Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2024/00271

 

 

 

 

 

 

 

 

  2024       03           26                                            151/ШШ2024/00271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, **** дүгээр хороо, **** гүний гудамж 1**, The Down Town барилга ***, “Ж************ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *********, Буурал баг, Сайханы *-* тоотод оршин суух, эрэгтэй, Т** овогт Да******гийн Э******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 20,658,323,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Оргил,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мөнхдөл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК нь хариуцагч Д.Э***********д холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 20,658,323.40 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1“Нэхэмжлэгч “Ж************” ББСБ нь хариуцагч Д.Э***********тай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 7,800,000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхээр талууд харилцан тохиролцсон. Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ФГХ18/408 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу  Фидуцийн гэрээ байгуулж, “Киа бонго 3” маркийн КN3HNP6D25K077932, 9819 УБМ улсын дугаартай автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээ Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийг хуваан төлөх эрхээ алдсан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 1680 хоног хоцорсон байдалтай байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаадлага тавьсан боловч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээр зогсохгүй холбогдохгүй болсон. Тиймээс Фидуцийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгэгч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худалдан борлуулна” гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох Киа бонго 3 маркийн автомашиныг хураан авах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагааг хийх гэсэн боловч Фидуцийн зүйл хаана байгааг олж очиж чадаагүй. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт Зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Дээрх дурдсанчлан зээлдэгч зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Капитал Континент Инвестмент” ББСБ буюу одоогийн нэр нь “Ж************ББСБ” ХХК болон Мандал даатгал ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт Б тал нь даатгуулагчид зээл олгох үед даатгалын хураамжийг даатгуулагчаас хүлээн аьч өөрийн данс түр төвлөрүүлэх ба сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд А талтай тооцоо нийлнэ, мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт даатгуулагч даатгалын хураамжийг Б талын дансанд төлсөн нь даатгагч, даатгуулагчийн хооронд даатгалын гэрээ байгуулсан гэж үзэн даатгуулагчид тооцно гэж тус тус заасан. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.9 д барьцаа автомашиныг “...зээлийн хугацаатай адил хугацаагаар даатгуулна...” гэж заасан байдаг бөгөөд хариуцагч Д.Э*********** нь нэхэмжлэгчтэй 3 жилийн хугацатай зээлийн гэрээг байгуулахдаа 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, барьцаа автомашиныг даатгуулсан. Тухайн даатгалын гэрээний хугацаагаа сунгуулаагүй учраас нэхэмжлэгч нь зээлдэгчийн өмнөөс даатгалын хураамжийг төлсөн буюу хариуцагч Д.Э***********гийн барьцаа автомашины тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг сунгуулсан. Тэрбээр Д.Э***********гийн хувьд нийт 3 удаагийн буюу 2019.12.12, 2020.12.17, 2021.12.06-ны өдрийн сунгалтад хамаарах даатгалын хураамжид 428,044,50 төгрөгийг нэхэмжлэгч компаниар тус тус төлүүлсэн. Фидуцийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт Өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон үйл ажиллагааны бүхий л зардал, татвар, төлбөр, хураамж болон энэхүү гэрээг биелүүлэхтэй холбоотой бусад төлбөрийг үүрэг гүйцэтгэгч буюу харилцагч хариуцахаар заасан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан энэхүү зардлыг хариуцагч этгээд төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагадаа “даатгалын хураамж 428,044 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба уг даатгалын төлбөрийг банк бус санхүүгийн байгууллага яагаад шаардах болсон үндэслэл, шалтгаан нэхэмжлэлд тодорхойгүй байна гэж үзэн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/11429 тоот захирамжаар тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой тайлбарлаж 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад хариуцагч Д.Э*********** нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь харьяалах 20 дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр  2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2022/17824 тоот захирамжаар тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож захирамжилсан тул 2022 оны 12 дугаар сарын 12-ны Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Э***********г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтыг хүлээн авсан. Тиймээс ББСБ нь зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч нь төлбөрийн үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр 7,391,910,33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,295,649,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,355,119,53 төгрөг, даатгалын хураамж 428,044,50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэд хамаарах тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын төлбөр 87,400,00 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөг нийт 20,658,323,40 төгрөгийг хариуцагч Д.Э***********гаас нэхэмжилж байна” гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Э*********** нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн. Туханй үед зээлдэгч нь зээлдэгч нь Х.Портер маркийн автомашиныг худалдан авч амжиргаанддаа хэрэглэж байтал зам тээврийн осолд орж, үүний улмаас хохирогчид учирсан хохиролыг барагдуулахын тулд өөрт байгаа хөрөнгө, мөнгө бүхнийг хэрэг шалгах явцад зарцуулсанаа тайлбарлаж, ийм явдал болж би зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь хийж чадаагүйгээ тайлбарладаг. Нэхэмжилж байгаа 20,658,323,40 төгрөгөөс үндсэн зээл 7,391,910,33 төгрөгийг төлж барагдуулна. Харин зээлийн хүүгийн төлбөр 11,295,649.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,344,199.53 төгрөгийг багасгаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн нэр өөрчилсөн талаарх лавлагаа, барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, Д.Э***********гийн иргэний үнэмлэхний лавлагаа, мөн түүнд мөнгө шилжүүлсэн баримт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулга, Д.Э***********тай холбоотой гарсан зардлын дэлгэрэнгүй, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1420/247 дугаар Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах мэдэгдэл, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ш20/116 дугаар Гэрээ цуцлах тухай шаардлага, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Ш21/13 дугаар Шаардлага хүргүүлэх тухай, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн М/21/178 дугаар Мэдэгдэл, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Ш22/012 дугаар Шаардлага, Мандал даатгал “хамтран ажиллах гэрээ” 17/55, 2019.11.17-2020.11.16, 2021.11.17-2022.11.16 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Мандал даатгал 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22/681 дугаар Ж************ББСБ-д хураамжийн орлого төлөгдсөн тухай, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/11429 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2022/17824 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01941 дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 28ж4-2/3470 дугаар албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орчуулга болон нотариатын үйлчилгээний төлбөрийн баримтуудын хуулбар зэргийг гаргаж өгсөн.

4. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

  2. “Ж************ББСБ” ХХК нь хариуцагч Д.Э***********д холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 20,658,323.40 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.Э*********** нэхэмжилж байгаа 20,658,323,40 төгрөгөөс үндсэн зээл 7,391,910,33 төгрөгийг төлж барагдуулна. Харин зээлийн хүүгийн төлбөр 11,295,649.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,344,199.53 төгрөгийг багасгуулах тайлбар гаргаж, маргаж байна.

3. Нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК болон хариуцагч Д.Э*********** нь 7,800,000 төгрөгийг жилийн 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулсан мөн өдрөө 9819 УБМ улсын дугаартай Киа Бонго 3 ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барьцаалсан байна. /хх 13-14, 17-18/

4. Талууд зээлийн гэрээний талаар болон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй болно.

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяаг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ байх ба хуулийн этгээдийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Мөнхтуяа байна.

7. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №23/2130 дугаар итгэмжлэлээр М.Оргилд олгожээ. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч “Ж************ББСБ” ХХК -ийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар М.Оргилд олгосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагаас багасгаагүй болно. /хх-7/

8. Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.Э*********** нь өөрийн бүрэн эрхийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №0766 дугаар итгэмжлэлээр Л.Мөнхдөлд олгосон. Уг итгэмжлэлээр Д.Э***********гийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар Л.Мөнхдөлд олгосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ч зарим хэсгийг төлөхөөс татгалзаж тайлбар гаргасан. /хх-63/

9. Талууд хэн аль нь итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд эвлэрээгүй учраас шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

10. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

11. Нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-9/,

12. Хариуцагч зээлийн гэрээний үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг “Х.Портер маркийн автомашиныг худалдан авч амьжиргаандаа хэрэглэж байтал зам тээврийн осолд орж, үүний улмаас хохирогчид учирсан хохирлыг барагдуулахын тулд өөрт байгаа хөрөнгө, мөнгө бүхнийг хэрэг шалгагдах явцад зарцуулснаас болж зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь хийж чадаагүй” гэж тайлбарласан хэдий ч тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

13. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тохиролцож, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.

14. Зохигчдын тайлбараар 16/31 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан, хариуцагчаас үндсэн зээлд 408,089.67 төгрөг, зээлийн хүүд 1,641,410.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,309,967.26 төгрөг, нийт 4,359,467.26 төгрөг төлсөн энэ талаар маргаагүй.

15. Зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг шаардах эрхтэй байна.

16. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

17. Нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК-аас зээлдэгч Д.Э***********д зээлийн төлбөр төлөх шаардлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 1420/247 дугаар албан бичиг, гэрээ цуцлах тухай шаардлагыг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ш20/116 дугаар албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ш21/13 дугаар шаардлага, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ш21/179 дугаар мэдэгдэл, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ш22/012 дугаар шаардлага зэргийг хүргүүлсэн байна. /хх-22-26/,

18. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.

19. Нэхэмжлэгч нь хариуцагчаас №ЗГХ18/408 дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 7,391,910.33 төгрөг, зээлийн хүүд 11,295,649.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,355,119.53 төгрөг, даатгалын хураамж 428,044.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын зардал 87,400 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөг, нийт 20,658,323.40 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

20. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсч, улмаар хариуцагч нь мөн хуулийн 451.1-д заасны дагуу гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч байгууллагын өмнө хүлээнэ.

21. Зохигчдын хэн аль нь дээрх үйл баримтын талаар маргаагүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Э*********** гэрээний хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг, м2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 399,500 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 180,000 төгрөгийг тус тус төлсөн байх ба үүнээс өөр зээлийн төлөлт хийсэн гэдгээ хариуцагч нотлоогүй. /хх-20/,

22. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зааснаар хариуцагч зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй юм.

23. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д Зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 /нэг/ хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн” гэж зааснаар зээлийн гэрээг цуцлах арга хэмжээ аваагүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү их хэмжээгээр нэмэгдсэн гэж тайлбарласан.

24. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө өөрөө хариуцлага хүлээхээс үүрэг бүхий этгээдийн үүргийг багасгах, чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй явдалтай холбоогүй учир нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

25. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн “...зам тээврийн осолд орж, үүний улмаас хохирогчид учирсан хохирлыг барагдуулахын тулд өөрт байгаа хөрөнгө, мөнгө бүхнийг хэрэг шалгагдах явцад зарцуулсан...” гэсэн нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах үндэслэлгүй болно. 

26. Хариуцагч нэхэмжлэлийн “...даатгалын хураамж 428,044.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын зардал 87,400 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул энэ талаарх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.

27. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Э***********гаас үндсэн зээлд 7,391,910.33 төгрөг, зээлийн хүүд 11,295,649.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,355,119.53 төгрөг, даатгалын хураамж 428,044.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын зардал 87,400 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөг, нийт 20,658,323.40 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК-д шийдвэрлэв.

28. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,241.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 261,241.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК-д буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Э***********гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,658,323.40 /хорин сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун хорин гурван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,241.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 261,241.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж************ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУУЛ