Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашдэлгэрийн Батсүх, Пүрэв-Очирын Батжаргал нарт холбогдох 201714000197 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Оюунтуяа, шүүгдэгч Д.Батсүх, П.Батжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Батмөнх-Очир, хохирогч О.Ууганбаяр, хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржгон овгийн Дашдэлгэрийн. Батсүх, 1976 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-2-89 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй РД /ГВ76111410/ 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Галав хутагт овгийн Пүрэв-Очирын. Батжаргал, 1977 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 15-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй РД /ФБ77101713/ 

Шүүгдэгч Д.Батсүх, П.Батжаргал нарыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 23-11 тоотод иргэн О.Ууганбаярыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч Д.Батсүх, П.Батжаргал нар нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 23-11 тоотод иргэн Мягмарсүрэнгийн гэрт О.Ууганбаяртай харилцан үл ойлголцож, маргалдаж ноцолдон улмаар О.Ууганбаярыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Батсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би чи яахаараа утасны цаанаас хүн доромжлоод байгаа юм бэ гэхэд тэр босож ирээд бид 2 барьцалдаж авсан. Тэр намайг боох

гэж оролдохоор нь би толгойг нь гараараа уургалж аваад сугандаа хавчуулсан. Гэтэл миний суганаас хазаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би нүд рүү нь хуруугаа хийгээд тавихгүй байхаар нь хэд цохисон. Батжаргал бид 2-ыг салгасан. Гэтэл Ууганбаяр нь архины шилээр Батжаргалын толгой руу цохисон. Батжаргал уурлаж Ууганбаярын нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Би бас нүүр рүү нь цохисон гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч П.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр Батсүх бид 2 Мягмарсүрэнгийнд очих гээд явж байхад Мягмарсүрэн залгаад би ярьсан. Гэтэл утсыг нь хажуугаас нь Ууганбаяр аваад хараагаад байсан. Гэрт нь ороход Ууганбаяр босоод ирсэн. ”Намайг нүдний шилтэй Ууганбаяр гэдэг хэн ярив” гэсэн. Тэгээд Батсүхтэй барилцаад авсан. Батсүхийн суганаас хазчихаад тавихгүй байсан. Би салгасан. Гэтэл миний толгой руу архины шилээр цохисон. Миний толгойноос цус гарсан. Ууганбаяр ирж барилцаж авсан. Бид 2 ноцолдоод газар унасан. Тэр үед нь би дээрээс нь хэд цохисон. Дээр нь гарч сууж байгаад цохисон гэсэн мэдүүлэг,

-Хохирогч О.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр нутгийн ах Мягмарсүрэнгийнд архи ууж байсан. Гаднаас хүн дуудахгүй гэж ярьж байсан. Гэтэл Мягмарсүрэн хүнтэй утсаар яриад байсан. Би утсыг нь аваад ярьсан. Маргалдсан. Тэгээд 2 залуу гаднаас орж ирсэн. Чи хэн бэ гэхээр нь би “нүдний шилтэй Ууганаа байна” гэсэн. Гэтэл нь цохиж авсан. Тэгэхээр нь гаръяа гэхэд гараагүй Батсүх намайг барьж авсан. Намайг боосон тул би хөхний дээрээс нь хазсан. Тэгсэн чинь нүд рүү гараа хийсэн тул би тавьсан. Гэтэл нөгөө залуу нь намайг толгой руу цохихоор нь би архины шилээр цохисон. Гэтэл тэр залуу барьж авч ноцолдоод би унахад дээрээс цохиод өшиглөөд байсан. Нүүр рүү өшиглөсөн. Тал талаас цохиж өшиглөсөн. Энэ 2 хоёулаа л зодсон. Би эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээний зардал 1 900 000 төгрөг гарсан. 400 000 төгрөг өгсөн. 1 500 000 төгрөг гаргуулна гэх мэдүүлэг,

-2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай:

1. О.Ууганбаярын биед тархи доргилт, нүүрэнд ус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Харин хамрын ясны хугарал, баруун нүдний дотор ханын хугарал нь хуучин гэмтлүүд байна.

3. Гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд үүссэн цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7. О.Ууганбаяр нь тархины хураагуур ба тараагуур судасны эмгэг гэсэн архаг хууч өвчинтэй байна" гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 тал /

-2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээний баримт /хх-ийн 25 тал/

-2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 429 дугаартай

1. Магадлуулагч О.Ууганбаярын биед урьд гаргасан дүгнэлтийг 2017 он 03 дугаар сарын 14-ний өдрийн гавал тархины компьютер томографийн шинжилгээ, БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2017 оны 03 дугаар сарын 13-наас 20-ыг хүртэл хэвтэж эмчлүүлсэн 1197 тоот өвчний түүх зэргийг үндэслэн гаргасан байна.

2. Магадлуулагчийн биед учирсан хамрын ясны хугаралыг 2017 оны 03 дугаар сарын 14-

ны өдрийн компьютер томографийн шинжилгээг үндэслэн хуучин гэмтэл гэж үзсэн байна.

3. Магадлуулагч О.Ууганбаярын биед үүссэн хамрын ясны хугарал, таславчийн муруйлт

нь шинэ гэмтэл байна. Энэ нь БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2017 оны 03 дугаар сарын 13-наас 20-ыг хүртэл хэвтэж эмчлүүлсэн 1197 тоот өвчний түүхээр нотлогдож байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 тал/

-Хохирогч О.Ууганбаярын БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 36-43 тал/

- 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 331 дугаартай:

1. Д.Батсүхийн биед цээжинд зүүн суганы урд хэсэгт сорви үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 тал/

-2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 317 дугаартай:

1. П.Батжаргалын биед хуйханд сорви үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг сарниулахгүй.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51 тал/

-Шүүгдэгч Д.Батсүх, П.Батжаргал нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80-81 тал/

-Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-89 тал/

-Хохирогч О.Ууганбаярын биед учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 149-150 тал/

-Хохиролын баримтууд: Медипас эмнэлэгийн НӨАТ-ын баримт, Орхон аймгийн БОЭТ-ийн орлогын баримт, НОМАМИ ХХК-ний зарлагын баримт, хот хоорондын зорчих тасалбар 2 ш, Мөнгөн гүүр эмнэлэгийн баримт, Амин –Эрдэнэ ХХК-ний бэлэн мөнгөний орлогын баримт 2 ш, Өнөлаб-ийн баримт 1ш, Ази Фарм сүлжээ эмийн сангийн баримт 4 ш, Тайгамфарм эмийн сангийн баримт 2ш, Ази Фарм сүлжээ эмийн сангийн баримт 4 ш, Барагшун фармын баримт 1ш, Улсын 3 дугаар төв эмнэлэгийн баримт 1ш, Ази Фарм эмийн сангийн баримт 2ш /хх-ийн 151-199 тал/.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийдвэртээ үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Д.Батсүх, П.Батжаргал нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.Батсүх, П.Батжаргал нар нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 23-11 тоотод иргэн Мягмарсүрэнгийн гэрт О.Ууганбаяртай харилцан үл ойлголцож, маргалдаж ноцолдон улмаар О.Ууганбаярыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын, мөн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Я.Мягмарсүрэн, Б.Батсүх нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 429, 331, 317 дугаартай

дүгнэлтүүд зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “ бүлэглэж хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй, хохирогчид нэг гэмтэл учирсан”гэж мэтгэлцсэн.

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай дүгнэлтэд:       О.Ууганбаярын биед тархи доргилт, нүүрэнд ус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл

байна. Харин хамрын ясны хугарал, баруун нүдний дотор ханын хугарал нь хуучин гэмтлүүд байна” гэсэн, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 429 дугаартай дүгнэлтэд: ...Магадлуулагч О.Ууганбаярын биед урьд гаргасан дүгнэлтийг 2017 он 03 дугаар сарын 14-ний өдрийн гавал тархины компьютер томографийн шинжилгээ, БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2017 оны 03 дугаар сарын 13-наас 20-ыг хүртэл хэвтэж эмчлүүлсэн 1197 тоот өвчний түүх зэргийг үндэслэн гаргасан байна. 2. Магадлуулагчийн биед учирсан хамрын ясны хугаралыг 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн компьютер томографийн шинжилгээг үндэслэн хуучин гэмтэл гэж үзсэн байна. 3. Магадлуулагч О.Ууганбаярын биед үүссэн хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь шинэ гэмтэл байна. Энэ нь БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2017 оны 03 дугаар сарын 13-наас 20-ыг хүртэл хэвтэж эмчлүүлсэн 1197 тоот өвчний түүхээр нотлогдож байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн болон, шүүгдэгч Д.Батсүхийн “...Ууганбаяр нь архины шилээр Батжаргалын толгой руу цохисон. Батжаргал уурлаж Ууганбаярын нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Би бас нүүр рүү нь цохисон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд зэргээр шүүгдэгч нар үйлдлээрээ бүлэглэн хохирогчид “тархи доргилт, нүүрэнд ус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт” бүхий олон тооны гэмтэл шарх үүсгэж хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Батсүх П.Батжаргал нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэстэй байна.

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д ялын тухайд заахдаа “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх,эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ба торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ буурсан байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан торгуулийн ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар эрхэлсэн ажилгүй байх тул торгуулийг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх байдлаар биелүүлэхээр заах нь зүйтэй.

Хохирогч “1 900 000 төгрөгний эмчилээний зардал гарсанаас 400 000 төгрөг төлсөн тул 1 500 000 төгрөг нэхэмжилнэ” гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан хохиролын баримтуудаас 1 570 417 төгрөгний баримт нотлох баримтын шаардлагад нийцсэн, бусад зардлын баримтууд уншигдахгүй, тодорхойлж тогтоох боломжгүй баримтууд байна.

Иймд хохирогчид учирсан хохиролын хэмжээг 1 570 417 төгрөг гэж тогтоож үүнээс төлөгдсөн 400 000 төгрөгийг хасаж 1 170 417 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулахаар шийдлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурьдах нь зүйтэй.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.7,36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржгон овгийн Дашдэлгэрийн Батсүх, Галав хутагт овгийн Пүрэв-Очирын Батжаргал нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Д.Батсүх, П.Батжаргал нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний / 450х1000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг заасугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүйг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийгн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Д.Батсүх, П.Батжаргал нараас тус бүр 585,209 төгрөг гаргуулан О.Ууганбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 720 583 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АРИУНЦЭЦЭГ