Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/123

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Хишигтогтох,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Жаргалбаяр,

Шүүгдэгч: Д.Э, Ш.Н, Ц.Б,  Т.Л, Д.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,  шүүгдэгч Ш.Н, Ц.Б,  Т.Л, Д.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н овогт Д-ийн Э, Ж овогт Ш-гийн Н, Х овогт Ц-гийн Б, З овогт Т-гийн Л, Б овогт Д-гийн П нарт холбогдох эрүүгийн 2535000150121 дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 13-нд .... төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, .... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Н овогт Д-ийн Э, (регистрийн дугаар: ....);

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 24-нд .... төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, .... тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар 2 ижил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн Ж овогт Ш-гийн Н, (регистрийн дугаар: ....);

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 28-нд ... төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овогт Ц-гийн Б, (регистрийн дугаар: ...);

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 29-нд .... төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй З овогт Т-гийн Л, (регистрийн дугаар: ...);

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 27-нд ... төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, .... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б овогт Д-ийн П, (регистрийн дугаар: .........);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онх” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр 1 тооны ойн зэрлэг гахай агнаж, тээвэрлэн амьтны аймагт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онх” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр 1 тооны ойн зэрлэг гахай агнаж, тээвэрлэн амьтны аймагт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал); 

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Увс аймгийн Зүүнхангай сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, тусгай хамгаалалттай Онх гэх газар байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 24-38 дахь тал); 

3. Эд зүйл /машин/-д үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 47-49, 51-56 дахь тал); 

4. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 39-40 дахь тал); 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би энэ хэргийн талаар 2024 оны 12 дугаар сард мэдсэн. Манай байгууллагын мэргэжилтнүүд хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаандаа гахай агнагдсан байхыг олж мэдсэн. Манай суманд 2024 онд 3 гахай агнах зөвшөөрөл ирснийг Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч хүсэлт гаргасан хүмүүст эрхийн бичгийг бичиж өгсөн. Ямар ямар хүмүүс авсан талаар мэдэж байгаа зүйл байхгүй.

Эрүүгийн 2535000150121 дугаартай хэрэгт экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сангийн данс рүү 2,800,000 төгрөг хийсэн байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83, 88 дахь тал);

6. Гэрч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр жолооч Ч.Гансүх, мэргэжилтэн Б.Н, байгаль хамгаалагч Н.Б, Байгаль хамгаалагч В.БатЭ нарын бүрэлдэхүүнтэй албаны Ланд крузер 79 маркийн 7953 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ханхөхий нурууны Жиргэрийн ам, Улаан чулуу, Ширэнгэ, Онх, Буган хашаа гэх газраар гэнэтийн хяналт шалгалт хийх явцад ойн зэрлэг гахай үргээлэг хийж агнасан нөхцөл байдал тогтоогдож ул мөрийг дагаж явсан. Зүүнхангай сумын 3-р багийн нутаг Онх гэх газарт ойн зэрлэг гахай агнасан ул мерийг дагаж үзэхэд уулын ар хэсэг шинэс, бураа, модоор хүрээлэгдсэн хэсэгт ойн зэрлэг гахайг буудаж алаад тухайн газраасаа мориор чирч машиныхаа хажууд авч ирээд гэдэс дотрыг гаргаж, 4 шийрийг нь тухайн газар нь орхиод хаяад явсан байсан. Мөн тэндээ гал түлж цай чанаж уусан, ундааны сав, лаазалсан загасны махны идсэн бололтой хоосон сав байсан. Бид нар тухайн газар байсан гахайны шийрнээс буудагдсан байдалтай 1 шийрийг нь аваад 3 ширхгийг тухайн газар орхиод тухайн газраас явсан машины мөрийг нь дагаж явсан. Тэгээд эхнэрээс нь бид нар гахайн яс, арьс танай хотноос оллоо ямар учиртай талаар асуухад надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй Мягмар, Д.П нараас асуу гэж ярьсан. Мөн тэр хавийг үзэхэд амбаарын урд талд цагаан өнгийн Мицибуши Л200 маркийн 1354 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр гахайны өөх мах, үс наалдсан тэнд хөргөж бэлдсэн бололтой байсан. БатЭийн эхнэрээс нурууны арьс болон мөн элэг бололтой нэг удаагийн саванд хийсэн цусархаг зүйл, нурууны ясыг хурааж аваад тэр талаараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийн би өөрөө өгсөн. Ойн зэрлэг гахай агнасан байж болзошгүй газарт CARMIN маркийн жип-эс багажаар цэг авахад №49.27.52.2 E 95.09.33.9 байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90-91 дахь тал);

7. Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн газарт 3 машины мөр ул байсан бөгөөд нэг машинд 2 тооны адуу ачих ирж буулгаад үргээлэг хийгээд буцаагаад ачаад явсан бололтой мөр байсан. Бид нар уг машинуудын мөрийг дагаж Зүүнхангай сумын Агирт гэх газарт Даржаа овогтой П гэж айлд очсон. Тэдний гэрт очиход Д.П болон түүний гэрийн хажууд байдаг БатЭ гэх залуу гэртээ байгаагүй хаачсан Б.Н асуухад Д.П сумын төв рүү явсан, БатЭ хониндоо явсан талаар БатЭийн эхнэр хэлсэн. Тухайн үед БатЭийн эхнэр бид нарт нэрээ хэлж байсан би одоо нэрийг санахгүй байна. Бид нар БатЭийн эхнэрт өөрсдийгөө танилцуулж ямар ажлаар ирсэн талаараа тодорхой тайлбарлаж хэлсэн. Тэгээд бид тухайн газар ямар нэгэн сэжиг бүхий зүйл байгаа эсэх талаар үзэхэд Д.Пгийн гэрийн ар хэсэгт ойн зэрлэг гахайны нурууны арьсны хэсгийг цасанд булж нуусан байсаныг олсон. Тэгээд БатЭийн эхнэрт Д.Пгийн гэрт орж үзэх талаар санал тавихад бид нарыг гэрт нь оруулж үзүүлсэн. Тэдний гэрийн хоолны тавиур дээр гахайны бололтой мөлжиж цэвэрлэсэн нурууны яс байсан. Тэгээд эхнэрээс нь бид нар гахайн яс, арьс танай хотноос оллоо ямар учиртай талаар асуухад надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй Мягмар, Д.П нараас асуу надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал);

8. Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэдний гэрт очиход Д.П болон түүний гэрийн хажууд байдаг БатЭ нар гэртээ байгаагуй хаачсан талаар асуухад Д.П сумын төв рүү явсан. БатЭ хониндоо явсан талаар бид нарт хэлсэн. Гэрийнх нь ар хэсэгт ойн зэрлэг гахайны нурууны арьсны өөдөс хэсгийг цасанд булж нуусан байсан. Тэгээд БатЭийн эхнэрт Д.Пгийн гэрт орж болох талаар асуухад орж болно гээд бид нарыг гэр лүү нь оруулахад тэдний гэрийн хоолны тавиур дээр гахайны бололтой мелжиж цэвэрлэсэн нуруу байсан. Тэгээд эхнэрээс нь бид нар гахайн яс, арьс танай хотноос оллоо ямар учиртай талаар асуухад Мягмар, П нар шөнө бид нарыг унтаж байхад ирсэн тэд нар мэдэж байгаа байх гэж надад тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй гэж ярьсан. Мөн тэр хавийг үзэхэд амбаарын урд талд цагаан өнгийн Мицибуши Л200 маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр гахайны өөх мах, ус наалдсан тэнд хөргөж бэлдсэн бололтой байсан. БатЭийн эхнэрээс нурууны арьс болон мөн элэг бололтой нэг удаагийн саванд хийсэн цусархаг зүйл, нурууны ясыг хурааж аваад тэр талаараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн ойн зэрлэг гахай агнасан газарт CARMIN маркийн жипи эс багажаар цэг авахад N49.27.52.2 E 95.09.33.9 байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал);

9. Гэрч В.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Мөн тэр хавийг үзэхэд амбаарын урд талд цагаан өнгийн Мицибуши Л200 маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр гахайны өөх мах, үс наалдсан тэнд хөргөж бэлдсэн бололтой байсан. БатЭийн эхнэрээс нурууны арьс болон мөн элэг бололтой нэг удаагийн саванд хийсэн цусархаг зүйл, нурууны ясыг хурааж аваад тэр талаараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийн манай ажлын улсын байцаагч Ч.Б өгсөн. Тэрний дараа манай жолооч П, Зүүнхангай сумын байгаль хамгаалагч Ц.Ж нарын хамтаар тухайн хэрэг учрал болсон газар очиж үзлэг хийж би үзлэгт оролцсон. Тухайн ойн зэрлэг гахай агнасан газарт CARMIN маркийн жипи эс багажаар цэг авахад №49.27.52.2 Е 95.09.33.9 байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал);

10. Гэрч У.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед Э, Л, Б, Н нар бүгд тус тусдаа буутай байсан, харин би буугүй явсан. Тэгээд би тухайн үед Дугаригийн дөрөлж гэх уулнаас морьтой чоно үргээсэн бөгөөд уулнаас сүрэг гахай буюу 9 орчим тооны гахай гарч ирсэн. Тухайн газраас уг гахайнууд гараад Онхын арлуу гүйсэн бөгөөд удалгүй нэг удаа буун дуун гарсан. Тэгээд би ойгоос морьтой гарч ирэхэд Онхын арын уулын шугуйд ууланд 1 тооны гахай буудагдаж цааш нь явж байгаад ойн модонд унасан байсан. Тэгээд би тухайн газарт очиход Л, Э нарын сууж байсан газрын ойролцоо гахай буудагдсан байсан бөгөөд би эхлээд Лаг буудсан гэж ойлогсон. Тэгээд Л нь надтай морь үргээлэгт явсан Бтай хамт тухайн гахайн дээр очиж бугуйлаар чирж доош нь уулын модны ёроолд чирч гаргаж ирсэн. Тухайн үед уг гахайг Э ах буудсан гэж хэлж байсан бөгөөд уг гахайны хөл, цээжний хэсэгт Э ах хоёр удаа буудсан байсан. Тэгээд уг гахайг уулын модны ёроол гаргаж ирээд тухайн газарт Б нь төхөөрч, 4 шийрийг нь тухайн газарт хаяад бид нар тухайн газарт гахай төхөөрч янзалж байх үед гал түлж бид нар загасны мах болон талх идэцгээсэн, мөн тухайн газарт Э ах 1 шил виски гаргаж задалсан, мен дахин 1 шил архи задалж бид нар тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд гахайны махыг мөчилж эвдэж дуусаад Лагийн машинд ачаад бид нар тэндээсээ манайх руу хөдөлсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал);

11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0325/3745 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 195-198 дахь тал);

12. Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ХОВ0326/068 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн N29.27.942, E095.09.450 солбилцол нь улсын тусгай хамгаалалтай газарт хамаарна. Уг солбилцол нь Хан хөхий нуруу байгалийн цогцолбор газарт хамарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 231-232 дахь тал);

13. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 475 дугаартай “тухайн байгууллагаас ирүүлсэн солбилцлыг шалгаж үзэхэд тухайн цэг нь Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарч байна” гэх албан бичиг, зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал);

14. Шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нарын өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 65-66, 79-80, 93-94, 107-108, 121-122 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0325/3745 дугаартай дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн арьс, яс, туурай нь шинжилгээнд тэнцэнэ. Туруутан баг-Artiodactyla Owen, 1848, Гахай овог-Suidae Gray, 1821, Гахай терел- Sus Linnaeus, 1758, Ойн зэрлэг rахай-Sus scrofa sibiricus Staffa, 1922 байна. Ойн зэрлэг гахай-Sus scrofa sibiricus Staffa, 1922 нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд тусгасан нэн ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Ховор амьтны жагсаалтад тус тус бүртгэгдээгүй. Шинжилгээнд ирүүлсэн арьс, туурайнд үхлийн шарх үүсгэх ул мөр байхгүй тул ямар шалтгаанаар үхсэнийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн арьсанд үүссэн цооролт нь иртэй мөртэй тул хурц иртэй зүйлээр үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн арьс болон ясанд сумны оролт, гаралтын мөр байхгүй байна. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний ХОВ0325/029 дугаартай дүгнэлтэд зэрлэг гахайн тархалт, амьдрах орчин, агнагдсан байршил, солбилцлын мэдээ тусгагдаагүй байгаа нь Зэгсний зэрлэг гахай гэж дүгнэх үндэслэл болохгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ээр Ойн зэрлэг гахай-Sus scrofa sibiricus Staffa, 1922 нь 1,400,000 төгрөг байна. Тус ойн гахай агнасан гэх байршил нь Хан хөхий нурууны байгалийн цогцолборт газарт хамаарч байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 195-198 дэх тал) -ээр шүүгдэгч нарын агнасан гахай нь ойн зэрлэг гахай болох нь тогтоогдож байна.

3. Мөн Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 475 дугаартай “тухайн байгууллагаас ирүүлсэн солбилцлыг шалгаж үзэхэд тухайн цэг нь Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарч байна” гэх албан бичиг, зургийн үзүүлэлт, гэрч Ч.Бийн “Ойн зэрлэг гахай агнасан байж болзошгүй Зүүнхангай сумын 3-р багийн нутаг Онх гэх газар №49.27.52.2 E 95.09.33.9 цэг авсан бөгөөд уг цэг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Хязгаарлалтын бүсээс 10 орчим километр дотогш юм” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын ойн зэрлэг гахай агнасан “Онх” гэх газар нь Хан хөхийн нурууны байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд ордог, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна.

4. Дээрх үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын үйлдэл нь буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахайг Сайга М3 болон CZ457 CZ455 загварын буугаар агнасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.

Гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь үйлдлээрээ нэгдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэнд тооцно.

6. Шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

7. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нарыг “Улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, түүний түүхий эдийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

8. Шүүгдэгч М Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж хуульчилсан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаартай “Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг 1,400,000 төгрөгөөр тогтоосон тул амьтны аймагт 2,800,000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаарын дансанд ойн зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (2 дахь хавтаст хэргийн 197 дах тал)-аар нотлогджээ. Иймд шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нараас нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3. Прокуророос шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Түүнчлэн шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нар нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцлүүдийг хангасан байна. 

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нарт тус бүрт нь 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 5,600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Эийн өмчлөлийн Сайга М3 загварын буу, шүүгдэгч Ш.Нгийн өмчлөлийн CZ457 загварын буу, шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн CZ455 загварын бууг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Лагийн өмчлөлийн 13 сая Toyota land cruiser-80 загварын 13-13 УВА улсын дугаартай автомашин, шүүгдэгч Д.Пгийн өмчлөлийн 2.5 сая Nissan datsun загварын 13-54 УВА улсын дугаартай автомашин,  1 сая зүстэй 7 настай морь, 1,2 сая зүстэй 13 настай морийг тус тус улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөлдсөн хүрэн өнгийн зүйл, арьсны хэсэг, нурууны яс 1 ширхэг, амьтны шийр 1 ширхэг, лаазалсан загасны махны төмөр сав 3 ширхэг, Hennessy 700 гр шил 1 ширхэг, финланд нэртэй 1 литрийн архины шил 1 ширхгийг тус тус устгах саналыг гаргаж, шүүгдэгч нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ. 

6. Иймд шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 5,600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Н, Ц.Б,  Т.Л, Д.П нарт тус бүрт нь 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах зүйтэй.

7. Шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөлдсөн хүрэн өнгийн зүйл, арьсны хэсэг, нурууны яс 1 ширхэг, амьтны шийр 1 ширхэг, лаазалсан загасны махны төмөр сав 3 ширхэг, Hennessy 700 гр шил 1 ширхэг, финланд нэртэй 1 литрийн архины шил 1 ширхгийг тус тус устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх  шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Д.Э, Т.Л, Ц.Б, Д.П, Ш.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар хуульд заажээ.

Түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Эийн өмчлөлийн Сайга М3 загварын буу, шүүгдэгч Ш.Нгийн өмчлөлийн CZ457 загварын буу, шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн CZ455 загварын бууг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Лагийн өмчлөлийн 13 сая Toyota land cruiser-80 загварын 13-13 УВА улсын дугаартай автомашин, шүүгдэгч Д.Пгийн өмчлөлийн 2.5 сая Nissan datsun загварын 13-54 УВА улсын дугаартай автомашин,  1 сая зүстэй 7 настай морь, 1,2 сая зүстэй 13 настай морийг тус тус улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Н овогт Д-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, тээвэрлэсэн”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Ж овогт Ш-гийн Н, Х овогт Ц-гийн Б, З овогт Т-гийн Л, Б овогт Д-гийн П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, тээвэрлэсэн”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 5,600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Н, Ц.Б,  Т.Л, Д.П нарт тус бүрт нь 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э, Ш.Н, Ц.Б, Т.Л, Д.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Лагийн өмчлөлийн 13 сая Toyota land cruiser-80 загварын 13-13 УВА улсын дугаартай автомашин, шүүгдэгч Д.Пгийн өмчлөлийн 2.5 сая Nissan datsun загварын 13-54 УВА улсын дугаартай автомашин,  1 сая зүстэй 7 настай морь, 1,2 сая зүстэй 13 настай морийг тус тус  хурааж улсын орлогод оруулахыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

 - Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Эийн өмчлөлийн Сайга М3 загварын буу, шүүгдэгч Ш.Нгийн өмчлөлийн CZ457 загварын буу, шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн CZ455 загварын бууг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Увс аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөлдсөн хүрэн өнгийн зүйл, арьсны хэсэг, нурууны яс 1 ширхэг, амьтны шийр 1 ширхэг, лаазалсан загасны махны төмөр сав 3 ширхэг, Hennessy 700 гр шил 1 ширхэг, финланд нэртэй 1 литрийн архины шил 1 ширхгийг тус тус устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх  шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Д.Э, Ш.Н, Ц.Б,  Т.Л, Д.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ