Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00605

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00292 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БДЗ 29 ц-т холбогдох,

Ажлаас чөлөөлсөн тушаал гаргах, ажилгүй байсан хугацааны цалин 2 459 400 төгрөг, тэтгэмж 1 854 750 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Хишигдаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А нь тус цэцэрлэгт 2016 оноос хойш ажилласан. 2018 оны ээлжийн амралт дуусаж ажилдаа орохоор эрхлэгчийг орлон гүйцэтгэгч Я.Баасанхүүтэй өөрийн биеэр уулзаж ярилцахад 2018-2019 оны хичээлийн жилд миний ажиллаж байсан хувилбарт бүлгийг татан буулгасан тул ажлын байр байхгүй, орон тоогүй гэж тайлбарласан. Ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаа аваад өөр ажил хөөцөлдөх, ажилгүйдлийн тэтгэмжээ авах талаар саналаа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл тушаал гаргаж өгсөнгүй. Энэ тухай 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр цэцэрлэгийн захиргаанд өргөдөл гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул улмаар 2018 оны 10 дугаар сарын 12 ны өдөр өргөдлийн хариуг албан бичгээр өгнө үү? гэж дахин хүсэлт гаргасан, өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй. Намайг цомхтголд оруулж ажлаас чөлөөлсөн тухай тушаал өнөөдрийг хүртэл гараагүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд ажлын байр цомхтголд орж чөлөөлсөн тухай тушаал гаргахыг даалгах, ээлжийн амралт дуусаад өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, ажлын байр татан буугдсан тул 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын Б/119 захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирсэн. Энэ үед арга зүйч н.Энхзул, эмч н.Мядагмаа, нябо н.Долгорсүрэн нар ажил хүлээлгэн өгсөн. Ингээд бүх хүмүүстэй зар хүргэн нийт багш ажилтнуудтай уулзан амралтын мөнгө болон 6 сарын цалин олгосон. Энэ үед хувилбар сургалтын багш нар ирэх жил ажиллахгүй анги нь хүүхэд авах боломжгүй гэж МХА-ны дүгнэлт гарсан гэж тухайн үед танилцуулсан. 6 дугаар сарын 22-ноос хойш миний бие тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд цэцэрлэгт ажиллаж байгаа хүмүүс бүгд ирж уулзаж, боломжгүй нь утсаар ярьж хэзээ ажилд орох талаар асууж лавлаж байсан. М.А нь энэ хугацаанд ямар ч холбоо бариагүй. Ажлаасаа гарч байгаа хүмүүс ч ирж уулзаж, ярьж байсан. Ингээд арга зүйч үйлдвэрчний хороон даргаар дамжуулан 8 дугаар сарын 10-нд туслагч багш нар ирж ажилдаа орсон. М.А нь ирээгүй үүнийг нь ажилд орохгүй хүн байна гэж ойлгосон. Хуучин эрхлэгчээсээ өрөө бусад бичиг баримтыг тооллогын комисс хүлээлцэхэд хөдөлмөрийн гэрээнд М.А-ийн гэрээ байгаагүй /Ямар ч хөдөлмөрийн гэрээ үүсээгүй түр байсан/. 9 дүгээр сарын 1 болж бүх хүүхэд багш аль хэдийн ажилдаа ирсэн боловч М.А ирээгүй, утсаар ч яриагүй /ажил тасалсан/. 9 дүгээр сарын 5-нд ирж уулзсан “чи хөдөлмөрийн гэрээгээ аваад ир, эсвэл өргөдөл өг би тушаалыг нь гаргая” гэсэн өгөөгүй. Дараа нь бичгээр өргөдөл өгсөн би хариуг нь бичиж өгсөн харин аваагүй холбоо барих утасгүй байсан /өргөдөл дээр бичээгүй/. Хамт ажиллаж байсан бүлгийн багш өргөдлөө өгөөд хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Мөн хөдөлмөрийн гэрээгүй түр ажиллаж байсан н.Оюунгэрэл мөн саяхан ирээд өргөдлөө өгөөд тушаал нөхөж гаргуулаад явсан. М.А нь хуучин цэцэрлэгийн эрхлэгч байсан н.Алдармаагийн ойрын садан төрөл бөгөөд дуртай үедээ ажиллан дургүй үедээ хэдэн өдөр сараар ч явдаг гэдгийг хамт олон нь нотлох ба цагийн тооцоон дээр үйлчлэгч, туслах тогооч, сүүлд нь тухайн бүлгийн тусах багшаар ажиллаж байсан байна. Миний хувьд тушаалыг нь гаргах гэхээр хөдөлмөрийн гэрээгүй учир өөрийнх нь өргөдлийг үндэслээд гаргаж өгье гэж өөрт нь хэлсэн. Одоо ч гаргаж өгч болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч БДЗ 29 ц-ээс 2 336 131 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1 978 019 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан 129 дүгээр цэцэрлэгийн хувилбарт бүлэг татан буугдсан үндэслэлээр нэхэмжлэгч М.А-г ажлаас халсан тушаалыг гаргахыг, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг тус тус хариуцагч БДЗ 29 ц-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч БДЗ 29 ц-ээс 52 328 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 70 200 төгрөгийг нэхэмжлэгч М.А-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.А-ийн нэхэмжлэлтэй 129-р ц-т холбогдох иргэний хэргийн оролцогч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 292 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлоо гаргаагүй учир хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2018 оны 11 сарын 16-ны өдрөөр огноолон бичсэн ч шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 11 сарын 23-ны өдөр гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн өдрийг 2018 оны 9 сарын 01-ний өдөр гэж дүгнэж ажилгүй байсан хугацааны цалинг энэ өдрөөс тооцож олгохоор шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа 2018 оны 8 сарын 15-ны өдөр гэж тайлбарласан байгаагаас үзэхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч БДЗ 29 ц-т холбогдуулж ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 2 459 400 төгрөг, тэтгэмж 1 854 750 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч М.А нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Б/09 дугаар тушаалаар хариуцагч БДЗ 29 ц-ийн туслах багшийн албан тушаалд томилогдон ажилласан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 37 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 129 дүгээр ц-ийн хувилбарт бүлэг татан буугдсан боловч М.А-г ажлаас халсан тушаал гаргаж өгөөгүй гэх бөгөөд хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа М.А-г ажлаас халсан тушаалыг гаргах боломжтой талаар тайлбарласан байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч нь хуулийн дээрх заалтыг зөрчиж, М.А-г өөр ажилд томилохгүй, ажлаас халах тушаалыг гаргаж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар М.А-г БДЗ 29 ц-ийн туслах багшийн албан тушаалаас халсан тушаалыг гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч М.А нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 4 сар 14 хоног ажилгүй байсан гэх үндэслэлтэй байх тул дээрх хугацааны цалин, нэг сарын тэтгэмж, нийт 2 336 131 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.         

Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх боловч энэхүү тайлбар нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаагүй байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

                                                                                                    Г.ДАВААДОРЖ