХК-ийн захирал Ж.М-тай хийсэн хоорондын тооцоо /хх-ийн 7/, гэрлэлтийн гэрчилгээ, Б.Г-гийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 8/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 10/, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10/, итгэмжлэл /хх-ийн 11/,

Хариуцагчаас: итгэмжлэл /хх-ийн 49/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 50/, хариу тайлбар /хх-ийн 52/, “Д” ХХК-ийн 2015-2023 онуудын санхүүгийн тайлан, хууль зүйн туслалцааны гэрээ, “Д” ХХК-ийн хамаарал бүхий бусад эд зүйлийг хүлээлгэн өгсөн жагсаалт, “Т” ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн.

Шүүхээс “Д” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 25-27/, Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2-4в/5535 дугаартай албан бичиг /хх-ийн 40/-ийг тус тус шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 39,748,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Ц.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“... Ц.О миний бие 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн талийгаач нөхөр болох Б.Г-гээс Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өв хүлээн авсан. Манай нөхөр болох талийгаач Б.Ганхүү нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Д” ХХК-тай саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 үнээг 2,500,000 төгрөгийн ханшаар харилцан тохиролцож, нийт 85,000,000 төгрөгийн үнэ бүхий үнээг худалдахаар гэрээ байгуулсан. Тухайн гэрээний төлбөрөөс нийт 45,252,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 39,748,000 төгрөг төлөгдөөгүй. Иймд “Д” ХХК-иас гэрээний үүрэгт нийт 39,748,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Д” ХХК нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Л.Б нь “Д” ХХК-ийг анх Д.Т гэх хүнээс шилжүүлэн авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон холбогдох байгууллагаас тодорхойлолт авсан. Тэгэхэд ямар нэгэн өр төлбөргүй гэх тодорхойлолт өгсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаа 3 жил байна. Гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно. Тэгэхээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийг тооцон үзвэл 29 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон баримт байхгүй. Энэ гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзвэл худалдагч тал худалдан авагч талд эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Мөн гэрээнд зааснаар тухайн 34 үхрийг хүлээлцсэн акт байх ёстой. Гэхдээ гэрээний зүйл болох 34 тооны үхрийг бодитойгоор хүлээлцсэн талаар үйл баримтыг нэхэмжлэгч тал бодитойгоор нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгч талын гаргасан тооцоо нийлсэн акт гэх санхүүгийн баримтаар хэнээс хэн рүү мөнгө шилжүүлж байгаа нь тогтоогдохгүй, хэн аль нь гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэн Б.Г нь хариуцагч “Д” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал Б.Г нь өөрийн өмчлөлийн 34 тооны сүүний чиглэлийн хар тарлан үнээг нэг бүрийг 2,500,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч “Д” ХК нь гэрээний төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.О нь Б.Г-тэй 1980 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн №471 дугаар бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон, нөхөр Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсныг нас барсны бүртгэлийн 5488 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 8 дугаар тал/

Нийслэлийн тойргийн нотариатч Ц.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ц.О-д өвлүүлэгч Б.Г-гийн өмчлөлд байсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Д” ХХК-тай байгуулсан “Саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээ”-ний үнэ болох 85,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 39,748,000 төгрөгийг “Д” ХК-ийн захирал Ж.М-аас нэхэмжлэх, шаардан авах эрх хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн ... дугаартай гэрчилгээг олгожээ. /хх-ийн 10 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 39,748,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Д” ХХК нь эс зөвшөөрч “гэрээний дагуу худалдагч тал худалдан авагч талд эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй, гэрээний зүйл болох 34 тооны үхрийг хүлээлцсэн акт байхгүй, хүлээлцсэн талаарх үйл баримтыг нэхэмжлэгч тал бодитойгоор нотолж чадаагүй” гэж маргаж байна.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түүний нас барсан нөхөр Б.Г нь хариуцагч “Д” ХХК-иас саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 39,748,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж, тэдгээрийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичгээр байгуулагдсан 34 тооны сүүний чиглэлийн хар тарлан үнээг нэг бүрийг 2,500,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч тал “Д” ХК нь гэрээний төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ, Б.Г-гийн эхнэр Ц.О нь энэхүү гэрээний дагуу шаардах эрхийг өвлөсөн талаарх өвлөх эрхийн гэрчилгээг шүүхэд гаргажээ.

Дээрх худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд хариуцагч “Д” ХХК болон нас барагч Б.Г нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.О нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлөгчийн хувьд нас барсан Б.Г-гийн “Д” ХХК-тай байгуулсан 34 тооны үнээ худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч нь: “... компанийг шилжүүлэн авч буй этгээд тухайн компанийг өр авлагын асуудлыг мөн шилжүүлэн авч байгаа гэж харж байна. Б.Г-гийн  хувьд Ж.М гэх хувь хүнтэй бус “Д” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тийм учраас гэрээтэй холбоотой асуудлыг компани хариуцна гэж үзэж байна. Тухайн үед тус кампанийн захирал Ж.М гэх хүн байсан. Тийм учраас өвлөх эрхийн гэрчилгээнд Ж.М-аас өр авлагын асуудлыг нэхэмжлэх эрхийг өвлүүлсэн. Иймээс “Д” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон” гэсэн тайлбар гаргаж,

хариуцагч нь: “... Д ХХК-ийг хүлээн авахад буюу шилжихэд ямар хөрөнгө хүлээн авсан талаар баримтыг хэрэгт өгсөн. “Д” ХХК нь гэрээний зүйл болох 34 тооны үнээг хүлээж аваагүй. Хэрэв үхрийг хүлээлгэн өгсөн гэж байгаа бол тухайн үед “Д” ХХК-ийн захирал нь Ж.М гэж хүн байсан ба гэрээн дээр гарын үсэг зурсан байдаг. Мөн нэхэмжлэгч талын гаргасан тооцоо нийлсэн акт гэх санхүүгийн баримтаар хэнээс хэн рүү мөнгө шилжүүлж байгаа нь тогтоогдохгүй, хэн аль нь гарын үсэг зураагүй” гэсэн тайлбар тус тус гаргаж, талууд гэрээний зүйл буюу 34 тооны үнээг худалдан авагчид шилжүүлэн өгсөн эсэхэд маргаж байна.

Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээний 3.7-д “Нэмэлт нөхцөл: 34 үнээг хүлээлцсэн акт үйлдэж тохиролцсон болно” гэж дурдсан байх боловч гэрээний зүйл болох 34 тооны үнээг худалдан авагчид шилжүүлж өгсөн эсэх нь тодорхойгүй, үнээг хүлээлцсэн акт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.О нь “... тухайн гэрээний төлбөрөөс “Д” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд нийт 45,252,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 39,748,000 төгрөг төлөгдөөгүй” гэх тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгчийн энэ тайлбар баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч уг тайлбараа нотлох дансны хуулга зэрэг баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч тал өөрийн тайлбарыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж,

хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан.

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд байгуулсан саалийн үнээ худалдах, худалдан авах гэрээний 2.2-т: гэрээний төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үүссэн, энэ өдрөөс эхлэн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна.

Тус гэрээний хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолбол 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч Ц.О-гийн нөхөр Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр гэрээний шаардах эрхийг өвлөн авсан байна.

     Иймд нэхэмжлэгч Ц.О нь тухайн гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д: “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас гэрээний үүрэгт нийт 39,748,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас гэрээний үүрэгт нийт 39,748,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 356,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.     

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОТГОНЧУЛУУН