| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0540/З |
| Дугаар | 128/ШШ2023/0755 |
| Огноо | 2023-10-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2023/0755
2023 10 12 128/ШШ2023/0755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Томбонгийн Нармандах
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарангарав
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Алтан-Эрдэнэ, Ц.Лувсанданзанжанцан,
Маргааны төрөл: Т.Нармандахад газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан нь үндэслэлтэй эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, Э.Алтан-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 01-08/2440 дүгээр албан бичгээр өгсөн хариуг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” гэж тодорхойлсон болно.
2. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, эрхийн нэр шилжүүлэх тухай” 358 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн хажуу талын 49 м.кв газар эзэмших эрхийг иргэн Г.Доржпаламаас иргэн Т.Нармандахад амины шилжүүлсэн байна.
3. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/575 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар нэгж, талбарын 136003/0024 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон байна.
4. Тус захирамжийн хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Т.Нармандах нь Нийслэлийн Өмчийн харилцаан газрын даргатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг байгуулсан.
5. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны захиалгаар Баянзүрх дүүргийн 69 дугаар хороонд баригдсан 1500 суудалтай 21 дүгээр сургуулийн барилга угсралтын ажлыг “Батс өргөө” ХХК нь гүйцэтгэн хүлээлгэн өгч, тус барилгын нэг хэсэг болох “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас олгогдсон 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2189/2018 тоот “Техникийн нөхцөлөөр төлөвлөж буй цахилгаан дамжуулах кабель шугамын трассын зураг”-ийн (9)-д тэмдэглэгдсэн хуучин ТП болон одоо ашиглалттай байгаа ТП-199-ийг буулгаж шинээр өргөтгөн барихдаа иргэн Т.Нармандахын эзэмшил бүхий газар дээр барьсан.
6. Иймээс иргэн Т.Нармандах нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хандан иргэний эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан талаар өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлийн хувийг Авлигатай тэмцэх газарт мөн гаргажээ.
7. Тус өргөдлийн дагуу Авлигатай тэмцэх газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 05/7801 дүгээр албан бичгээр “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд хууль тогтоомжийн хүрээнд Т.Нармандахын газар эзэмших асуудлыг шийдвэрлэж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу ... хариу ирүүлнэ үү. ...” гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхманлайд, хувийг нэхэмжлэгч Т.Нармандахад хүргүүлжээ.
8. Иргэн Т.Нармандахаас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхманлай даргад хандан иргэний эзэмшлийн газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээг өөрчлүүлэх тухай, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “... Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11752 м.кв газрыг байршил сольж авах хүсэлттэй байх тул хүсэлтийг минь хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн өргөдөл тус тус гаргасан.
9. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 8047 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгож, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/575 дугаар захирамжийн хавсралтыг “34” дэх хэсгийг хүчингүй болгожээ.
10. Улмаар иргэн Т.Нармандах 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаар "Газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцын зориулалтаар 8047 м.кв газрын иргэн Боржигон овогт Томбонгийн Нармандахад 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгуулах тухай” хүсэлт гаргасан байна.
11. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2440 дугаар албан бичгээр “...Мөн тус маргаантай байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд тушаал болон Нийслэл, дүүргийн Засаг даргын нарын захирамжаар иргэн, хуулийн этгээдэд давхардуулан олгосон газар эзэмших, ашиглах, өмчлөх шийдвэрийг цуцлах байршил өөрчлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж газрын маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд Газрын кадастрын мэдээллийн системд өөрчлөлт хийхгүй байх талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тус албанд чиглэл ирүүлсэн болно. Иймд дээрх асуудлууд эцэслэн шийдвэрлэгдсэний дараа таны хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэх…” талаар мэдэгдсэн байна.
12. Иргэн Т.Нармандах 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2023/5264 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/5621 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүссэн байна.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Томбонгийн Нармандах нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өрийн А/575 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн хажуу талын газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт 1500 хүүхдийн суудалтай 21 дүгээр сургуулийн барилгын ажлыг “Бат-Өргөө” ХХК гүйцэтгэж барилга угсралтын ажлын нэг хэсэг болох “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас олгогдсон 2018-оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20189/2018 тоот Техникийн нөхцөлөөр төлөвлөж буй цахилгаан дамжуулах кабель шугамын трассын зургийг тэмдэглэсэн хуучин ТП болон ТПП-199-ийг буулгаж шинээр өргөтгөн барихдаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн.
Нэгэнт төсвийн хөрөнгөөр улсын өмчийн сургуулийн өргөтгөл баригдсан тул Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн хажуу талын газар эзэмших эрхийн үнэлгээ 250.000.000 төгрөг байх тул дуудлага худалдааны үнийг төлүүлэхгүйгээр Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцын зориулалтаар 8047 м.кв газрыг /кадастрын зургаа Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахад хавсаргаж өгч байсан/ иргэн Боржигон овогт Томбонгийн Нармандахад 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.
Газар эзэмших эрхийг олгосон захирамж гарсны дараа /захирамжаа эх хувиар нь аваагүй/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээгээ гаргуулахаар кадастр хийлгэсэн, хариуцагч талаас хүлээлгэж байсны дагуу 2023 оны 04 сар хүрсэн тул нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын газарт 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хандсан ба 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2440 дүгээр албан бичгээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгох боломжгүй талаар хариу өгсөн тул шүүхэд хандаж байна.
Газар эзэмших эрхийг олгосон захирамж эх хувиар өгөөгүй, анх 8047 м.кв газрын кадастрыг хийлгэсэн зургаа захирамж гарах үед нь хавсаргаж өгсөн тул захирамжийг цахим хаягаас, кадастрыг зургийг дахин хийлгэж хавсаргасан.
Т.Нармандахын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт холбогдох захиргааны хэрэгт тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2023/5264 дүгээр шүүгчийн захирамж гарсантай хамааралтайгаар нэхэмжлэгч талаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хариуцагчаар тодорхойлсон болно.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2440 дүгээр албан бичгээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгох боломжгүй талаар өгсөн хариуг захиргааны акт гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцын зориулалтаар 8047 м.кв газрын иргэн Боржигон овогт Томбонгийн Нармандахад 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангараваас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт дурдаад байгаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл бол Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаас өмнө тавигдах ёстой шаардлага. Захирамж гарсны дараа давхцал гэж яригдах ёсгүй. Энэ тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газар эзэмших захирамж хилийн цэсийн маргаан эхлэхээс өмнө 2022 оны 01 дүгээр сард гарсан.
Кадастрын мэдээллийн системд шинээр газар олгохоос бусад төрлийн шилжилт хөдөлгөөн хэвийн бүртгэгдэх бөгөөд шинээр газар олгож байгаа тохиолдолд л зогсооно шүү гэсэн чиглэлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн учраас нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа юм.
Өнөөдрийн маргаан бол шинээр газар олгосон асуудал биш, өмнө нь газар олгосон байсан учраас үүргээ хэрэгжүүлээч ээ гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Илт хууль бус болгуулахаар шаардлагаа гаргаагүй. Хариуцагчаас өгсөн хариу нь бидний эрх ашгийг зөрчсөн учраас үүргээ биелүүлэхийг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.”гэжээ.
15.Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Нармандах нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2440 дүгээр албан бичгээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгох боломжгүй талаар өгсөн хариуг захиргааны акт гэж үзэхгүй байгаа тул хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Мөн 37.2. Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Иймд тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус болох үндэслэл байхгүй болно. Мөн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо хилийн цэсийн маргаантай хэсэгт Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолын холбогдох шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Барилга хот байгуулалтын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх ажил хийгдэж дуусаагүй тул тухайн асуудал дууссаны дараа эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
16. Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Т.Наранмандах нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2440 дүгээр албан бичгийг захиргааны акт гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж, 37.2.Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тус тус заасан байдаг. Иргэнд өгсөн энэ хариу нь хүсэлтийг шийдвэрлэх боломжтой, боломжгүй гэж хэлээгүй. Харин хилийн цэсийн маргаан байгаа учраас шийдвэрлэх хүртэл таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн утгаар хариу өгсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1т зааснаар илт хууль бус болох үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байгаа.
Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар сарын 8 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолын холбогдох шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон Барилга, хот байгуулалтын яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх ажил хийгдэж дуусаагүй бөгөөд тухайн ажлыг хийж гүйцэтгэх хугацааг хүртэл газар эзэмших эрхийг олгох боломжгүй талаар албан бичигтээ тусгасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байдаг. Т.Нармандахын газрын кадастрын зураг нь Байгаль орчны яамны газраас олгосон газруудтай давхцалтай байгаа учраас тус байршилд одоогийн байдлаар газар олгох боломжгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.”Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.3.7.“Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;” 34 дүгээр зүйлийн 34.1.”Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заажээ.
Нэгэнт иргэн Т.Нармандахад Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 8047 м.кв газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/26 дугаар захирамж хүчин төгөлдөр байхад хариуцагч нь хуулийн дээрх заалтад зааснаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох чиг үүрэгтэй байна.
Гэвч хуульд зааснаар гэрээ байгуулалгүй, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2440 дүгээр албан бичгээр маргаантай байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал болон нийслэл, дүүргийн Засаг даргын нарын захирамжаар иргэн, хуулийн этгээдэд давхардуулан олгосон газар эзэмших, ашиглах, өмчлөх шийдвэрийг цуцлах байршил өөрчлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж газрын маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа гэрээ байгуулж, гэрчилгээ олгуулах хүсэлтийг шийдвэрлэхээр хариу өгсөн нь хуульд нийцэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2440 дүгээр албан бичгээр өгсөн хариуг хууль бус болохыг тогтоож, иргэн Т.Нармандахтай Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний орон сууцын зориулалттай 8047 м.кв газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН